Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хулгар Нацаг: Долоон бөөс биш, долоон хүний амь нас юм!Уншсан17,567

йнхүү хулгар Нацаг тэр үеийн нийгмийн байдлаас болж ангийн тэмцлээр шилийн сайн эр явсан боловч Монгол бөхийн түүхэнд нэртэй алдарт арслан билээ. Энэ хүн бол Дайчин вангийн хошууны жирийн ард байлаа.

Нэг өвөл Бээжингээс Манж амбаны 100 тэмээ ачаа бараа Бээжин хэмээгч Сономын хашаанд буужээ. Энэ хашаа жин буудаг тусгай хашаа бөгөөд маш бат бөх, 2 метр орчим өндөр, Хятадын өргөн чөлөөний хойд нүүрэнд, Гэсэр сүмээс зүүн урагш 500 метр орчимд байлаа. Бээжингээс 100 тэмээ бараа ирсэн шөнө Бээжин Сономынх хашаагаа цоожлон хоножээ. Өглөө бараагаа бүртгэн үзвэл 4 тэн боодол бараа алга гэнэ. Шөнө нь бага зэрэг цас орсон тул мөрийг нь мөшгөвөөс баруунаас хоёр явган хүн хашааны гадаа ирж хашааг давж ороод 4 тэнг аваад буцаад явсан бололтой байв гэнэ. Мөрдөж үзвэл Гандангийн дэнж рүү гараад олон хүний мөртэй хутгалдан алдагджээ. Хоёр тэмээ ачааг хоёр хүн аваад явчихаж болмооргүй тул гайхаж энэ явдлыг Манж амбанд мэдэгджээ. Манж амбан Дайчин ванд "Энэ хулгайчийг өнөөдрийн дотор ол" гэж тушаав.

Тахрууд хулгар Нацагийг өчигдөр орой хүрээнд ирсэн, гудамд явж байсан гэж хүнээс сонсоод, байдаг айлынхаас нь авчирч түүнийг байцаахдаа "Нацаг чи амбаны 4 тэн барааг яасан бэ" гэж Дайчин ван өөрөө тулган асуувал "Тэнд бий" гээд өөрийн байгаа Дүйнхорын аймгийн хашааг заажээ.

-Чи хэнтэй яаж аваа вэ? гэвэл:

-Жамцтай өргөөд явчихсан гэв.

Уг авсан барааг бүртгэн үзэж, бүрэн бүтэн байсанд Дайчин ван санаа амарч, Манж амбанд мэдэгдсэнд:

-Хоёр тэмээний бүтэн ачааг хоёрхон хүн авч явсан гэхэд би итгэхгүй. Хэрэв энэ үнэн бол надад хэрхэн авсныг нь үзүүл гэжээ. Тэгээд Жамц, Нацаг хоёр шөнө яаж үйлдсэнээ дахин үзүүлэх болж, Бээжин Сономын хашаанд Манж амбан зэрэг улсууд хүрэлцэн ирэв. Тэр хоёр шатаа хашааны гадаа тавьж хулгар Нацаг шатаар хэрмэн дээр гармагц шатаа авч дотогш нь тавиад хашаанд орж, тэн барааг өргөж авчраад шатны дээгүүр хэрэм давуулан шидэж өгсөнд хэрмийн гаднаас Жамц нь тосож аваад газар тавьжээ. Ийнхүү хаяж, авалцаж өгөлцөөд шатаараа гарч явжээ. Авсан хоёр тэнгээ оосорлож мөрөвчлөн, нэг ч амралгүй явсаар хашаандаа ирж гэнэ. Үүнийг үзсэн амбан учиргүй гайхаж тэдний бяр хүчийг магтаж, шөнө авсан 4 боодол барааг зүгээр өгч хойшид миний юмыг бүү аваарай гэж захисан гэдэг.

Ийнхүү хулгар Нацаг тэр үеийн нийгмийн байдлаас болж шилийн сайн эр явсан боловч Монгол бөхийн түүхэнд нэртэй алдарт арслан билээ. Энэ хүн бол Дайчин вангийн хошууны жирийн ард байлаа.

Нацаг гуайг хулгайч гэж муулах хүн байвч, ядарсан хүнд тусч, сайхан сэтгэлтэй гэлцэх нь олон бий. Нас ахисан хойноо Амарбаясгалан хийдэд мөргөхөөр явж байтал олон явган хүн хүүхдээ үүрч, хөгшдөө хөтөлж, уйлж явсан гэнэ. Учрыг асуувал, бид өвөрлөгч улс, дунд гурван гүнийхээс мөргөлөөр ирсэн юм. Гэтэл өнгөрсөн шөнө хамаг юмыг маань дээрэмдэж, заримыг маань хүлж орхиод явчихлаа. Одоо яахаа мэдэхгүй явна гэхэд, Нацаг гуай морь малын нь зүс, эд хогшил зэргийг мэдэж аваад нэгнийг нь дагуулан уулын оройд гарч бараа хартал битүү модон дотроос утаа цоргодож байхыг үзжээ. Тэр зүг дөхөн очиж, дагуул хүндээ хоёр морио орхиж, зулзаган хус булга татаж таяг болгон тулаад утааны чигт явжээ. Тэгээд модны чөлөөгөөр ажиглахад мөргөлчдийн алдсан морь мал зүс ёсоороо байсан тул шууд очиж овоохойд орвол нэг бүдүүн эр, Нацагийг хялайн харж гараа зангидан зүхсэнээ, эрээн иштэй том хутга харуулахад Нацаг аль нь ч надад болох хэрэг ээ гэжээ. Тэгээд Нацаг мах буцалгаж байсан тогоог өшиглөхөд сайхь эр муухай чарлан гэдрэг унаж гаднаас 6 хүн гүйлдэж ирэв.

Нацаг эхний хүнээр бусдыг нь цохилж гүйцээж орхиод луйвардсан эд малыг авч ирэхэд явгарсан мөргөлчид «Хан тэнгэрээс бууж ирсэн ачтан уу? Хатан дэлхийгээс ургаж гарсан шидтэн үү?» хэмээн мөргөцгөөжээ. Тэд нар Нацагийн алдар нэрийг асуухад "Надаас дээгүүрх нь хулгайч гэдэг юм. Надаас доогуурх нь хулгар Нацаг гэдэг юм. Үе тэнгийнхэндээ бол бөх Нацаг ч гэж дуудагдаж явлаа" гэжээ. Нацаг хошуундаа буцаж ирээд ноёндоо бараалхан танаас долоон хүний амь нэхэмжилсэн хэрэг ирээгүй юу гэхэд ноён ихэд гайхан асуувал "Би Амарбаясгалан явж байхдаа долоон дээрэмчин цохичихсон юм. Удахгүй тэр хэрэг босож ирэх вий. Хөл урттай, муу явдалтай намайг ойр байгаа дээр барьж авбал та нарт чирэгдэлгүй биш үү? гэснээр түүнийг хорьж нэг тавьж нэг байв гэнэ. Хойтон зун нь Нацаг:

- Би барилдъя, түрүүлбэл суллах уу? гэж асуулгахад одоохондоо чамаар дутаагүй гээд эс гаргажээ. Сүүлд нь толгойгоо тавьж барилдах ам өгч түр суллагджээ. Гэтэл ноён болзол тогтоож "Үүнийг таствал барилдуулна аа" гээд гурав давхарласан аргамж өгөхөд хөлдөө оруулан дугтраад барилдах эрх олсон гэдэг. Тэгээд хошуу наадамдаа «шинэ» Жамц гэдэг бөхтэй үлдэж түрүүлээд ноёндоо "Миний хэрэг хэзээ ч гарч ирэхгүй. Долоон бөөс биш, долоон хүн болохоор амь насыг нь дээдлэн хүндэлж, өөрөө өөрийгөө шийтгэсэн хэрэг" гэхэд ноён суллаж ч болохгүй, байж ч болохгүй эргэлзжээ.

- За яах вэ өвлийн сэрүүн ортол амар сууя, гээд (хар гэртээ) орсон гэдэг.

Гэтэл намар оройхон хөтөлгөө морьтой хоёр хүн Ханд чин вангийн тамган дээр ирж өргөл барьц барьж Нацагийг суллаж хайрла гэж гуйснаар ноён учрыг ойлгон сулласан гэдэг. Нацаг, Вангийн хүрээнд байхдаа сайн нөхөр Ёндонгийнхоо хамт тамгын толгой гэгч дээр гарч бараа харж байтал, Майдарын голд олон аянчин буужээ. Түүнийг хараад Нацаг нөхөртөө хоёулаа тэнд очиж олз олох уу? гэхэд "Юун олз" гэж нөхөр нь гайхахад Нацаг "Намайг дагаад л очвол болох нь тэр" гээд хоёулаа очиход том хөх майханд олбог дэвсээд жингийн даамал лухгар эр сууж байжээ. Даамлын тоомжиргүй занг мэдсэн Нацаг нөхөртөө:

- Энэ хайнагийн шарыг өргөчихвөл эзэн нь юу өгдөг сөн бол гэхэд даамал сэртэсхийн:

- Залуу чи байтлаа миний хайнагийн шарыг тэвэрч өргөх болж байна уу? Тэгж чадвал ч тэрэгтэй ачаан дээр нь өөрийг нь нэмээд, дайварт нь уяан дээрх жороо хүрэн морио, эмээл хазаартай нь өгчихөд ах нь хотойхгүй л хүн дээ гэжээ.

- Нээрэн юм бол уртхан, бөх аргамж авчир! хэмээн авчруулаад шарыг хүлж байтал жинчид цуглаж залуу хүний ааг гэдэг сайхан юм даа. Өргөж чадахгүй бол яах болж байна даа гэхэд "Яах юу байх вэ. Намайг нас тоолон ороолгоорой л доо. Би 25˗тай, нөхөр маань 23˗тай, нийлүүлээд 48 ороолгосон ч та нарын л дур" гэжээ.

Нацаг шарынхаа цээжин дор орж хүлсэн аргамжнаас татан сэгийтэл өргөн, даамлын майхныг тойрч, тэрэг дээр нь авчрахад жинчид мэл гайхан бие биесээ харах зуур "Ёндон! шараа хөллөөд хөдөл. Би морио эмээллэж аваад хойноос чинь очьё" гэхэд эзэн эр юу ч хэлэлгүй араас нь явган дагаж явснаа "Эр хүн хэлсэн амандаа гэдэг юм. Чи амандаа хүрч, би алдлаа. Чиний эр биеийн чадлыг гайхаад баршгүй юм. Алдраа хэлж, гэрээ зааж өгвөл болох уу" гэж гуйсан аясаар өгүүлэхэд,

 - Намайг Ханд чин вангийн хулгар Нацаг гээд гэртээ харьжээ. Араас нь ам гарч юмаа алдсан даамал дагаж ирээд ачаанаас нь буулгалцаж өөрийгөө Заяын гэгээний албат болохоо танилцуулаад буцах болоход Нацаг "Эрийг бүү бас, далайг бүү янд гэдэг үг байдаг. Эвгүй санагдаад байвал танд юмыг чинь буцааж өгсөн ч болно шүү дээ" гэхэд, "Нэгэнт өгсөн юмыг буцааж авах хэрэггүй юм. Харин холын надад хөл дүүжлэх л юм өгвөл боллоо" гэхэд нь мөнгөн эмээл хазаартай, хүрэн морио та унаад яв! гээд цулбуурыг нь атгуулжээ.

Нацаг гуай нас тогтож явсан цаг юм. Одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн орчимд суурьшиж дөрвөн ханатай гэр, хэдэн ямаатай ядуулаг аж төрж байжээ. Нутгийн нэг баяныхаас нүүх ачлага гуйхад, тэргэнд сайн сураагүй, соёолон шар, яажгий тэрэг хоёр өгчээ. Оройхон саахалтын газраас нөгөө айлын зүг том юм үүрсэн нэг хүн ирж яваа харагджээ. Ажиглавал Нацаг гуай үхэр, тэрэг хоёрыг баглаад үүрч ирэхэд баян ихэд гайхан харж байтал өмнө нь ирээд:

- «Галд гал болохгүй зомгол, гарын ая даахгүй тугал» хоёроо аваарай гээд чулуудахад тэрэг нь хэмхэрч, үхэр нь булбарч үхсэн гэдэг. Маргааш нь Нацаг гуай дөрвөн ханатай гэрээ баглаж, дээр нь хэдэн ямаагаа тавиад уул даваад явчихсан гэдэг.

Одоогийн Дундговь аймгийн Төгрөг орчмоор харчин өртөөний Сэвхүүлийн Төмөр гэдэг чадал тэнхээндээ бардсан дээрэнгүй эр байсан гэдэг. Тэр дургүй хүнээ барьж авч улайсгасан төмрөөр хайрч, элдвээр зовоодог байсан гэдэг. Хулгар Нацаг говь руу явж байхад нэг танил нь:

- Чи Харчны Төмөрийн гарт орж үхэх нь ээ дээ? гэхэд Нацаг зориуд, Төмөрийн нутагладаг (Өртөөний дунд ус) гэдэг газар очоод Төмөрийн адуунаас шилэн барьж байтал урт хар гэзэгтэй нэгэн хүдэр хар хүн давхин ирж:

- Хаа газрын нусгай хүү энэ хүрээд, уснаас минь морио уулгаж, унаган хүлгийг минь ногтолж байна вэ? Үйл чинь татаж дээ! гээд уургаараа Нацагийг цохиход дуугаралгүй морьдыг ногтолж байв гэнэ. Төмөр дахин цохиход Нацаг уургаас нь дугтарвал Төмөр тэр дороо газар харуулдан унажээ. Нацаг Төмөрийг янгинатал хүлж, гэзгийг нь ар тийш нь чанга татаж бүсэнд нь сойгоод ус руу толгойгоор нь удтал шумбуулан ам өчгийг нь асууж, одоо үүнээс хойш, түүнээс цааш хэзээ ч муу муухай явдал гаргахгүй гэсэн тангаргийн үгийг авч байсан ба эцэст нь Төмөрийн хэт цахиурыг авч тамхи асаан толгой дээр нь дутуу татсан тамхиныхаа галыг цохиж байсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]