Ойрдын Амарсанаа, Хотгойдын Чингүнжав Халхын Үй жанжин гүн гурав анд нөхөд байжээ. Эд манж нарын эсрэг тэмцэлд босохоор хэлэлцэж «Энэ үйл хэрэгтээ амь бие хайргүй зүтгэцгээнэ» гэж гуутай бурхан тэргүүнээ өргөж тангараглажээ.
Тэгтэл Шадар вангийн хажууд сууж байсан муруй Дондог гэгч өвгөн мээрэн Үй жанжныг бурхангүй хоосон гуугаар тангараглаж байхыг ажаад дараа нь Шадар ванд хэлсэнд «Таны нүд муу учир ташаа, харсан биз» гэж хэлээд огт санаандгүй өнгөрлөө. Ингээд төдөн сарын төдөнд босно гэдгээ яг таг хэлэлцэн тохироод тарцгаажээ. Муруй Дондог энэ Үй жанжны хоосон гуугаар тангарагладаг яавч нэг учиртай гэж бодоод хуучны танил, хашир өвгөн бичээчээс асуухаар очиж хуучлан хоножээ.
— За бид ийм ажил хийх гээд ингэж хэлэлцээд тангараг өргөтөл Үй жанжин гүн хоосон гуу толгой дээрээ өргөж байна. Энэ ямар учиртай юм болж байна? хэмээн асуусанд:
— Ээ тэр Үй жанжин гүн тун болзооргүй хүн. Тэр, нэг юм хэлж байвч тэрнээсээ тэс өөр юм бодож байх хүн шүү. Та нар тэгээд Бээжин орсон өртөөгөө буулгасан уу гэж байна гэнэ.
Муруй Дондог:
— Үгүй гэж.
— Ээ тэгвэл Үй жанжин энэ шөнөдөө манжийн хаанд «Алтан хошуу» хүргээд та нарыг бариулна даа гэж. Үнэхээр Үй жанжин тэр шөнөдөө буухиа элч зарж эд нар ингэх гэж байна. Маргааш бид тэнд тэнд байна гэсэн хэл хүргэжээ. Маргааш нь Амарсанаа, Үй жанжин гүн хоёр Халзан бүрэгтэй гэдэг газар явж байгаад Амарсанаа хэлжээ. «Үй жанжин таны жууз донсолгоо, доргио ихтэй юм. Минийх хөнгөн болохоор донсолгоо багатай юм. Хоёулаа жуузаа сольж суух уу?» гэж. Үй жанжин ч «Тэгье» гэж жуузаа сольж суугаад явж байтал Амарсанааг барихаар отож байсан манжийн цэрэг хүрч ирээд барих бичгээ Амарсанаад өгчхөөд Үй жанжныг авч иржээ.
Амарсанаа учрыг мэдээд:
«Цагийг нь болсон хойно
Цагаан шаргал морио
Цагаан хэрмийн чинь үүдэнд сойно доо»
гэж сэлмээ далайж хойноос нь гурав зангаж хэлээд орос нутаг руу одсон гэнэ. Амарсанааг Ойрдын нутгаас гарч явахад албат иргэд ард олон нь:
«Ард нь тоосон гарна аа
Алтан шаргалын тоос бололтой
Арзгар үүл гарна аа
Ажаа жанжны исгэрэл бололтой
Хөдөө нь тоос гарна аа
Хөх шаргалын тоос бололтой
Хөвхөр үүл гарна аа
Хөөрхий жанжны исгэрэл бололтой»
гэж дуулцгааж байсан гэдэг.
Тайлбар: Уг домогт Амарсанаагийн зугтсан байдлыг цухас гаргасан байвч Чингүнжавын тухай огт дурдахгүй байна. Ийм учраас Г. Н. Потанин «Очерки Северо˗Западной Монголии» (СПб., 1881) гэсэн номын 1 дэвтэрт Чингүнжавын тухай нэлээд дэлгэрэнгүй өгүүлснийг хойно товчлон сийрүүлэв.
Тэр завсар Үй жанжин эзэн хаанд алтан хошуу өргөсөнд Шадар ван, Амарсанаа нарын эсрэг хоёр амбан цэрэг хөдөлгөжээ. Амарсанаа даруй зугтааж, Шавийн даваагаар гарч одсон Шадар ван Дархадын нутгаар зугтан гарахаар зүүн хойд зүг зорин морджээ. Зуур замдаа Хөгийн голын цутгалан, Үхэртэйн голын хөндийд нэг агуй олж эд хогшлынхоо хагасыг хийж орхиод одсон байна. Гэтэл дархад нар түүнийг элдэв янзаар залилан саатуулж Шаргын голоос Ирхүү гол орох замыг буруу зааж өгөөд Нарийн Хороо голоор явуулж, бэрх бэрх даваа давуулж, мөлгөр хадан дээгүүр уруудуулан буулгах зэргээр дайсагнажээ. Тэгж явахад түүний олон тэмээ халтиран унаж үхээд гэрийнх нь зандан модон тооно эвдэрсэн ажээ. Яв явсаар харьяат хилийн харуулд хүрсэнд тэндхийн занги, даргынхаа зөвшөөрөлгүйгээр зэргэлдээ улсын хилд нэвтрүүлэхгүй гээд цааш явуулсангүй. Ийм учир даргаас хариу ирэхийг хүлээж хил дээр хэд хоносон бөгөөд, маргааш орос цэрэг хүрэлцэн ирнэ гэж байхад үдэш нь манжийн цэрэг гүйцэж ирээд гурван давхар бүслэн авчээ. Шөнө дунд Шадар ван өөрийн тугч Гүлзэй баатрыг дуудаж:
— Чи миний хүлэг морийг унаж тугийг минь авч гар гэж тушаажээ. Гүлзэй баатар Шадар вангийн тугийг барьж хүлгийг унаад дайсны давхар хүрээг зад дайрч салхи мэт шуугиулан гарчээ. Манжийн харуулын цэрэг «Шадар ван зугадлаа» гэж хашхирсанд дарга нь «Энэ лав Шадар ван биш, түүний тугч нь байх» гээд бүсэлсэн цэргийн хүрээг дахин битүүлэн хаалгажээ. Маргааш өглөө дайсны цэрэг Шадар ванг барьж аваад Бээжинд хүргүүлэхээр илгээжээ.
Манжийн хаан Шадар ванг зоосны нүх шахаж тарчилган зовоож байгаад толгойг нь тас цавчин алсан байна. Түүний дараа эзэн хааны хатнаас эрээн цоохор биетэй хүүхэд төрсөн, хожим нь бас толгойгүй хүүхэд гарсан, эцэгт нь учир үл мэдэгдэх юм үзэгдсэн нь цөм Шадар вангийн хувилгаан байсан гэдэг.
МААЗДБ, 201—203 дахь тал. 1978.