Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Та бүхний олонх нь энэ зургийг урьд өмнө үзэж харсан биз ээ. АНУ-д болсон их хямралын үеэр авсан уг зураг дээрх эрийн өмссөн хувцас, хийж байгаа ажил хоёр нь даанч зохицохгүй байгаа биз. Тансаг чамин хувцас өмссөн ч “Ажилгүй хүн, Алим зарж байна” гээд гартаа ганц хоёр алим барьчихсан зогсож байгаа нь ямар нэг шоу, кино мэт л харагдана. Ийм гоё ганган хувцастай хүн гудамжны хамгийн ядарсан наймаа хийнэ гэж байж болмооргүй боловч энэ нь жинхэнэ зураг, бодит үйл явдал билээ.
Яагаад ч юм энэ хүний түүх нэлээд сонирхолтой, зарим нэгэнд нь бүр сургамжтай ч байж болмоор санагдсан учир энэ тухай сонирхуулъя.
Энэ түүхийг ярихын тулд Мэри Плэзэнт хэмээх эмэгтэйн тухай дурдахгүй байх аргагүй бөгөөд үнэндээ энэ зургийн түүх нь уг эмэгтэйтэй салшгүй холбоотой юм.
Хар арьстан болон индиан хүмүүсийн дундаас төрсөн Мэри Плэзэнт нь жирийн нэгэн боол болсон бөгөөд хар багад нь аав ээж нь өөрийнхөө эзэнд зүгээр л зарчихаж. Харин сайн санаат эзэн нь нялх охиныг тэр даруй чөлөөт хүн болгосон ба үүнд түүний гадаад дүр төрх ихээхэн нөлөөлсөн гэдэг. Учир нь Мэригийн хоёр нүд нь өөр өөр өнгөтэй, арьс нь ч их цайвар учир цагаан арьстан гэж хэлж болмоор байж. Тэрээр өсөж том болохдоо тогоочоор ажиллаж байгаад дундаж хөрөнгөтэй эртэй учир ургуулж, гэр бүл болж амжсан ба нөхөр нь ч нэг их удалгүй нөгөө ертөнц рүү явжээ.
Бичиг үсэг мэдэхгүй, ямар ч боловсролгүй энэ эмэгтэй харин амьдралын шуурганд уруудсангүй төдийгүй ер бусын хүч чадалтай хүн болж хувирсан байна. Нөхрийнхөө үлдээсэн бага сага хөрөнгийг өсгөн арвижуулж, Сан Францискогийн зугаа цэнгэлийн том “хатант улс” байгуулж ид мандаж явах үедээ Томас Белл хэмээх карьераа эхэлж байгаа “банкир”-тай танилцаж, улмаар найзалж нөхөрлөж, хөрш айлууд болцгоож... хамтдаа бизнес хийж явсаар нийтдээ 30 гаруй сая долларын хөрөнгө бий болгосон гэдэг. Энэ бол өнөөгийн ханшаар тэрбум дөхөх тоо юм байх.
Энэ хооронд Мэри өөрийн зугаа цэнгэлийн газрын ажилтан болох Тереза гээч эмэгтэйг Беллтэй танилцуулж гэрлүүлсэн гэх ба гэрлэлтийн гэрээг хийхэд бүсгүйд их тус болсон юм байх. Гэрээний нэг заалтад Белл нь Терезагаас гарсан хүүхэд болгонд 50 мянган доллар төлөх ёстой заалт орж, залуу эмэгтэй ч хамаг хүч чадлаа дайчлан ажилласаар зургаан хүүхэд гаргаж болох хамгийн богино хугацаанд амжуулсан байна. Тэрхүү зургаан хүүхдийнх нь нэг бол дээрх зурган дээр алим зарж байгаа Фред Белл хэмээх эр билээ.
Яваандаа Томас Белл зургаан хүүхдийнхээ ихэнх нь, ядаж 1-2 нь өөрийнх нь биш байж болох тухай яриа хөөрөө гаргаж эхэлсэн ч санаандгүй тохиолдлоор гэрийнхээ шатнаас хальтирч унаад дахин босож ирсэнгүй. Томасын эхнэр Тереза “зугаа цэнгэлийн газрын ажилтан” байсныг нэг санах юм бол түүний ингэж эргэлзэх нь бас хоосонгүй байж ч болох. Олон хүн Беллийн үхлийн буруутныг Мэри Плэзэнт гэж үзэж байсан ч нотлох баримт юу ч олдоогүй учир яаж ч чадахгүй өнгөрлөө.
Мэри ч Беллийн хамаг хөрөнгийг захиран зарцуулж бизнесээ хийсээр байсан ба харин ажил төрөл нь улам бүр амжилтгүй болж хоосорсоор. Дараа нь Беллийн үлдээсэн хөрөнгийг булаацалдаж нэг талаас Беллийн эхнэр Тереза өөрийн хүүхдүүдийн хамт, нөгөө талаас Мэри Плэзэнт нар "шүүхдэлцэж" эхэлсэн ба олон жил үргэлжилсэн энэ маргаан аль аль талыг нь бараг хоосруулах дөхсөн гэдэг. Ямар ч байсан Мэри шүүхийн шийдвэрээр Терезагийн хүүхдүүд болгонд 75 мянган доллар төлсөн ба үүний дараа бүрэн хоосорч, арай л гуйлга гуйхгүй байсаар насан эцэс болжээ. Саятан байсан хүн шүү дээ!
Харин Мэригээс мөнгө авсан хүүхдүүдийн нэг болох Фред Белл өөрийн 75 мянган доллараа тэр чигээр нь хувьцаа болгож хэдхэн жилийн дараа жинхэнэ саятан болжээ. Үлгэрийн юм шиг баян тансаг эр даанч удаан баярлаж чадсангүй. Их хямрал болж санхүүгийн зах зээл дэх хөөс хагарснаар энэ хүн балрах замдаа орлоо. Цагтаа “шампань дарс” хэмээх нэрээр алдаршсан энэ эр алив найр цэнгээнд дан ганц шампань дарс, тэр дундаа хамгийн үнэтэй, хамгийн сайн дарс уудгаараа гайхагдаж байсан боловч нэг л өдөр өмссөн хувцаснаас нь өөр юу ч үлдсэнгүй. Ингээд аргаа барсан эр өлсөхийн эрхэнд хэдэн алим зарах гээд гудамжинд зогсож байхад нь энэ зургийг авсан гэдэг. Энэ бол 1931 оны хавар цаг байлаа.
“Би цагтаа олон сая долларын хөрөнгөтэй баян тансаг, хундага дарсны төлөө 100 доллар төлдөг байсан үе бий. Харин одоо би ганц хайрцаг алим зарах гээд зогсож байна. Гэхдээ би хоосорсныхоо дараа урьд өмнө мэддэггүй байсан аз жаргал гэдэг юмыг олж авсан юм даа” хэмээн энэ хүн Healdsburg Tribune сонины сэтгүүлчид ярьж байсан гэдэг.
Саятан байсан Фред Белл 1934 онд ядуучуудыг асрах газарт байхдаа нас баржээ.