Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Баруун талын уулын энгэр бэлд орчин үеийн тун тохилог, чимэгтэй хөшөөт цогцолбор бий. Гантиг шатаар дээшээ өгсөөд хөшөөнд хүрлээ. Түүхэнд мөнхөрсөн Хулан хатны хөшөө. Гайхалтай сүрлэг Хулан хатны хөшөөний өмнө зогсохдоо би Хулан хатны шарил Казахстаны их талд олон зуунаар түүх хадгалан байгаа Чингис хааны хүү Зүчийн бунхны ойролцоо байдаг гэдгийг саналаа. Казахстан Улсад гурван жил дипломат алба хашсан, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг энэ тухай надад ярьсан юм.
Сэлэнгэ аймгийн төв дэх Хулан хатны хөшөөг Сэлэнгэ аймгийн 80 жилийн ой тэмдэглэх хорооны шийдвэрээр Сүхбаатар сумын чөлөөт уран бүтээлч Цэвээнравдан аймгийн удирдлагуудтай хамтран эх хувилбарыг бүтээсэн түүхтэй. Чухам яагаад Хулан хатны хөшөө Сэлэнгэ аймагт сүндэрлэв гэдгийн уг үндсийг сураглавал Монголын түүхийн чухал хэсгийг хөндөх болоод явчихлаа.
Манай эриний 10 дугаар зууны үед Монголын өнөөгийн хойд хилийн төв хэсгээр Хори түмид, Баргажин будгажин, Хэрэмчин, Жүрхэн, Чонос, Баянгуул зэрэг гуч гаруй хүчирхэг аймгууд нутаглаж байсны нэг нь Мэргид аймаг байсан билээ. Мэргидийг түүхэнд Гурван мэргид хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Гурван мэргид хэмээхийн учир нь Удуйд мэргид, Увас мэргид, Хаад мэргид хэмээх гурван овгоос бүтсэн Монгол аймгийн нэгэн холбоо байсан бөгөөд Увас мэргидийн тэргүүн нь Дайр-Усун, Удуйд мэргидийн тэргүүн Тогта бэхи, Хаад мэргидийн тэргүүн нь Хаатай Дармала ажгуу.
Чингис хаан 1189-1206 онуудад дээрх аймгуудыг нэгтгэн Их Монгол улсын харьяат болгоход Увас мэргидийн тэргүүн Дайр-Усун Чингис хаантай байлдах санаагүй хэмээн өөрийн охин Хуланг хатан болгон өгч Их Монгол Улсад дагаар оржээ. “Монголын нууц товчоо”-нд
Давхар хоромсогын амсар
Дарвалзан хөдлөхөд
Дайн тулаан болов гэж
Ташааран зугтагч
Дайр-Усун одоо
Давалгаат Орхон, Сэлэнгийн
Талхун аралд
Талитран суугаа
хэмээн өгүүлснийг үзэхэд Увас мэргидийн гол нутаг нь өнөөгийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Зэлтэрийн нутаг байсан нь тодорхой болно. Үүнийг өгүүлэхийн учир нь Богд эзэн Чингис хааны төрийн дөрвөн хатны нэг, ухаан төгс, цэцэн билэгт, үзэсгэлэн гоо төгс Хулан хатан өнөөгийн Сэлэнгэ аймгийн Түшиг, Зэлтэр, Цагаан нуурын дагшин сайхан нутагт төрж, цэцэг мэт дэлгэрэн өсч, наран мэт гэрэлтэж явсан хэмээн бахдан өгүүлэх гэсэнд бөлгөө. Хулан хатны хөшөөнд ...
“Хан хурмастын охин тэнгэр
Хас төрийн хатан эрдэнэ
Эзэн Чингисийн зоригийг хурцалсан
Эрэмгий мэргидийн домогт гүнж
Төгс үзэсгэлэнт Хулан таны
Түүх шаштирын алтан сорыг
Хүй дарсан чулуутай нь хамт
Хөх Монголын хойморт дархлав”гэсэн бичээс бий.
Түүхийн өөр нэгэн чухал үйлдлийг энд өгүүлэх нь өнөө цагт байгаль орчноо хамгаалахад нэн түлхэцтэй хэмээн үзлээ. Чингис хаан мэргидүүдийг эзлэн авсны дараа бурхан бумбын орон мэт өвс, ус тэгш Увас мэргидийн дагшин амгалан нутгийг өөрийг нь тайчуудад баригдан хөнөөгдөхийн даваан дээр алтан амийг нь аварч ач тус үзүүлсэн Сорхон шар ноёнд өмч болгон үр ач нарынхаа хамт үеийн үед амьдарч яв хэмээн дархлан өгсөн түүхтэй. Энэ нь угтаа бол Богд эзэн Чингис хааны соёрхолоор дархласан Монголын анхны дархан нутаг юм. Өнөө ч гэсэн нутгийн ардууд Бүрэнгийн нурууны нэгэн салбарыг Торгон Ширагийн нуруу хэмээн нэрлэдэг нь Сорхон шарын нуруу гэсэн үг ажээ.
Дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ
хөшөөг бүтээсэн уран бүтээлчдийг андуурчээ. Сэлэнгэ аймгийн 80 жилийн ой тэмдэглэх хорооны шийдвэрээр Сүхбаатар сумын чөлөөт уран бүтээлч Цэвээнравдан аймгийн удирдлагуудтай хамтран эх хувилбарыг бүтээсэн түүхтэй.
Тодруулах зүйл байгаа юмаа. Урлаачтай холбогдох хаяг утас байвал өгч тус болооч.
zaa selenge yawj ehner hainaa hahaha
Нутаг нь одоогийн Сэлэнгэ боловч 800 жилийн өмнө тэр үед амьдарч байсан Увас Мэргэдийн удам үгүй билээ. Нүүдэлчид энэ хугацаанд хэд дахин нутаг сэлгэн
нүүдэллэн одсон бөлгөө.