Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Даваа бүрт хоёр бөхтэй барилдсан Дугар аваргаУншсан6,759

Гөрөөч эр Сэнгэ зааныг хараад «Ийм том хүн ч гэж хаа байх вэ? Ийм том үхэр ч гэж хаанаас байх вэ. Энэ лав Дөлгөөн уулын эзэн ирж байхаас зайлахгүй гээд зугтаасан гэнэ. Биеийн нь томыг хэлбэл ийм буюу. Унааны ганц шар нь насны туйлд хүрч намагт шигдэн гарч чадалгүй үхжээ. Үхсэн шараа авахаар хүнээс тэрэг гуйн очоод намгаас суга татан гаргаж тэргэн дээрээ өргөж тавьсан гэнэ.

Монгол бөхийн нэгэн үеийг эзэгнэсэн ах дүү аваргууд

"Хий нь ариллаа, Хүй мандлын дэнж, Халхын хавтгайд Намхай аваргыг дийлэх хүн одоо гарахгүй ээ"

Алдар цуут Баянмөнх аварга

"Хүний хөл хүрч ирээд өвдгийг чинь өшиглөж байхад хоёр нүд чинь юу харж байсан юм бэ"

"Даншгийн аваргууд зайлуулж чадахгүй бол хонио дээр нь хашиж орхиорой"

Улаан гараараа баавгайтай тулсан Хүдэр даян аварга

Буянто аварга ба Вандан заан


Сэцэн хан аймгийн Дорнод нутагт Аюур зайсангийнх гэж адуу мал олонтой, ардаг догшин ихтэй нэгэн айл байсан гэдэг. Нэг өдөр Аюур зайсан гэртээ суугаад чөдөр зангидаж байтал, явуулын бололтой нэг том хархүү иржээ. Монгол овогтны хаа ч байдаг ёсон заншлаар цай идээ өгч, энэхэн тэрхнийг ярьж байхын завсар хаа зорьж явааг нь асуувал Даншиг наадамд очих санаатай явна аа гэж ажиг ч үгүй хариулж гэнэ. Наадам олонтой, бөх элбэгтэй цаг болохоор Аюур зайсан ч нэг их санаанд орсонгүй.

Тэр ирсэн хархүү, газар нутгийн байдал, зун зуншлага зэргийг ярьж сууснаа, зангидсан чөдрөөс нь нэг овоо сайн хар суран чөдрийг нь аваад үзэж сууж гэнэ. Аюур зайсан олон эмнэг адуутай тул ногт чөдөр тэсдэггүй тул тийм ч амар тасрахгүй чөдөр хэдтэй болох санаатай зориуд ноцолдож суугаа нь энэ бөгөөд тэр ирсэн хүний барьж үзэж байгаа хар суран чөдөр бол тусгайлан хийсэн хамгийн бэх бат мундаг чөдөр нь байсан болохоор,

- За хө, ямар болж вэ дээ гэж бахархан, гайхуулсхийж асуужээ.

- Яах вэ дээ гэж цаад хүн их л голонгуй маягтай дуугарчээ.

- Иш хүү минь! Арай голж байгаа юм биш биз дээ? Эр хар сурыг дөрөв дарж сумласан, давхар суран алгатай, дөрвөн давхар хаатай ийм чөдөр ч ховор байдаг байлгүй!

Үүгээр чөдөрлүүлсэн морь ч, төмөр хөлтэй л юм эс бол барагтай бол таслах нь ч гайгүй байлгүй. Элдүүр, идээ хоёр нь ч овоо л таарсан эр үхрийн зооны сур даа хө. Чи долоон хошуу наадамд очих гэж яваа хүүхэд байна. Бодвол барилдах л гэж яваа биз дээ, харсаар байтал. Ер нь наадхаа нэг татаад үз л дээ гэж Аюур зайсан яриад инээж гэнэ.

- Татвал тасарчих байлгүй дээ гэж тэр залуу эр тоглосон шинжгүй хэлжээ. Тэгэхээр нь Аюур зайсан жаахан хоролхож,

- Таст л даа хамаагүй. Дийлдэг л юм бол! Ер нь гайгүй л болов уу гэж санах юм. Гомдлын мөрт үзвэл нэг үз л дээ хүү минь! гэж Аюур хэлж дуустал тэр хүн чөдрийг урдаа хөндийхөн барьж нэг ч их хүч гаргалгүй татаад амархаан тасалчихжээ. Ер бусын энэ явдалд гайхахын ихээр гайхсан Аюур зайсан нүд нь их болж,

- За хүү минь алдар хэн гэл ээ дээ? гэхэд цаад хүн,

- Миний нэр Дугар гэжээ.

- Аль нутаг вэ? гэвэл,

- Сэцэн ханы Сан бэйсийн хошуу Хөгнө хавиар нутагтай, их шавийн галын голын отгийн хүн дээ! гэж гэнэ. Ийнхүү Дугарын нэр нутаг хошуунд тархаж эхэлжээ. Мөн тэрнээс хойхно, нэгэн зун болсон явдлыг дурдъя. Урьд Сан бэйсийн бөхчүүд тэр үеийн долоон хошуу даншигт бөөнөөрөө морин хөсгөөр аялан ирэх замдаа нэг нэг өдрөөр урьдчилан явж ус олж, аргал түлш түүдэг байжээ. Гэтэл нэг өдөр Дугар аваргын ээлж болж урьдчилан явж байтал худагт толгойгоороо у н а ж  ү х с э н үхрийг татан гаргахаар ноцолдон ядаж байсан баахан хүмүүстэй тохиолджээ.

Тэгээд тэдгээр хүмүүсийн татан гаргаж чадаагүй байсан тэр үхрийг Дугар аварга ганцаараа чангаан худгийн хашаа модны хамтаар суга татан гаргасанд тэдгээр хүмүүсээс гайхалдан Дугар аваргын нэрийг асуусанд нэрээ нээцалж цугларан байсан хүмүүсийн тоогоор 21 муу гэдэг хэмээн хариулсан учраас 21 муугийн худаг гэж түүнээс хойш алдаршсан нэг худаг бий гэж одоо хүртэл малчид ярилцдаг билээ.

Бадаргуулт төрийн 16˗р он буюу 1890 оны цагаан бар жилийн долоон хошуу даншиг наадамд Дугар аварга, түүний ах Гэлэгсэнгэ нар хоёул ирж барилджээ. Гэтэл дөрвийн давааны үеэр бөхчүүд ид ам угтуул авалцаж байхад Дугар аварга, онооны түшмэлээр уламжлан Богд болон амбан сайд нарт айлтгасан нь,

«Миний төрсөн ах Гэлэгсэнгэ олон жил барилдсан бөгөөд улсын далай даян аварга мөн боловч, эдүгээ дархан аварга хараахан болоогүй билээ. Харин энэ жилийн наадамд барилдан түрүүлж, дархан аварга болох зорилготой анх нутгаас гарч ирсэн бөгөөтөл ид барилдаж явтлаа нуруугаар нь хатгах хууч хөдөлж барилдаж эс чадлаа. Иймд, нэгэн эхийн хэвлээс зулай зулайгаа гишгэж төрсөн дүү нь би мөний тул, ахынхаа зорьж ирсэн дархан аваргыг нь өөрийн биеэр барилдан авч өгөхийг хүснэм. Үүний тул нэгэн удаа ах Гэлэгсэнгийн өмнөөс, нэгэн удаад өөрийн өмнөөс, энэ наадамд оноо бүрд давхар барилдахыг тогтоон соёрхоно уу» гэжээ.

 Үүнд Богдоос баахан бодож, амбан сайдад уламжилсан бөгөөд амбан сайдын газраар бөөн яриа болсоор «Дугар нь өөрийнхөө болон ахынхаа өмнөөс, нэг даваанд хоёр хүнтэй барилдахыг зөвшөөрөв. Харин энэ учраа нарын аль нэгэнд нь унах аваас шийтгэх болно» гэсэн хариу иржээ.

Ийнхүү Дугар аварга, даваа бүхэнд хоёр хүнтэй барилдаж эхэлжээ. Дугарын ах Гэлэгсэнгэ бол далай даян аварга учир үе бүрийн эхний гараанд гарах бөгөөд Дугарын гараатай зэрэгцэж таардаг тул гарах бүрийд нь хоёр бөх амдаад зогсож байх нь хөндлөнгөөс харахад сүрдмээр байсан гэдэг!

Гэтэл Дугар аварга, учраа бүхнээ, хоёр хоёроор нь ялсаар яваад 10˗ын даваанд, Засагт хан аймгийн Лу жанжин гүний (одоогийн Увс аймгийн Туруун, Өндөрхангай сумдын нутаг) Ламзав аварга гэгчтэй нэлээд удаан ноцолджээ. Үүнд, сонирхогч хүмүүс машид сандран хүлээж, зарим нэг нь «энэ Дугар гэгч, Халхад өөрөөсөө өөр эр хүн үгүй юм шиг дэндүү онгирсон хүн. Унаасай билээ!» гэж, зарим хэсэг нь «Аварга маань яагаад ингэж удав. Арай унаж харлахгүй байгаа даа!» гэж түгшиж, их наадмын талбар тэр аяараа амьсгал даран хүлээжээ.

Гэтэл Дугар аварга, Ламзавыг орхиж хэлсэн амандаа хүрэхэд, энэ их хүний агуу хүчин чадлыг бахархан гайхсан наадамчин олон, сая л нэг амьсгал аван шуугилдаж шагшин магталцаж баяр талархал болов. Ийнхүү Дугар аварга өөрийн 11, ахынхаа 7, бүгд 18 даваанд нэр төртэй ялсаар түрүүлж, ахдаа дархан аваргын цолыг авч өгсөн гэдэг!

 

СЭНГЭ ЗААН

Дөлгөөн уулын ар өвөрт Сэнгэ зааных өгсөж уруудаж өвөлжиж зусдаг байжээ. Нэг жил холын хошуунаас нэг гөрөөчин дөлгөөн уулнаа ирж ан авлаж яваад төөрсөн гэнэ. Гөрөөчин замаа олж ядахдаа бусдаас тусламж горилон хашхирч гууглажээ. Түүний дууг Сэнгэ заан сонсоод тус хүргэхээр ганц муу цагаан шараа (үхэр) унаад очжээ. Гөрөөч эр Сэнгэ зааныг хараад «Ийм том хүн ч гэж хаа байх вэ? Ийм том үхэр ч гэж хаанаас байх вэ. Энэ лав Дөлгөөн уулын эзэн ирж байхаас зайлахгүй гээд зугтаасан гэнэ. Биеийн нь томыг хэлбэл ийм буюу. Унааны ганц шар нь насны туйлд хүрч намагт шигдэн гарч чадалгүй үхжээ. Үхсэн шараа авахаар хүнээс тэрэг гуйн очоод намгаас суга татан гаргаж тэргэн дээрээ өргөж тавьсан гэнэ. Сэнгэ зааны бяр чадлыг биширч байсан нутгийнхаа хүмүүст эхнэр нь «Манай Сэнгэ харьж яваа юм байх даа. Сая муу шараа ергөхдөө нүүр нь чинэрч улайсан харагдлаа» гэж хэлж байсан гэдэг. Тэнхээг нь хэлбэл ийм буюу.

Сэнгэ зааны нутагт Баянмөнх гэж эр чадалтай адуучин байжээ. Баянмөнх нэг удаа адуугаа манаад уургаа дэрлэн хэвтэж байтал нэг хүн гэнэт уургыг нь шувт татан авахад нь сэрээд уургынхаа үзүүрээс бариад авчээ. Тэгтэл нөгөө хүн угз татсанд уурга нь дундуураа тас үсэрчээ. Баянмөнх «миний гараас уурга угз татан авахыг бодоход Сэнгэ заан л байлгүй» гээд хойноос нь нэхэн хөөлгүй хоцорч байжээ.

Сэнгэ зааны ид залуу үед манай хошууны ганц бөх гэж магтан ширүүн ч хардаггүй байсан хошуу ноён, Сэнгэ зааныг өвгөрсөн хойно нь «Өргөөнийхөө урдуур морьтойгоо явлаа» гэж хилэгнэн цогчин дуганы чулуун шалан дээр хэвтүүлж луучин гутлаараа тархи толгойгүй өшиглөж гарчээ. Сэнгэ заан хэдий өвгөрсөн ч гэлээ ноёныг лавтай дийлэх байсан боловч цааз хуулийг нь дийлэхгүйгээ мэдэж хүлцэнгүй хэвтэж байжээ. Ингэж шийтгүүлсэн Сэнгэ заан «Энэ зэргийн ноён миний толгойг цөмлөж чадахгүй» гэж хэлж байсан гэдэг домог бий.

Тайлбар: Түшээт хан аймгийн Далай гүний хошуу (Одоогийн Өвөрхангай аймгийн Баян˗Өндөр, Бүрд зэрэг сум) даяар алдаршсан бөхийн домог арвин бөгөөд энэ нутгаас олон сайн бөх төрөн алдар нэрээ дуурьсгаж явсан түүхтэй. Энэ нутгаас Их Монгол Шаравжамц, Хас, Гэлэгсэнгэ заан зэрэг олон сайн бөхчүүд төржээ. Хас заан том жижиг олон наадамд хэд хэдэн удаа барилдан 18 удаа шөвөгт үлдэж байсан гэлцэнэ. Нутгийн хөгшчүүл ярихдаа Хас зааны «хэвтээ налуу» гэж тэр үеийн бөхчүүдийн айдаг нэг сонин мэх байсан гэлцэнэ. Учрыг магадалбал Хас заан учраа бөхдөө өргүүлэн унахдаа боосон гэзэгнийхээ үзүүрийг газар хүрэхээс өмнөхөн гэнэт эргэж өрсөлдөгчийнхөө дээр гардаг байсан ажээ.

Хас зааны «хэвтээ налуу» гэдэг энэ мэх үнэхээр байдаг ахул үндэсний бөхийн уламжлал дээр хөгжиж буй бөхийн чөлөөт барилдааны мэхийг улам баяжуулахын үүднээс сурвалжлан мэдэх нь зүйтэй.

Ж.Дамдин гуайн «Монгол бөх» номд Гэлэгсэнгэ зааны тухай «Бөхийн оноонд нэр нь тодорхой гарч ирсэн үе нь төр гэрэлтийн 15 дугаар он буюу 1835 оны хөхөгчин хонин жилийн даншиг билээ» гээд үүнээс хойш 1851 он хүртэл буюу 16 жил даншиг наадамд барилдсан давааг тодорхойлжээ. Үүнээс үзэхэд Халхын алдарт заан Гэлэгсэнгэ 1835 оны даншиг наадамд 8, 1837 оныход 9 давсан байх бөгөөд бусад наадамд ямагт 4˗өөс дээш давж байжээ (Ж. Дамдин «Монгол бөх» 132 дугаар тал). Алдарт энэ бөхийн жинхэнэ нэр нь Гэлэгсэнгэ боловч нутгийнхандаа Сэнгэ заан гэж алдаршжээ.

Дашрамд хэлэхэд Ж. Дамдин гуайн номын 121—122 дугаар талд төр гэрэлтийн оны үед барилдаж байсан Түшээт хан аймгийн ЭФҮ вангийн хошуу (Одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сум)˗ны Баянмөнх аваргын тухай мэдээ буй нь энэ домогт гарч буй Баянмөнх байж магад.

Монгол бөхийн нэгэн үеийг эзэгнэсэн ах дүү аваргууд

"Хий нь ариллаа, Хүй мандлын дэнж, Халхын хавтгайд Намхай аваргыг дийлэх хүн одоо гарахгүй ээ"

Алдар цуут Баянмөнх аварга

"Хүний хөл хүрч ирээд өвдгийг чинь өшиглөж байхад хоёр нүд чинь юу харж байсан юм бэ"

"Даншгийн аваргууд зайлуулж чадахгүй бол хонио дээр нь хашиж орхиорой"

Улаан гараараа баавгайтай тулсан Хүдэр даян аварга

Буянто аварга ба Вандан заан

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]