Ж.Өсөхбаярын хөтөлдөг "Миний хобби Танин мэдэхүй" фэйсбүүк хуудаснаас зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.
Собибор бол Герман, Польш, Орос, Франц зэрэг улсуудаас авчирсан еврэйчүүдийг устгах зориулалттай Польш дахь хорих лагерь бөгөөд энд 1942 оны 5-р сарын 15-наас 1943 оны 10-р сарын 15-ны хооронд 250,000 орчим еврейчүүдийг хядсан байна. Уг үхлийн лагерт 1943 оны 10-р сарын 14-ний өдөр Оросын офицер Александром Печерскимээр удирдуулсан бослого гарсан нь дайны түүхэн дэх хамгийн амжилттай хорих лагерь дахь бослого болсон байна.
Хорих лагерийг тухайн үед дэслэгч Франц Штангль гэгч офицер удирдаж байсан бөгөөд түүний удирдлага дор алан хядах, тамлах ажиллагаанд бэлтгэгдсэн 30 офицер, мөн 90-120 орчим Оросын олзны урвагчид болон укрианчуудаас бүрдсэн харгалзагчдын анги байсан байна.
Хорих лагерь нэг талаараа Собибор тосгоны хажуугийн ойтой залгаж байсан бөгөөд нөгөө талаас төмөр зам орж ирж.
Лагерийг эргэн тойрон 3 метр өндөр төмөр торон хашаагаар хүрээлсэн байсан ба найман харуулын цамхаг, захиргааны хоёр давхар байшин, хийгээр утах өрөө бүхий барилга, харуулууд болон хоригдлуудын байр зэргээс бүрдэж байж. Түүнчлэн хорих лагерь гурван үндсэн хэсгээс бүрддэг байж. 1-р хэсэг бол хоригдлуудын ажиллаж амьдрах хэсэг, 2-р хэсэгт үс хусах газар болон үхсэн хүмүүсийн эд зүйлийг ангилан ялгадаг агуулахаас бүрддэг бол 3 дахь хэсэгт жинхэнэ Үхлийн бүс буюу хэд хэдэн хуучин танкийн моторыг ашиглан угаартуулах зориулалттай хийн өрөөнүүд байрлах аж. Шинээр ирсэн хоригдлуудыг ихэнхдээ өдөрт нь л цааш харуулах ба аз ивээсэн зарим хэсгийг авч үлдэн лагерийн ажилд ашигладаг байж.
Хийн өрөө нь нэг дор 800 хүнд "үйлчлэх" бөгөөд уг барилгад ямар ч цонх байхгүй, дээврийн шилэн хаалтаар газ өгч буй ажилтан бүх хүн үхэж дуусахыг хянадаг байж. 800 хүн ойролцоогоор 15 минутад угаартан үхнэ. Хийн байранд оруулсан бүх хоригдлыг нөгөө ертөнцөд илгээсний дараагаар тусгай хоолойгоор утааг гадагшлуулж хүмүүсийн ц о г ц с ы г лагерийн ойролцоо ой дахь томоо хэмжээний ухаж бэлдсэн нүхэнд хаядаг байв.
Лагераас оргох хэд хэдэн тохиолдол амжилтай болсон боловч ихэнхдээ польшуудад баригдан эргүүлэн хүргэгддэг байсан бөгөөд тэр даруйд нь сануулга өгөх зорилгоор цугтаа нэг хэсэгт байсан хэдэн зуун хүний хамтаар буудан хороодог байж. Нэг удаа оргосон еврэй Польш Укрианы хилийн ойролцоо Хельма хотод хүрч чадсан бөгөөд уг хорих лагерийн талаар еврэйчүүдэд хэл дуулгаж амжсан байна. Үүний үр дүнд энэхүү аймшигт лагерийн талаар ойр хавийн эзлэгдсэн үндэстэн, ард түмнүүд бултаараа мэддэг болж 1943 оны 4-р сарын 30-нд Влодав хотын еврэйчүүдийг ачсан вагон ирэхэд хоригдлууд буухаас бүх нийтээрээ татгалзаж байсан бол 1943 оны 10-р сарын 11-ний өдөр хийн өрөө рүү явж байсан хоригдлууд зугтахыг оролдож нэг хэсэг нь газар дээрээ буудуулж үлдсэн нь тамлагдан хороогдох зэргээр эсэргүүцэл гаргадаг болжээ.
1943 оны 8 сард хорих лагерьт Леона Фельдхендлера гэгчээр ахлуулсан нууц бүлэг байгуулагдсан бөгөөд уг бүлгийн зорилго нийтээрээ оргох төлөвлөгөө байсан юм. Ингээд 1943 оны 9-р сард хорих лагерьт Зөвлөлтийн Улаан армийн еврей цэргүүд хүргэгдэж ирэхэд түүн дотор байсан Александр Печерский гэдэг нөхөр уг бүлгэмийн удирдлагыг гартаа авчээ. 1943 оны 10-р сарын 14-нд бослого эхлэв.
Төлөвлөгөөний дагуу тэд СС-ийн офицеруудыг нэг нэгээр нь устгаж зэвсгийн агуулахыг эзлэн авч цаашид лагерийг бусад харгалзагчдыг устгах төлөвлөгөөтэй байсан боловч яг бослого эхлэхэд тэд 12 СС-ийн офицер, хэдэн Укриан харгалзагчдыг л гэнэдүүлэн устгаж амжсан байна.
Хоригдлууд зэвсгийн агуулахыг эзэлж авахаас өмнө бусад харуулууд анзаарч гал нээсэн тул тэд гадна хашааны харуулуудтай тулалдаж устган минийн талбайг хөндлөн гарч ой руу зугтацгаажээ. Лагерт 550 орчим хоригдол байснаас 420 нь уг бослогод оролцож бослогын явцад 80 хоригдол амь үрэгдэж үлдсэн хүмүүс нь зугтаж чадсан байна. Уг бослогын дараа германчууд бүс нутагт томоохон хэмжээний ажиллагаа явуулж хорих лагераас зугтагсдаас 170 орчмыг олж газар дээр нь цаазалсан бол үүнээс хойш германчуудын ажилллагааны эрч суларсан бөгөөд орон нутгийн польшууд болон германчууд дахин 90 орчим хүнийг олж цаазалсан гэгддэг ба дайны сүүлд уг оргосон хүмүүсээс 47-57 хүн амьд үлдсэн гэдэг байна. Уг бослогын дараа германчууд тэр даруй лагерийг хааж, үйлдсэн нүглээ далдлахын тулд ногоо тарьдаг болгосон байна.
Собиборын бослого нь Дэлхийн 2-р дайны үед Германы үхлийн лагераас олноороо амжилттай оргосон цорын ганц тохиолдол юм байна.