Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нисдэг авс ЛаГГ-3 буюу "Сема чиний хоногийн тоо гүйцжээ"Уншсан9,907

Лавочкин заводдоо буцан ирэхдээ бүх юм дууслаа гэж ойлгож байв. Яковлевчууд өч төчнөөн хайрцаг юм авчирчихсан, хэзээ мөдгүй заводын эзэн болох ажлаа эхэлчихсэн байж байдаг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайн үеийн сөнөөгч онгоцны тухай ээлжит цувралын маань энэ удаагийн баатар нь Зөвлөлтийн ЛаГГ-3, Ла-5.  Гэхдээ энэ удаа элдэв тактик, техникийн үзүүлэлт болон тоо цифрээс зайлсхийх болно шүү гэдгийг урьдчилаад хэлэх нь зөв болов уу.

“Оросууд” хэзээ мөдгүй эхлэх нь тодорхой болсон их дайнд бэлдэж хуучин сөнөөгчөө орчин цагийн онгоцоор солих томоохон ажил эхлүүлсний үр дүнд Як-1, Миг-3 ЛаГГ-3 (ЛаГГ-1)гэсэн шинэ онгоцнуудыг зохион бүтээж дэс дараалсан  туршилтад оруулж эхэллээ. Туршилтын явцад эдгээр онгоцнууд бүгд л өч төчнөөн дутагдалтай, засах сайжруулах ёстой үй түмэн зүйл байгааг олж илрүүлсэн боловч “цаг байхгүйгээс” шалтгаалан дээрх гурван онгоцыг зэвсэглэлд авсан байна. Явцын дунд засаж сайжруулан онгоцоо өөд татах болно гэж тооцож байсан ба дээрх онгоцыг зохион бүтээгчид нь ч өдөр шөнөгүй ажиллаж өч төчнөөн өөрчлөлт сайжруулалт хийж байсныг Як-1-ийн жишээгээр харж болох байх.

ЛаГГ-3 М-105 хөдөлгүүртэй

ЛаГГ-3 онгоц нь өрсөлдөгч, хамтрагч гэж болох Як болон Миг-ийн хажууд гоё ганган гэж жигтэйхэн. Дан модоор хийсэн боловч гаднах лакан өнгөлгөө нь мундаг гялгар, яг л төгөлдөр хуур мэт. Харин гаднаа гяланцаг болсон энэ онгоцны дотор талд мөн ч олон пяланцаг байлаа. Анх зохион бүтээж эхлэхдээ усан хөргүүрт М-106, М-107 зэрэг хүчтэй хөдөлгүүртэй байхаар тооцож байсан боловч энэ нь бүтсэнгүй. Байгаагаас сулхан хүчтэй М-105 л байсныг тавьснаар урьдын тооцож байсан хурд хүч, маневрлах чадварыг гаргаж чадахгүй болсон байв. Гэхдээ л И-16 зэрэг сөнөөгчөөс хол сайжирч, Як, Миг-тэй өрсөлдөх хэмжээнд очсон, харьцангуй сайн зэвсэглэлтэй байсан учир зөвхөн сөнөөгч төдийгүй дайрагч онгоцны зориулалтаар ашиглаж болох боломжтой нь нөгөө хоёроосоо том давуу тал байжээ. Яахав бүхээгийн дотор хүн байхын аргагүй халдаг, гаргротоос болж ар талаа харах боломж муу, засвар үйлчилгээ хийх гэж өч төчнөөн түлхүүр багаж хольж хэрэглэх ёстой...гээд юм юм байх.

Зэвсэглэлд авч бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн Лагг-3-ыг нисгэгчид тэр даруй “Лакированны грантированный гроб” (ЛаГГ)  буюу “лакадсан нисдэг авс” гэж нэрлэж эхэлсэн бөгөөд энэ онгоцны тухай сайнаар хэлэх хүн тэр үед нисэх хүчинд огт байгаагүй гэдэг. Нөгөө гоё ганган лак нь хэдэн арван км-ийн цаанаас наранд гялалзан дайсанд харагдах учир жирийн бүрзгэр будгаар будахаас өөр аргагүй болж. Энэ бол нэлээд хэдэн км/цаг хурд байхгүй боллоо гэсэн үг. Дээр нь зохион бүтээх товчооны дээд зэрэглэлийн инженерүүдийн гараар хийсэн онгоц болон жирийн үйлдвэрийн ажилчдын хийсэн онгоц хоёрын хооронд тэмээнээс том ялгаа бий. Тэр тусмаа үйлдвэрийн нарийн төвөгтэй үйл ажиллагаа шаардсан энэ онгоцны хувьд бүр ч их. Үр дүн нь хурд маневр байхгүй, бүхээг дотор хүнийг амьдаар нь “болгодог” халуун, мотор нь хэт хүчилснээс болж байнга эвдэрдэг тийм л онгоц гарч ирсэн байна. 

Германууд дайран орж ирэхэд Лагг нь Мессерийн шинэхэн хувилбар болох Фридрихтэй тулалдан ялах байтугай өмнөх загвар болох Емил-тэй ч үзэлцэх чадваргүй онгоц гэдэг нь мэдрэгдэж эхэлсэн байна. Гэхдээ Як-ыг бодвол буудуулсан ч шууд бут үсэрчихгүй, салгалж чичирсээр буудалдаа ирэх нь олонтой.

Энэ үед Лавочкин, Гудков, Горбунов (ЛаГГ гэдэг нь энэ гурван хүний нэрийн товчлол) гэсэн зохион бүтээгчид нь хоорондоо муудалцан салж тус тусдаа ажиллах болсон ба өрсөлдөгч болсон зохион бүтээгч Яковлев нь “хог болсон Лагг-ийг зайлуулж Як-ийг оронд нь бүр олноор үйлдвэрлэх хэрэгтэй “ гэдгийг ярин дээшээ доошоо хөөцөлдөж байв. Тухайн үед Яковлев томоохон албан тушаалтан болсон байсан үе билээ.

Зүүнээс Семен Лавочкин, Андрей Туполев, А.С.Яковлев, А.Микоян

1941 оны сүүл үе. ЛаГГ-3ыг үйлдвэрлэдэг 21-р заводын байранд Яковлевын Як-7 үйлдвэрлэх хэсэг орж ирэн хоёр онгоцыг зэрэг үйлдвэрлэж эхэллээ. Ажил үйлс нь муу байгаа Лагг-ийнхан хэзээ мөдгүй Тбилис рүү хөөгдөх дээрээ тулсан байсан ба харин Сталин яагаад ч юм энэ шийдвэрийг батлахгүй байлгаад л байсан цаг үе.

Завод доторх нөхцөл байдал гэж их сонин. Лагг үйлдвэрлэх хэсгийн ажилчид гэж тоос шороон дунд, тос хир болсон хуучин муусайн хувцастай ажилчид байх бол Як-ийн хэсэгт бүрэн цэвэрлэж, толь шиг болгосон цэвэрхэн шал, онгоц хоорондын зам дээр хивс дэвссэн, түүн дээр нь цагаан халадтай нөхдүүд явж онгоцоо угсарна. Яковлев нь эргэлзэж гайхсан Сталиныг шийдүүлэхийн тулд энэ ялгаатай байдлыг кино хальсанд буулгаж Кремель руу явуулж байсан гэдэг.

Бас Лавочкины хуучин хамтрагч байсан, одоо дайсан нь болсон Гудков нь Лагг-3ыг сайжруулах янз бүрийн юм санаачлан дээгүүр гүйсээр батлуулж аван Лавочкины 21-р завод дээр бодсон санаснаа шалгах боломжтой болсон байна. Харин Лавочкин энэ нөхрийг болон түүний багийнхныг завод руу хаалгаар нэвтрүүлсэнгүй. Цаг үе нь тийм л байж.

Тун удалгүй Лавочкиныг нисэх хүчин хариуцсан ардын комиссар Шахурин дуудан авчирч “Сема чиний хоногийн тоо гүйцжээ. Сталин Яковлевыг 153-р завод дээр Як-ыг үйлдвэрлэх ажлыг бүрэн зүгшрүүлсний дараа 21-р заводыг тэр чигээр нь авч Як-7 үйлдвэрлэхийг зөвшөөрсөн байна. Яковлев болсон хойно удлаа гэхэд 2 сарын дараа бүх юмаа эмхэлчихээд хүрээд ирнэ. Тэгэхээр чамд ямар нэг ер бусын юм л туслахгүй бол чи болон чиний баг Тбилист л очих нь шийдэгдсэн хэрэг боллоо” гэжээ.

Шахурины өрөөнөөс Лавочкин хачин муухай царайлсан амьтан гарч ирсэн ба дайны үеэр Тбилист очно гэдэг бол тэдний зохион бүтээх товчоо байхгүй болж жирийн нэгийн цехийн ажилтнууд боллоо гэсэн үг байв.

Муухай царайлсан Лавочкиныг гарч ирэхэд хүлээх өрөөнд бүр ч дорой царайтай нөхөр сууж байсан нь Швецов гээч эр байлаа. Энэ бол агаарын хөдөлгүүр зохион бүтээгч бөгөөд түүний бүтээсэн М-82-ийг хэн ч тоохгүй байгаа учраас ийн муухай царайлж байж. Зовлон нэгтнүүд удаан сууж ярилцан байх үед Швецов өөрийн хөдөлгүүрийг Лагг-3т тавьж үзэхийг гуйлаа. Лавочкин аман дээрээ л бодож үзье гэж хариулсан ба усан хөргүүртэй хөдөлгүүрт зориулж хийсэн Лагг-т салхин хөргүүртэй хөдөлгүүр тавина гэж бүтэхгүй ажил. Хичнээн олон өөрчлөлт хийх билээ...шинэ онгоц хийсэнтэй адил ажил. Гэтэл хугацаа байхгүй. Хамгийн гол нь М-107 хөдөлгүүр ойрын үед ирэх найдлага байсан учир Лавочкин түүнийг л хүлээж байв.

Гэхдээ Лавочкин буцаж очоод өөрийн багийнханд Швецовтой хийсэн яриагаа тун товч хэлэхэд нэг инженер нь үүнийг нь сонирхож 10-аад сайхан хүн өгөөдөхвөл М-82-ийг тавих ямар боломж байгааг сарын дотор судлаад танилцуулъя гэж. Лавочкин 2 хон хүн л өглөө. Удаан хүлээсэн М-107 ирэх болчхоод байхад тэгж хамаг хүн хүчээ нэмэргүй юманд зарж болохгүй ээ.

Удалгүй М-107 авахаар явсан инженерээс аймшигтай мэдээ ирлээ. Климовын хамт олон 2-хон ширхэг М-107 хийж, нэгийг нь Лавочкин, нөгөөхийг нь Яковлевт өгөхөөр төлөвлөж байсан боловч Яковлевын инженер ирээд 2-уланг аваад явчихсан байлаа.  

Лавочкин энэ бусармаг явдлыг эсэргүүцэн Москвад хэрүүл хийж байх үед араас нь нөгөө Швецовын хөдөлгүүрийг судлая гэсэн инженер нь М-82-ийн ядаж макетыг ч болов олж явуулахыг хүссэн цахилгаан илгээж. Лавочкин Швецовтой утсаар ярихад өнөөх нь өөдөөс нь”... юун макет, хэнд ч хэрэггүй болсон шив шинээрээ 100 хөдөлгүүр байна. Хэдийг л бол хэдийг яг өнөөдөр хамгийн сайн инженерүүдтэйгээ явууллаа “ гэж хариулжээ.

ЛаГГ-3 М-82 хөдөлгүүртэй

Лавочкин заводдоо буцан ирэхдээ бүх юм дууслаа гэж ойлгож байв. Яковлевчууд өч төчнөөн хайрцаг юм авчирчихсан, хэзээ мөдгүй заводын эзэн болох ажлаа эхэлчихсэн байж байдаг.

Харин Лагг-ийн инженерүүд нь шинэ хөдөлгүүрийг онгоцондоо тавьж зохих өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн байлаа. Хамаагүй том голч бүхий салхин хөдөлгүүрийг тун эвтэйхэн аргаар аэродинамикийн эсэргүүцлийг дарахаар болгон, хүндийн төв- тэнцвэржүүлэлтийг зөвхөн сүүл хэсэгт жаахан өөрчлөх байдлаар янзалж болохоор болгосон г.м. Мэдээж цаана нь өч төчнөөн олон асуудал бий боловч энэ хоёрыг шийдчихсэн шахам байна гэдэг бол магадгүй аврал байж болох юм.  Гэхдээ л М-82 нь М-105-ыг бодвол 250 кг-аар хүнд, диаметр нь 1260 мм (М-105-ынх 798 мм буюу салхин хөргүүрт онгоцны хошуу том мохоо байдгийн учир нь энэ )...нэмэр гарах болов уу?

Дээрээс өгсөн тушаалын дагуу Лавочкины хэсэг Тбилис рүү нүүж эхлэн, ерөнхий маань ч маргааш ниснэ гэж байх үетэй зэрэгцэн шинэ Лагг-3 агаарт гарахад бэлэн боллоо. Лавочкин Шахуринаар дамжуулан Сталинд хүсэлт гаргасны хүчинд ерөнхий зохион бүтээгчийг туршилт дуустал 21-р завод дээр байхыг зөвшөөрчээ.

Лавочкин болон түүний багийнхан нэг юмнаас маш их айж байсан нь хөдөлгүүрийн тос халах явдал байв. Маш богино хугацаанд шинэ тосны хөргөх систем хийж тавина гэж байхгүй ба тэр нь ч үр дүнтэй байх эсэх нь эргэлзээтэй зүйл. Аргаа барсандаа үүрээр буюу хамгийн хүйтэн үед туршилтаа эхлүүлэхээр шийдсэн байна. Үүрээр онгоцоо ангараас гаргахад яковлевчууд дооглон жуумалзсаар...

Онгоц ч хөөрч газраас тасраад ганцхан тойрог хийгээд яаран буулаа. Тос халаад хөдөлгүүр тас зуурдгийн даваан дээр ирсэн учир туршин нисгэгч яаран буусан нь энэ.

Тэр орой Лавочкин өөрийн багийн үлдсэн нөхдүүдээ цуглуулан зохион бүтээх товчоо нь ингээд дампуурч байгаа тухай, Тбилист очоод ямар ирээдүй хүлээж байгаа тухай, Лагг-3 онгоцыг удахгүй зэвсэглэлээс хасах тухай тун баргар юм ярьж байх үед нэг нөхөр урьд харж үзээгүй сонин хэлбэртэй тосны хөргөх систем бариад ороод ирж. Хэлбэр хэмжээг нь харахад маш үр дүнтэй ажиллахаар, тун ч сайхан эд. Лавочкин нөгөө нөхрөөс хаанаас ийм сайхан олж ирснийг асуухад өнөөх нь толгойгоо маажиж байгаад “газарт хэвтэж байсан” гэж ээрч муурна.  Ерөнхий уурлалаа.

Семен Лавочкин

-Энэ бол хулгай! Яковлевын зохион бүтээх товчооны юмыг чи хулгайлсан байна. Би ийм хулгайн юмыг өөрийнхөө онгоцонд тавихгүй... бөөн уур болсон Лавочкины хараал зүхлийг холоос утсаар ярих гэсэн дуудлага ирлээ гэж нэг нь авч явж байж чимээгүй болгосон гэдэг. Зарим яриагаар бол Лавочкин өөрөө л хашхирч орилж байгаад утсаар ярих ёстой байсныг хулгайчаас болоод мартаж гэсэн юм хэлээд чимээгүйхэн өрөөндөө орсон ч гэнэ. Ямар ч байсан шинэ системийг машиндаа тавих гэж шөнөжин хуурайдаж билүүдэж байхыг зохион бүтээгч сонсоогүй юм уу, согтуу байсан юм уу огт “мэдээгүй” өнгөрчээ.

Өглөө болоод онгоцоо дахин гаргахад Лавочкин тээр хол ганцаараа зогсчихсон байж л байсан гэдэг ба М-82 хөдөлгүүртэй, шинэ тос хөргөх систем бүхий  Лагг-3 онгоц агаарт хөөрч хэд хэдэн тойрог хийгээд тайван газардахад Семен Алексеевич Лавочкины хөл газарт хүрэхгүй дүүлж байсан юм гэнэ лээ.

Анхны энэ туршилтаар энэ машин олигтой юм юу ч үзүүлээгүй боловч маш их нөөц, ирээдүй байгааг Зөвлөлтийн нисэх хүчнийхэн олж харлаа. Тэр даруй Тбилис рүү нүүлгэж байсан ажлыг зогсоон 21-р заводыг зөвхөн Лавочкины мэдэлд үлдээх тушаалд Сталин гарын үсэг зурсан байна.

Лагг-3 машин нь ийнхүү шинэ хөдөлгүүр тавьснаар Лагг-3-М82 гэдэг нэртэй болсон ба удалгүй энэ онгоцыг Ла-5 хэмээн нэрлэсэн билээ. Цаашдаа энэ онгоц улам бүр өөрчлөгдөн сайжирсаар алдарт Ла-5 ФН болж хувирч, яваандаа Ла-7 хэмээх аймшигт сөнөөгчийн эх суурь болсон түүхтэй.

Як-1-ийн тухай бичиж байхдаа  “Ла-5 Ла-7 нь өрсөлдөгч Як-тай холбоотой юм шүү, энэ тухай дараа бичих болно” гэж амлаж байсныхаа дагуу Лагг-3 онгоцны тухай зарим сонирхолтой түүхийг цуглуулан нийлүүлсэн маань энэ буюу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]