Өмнө нь бичсэн “Сталин олзлогдох шахсан нь” нийтлэлдээ Зөвлөлтийн танкчин Лавриненко Сталиныг Германы морьт ангид олзлогдох аюулаас тохиолдлоор аварсан тухай дурдаж байсан билээ. Энэ удаа тэр аврагч болох, Дэлхийн 2-р дайны явцад дайсныхаа хамгийн олон танк устгасан Зөвлөлтийн шилдэг ас-танкчин Дмитрий Лавриненкогийн тухай сонирхуулъя. Өмнө нь бичиж байсан Германы Курт Книспель, Михаэль Виттман нарын дайсныхаа зуун зуун танкийг устгасан тоотой харьцуулахад энэ Орос эрийн устгасан танкны тоо ихээхэн даруухан. Виттманы 138, Книспелийн 168 устгасан танктай харьцуулахад Лавриненкогийн хувьд энэ тоо ердөө л 52.
Гэхдээ ...
1914 онд Кубанийн казакын (казах үндэстэнтэй хольж болохгүй) гэрт төрсөн орос эр 1931-1933 онуудад манайхаар бол сумын төвийн багш болж нэг хэсэг манаргасан бөгөөд дараа нь совхоз-ын кассчин хийж байгаад 1934 онд сайн дураараа цэрэгт явжээ. Хөдөөний эрийг морин цэргийн ангид хуваарилж, мань эр ч суганы булчингаа цочтол бургас цавчин бэлтгэл хийж байгаад үүнээсээ залхсан бололтой өөрийн дуртай техник бүхий цэргийн сургуульд орох гэж хөөцөлдсөөр санасандаа хүрэв.
Ингээд танкчин болсон Лавриненко 1939 онд Баруун Украин, 1940 онд Бессараби руу хийсэн аянд-дайнд оролцсон боловч юугаар ч гайхуулсангүй. Гайхуулах ч боломж үгүй бөгөөд Зөвлөлтийн цэргүүд ямарваа нэг эсэргүүцэл гэхээр юмтай тулгараагүй билээ. Танкийн “Снайперын нүд” хэмээх хочтой болсон Дмитрий (тэр үеэс танкийн их буугаар маш мэргэн бууддаг хэмээн алдаршсан) сүйт бүсгүйнхээ өмнө амласан ёсоороо гавьяа байгуулж баатар эр болох гээд амжаагүй ба харамсалтай нь хуримаа хийгээд удалгүй, дайны эхэн үеэр эхнэр нь Германы бөмбөгдөлтийн үеэр алагдсан байна.
Зөвлөлтийн хувьд Аугаа их эх орны дайн хэмээн нэрлэх дайны эхэн үеэр Лавриненко БТ-5 танкаар тулалдаж байсан байсан бөгөөд нэгэн тулалдааны үеэр танк нь гэмтэж, анги нь бүслэгдэх аюултай байдалд ороход захирагч нь танкаа устган, ухрах тушаал өгөхөд тушаал зөрчин танкаа хаялгүй явсаар бүслэлтээс гарсан байна.
1941 оны наймдугаар сард Лавриненко шинээр зохион байгуулагдсан Катуков даргатай танкийн бригадад шинэ Т-34 танкийн дарга болон хуваарилагдлаа. Энэ үед “одоо харин Гитлертэй тооцоо бодох цаг ирлээ” хэмээн хэлсэн хэмээх домог бий. Анхны гавьяа байгуулсан тулалдаан нь аравдугаар сарын эхээр болсон бөгөөд хэсгээсээ хоцорсон Лавриненкод ганцаараа дайсны жижиг цувааг зогсоон цэрэг, ард иргэдийг зохион байгуулалттай ухрах нөхцөлөөр хангах хэрэгтэй гэсэн тушаал өгсөн байна.
Лавриненкогийн Т-34 газрын бартааг ашиглан отолт хийж эхэллээ. Удалгүй мотоциклчид толгойтой жижиг цуваа гарч ирсэн бөгөөд дүүрэн цэрэг ачсан 3 ачааны машин нь танк эсэргүүцэх их буу чирэн явж байв. Цувааг ойртуулж байгаад тулгаж буудан хоёр их бууг нь устгаад гурав дахь их бууг Лавриненкогын өмнөөс харуулах гэж оролдож байх хооронд нь дайрч орон бяцалжээ. Удалгүй тусламж болох явган цэргийн анги ирж дайсны цувааг бүр мөсөн устгасан байна.
Иймэрхүү байдлаар Т-34-ын хурдтай, хүчирхэг их бууны хүчээр аажуухан боловч ялалтын тоогоо өсгөсөөр байсан Лавриненко 11-р сарын 11 гэхэд дайсны 7 танк устгасан гэсэн тооцоотой байж. 11-сарын 17-нд бас нэг алдартай тулалдаанаа хийсэн ба гурван Т-34, гурван БТ бүхий Зөвлөлтийн танкчдын бүлэг Германы 18 танк бүхий цувааг мөн л отож тулалдсан байна. Лавриненкогийн толгойлсон энэ зургаан танкны хоёр Т-34 нь гэмтэж, хоёр БТ нь шатсан боловч Германы долоон танкийг устган, чухал түшиц газар болох тосгоныг эзэлж авсан байна. Гэтэл хажуугаар тойрч орсон Германы танкийн өөр нэг цуваа уг тосгоныг бүслэх зорилготой явна гэсэн тагнуулын мэдээ авсан ахлах дэслэгч маань бас л отолт хийхээр шийдэж тохирох газар сонгож аван хүлээж эхэллээ. Танкийн цуваа гарч ирэх үед нь эхний танкийг буудаж гэмтээгээд шууд л цувааны сүүлд яваа танкийг бас буудаж устгалаа. Хөдөлгөөнгүй болсон цувааны төв хэсэг рүү хэд хэдэн удаа буудаж бас дөрвөн танк устгасан Лавриненкогийн ганц танк ямар ч гэмтэлгүй зугтаж чадсан гэдэг.
1941 оны 12-р сарын 5-нд дайсны 47 танкийг устгасан Дмитрий Лавриненког ЗХУ-ын баатар цолд тодорхойлсон боловч Лениний одонгоор шагнах болсон байна. Гэхдээ тэр Лениний одонгоо ч авч амжаагүй юм. Хамгийн сүүлийн 52 дахь дайсны танкаа 12-сарын 18-нд Волоколамскийн замд устгасан бөгөөд тулалдааны дараа шинэ тушаал авахаар танкаасаа гараад явж байх үед нь тэсэрсэн миномётын хэлтэрхийд өртөж алагдсан байна. (Курт Книспель бас иймэрхүү нөхцөлд амь үрэгдсэн байдаг)
Книспель, Виттман зэрэг бараг бүтэн дайны турш тулалдсан танкийн агуу ас-уудын эгнээнд энэ орос эрийг тооцож болох уу? Дээрх хоёр Германы шилдэг танкчин ас-уудын тухай яриа гарахад чухам тэр олон танкийг үнэхээр устгасан эсэх тухай их маргаан байдаг бөгөөд устгасан танкийг танкийн даргынх гэж тооцох уу, эсвэл наводчикын тооцоонд оруулах уу гээд их юм болно. Энэ тухай Германы танкчдын тухай бичихдээ дурдаж байсан билээ.
Харин Дмитрий Лавриненкогийн хувьд бол Т-34-76 (Лавриненко бас Т-34-57-оор тулалдаж байсан үе бий. Гэхдээ энэ хоёр танк их буунаас бусдаар адилхан) танкны дарга болон наводчикын үүргийг нэг л хүн гүйцэтгэдэг. Тэгэхээр 52 танкийг Лавриненко устгасан эсэх талаар ямар ч маргаан үгүй юм.
Зургаан сарын туршид (яг үнэндээ 2,5 сарын туршид бүх ялалтаа авсан) 28 том тулалдаанд оролцон дайсны 52 танк устгасан, өөрөө 3 удаа шатаж байсан энэ баатар нь өөрийн танкны давуу тал болох хүчирхэг их буу, хурд маневрыг ашиглан маш түрэмгий, бүр тэнэгдүү гэмээр зоригтой тулалддаг байсан гэдэг. 2,5 сард энэ олон танк устгасан Дмитрий тэрхүү хэлтэрхийд оногдоогүй бол цаашид хичнээн дайсны танкийг устгах байсныг тооцох арга үгүй. Угаас түүхийн тухай ярихдаа “тэгсэн бол” гээд эхэлбэл бүх л зүйл утга учраа алдах хойно ингэж тооцох гээд ч хэрэггүй юм.
Хамгийн хачирхалтай нь энэ хүнийг ЗХУ-ын баатар цолоор 1990 оны 5-р сарын 5-нд буюу бараг 50 жилийн дараа нэхэн шагнасан байдаг.
Нийтлэлч Чалчаа саарал