Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Найманы Таян хааны цэрэг Наху гүнд яагаад ялагдавУншсан44,385

Найманы цэрэг тийнхүү явсаар Наху гүний (Одоогийн Лах баян уул) зүүн хормойг дайран “Цахир могод” гэдэг газарт хүрч ирэх үед Чингис хаан угтан байлдахаар болж арга тактикаа сонгон тодорхойлжээ.

БХЯ-ны Батлан хамгаалахын Эрдэм Шинжилгээний хүрээлэнгийн

Цэргийн Түүх Судлалын Төв

Доктор, профессор Сарт Боржигин Жамбын Базарсүрэн

"НАХУ ГҮНИЙ ТУЛАЛДААН" 640х200 см, зотон тос, 2014 он

зураач: Р.Ариунболд

Дундад эртний тэртээ нэгэн цагт тарж бутарсан Монгол туургатныг нэгтгэн нэгэн жолоонд оруулахын төлөөх амь хайргүй тэмцлийн явцад Чингис хааны Цэргийн жанжны авъяас чадвар илрэн тодорч, ирлэгдэн хурцлагдсан бөлгөө. 1204 онд Наху гүнд Найманы цэрэгтэй хийсэн ганцхан тулалдааны жишээнээс л харахад түүний ямархуу аугаа их авъяаслаг жанжин болохыг харж болно.

 
Нэг: Тулалдааны үүтгэл

 

1204 онд Монгол туургатныг нэгтгэх олон жилийн тэмцэл шувтрах шатандаа орж, Монгол овог аймгууд үндсэн хоёр том хэсэгт, тухайлбал, Хамаг Монголын буюу Чингис хааны нэгтгэн жолоодсон овог аймгууд, Найман, түүний талынхан гэж хуваагдсан байсан үе. Тиймээс тэрхүү хоёр тал хэзээ нэгэн цагт “Үхлийн тулаан” хийх нь гагцхүү цаг хугацааны асуудал байсан гэж болно. Тийн байтал Найман аймгийн хан ноёд тэр үед дөнгөж сэргээн байгуулагдаад байсан Хамаг Монголын зүг анхаарлаа хандуулж, хүчин чадал бүрэн бүрдэхээс нь өмнө дарж авахаар шийдвэрлэжээ. Тэр тухай Монголын нууц товчоонд өгүүлэхдээ Найманы Таян хан “Энэ дорно зүгт цөөхөн Монгол буй хэмээмүй... Эдүгээ мөн хан болъё хэмээн санаж байна уу тэд. Тэнгэрийг гэгээн гэрэлтэй болгохын тул нар, сар хоёр байдаг биз. Гэтэл газар дээр хоёр хан хэрхэн байж болох. Одоо би явж тэр хэдэн Монголыг авч ирье” гээд цэргээ хөдөлгөсөн гэжээ.

Тэр үед Чингис хаан ажиг сэжиггүйгээр Халх голын савд орших “Тэмээн хээр” хэмээх газар их ав тавьж байжээ. Таян хан цэргээ хөдөлгөхийн өмнө Онгуд аймгийн эзэнд элч илгээж Монголын эсрэг хүчин хавсрахыг санал болгосонд Онгудын эзэн үл зөвшөөрснөөр үл барам Найман дайрах гэж байгаа тухай Чингис хаанд мэдэгджээ. Тэгмэгц тэрээр ав хомрогоо зогсоож цэргийн ноёдоо цуглуулан хуралдаж Наймантай байлдах, эсэх тухай хэлэлцээд угтан байлдахаар шийдвэрлэжээ.

 
Хоёр: Тулалдааны бэлтгэл

 

 

Тийнхүү тулалдах шийдвэр гарсан тул Чингис хаан яаравчлан байлдааны бэлтгэлээ базаав. Үүнд нэн даруй цэргээ цуглуулан зэр зэвсгээ хурцлахын ялдамд өөрийн хийгээд дайсныхаа хүчтэй, сул талыг судлан тодорхойлсны үндсэн дээр цэргийн зохион байгуулалтыг өөрчлөх түүхэн шийдвэр гаргажээ. Үүнд, тухайн үед Хамаг Монголын цэрэг ч, Найманы цэрэг ч “Хүрээ”-ний зохион байгуулалттай байсан билээ.

Монголчууд эртнээс эхлэн овог, овгоороо нэгдэж хам олныхоо хүчинд дулдуйдан амь зууж асан агаад өвсний шим, усны тунгалгийг дагаж нүүдэллэн явсаар хаа нэгтээ буудаллахдаа овгийн ахлагч ноёныхоо орд өргөөг төв дундаа байрлуулж, бусад нь зэрэг дэвээсээ шалтгаалан тодорхой зохион байгуулалттайгаар тойрч дугуйран буудаг. Түүнийгээ “Хүрээ” гэдэг байжээ.

Хүрээдийн ноёд байлдаан тулалдаанд орохдоо өөр, өөрийн хүрээнийхээ цэргийг захирч тулалддаг агаад тэд тухайн цагийн цэрэг, улс төрийн байдлаас шалтгаалан хэн нэгэн нөлөө бүхий хан, ноёдыг түшиглэн нөмөр нөөлөгт нь багтаж, хоорондоо эвсэн нэгдэж явавч, өөрт ашиггүй юмуу аюул тулгарч болзошгүй болсон үед байлдааны дундуур ч хамаагүй, хүрээгээ аваад салаад явчих боломжтой байв.

Энэхүү “Хүрээний байгуулалт” цэргийн хэрэгт хэрхэн нөлөөлж байв? Сурвалжуудыг үзэхэд тэр үеийн байлдааны ажиллагаа ихэнхдээ эрчтэй, ширүүн эхэлдэг боловч яваандаа хүч нь саарч, удааширч ирэх нь олонтаа байжээ. Энэ нь нэгд, дийлж буй талынхан байлдааны талбарт шархдагсад, үрэгдэгсдийг тонон дээрэмдэж, олз хөөн сатаардагтай, хоёрт, мөн ерөнхийлөн захирагч хан, ноёныхоо тушаал, зарлигыг хүрээдийн ноёд үл тоомсорлон толгой мэдэн шийдвэр гаргаж, дур дураараа ухарч давшихаар барахгүй, байлдааны цагийн байдал хүндэрвээс хүрээгээ аваад байлдааны талбараас цойлон гарч одох нь ч энүүхэнд байсантай холбоотой байв.

Тийнхүү Чингис хаан Наху гүний тулааны бэлтгэл үед цэргээ шинэчлэн зохион байгуулж, хуучин “Хүрээний байгуулалт”-ыг халж аравтын тогтолцоонд үндэслэсэн “Мянгатын зохион байгуулалт”-д шилжүүлжээ. Хүрээг халж, цэргийн зохион байгуулалтын үндсэн шинэ нэгжүүд болох аравт, зуут, мянгатын ноёдоор ганц үе залгамжилсан, хуучин хүрээний ноёдыг бус, харин авъяас чадвараараа тодрон шалгарагсдыг томилсон нь цэргийн хүчин чадавх, удирдлага, зохион байгуулалт, сахилга журмыг бэхжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлэв.

Түүнээс гадна шадар цэрэг болох наян хэвтүүл, далан турхаг болон шилдэг мянган баатраас бүрдсэн одоогийн ойлголтоор бол байнгын цэргийн шинжтэй “Хэшигтэн” цэргийнхээ үндэс суурийг тавив. Бас буурч, үүдэч, агтач, адуучин зэрэг чухал албан тушаалуудад тэнцэх тохирох хүмүүсийг тохоон томилов. Мөн цэргийн “Чэрби” хэмээх албан тушаалыг буй болгож 6 хүнийг шалгаруулан томилжээ.

Энэ мэт цэргийн удирдлага, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэн сайжруулах арга хэмжээ авч аян дайны бэлтгэлээ шуурхай базаамагц 1204 оны хулгана жилийн зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр туг-сүлдээ тахиж Наймантай байлдахаар Халх голын “Ор нугын хэлтгий хад” гэдэг газраас морджээ.

 
Гурав: Тулалдааны өмнөтгөл буюу алсын “Марш”

 

Халх голын районоос Алтайн өвөр хүртэл хийсэн тэрхүү марш одоогийн нөхцөлд ч хүнд сорилт байсан нь ойлгомжтой.

Цэргийнхээ өмнө алгинч болгож Зэв, Хубилай хоёрын цэргийг илгээв. Тэд явсаар “Саарь хээр” гэдэг газарт хүрч Найманы алгинч цэрэгтэй учирч тулалджээ. Тэгэхдээ нэгэн эцэнхий саарал морийг дайсандаа зориуд олзлуулсан бөгөөд тэр нь “Монгол цэргийн агт туранхай ядруу учир байлдах чадвар муутай” гэж дайснаа төөрөгдүүлэхээр зохиосон цэргийн ов мэх байв. Дашрамд өгүүлэхэд Монголчууд цэргийн ов мэхийг дээд зэргээр чадварлаг ашигладаг байсан нь гадаад, дотоодод хийсэн олон дайн, байлдааны түүхээс илэрхий байдаг.

Чингис хааны гол хүч “Саарь хээр”-т ирээд алсын аянд ядарч сульдсан цэрэг, агтаа хэсэгхэн зуур ч болов амрааж, хүч сэлбэхээр буудаллажээ. Тэгэхдээ мөн л дайсныг төөрөгдүүлэх ов зохиосон нь “Галаар огжатгах” хэмээх арга байв. “Огжатгах” гэдэг нь “Гэнэт цочроон аюулгах, огцом айлган төөрөгдүүлэх” гэсэн утгатай үг. Тийнхүү Чингис хааны цэрэг орой шөнө “Саарь хээр”-ийг дэлхэн бууж, хүн бүр тав таван гал түлж галаар сүр бадруулжээ. Найманы харуул түүнийг хараад “Тэд цөөн гэсэн. Гэтэл одноос олон гал ноцож байна. Өдөр бүр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой” гэж Таян ханд мэдэгджээ. Түүнийг сонсоод Таян хан “Монголын агт туранхай байна. Бид Алтай даван хөдөлж Монголыг “өдөж хөдөлгөж” (хуурмагаар ухарч дайсныхаа хүчийг нь тарамдуулах зорилготой хэрэглэдэг байсан тактикийн овт нэгэн аргыг ийн нэрлэдэг), Алтайн өлгийг хүртэл “Нохой хэрэл хэрж” (мөн тактикийн өвөрмөц нэгэн арга) займруулан чирэгдүүлж аваачвал Монголын агт улам туранхилан ядрах болно” гэжээ. Хашир хүний энэ шийд уг нь зөв байв.

 
Дөрөв: Наху гүний тулалдаан

 

Найманы цэрэг тийнхүү явсаар Наху гүний (Одоогийн Лах баян уул) зүүн хормойг дайран “Цахир могод” гэдэг газарт хүрч ирэх үед Чингис хаан угтан байлдахаар болж арга тактикаа сонгон тодорхойлжээ. Байдлыг үзвэл Чингис хааны цэрэг тоогоор Найманаас үлэмж цөөн, алсын түргэвчилсэн аянд ядарсан байдалтай байв. Тиймээс Чингис хаан “Олноос олон гарз, цөөнөөс цөөн гарз гарна” гээд Найманы эсрэг морилж тэдний харуулыг хөөгөөд цэргээ засахдаа:

Харгана зорчил зорчиж

Нуур байрт байлдаж

Цүүц хатгаа хатгалдая хэмээсэн гэж Монголын нууц товчоонд өгүүлжээ. Энэхүү “Харгана зорчил зорчих” гэдэг нь хэсэг хэсгээр, бут сөөгөөр ургадаг харгана мэт цөөн хүнтэй бүлгүүд болж таруу байдлаар давших гэсэн утгатай. Үүнийг аравт, зуутын хооронд харьцангуй их завсар, гүнтэйгээр, өргөн фронтоор давших гэж ойлгож болно.

“Нуур байрт байлдах” нь нуур мэт өргөн дэлгэр байр эзлэн, нууранд юм живүүлэх адил дайсныг тал талаас нь бүслэн хааж, хэсэглэн цохих гэсэн утгатай аж.

“Цүүц хатгаа хатгах” гэдэг нь аливаа юмыг цүүцээр цөм хатгах мэт дайсны цэргийн байлдааны журам, жагсаалыг цөмлөн сэтлэх арга. Одоогийн цэргийн хэллэг, ойлголтоор “Гол чиглэлд хүч хуримтлуулан дайсны хориглолтын шугамыг цөмлөн сэтлэх” гэсэнтэй утга нэг.

Чингис хаан ийнхүү байлдах арга тактикаа тодорхойлоод цэргээ тэр үеийн заншил ёсоор гүн тийш нь манлай, гол, хөтөд гэсэн хэсэг буюу цувраа бүхий байлдааны журамд оруулан тулалджээ.

Тэгэхдээ Хасарт гол хүчээ, Отчигин ноёнд хөтөдөө захируулаад өөрөө манлайд тулалддаг. Энэ удаад Чингис хааны удирдсан манлай цэрэг гурван цувраанаас бүрдсэн байна. Нэгдүгээр цувраанд анх Халх голын Ор нугын Хэлтгий хаднаас хөдлөхдөө урдаа алгинчлуулан гаргасан Зэв, Хубилай, мөн Зэлмэ, Сүбээдэй нарыг давшуулсан бөгөөд тэд Найманы харуулыг их голд нь хүртэл үлдэн хөөгөөд өргөн фронтоор шууд халз дайран тулалджээ. Зэв, Хубилай, Зэлмэ, Сүбээдэй нар ижил эрх дархтай ноёд учир хэн хэндээ захирагдахгүй, бие даан өөр өөрсдийн цэргийг удирдан довтолсон гэж үзвэл энэ нэгдүгээр цувраа нь дотроо мөн дөрвөн хэсгээс бүрджээ.

Дараа нь тэдний гэзэгт хоёрдугаар цувраа болон довтолж буй Урууд, Мангудын цэрэг, “Монголын нууц товчоо”-нд тод томруун зураглан дүрсэлсэнчлэн

Эрт талбисан унага

Эх юүгээн сүүн хөхөж

Эх юүгээн орчин тойрон

Гүйх унагад мэт…

“туялан” явна. Энэ нь Урууд, Мангудын цэрэг нэгдүгээр цуврааны араас нэмэгдэл /бэлтгэл/ хүч болон дайсныхаа урдаас халз дайраагүй, харин нэгдүгээр цуврааныхаа халхлалтын дор Найманы цэргийн зах сэжүүрээр дэрлэж цохих юмуу эсвэл ар хударгаар нь тойрч бүслэхээр фронтын хоёр жигүүрээр ороон довтолж буйг харуулж байна. Өөрөөр хэлбэл манлайн эл хоёрдугаар цувраа нь нэгдүгээр цувраанаасаа тактикийн хувьд өөр үүрэг хүлээсэн бөгөөд Урууд, Мангудын цэрэг тус бүр өөр өөрсдийн, ижил эрх дархтай ноёдод захирагдаж байсан тул эл цуврааг мөн бие даасан хоёр хэсгээс бүрдэж байжээ.

“Алгинчлах” гэдэг нь “Тагнуул, харуул хийх” гэдэг утгатай үг. Үүнээс үзвэл Чингис хаан өөрийн цэргийн манлайд байлдахын зэрэгцээ бас дайснаа “Тагнах” ажиллагаа явуулж байжээ. Өөрөөр хэлбэл “Байлдан тагнасан” хэрэг болж байна.

Энэхүү “Байлдан тагнах” аргыг 1942 оноос эхлэн Зөвлөлтийн армид өргөн хэрэглэж байсан бөгөөд бусад олон орны армид ч хэрэглэдэг.

Харин дээрхээс үзвэл “Байлдан тагнах” тактикийн ийм аргыг Чингис хаан бүр 1204 онд хэрэглэж байсан нь нотлогдож байгаа бөгөөд түүнээс өмнө ийнхүү урьдчилан төлөвлөж, тодорхой чиглэл, зорилготойгоор “Байлдан тагнах” ажиллагаа явуулсан баримт одоогоор өөр хаана ч гараагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Чингис хааны удирдсан цувраа тулалдаанд орж буй тухайд:

Өеөссөн шувуу мэт

Шилмэлзэн хошуурч айсуй

гэж тэмдэглэсэн байдаг. Энэ дүрслэлээс үзэхүл тэр цуврааны бусдаас ялгарах шинж нь хошуурсан буюу гурвалжин хэлбэрээр жагссан байсныг “Монголын нууц товчоо”-г зохиогч зориуд онцгойлон цохсон хэрэг бололтой. Байлдааны эхэнд Чингис хааны зарлиг болсончлон “…Цүүц хатгаа хатгалдах”-ад ийм хошуурсан жагсаал нэн тохиромжтой байсан ч байж болзошгүй.

Эл бүхнээс харахад манлай цэргийн тэр гуравдугаар цувраа нь нэгдүгээрт, дайсны байдлыг заншлан мэдэх зорилгоор “Байлдан тагнах” ажиллагаа явуулах; хоёрдугаарт, дайсны эгнээний аль эмзэг, сул газрыг олж, “Цүүц хатгаа” эхлэн хатгаж цөмлөөд, цаашид байлдааны явцад дайсныг хэсэглэн хувааж бүслэх ажиллагааг эхлүүлэх ийм хоёр гол үүрэгтэй байжээ гэж хэлж болно.

Ер нь дайтан тулалдана гэдэг амь дүйсэн үйл хэдий ч манлай болон одогсдын хувьд бол ямагт дайсныхаа зохион байгуулалт нь алдагдан сарниагүй, хүчир тулаанд бие зүдэж, зүрх халираагүй шинэ сэргэг хүчний эсэргүүцэл, сөрөг цохилттой тулгардаг, үнэхээр амь зольсон хэрэг байсан бөгөөд түүний хэр амжилт олохоос тухайн байлдааны төгсгөл ихээхэн шалтгаалдаг байсан учир Чингис хаан онцгой анхаарч, манлайд хамгийн итгэлтэй, шилдэг баатруудаасаа тохоон томилдог байжээ.

Манлайн араас “Гол хүч” тулалдаанд орно. Гол хүч нь мөн л бие биесийн гэзэг дарсан, тактикийн бие даасан үүрэг бүхий цувраа, хэсгүүдээс бүрддэг байжээ.

Их цэрэг дайсантай тулгаран байлдааны журамд шилжих үед аяны цувраанд цэрэг дайчдын хамт явсан агтчин, адуучин хийгээд хүнс, саалийн мал хариуцсан малчин, дайлан буй эрсээ даган яваа ар гэрийнхнээс эхлээд сумчин, зэвчин, тэрэгчин, төмөрчин гэх мэт дархчууд, өвчтөн шархтныг эмчлэгч эмч домч, бариач шархач, байлдаанд анхлан яваа залуу хөвгүүд /13-15 насны/, тэднийг халхлан хамгаалах цэрэг эрсийг ялган “Хөтөд” хэмээх нэгэн цуврааг буй болгодог байжээ. Хөтөд нь байлдаанд зөвхөн “Ар тал” болоод зогсохгүй шаардлагатай үед бас бэлтгэл нэгэн цувраа болон тулалдаанд оролцдог байжээ. Дээр дурдсан Наху гүний байлдаанд их голынхоо араас Отчигин ноёны удирдсан “Хөтөд” тулалдаанд орж байгааг “Монголын нууц товчоо”-нд дүрсэлсэн нь түүнийг илтгэх нэгэн баримт.

 
Төгсгөл

 

Наху гүний тулалдаан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн энэ байлдаанд ийнхүү Чингис хаан Найманыг хиартал бутцохисон нь дээр өгүүлсэнчлэн түүний цэргийн жанжны аугаа их авъяас чадварын илрэл байв. Тэрбээр байлдааны эхнээс санаачлагыг гартаа авч цэргийн ов мэх хийгээд сэтгэл зүйн довтолгоог ч чадмаг хэрэглэсний үр дүн тийн гарчээ.

Бас цаг үеэ олж хийсэн цэргийн шинэчлэл нь түүнд ийм ялалт авчирах угтвар нөхцлийг бүрдүүлж өгчээ. Наху гүний байлдаанд Чингис хааны цэрэг хэдийгээр хүн хүчний тоогоор дайснаасаа үлэмж дутуу байсан ч хатуу чанд сахилга, зохион байгуулалттай байж, байлдааны журам жагсаалаа огт алдаагүй, хэн ч толгой мэдэн дураар аашлаагүй бол хуучин тогтолцоогоороо байсан Найманы цэрэг нэгдсэн удирдлага султай, эвсэн нийлж асан овог аймгийн ноёд нь зөвхөн өөр өөрсдийн эрх ашгаа харгалзсан шийдвэр гаргаж, хар амиа бодож байснаас цэргийн нягт харилцан ажиллагаа гэх юмгүй болж, байлдааны явцад цэрэг нь хэд хэд тасарч, улмаар амь тэнсэхийн цагт, харь элгийн Жамуха байтугай хан хүү Хүчүлүг нь хүртэл төрсөн эцгээ үхлийн аюулд орхин байлдааны талбараас цойлон одоод, Наймантай хамт байсан Жадаран, Салжиуд, Дөрвэн, Тайчиуд, Хонгирад тэргүүтэн аймгийн цэрэг бууж өгсөн нь эсрэгцэлдэж асан хоёр талын цэргийн зохион байгуулалтын зөрөө, түүний эерэг, сөрөг талыг тод томруун илтгэн харуулсан хэрэг байлаа.

Нөгөө талаар энэ ялалт нь “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэнчлэн:

Хацрыг жадалж байвч

Харсан нүдээ цавчдаггүй

Хар цусаа урсавч

Харьж огт буцдаггүй хатуужил ихт жирийн Монгол цэрэг эрсийн мохошгүй чин зориг, эрдэм чадлын илэрхийлэл байлаа.

Сэтгэгдэл 35ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 10 сар 1. 10:19
Зочин

Сайр хээр гэх газар бол өнөөгийн ойлголтоор ХовогСаарь гарцаагүй мөн бөлгөө. Хожим тэнд Өгөөдэй Гүег хаад дараа нь Ойрдын хангууд сууж байсан газар...

3 сар 13. 22:03
Зочин

nahu yagaad hojigdosiin

2021, 9 сар 20. 19:09
Зочин ишээ

Лах баян уул гэдэг нь яг одоогийн аль аймгийн аль суманд байгаа, одоо хэр энэ нэрээрээ байдаг уу? Би бодохдоо Баянхонгр аймаг Байдрагын голын орчимд болсон байлдаан гж ойлгоод байдаг. Үнэн мэдээлэл өгөөч

2021, 2 сар 16. 16:18
Давааням

Гэтэл сүүлийн үеийн хэвлэгдэн гарч байгаа Нууц товчоонд Цахир магуд гэж бичих боллоо. Магуд гэж Могод гэсэн үг юм уу, аль эсвэл өөр газрын нэр юм уу.

2021, 2 сар 16. 16:15
Давааням

Сайн тайлбартай өгүүлэл уншиж,баярлалаа. Цахир Могод гэж одоогийн Могодын нуруу гэж бид ойлгож ирсэн. Ц.Дамдинсүрэн гуай Цахир Могод гэж 1947 онд бичсэн байдаг. Гэтэл сүүлийн үеийн зарим Ну

2019, 12 сар 16. 23:57
Зочин

Saihan tvvh oruulsand bayrlalaaa

2019, 6 сар 18. 11:02
Зочин

bayarlla mongolinho ezent gureni tuuhig unshih unher saihan bdag shu

2019, 6 сар 17. 13:41
Gerlee

Saikhan bichver unshlaaa.
Mash ikh bayrlalaa
Auygaaauvug deedsee baharhnam hundlenem, murgumui

2019, 6 сар 14. 15:13
Tur

Nuuts tovchoond tactik mash tovch bichsen ni ter ue-n humuust oilgomjtoi baih bid nar-n ued oilgoh hovor saihan zadlaad bichij gyalailaa

2016, 10 сар 6. 17:15
Зочин

mongolchuud er ni augaa ih tuuhtei ard tumen shuu haramsaltai ni hoich ue bolson bid l taaruuhan bn daa

2016, 9 сар 29. 20:56
Зочин

Odoo haana ene zurag baidag bol meddeghun helj uuguuch

2016, 9 сар 29. 1:08
буриад

Тиймээ. Тvvхээ vнэнээр нь мэдэх сайхан шvv.

2016, 9 сар 28. 20:24
zochin

Vneheer saihan tvvh

2016, 9 сар 27. 15:24
irgen

Байдаг л уншсан юм бичиж, цэргийн түүхч, судлаач гэхэд Чингисийн жанжны авъяас билгийг тодруулж чадсангүй, харамсалтай байна. Ийм түвшинд судалгаа байгаа бол.

2019, 6 сар 14. 15:15
Tur

nudend haragdtal bicheech hu

2016, 9 сар 27. 14:26
Зочин

naiman aimag hereid aimag barlas aimgiin hun unuudur mongold uzeed ugie ch gesen baihgui jalayir erduu 5000 orchim hun bii gesen sudalgaa baina olhonuud taichut urud mangud adair bur baihgui gorlos baarin jadran aimgiin hun baina uu bas l baihgui bi lav olj haraagui borjigon geed baigaa humuus bugd altan urgiinh gevel buur hudlaa ali ert orosuud manjuud alaad duussan tegeheer unuudriin mongolchuud jinhene mongolchuud gehed bas l ergelzeetei

2019, 6 сар 13. 9:25
Зочин

Bitii solioroo Kazakstan 4 saya naiman baina.,, MOngold och tochnoon naiman baina., Hereiduud mash ih baigaa.,, Hongirad , mergid, jalaiir bur hiad owgiinhon hurtel bdin kazakstand medehgui baij soliorohoo bolih heregtei

2016, 12 сар 28. 11:52
Зочин

yuuu l yariaad bndaa ter uyiin ovog aimguudiin ner uur bolchood bnshdee jishee ni buriad halh halimag geel

2016, 10 сар 2. 18:57
Зочин

Халхыг бүрдүүлэгч 12 овгийн нэг нь Хэрэйд шүү дээ. Мэдэхгүй байж мэдэмхийрэх хэрэг байна уу

2016, 12 сар 28. 11:52
Зочин

tiimshuu

2020, 5 сар 30. 6:09
Цэл

Жинхэн алтан ургийнхан өвөр монголд л байгаа байх

2016, 9 сар 14. 13:31
зо

Намйан аймагт одоогийн энэ казакын ихэнх, ойрдын нилээд нь багтаж байсан гэдэг.

2016, 9 сар 7. 13:09
Зочин

Найман гэж ер нь ямар угсааны, ямар хэл ам,соелтой улсууд байсаныг энэ туухч гадарлаж байгаа болов уу, ийм юм бичээд сууж байхдаа ядаж нэг удаа тосоолоод бодож узсэн болов уу.

2016, 9 сар 29. 1:05
буриад.

Харинээ.

2017, 2 сар 8. 14:47
Зочин

одоогийн казакуудын өвөг дээдэс найманд байсан

2019, 6 сар 12. 18:52
Монгол

За зүгээр байгаарай Казах бол бүр сүүлд үүссэн шүү. Алтан орд улсын үлдэгдэл гэж ойлгож болно. Гэхдээ бүгд биш элит хэсэг гэгдэх дээд хэсэг нь казах буюу Монголоос салбарласан бас нэгэн улс доод хэсэг нь бол ерөнхийдөө түрэг ба бусад үндэстэн гэж ойлгож болно. Казах бол яалт байхгүй Монголын тасарсан мах үсэрсэн цус юм. Ганц ялгаа гэвэл казахуудад индоевро ген нь 50% байдаг нь европжуу төрхтэй нилээн хүмүүс байдаг гэсэн үгдээ. Харин үндсэн Монголчууд 10% тай байдаг. Найман бол Монголын нэг овог аймаг бөгөөд тухайн үедээ бага зэрэг түрэгжсэн байсан ба их Монгол улс байгуулагдахад ерөнхийдөө буцаад хэвийн байдалдаа орсон.

2020, 5 сар 30. 6:11
Цэл

Хуцаад байгаарай

2016, 9 сар 27. 15:37
Зочин

mal mini ene chin naiman aimgiin tuhai gesen niitlel bish nahu gunii tulaldaan gesen bn oilgohgui bnuu har p3danuud yu ch hiihgui medehgui murtluu hutsaj bhiin zgr bgaa namaig hurtel buhimduuldag har LALARUUD

2016, 9 сар 29. 1:06
буриад.

Найман аймагтай байлдсан гэж бичсэн бгаа биз дээ.

2016, 9 сар 19. 14:12
мнг

олон юм хуцаж байхаар ийм, тийм гээд бичээч чадахгүй бол дуугүй байж сур...

2016, 8 сар 31. 21:29
Зочин

Солиотэй

2016, 8 сар 29. 18:12
зочин

сайхан түүх

2016, 8 сар 29. 14:02
Зочин

гайхалтай

2016, 8 сар 29. 13:55
Зочин

sonirholtoi bailaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]