Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний консерватив намаас нэр дэвшигч Юн Сүк Ёл ялалт байгуулав. Сонгууль маш өрсөлдөөнтэй болж, санал тооллогын эцсийн мөчид ялагч тодорсон юм. Тухайлбал, Юн Сук Ёл ердөө 250 мянган сонгогч буюу 0.8 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Харин түүний өрсөлдөгч, эрх баригч “Ардчилсан нам”-ын нэр дэвшигч Ли Жэ Мён 47.79 хувийн санал авжээ.
Хоёр нэр дэвшигчийн авсан саналын зөрүү нэг хүрэхгүй хувьтай байснаас энэ удаагийн сонгууль ямар их өрсөлдөөнтэй болсныг харж болохоор байгаа юм. Нийт бүртгэгдсэн сонгогчдын дөрөвний гурваас илүү хэсэг нь саналаа өгч, сонгуулийн ирц нэлээд өндөр байжээ.
Ерөнхий прокурор асан Юн Сүк Ёл дөнгөж өнгөрсөн оноос улс төрд орсон шинэ хүн. Тэрбээр ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авилга, албан тушаалын хэргийг амжилттай шалгаж, олон нийтийн дунд нэр хүндээ өсгөсөн байна. Мөн тэрбээр Умард Солонгосын эсрэг батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх, Ким Жон Уны дэглэмийн эсрэг авах хориг арга хэмжээг чангатгахаа амлаж байжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч болсон тохиолдолд Өмнөд Солонгосыг дахин цөмийн зэвсэгтэй болгоно гэж мэдэгдэж байв. Мөн АНУ-ыг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт дахин стратегийн зэвсгийг байршуулахыг шаардана гэж мэдэгдсэн удаатай.