Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Б.Ганбат: Би наймын даваанд ам аваад л явдал түргэсээд, гүйж эхэлсэн байна лээУншсан13,982

Бөх сонирхогч олон түмний анхаарлын төвд байдаг олон сайхан бөхчүүд, улсын цолтнууд бий. Тэдний нэг, бөхийн хорхойтнууд андахгүй таних, “зургаан залуу заан”-ы нэг хэмээн хүндэлсээр ирсэн улсын арслан Батжаргалын Ганбатын тухай онцолж байна.

Бөх сонирхогч олон түмний анхаарлын төвд байдаг олон сайхан бөхчүүд, улсын цолтнууд бий. Тэдний нэг, бөхийн хорхойтнууд андахгүй таних, “Зургаан залуу зааны нэг" хэмээн хүндэлсээр ирсэн Улсын арслан Батжаргалын Ганбатын тухай онцолж байна.

Монгол бөхийн түүхийн нэгэн үед А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат гэсэн шижигнэсэн зургаан заан цолтон шуугиулж явсан. Эхэндээ “Таван залуу заан” гэсэн хэллэг тархсан. Харин Батжаргалын Ганбатыг заан болмогц Монгол түмэн бүгдээрээ дуу нэгтэйгээр “Зургаан залуу заан” гэсэн нэршил гаргаж, үндэсний бөхийн нэгэн үеийн ширүүн өрсөлдөөнийг нэрийдэх болсон билээ. Энэ зургаан заан сүүлд 2000 оны наадмаар хамтдаа заан цолоороо цоллуулан наадамчин олныг цэнгүүлсэн. 

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Улсын арслан Ганбат 1976 онд Батжаргалын гуравдугаар хүү болон төржээ. Түүний өвөө лам хүн байсан төдийгүй улс орны ороо бусгаа цаг үед Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал сумуудад амьдарч байгаад цаг үе тайван болоход нутагтаа эргэн очиж байсан тухай Б.Ганбат арслан дурссан байдаг. Харин аав Батжаргал нь нутагтаа "Өндөр" хэмээх хочийг авсан трактор, комбайны жолооч мэргэжилтэй, засвар хийж боосон тракторын моторыг хэний ч гар харалгүй өргөөд тавьчихдаг, нэлээд бяр тэнхээтэй, гар бөмбөг тоглож сумандаа шаггүй барилдчихдаг нэгэн байсан гэдэг.

Б.Ганбат арслан багадаа бөх төдийгүй цэргийн хүн болохыг мөрөөдөх бөгөөд сумандаа 15-16 насандаа барилдаж шөвгийн дөрөвт үлдэж байжээ. Улмаар дархан аварга Х.Баянмөнхийн хараанд өртсөнөөр бөхийн зам мөрд эргэж буцалтгүй оржээ. 1994 онд Увс аймгийн Хяргас сумын төвд дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан болох сургаар аавтайгаа хамт мотоциклоор очиж, хоёрын даваанд дархан аваргын аманд гарч барилдсан гэдэг. Ийнхүү Х.Баянмөнх аваргын захиас зааврын дагуу аав, ээж нь хүүгээ бөхийн сургуульд оруулахаар нийслэлийг зорьжээ. Б.Ганбат арслан ҮБТДС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн юм.

1996 онд АУДС-д зохиогдсон барилдаанд “Шонхор”-ын залуу бөх тэрбээр улсын харцага Г.Элбэг, аймгийн арслан Ц.Болдбаатар, улсын заан Ц.Мягмарсүрэн, аймгийн арслан Д.Отгонбаатар (тухайн үед дээрх бөхчүүд аймгийн цолтой байлаа) нарыг дараалан өвдөг шороодуулснаар анх удаа нийслэл хотноо заал танхимын барилдаанд түрүүлсэн билээ. Энэ цагаас хойш заалны барилдаанд Б.Ганбат дийлдэхээ байсан юм. Мөн ондоо Увс аймгийнхаа баяр наадамд зодоглож түрүүлж аймгийн арслан цол авчээ. Энэхүү 1996 онд бусад нэр бүхий таван заанаас А.Сүхбатаас начнаас бусад нь хэдийнэ заан цолны болзлоо хангачихсан наадамд ид барилдаж буй залуучууд байлаа.

Энэ 1997 оны сар шинийн барилдаанд аймгийн арслан цолтой байхдаа үзүүр булаасан нь яах аргагүй олны анхаарлыг татсан. Сар шинийн баярт зориулсан барилдаанд Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн, Г.Өсөхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын заан, арслан, аварга цолтнуудыг өвдөг шороодуулсан их аварга Б.Бат-Эрдэнэтэй үзүүр, түрүүнд шалгаран үлджээ. Анх удаагаа үзүүрлэсэн энэхүү барилдааныхаа тухай тэрээр хожим "Б.Бат-Эрдэнэ аваргатай барилдаж үзэх мөрөөдлөө тэр үед биелүүлсэн. Өөртөө итгэхгүй, зүүдэлж байна л гэж бодож байлаа" хэмээсэн дурссан байдаг.

Бөх сонирхогчдын дунд “Увсын улаан Ганбат чангарч байна шүү. Овоо чацтай, бяртай юм” гэсэн яриа тархаж, тун удахгүй аварга болно хэмээн шуугилдаж байлаа. Гэвч цагаан сарын барилдаанд үзүүрлэсэн жилийнхээ наадамд хоёр даваад л гурвын даваанд ид ир бяр нь жагсаж байсан заан Ц.Цэрэнпунцагт амлуулан өвдөг шороодсоноор гарцаагүй цолд хүрнэ гэсэн олон түмний горьдлого хэсэгхэн завсарлав. Тэрбээр уг барилдааныхаа талаар “Ц.Цэрэнпунцаг заан (гарьд) амлалаа гэхийг дуулаад их л цочирдон хүлээж авч байлаа. Гэхдээ тэр хүний амлах эрх нь байгаа учир юу хэлэх билээ. Сайхан барилдаад л унасан” хэмээжээ.

Тус барилдаанд Ц.Цэрэнпунцаг гарьдад амлаад авчих, Б.Ганбатаас доогуур зиндааны бөх 50 орчим байсан гэдэг. Тиймээс ч Б.Ганбатыг омголон залуу зааны эгдүүг хүргэчихсэн тул ийнхүү амлан авчээ гэдэг яриа ч гарч байлаа. Энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр, “Яагаад амласныг заанаас л асуусан нь дээр байх даа” гэж хэлсэн байдаг.

Дараа жил нь 1998 оны хаврын их сорилгод Улаанбаатрын хэсгээс шалгарсан шигшмэл 14 бөх тойргийн журмаар барилдахад гуравдугаар байр эзэлж байв. Мөн ондоо улсын баяр наадамд дархан аварга Х.Баянмөнх багшаараа тав давж, 22 насандаа улсын начин цолны босгыг алхаж байжээ. Зургаагийн даваанд өнгөрсөн жилийн наадамд долоо давж заан цол авчихаад байсан А.Сүхбаттай тунаж барилдаад барсангүй.

Дараа жил нь буюу 1999 онд И.Доржсамбуу гарьдтай начин цолтой байхад нь тунаж тав, Ж.Ганболд заанаар зургаа, О.Балжинням аваргаар долоо давж улсын заан цолд хүрсэн юм. Зургаа давснаар үлэмж бадрах чимэг хүртсэн юм. Наймын даваанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй барилдаад унаж билээ. Энэ жилээс л зургаан заан гэсэн нэршил хаа сайгүй дуулдах болов.

Наадмын дараахан Баянхонгор аймагт болсон Даншиг наадамд түрүүлж УАЗ-469 маркийн машинаар шагнуулж, буцах замдаа авто осолд орж гэмтэл бэртэл авч, түүнийхээ дараа шарлаж хэсэг хугацаанд барилдааны амжилт нь саарч муугаар нөлөөлсөн. Энэ талаараа тэрбээр, “Цолоо ахиулах боломж байсан. Түүнийг маань ард түмэн ч мэдэж байгаа болов уу. Бэртэл гэмтэл нөлөөлсөн нь үнэн. Би чинь 1999 онд заан цол хүртээд тэр намар нь осолд орсон. Тэгээд гурав, дөрвөн жил орчим бэлтгэл сургуулилт хийгээгүй. Үндсэндээ идэвхитэй барилдаан гаргаагүй. 2005 оноос бэртэл арай гайгүй болж, бэлтгэл сургуулилтдаа анхаарч эхэлсэн” хэмээсэн байдаг.

Гэхдээ бэртсэн ч төрийн наадамдаа зодоглон 2000 онд улсын начин Б.Одхүүгээр зургаа даваад долоогийн даваанд Г.Өсөхбаяр заанд шууудагны барьцнаас татаж мордуулан өвдөг шороодов. Энэ жилийн наадам бөх сонирхогчдын хувьд мартагдашгүй наадам байлаа. Нөгөө зургаан заан маань бүгд долоо давж шөвгийн наймд үлдэцгээсэн хэрэг. Б.Бат-Эрдэнэ аварга долоогийн даваанд Д.Мөнх-Эрдэнэ арсланг амласнаар зургаан залуу заан хоорондоо учраа таарсан. Энэ талаар Б.Ганбат арслан “Тэр үеийн наадмыг санахад сайхан байдаг. Зургаан зааны үе гэж манайхан ярьдаг. Бид хэд тэгэхэд яалт ч үгүй долоогийн даваанд бүгд тунаж үлдэцгээсэн юм. Би бэртэлтэй, барилдах эсэхээ мэдэхгүй байж байгаад наадмын өмнөхөн шууд очоод бүртгүүлчихсэн. Тавын даваанд О.Одгэрэл заантай, зургаад Хэнтийн Б.Одхүү начинтай тунаж даваад Г.Өсөхбаяр аваргад унаж байлаа. Зургаан залуу заанаас цолны эрэмбээр Ц.Цэрэнпунцаг ам авч Б.Гантогтохыг амлаад, Г.Өсөхбаяр намайг аваад, Д.Сумъяабазар А.Сүхбат нар тунаж байв. А.Сүхбат түрүүлж бидний дундаас хамгийн эхэнд арслан болдог жил шүү дээ” гэжээ.

2001 онд аймгийн арслан Д.Болдоор тав давж үнэн зоригт чимэг хүртэв. Б.Ганбат зургаагийн даваанд нутгийнхаа Хяргас сумын уугуул, улсын начин О.Одгэрэлийг амлаж, түүнийг нь нутгийн бөхөө даваа ахиулж өглөө хэмээцгээв. О.Одгэрэл долоогийн даваанд мөн л нутгийн бөх, улсын заан Ж.Ганболдыг орхиж, улсын заан цолтны босгыг давж байлаа. Нутгийн бөхөө амлан авсан талаараа Б.Ганбат “Яахав дээ, бие жаахан тиймэрхүү байсан болохоор найзыгаа авъя, унавал унана л биз, давбал давна л биз гэж бодоод авсан даа. О.Одгэрэл маань намайг орхиж, долоогийн даваанд Ж.Ганболд заанаар заан болсон” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Б.Ганбат 2002 онд улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэвээр зургаа давж шөвгөрсөн. 2003 онд бүр ч явсангүй, гурав даваад дөрвийн даваанд өвдөг шороодов, дараа жил нь дөрөв давсан ч тавын даваанд тахим өгөв, тэрний хойтон тав давсан ч зургаагийн даваанд ойчив. Хүн харахад 1999 оны наадмаар долоо давсан заан маань тогтмол барилдаж 3-6 даваад л байв.

2006 оны наадамд Б.Ганбат долоо давж заан цолоо баталлаа. Тавын даваанд ирээдүйн аварга С.Мөнхбатыг аймгийн заан цолтойд нь давж, зургаад аймгийн арслан Н.Баярмагнайг, долоод өнгөрсөн жил нь өвдөг шороодож байсан улсын заан Ц.Мягмарсүрэнг орхив. Ингээд наймын даваанд улсын гарьд Д.Сумьяабазарт амлуулан өвдөг шороодлоо. 2007 онд тавын даваанд аймгийн арслан А.Цацабширт өвдөг шороодсон ч хойтон жил нь буюу Ардын хувьсгалын 87 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд заан цолоо гурав дахь удаагаа баталж долоо даваад улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодож байлаа.

Улсын гарьд Н.Ганбаатарыг амлаж барилдаад өвдөг шороодсон тухайгаа дурсахдаа "Би бичлэгээ хожим үзэхэд долоогийн даваа хүртэл маш тогтуун, их болгоомжтой барилдсан юм билээ. Харин наймын даваанд ам аваад л явдал түргэсээд, гүйж эхэлсэн байна лээ. Наймын даваанд сэтгэлзүй муу, маш болгоомжгүй барилдаан хийсэн. Би ам авахдаа түрүүлчих юм байна гэж бодсон л доо. Н.Ганбаатарыг хурдан унагаая л гэж бодож байлаа. Дараагийн даваагаа ч бодож байсан. Би ер нь хүнийг сэждэггүй. Анх удаагаа л Н.Ганбаатарыг сэжээд нөгөө талдаа татуулаад унасан. Би унаж байхдаа төрийн наадмын дээд даваанд гарч ирээд ийм амархан уначихдаг юм байх даа гэж бодож байсан даа. Тэр барилдаанд маш их харамсаж явдаг" хэмээн ярьсан байдаг. Харамсах нь ч аргагүй, шөвгийн дөрөвт гурван залуу бөхтэй Б.Ганбат үлдэж, наймын даваанд ам авахад наа­дамчин олон "Ганбатын наадам болчихлоо шүү дээ" гэж байсандаг.

2009 оны улсын баяр наадамд дөрөв давж улсын начин Ц.Сумъяабэйст унасан боловч, Ц.Сумъяабэйс сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тул  авсан чимгээ хураалгаж, харин Б.Ганбат заанд “улам нэмэх” чимгийг нөхөн олгов.

2010 оны улсын баяр наадам. 2006 онд Д.Сумьяабазар тэгш ойн жилээр түрүүлж улсын аварга болсноос хойш төрийн наадам дахь "зургаан заан"-ы эзэгнэл дууссан мэт болж Х.Мөнхбаатар, До.Ганхуяг нар дараалан түрүүлсэн ч 2009 оны наадамд нь Г.Өсөхбаяр аварга гайхалтай байж дөрөв дэх түрүүгээ авчихаад байлаа. Магадгүй ид барилдаж буй залуу улсын цолтнуудаас, үгүй бол Г.Өсөхбаяр аварга дахин гайхамшиг үзүүлж магадгүй гэсэн таамаглал бөхийн хүрээнийхэн дотор түлхүү. Ер нь ч өнөө жилийн наа­дамд шинэ бөх түрүүлнэ гэсэн таамаг дийлэнх нь. Гэхдээ Б.Ган­бат зааныг гарьд цолыг алгасч шууд арслан цолд хүрнэ гэхгүй даян аварга Г.Өсөхбаяр, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нарын нэг түрүүлнэ гэц­гээж байсан. Ч.Санжаадамба ч сар шинийн барилдаанаас хойш тогтоох хүнгүй л байв. Гэтэл энэ таамгийг бүтэн эргүүлж 1999 онд заан цолны босго давснаас хойш олон жил төрийн наадамдаа шөвгөрч, заан цолны болзлыг гурвантаа хангасан, мөнөөх ясны бөх Батжаргалын Ганбат маань есөн хөлт цагаан тугаа ес тойрч наадамчин олныхоо магнайг хагартал баярлуулав. Тэр ч заан өнгөтэй сайн байна, энэ ч начин юм дуулгана даа гэж ярихаас Б.Ганбатыг торойно гэж хэн ч таамагласангүй.

Зургаагийн даваанд аймгийн арслан Ч.Баянмөнхөөр давж, долоод наадмын үзүүр түрүүнд бичигдэж байсан ид ирэн дээрээ явсан М.Өсөхбаяр заанаар давж аанай л наймын даваанд үлдлээ. Ерөөс дөрвөн удаа ийн заан цолны болзол хангасан бөх өөр байдаг ч бил үү, үгүй ч билүү.

Гэхдээ л эвгүй, Б.Ганбатад наймын даваа л барцадтай. Наймын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг давж, үзүүр түрүүнд даян аварга Г.Өсөхбаяртай үлдэж барилдаад 34 насандаа улсын арслан цолыг хүртсэн юм.

Тэрбээр "Миний бие улсад ес шөвгөрөхдөө наймын даваанд гурван удаа үлдэж байлаа. Найм давж чадахгүй байсан хэрэг. Наймын давааны босго нэг л өндөр санагдаад байдаг байлаа. Би ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Ер нь зогсож байгаад л давна гэсэн ойлголттой байсан. Зогсож байхад Х.Мөнхбаатар арслан арай ч намайг хаячихгүй байх гэж бодож байлаа. Харин Х.Мөнхбаатар арслан золгохоос өмнө ажиллаад л байсан. Золгож барилдвал намайг эвгүй барилдаантай гэдгийг ойлгосон байх л даа. Х.Мөнхбаатар арслан бараг 45 минут орчим ажилласан. Би найм давчихаад арслан болсноосоо илүү баярлаж байсан. Үзүүр түрүүний барилдааны өмнө цэнгэлдэх даяар миний нэрийг хашгирч байлаа. Ард түмэн намайг түрүүлээсэй гэж хүсч байгааг би мэдэрсэн. Г.Өсөхбаяр аварга хоёулаа золгоод барилдчихья гэж санал гаргалаа. Заалны барилдаанд таараад золгож барилдахаар болохдоо бид хоёр хурууддаг байлаа. Хуруудахаар Өсөхөө аварга үргэлж ялдаг байсан учраас би шодъё гэж хэлсэн. Шоо миний талаар буусан даа" хэмээн Б.Ганбат арслан хожмоо хуучилсан.

Д.Ганбат арслан жүдо бөхөөр хичээллэж амжилт гаргаж байснаас гадна Японы сонирхогчийн сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай, ОУХМ цолтой бөх юм.  Сонирхогчдын сумогоор Б.Ганбат хэд хэд барилдсан. Харамсалтай нь дэлхийн аваргын төлөөх барилдаанд мөрөндөө маш хүнд бэртэл авч, мөр нь гэмтэж, түүнийгээ хадуулахад хүрсэн юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]