Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар.
Юань улсын дээд нийслэл Шанду хот бол Монголын эзэнт гүрний дөрвөн нийслэлийн дотор онцгой түүхтэй хот юм. 1251 онд хожмын их хаан Хубилай ван, төрсөн ах Мөнх хааны зарлигаар их говийн өмнөх Монгол аймгууд болон умард Хятадын өргөн уудам газар нутгийг эзлэн захирсны дараагаар их говийн ар өвөр, Цагаан хэрэмийн хоёр талыг төдийгүй Төв Азийн энэ бүс нутгийн баруун зүүн хэсгийг холбосон чухаг зангилаа нутаг нь болсон Шандугийн шар талд нүүдлийн орд өргөөгөө шийрлэн байрлуулж хэтийн ирээдүйд бүх Хятад орныг, тухайлбал хараахан эзлэгдээгүй асан өмнөд Сүн улс, түүнчлэн өмнөд Азийн бусад олон газар орныг хураан нэгтгэх гол түшиц газраа болгосон түүхтэй.
Учир нь эндээс тухайн үеийн зүрчидийн Алтан улсын нийслэл байгаад тугаархан Монголчуудад эзлэгдсэн Бээжин хот хүрэхэд 700 газар/ ойролцоогоор 350 км/, Их Монгол Улсын төв нийслэл Хархорум хот хүрэхэд нэг мянган км, баруун тийш Ил тарвагатай, цаашлаад Хивчааг, Цагаадайн хаант улс хүрэхэд, зүүн тийш Долоннуур, Данин-гаар дайран Хармөрөн, Хараун жидун нутагт хүрэхэд зам цэлгэр чөлөөтэй агаад цэрэг дайны бодлогод яв цав нийлсэн газар хэмээн олж сонгон цайз бэхлэлт бүхий орд өргөө байгуулсан болой. Шанду хот нь Долоннуурын дэргэд байдаг. Нутгийн ардууд түүнийг хятад нэрээр нь Кайпин балгас гэж хэлэх нь цөөнгүй боловч голдуу Шанду балгас гэдэг.
1256-1260 он хүртэлх гурван жилийн хугацаанд энэхүү уул усан тэгш, ургамал мод арвин, ус бэлчээр сахлаг, уур амьсгал эевэрүү, урагш дайлахад ар түшиг, ухарч суухад бат цайз болсон Хурахын уулын энгэрт суурин ордон байгуулж, Гийвэн голын ойр учраас бас Гийвэн орд хэмээн нэрийджээ. Ийнхүү Хубилай сэцэн хаан өөрөө Их хааны зуны нийслэл хэмээн хол ойрд алдаршсан их хотыг үндэслэн байгуулж, хожмоо бас энэ хотод суу алдар нь дэлхийд түгсэн ирээдүйн их гүрэн Монголын Юань улсыг үндэслэсэн билээ. Тийнхүү Дээд нийслэл Шанду нь анх байгуулагдсан 1256 оноос хойш 1358 онд Шар алчууртны бослогын цэргүүдэд эзлэгдэн сүйдэх хүртэлх нэг зуун жилийн хугацаанд зөвхөн бүс нутгийн үйл амьдралд төдийгүй, нийт дэлхий дахины үйлсэд чухал байр суурьтай оролцсоор иржээ.
1260 онд Хубилай ван энд хаан ор сууж, Монголын их хаан болоод, 1264 онд Гийвэн ордыг Дээд нийслэл хэмээн өргөмжилсөн байна. Дээд нийслэл гэх энэ нэрийг хятадаар Шанду гэдэг бөгөөд энэ нэр Монголчуудын дунд ч тархан хэрэглэгдсээр өнөөг хүрч иржээ. Хубилай хаан арав шахам жилийн хугацаанд далайцтай их дайн тулалдаан хийсээр, умар зүгт Монголын олон овог аймгийг нэгтгэсэн Их Монгол Улсыг өөрийн эрх мэдэлд оруулж, өмнө зүгт Нангиад орны өргөн уудам газар нутаг, хот тосгодыг өвсөнд ассан түймэр мэт хураан нэгтгэж аваад, 1271 онд Бээжин хотыг их нийслэл Дайду болгон тунхагласан билээ. Чингээд Их Монгол Улсын нэрийг өөрчлөн хятадаар Их Юань улс хэмээн нэрлэж Хятад орноор төвлөн суух авай.
Чухам энэ үеийн олон түүхэн үйл явдлууд Дээд нийслэл Шанду хоттой салшгүй холбоотой. Нэг үгээр хэлэхэд Хубилай хаан бүх Хятад орныг хураан нэгтгэх их үйл хэргээ чухамхүү эндээс гүйцэлдүүлэн хэрэгжүүлсэн ажгуу. Шанду нь тухайн цагтаа Монгол үндэстний уламжлалт оюун ухаан, үзэл санаа, соёл урлаг, хэв шинж, нүүдэлчдийн ёс заншлыг тусгасан тал нутгийн Монгол хот суурин байжээ. Хубилай хаан болон түүний залгамжлагчид Монгол үндэстний өвөрмөц онцлогт тулгуурлан энэ хотыг бүтээн байгуулсан юм. Тийнхүү зуу гаруй жилийн хөгжлийнхөө түүхэнд энд гадаад хот, дотоод хот, ордон хот /хааны орд өргөө/ хэмээх гурван хэсгээс бүрдсэн дүүрэг хорооллууд бий болсон нь угаасаа Монголчуудын нүүдлийн хүрээ буудлын зохион байгуулалтын нэг хэлбэр болох давхар хүрээ маягийн хэлбэрийг дуурайлган тусгасан хэрэг юм.
Шандугийн гадаад хотын эргэн тойрны нийт хэмжээ нь 16 бээр 334 алхам агаад зүүн, баруун, өмнө талдаа тус тус хаалгатайн дээр өмнө талд нь залгалдан дотоод хот оршиж байжээ. Хотын гадуур хоёр талаар нь гудамж зээл үргэлжлэн арилжаа наймааны зах байнга нээгдэн түм түжигнэж бум бужигнасан олны хөлийн газар байлаа. Хотын дунд нүүдэлчдийн орд өргөө болсон эсгий цагаан гэрүүд, хөх тоосгон асар байшингуудтай хослон ярайн харагддаг байжээ. Энэ бол яах аргагүй Их хээр талын дундаас хүчирхэн мандаж, Евразийн уудам их газар нутгийг хураан нэгтгэж, Pax Mongolica буюу Монгол маягийн энх тайван гэгчийг даян дэлхий дахинаа тунхаглан зарласан Монгол үндэстэн угсаатны цогцлоосон үзэсгэлэнт хот байсан болой.
Дотоод хотын эргэн тойрон нь 6 бээр, 330 алхам агаад зүүн, баруун талдаа тус бүр хоёр, өмнөд талдаа нэг хаалгатай байв. Энэ өмнөд хаалгаар зөвхөн хаан эзэн морилон залардаг аж. Дотоод хотын гудамж зээл нь тэгш шулуухан бөгөөд чанх урагш хойш чиглэсэн гол гудамжнаас баруун зүүн хоёр тийш салаалсан гудамжуудаар дөрвөн тойрогт хуваагддаг байна. Ордон хотын хойд хоймор этгээдэд их хааны өргөө сүндэрлэх агаад зүүн хойд өнцөгт нь Хуа-янсы хийд, баруун хойд өнцөгт нь Цян-юаньсы хийд оршдог ажээ. Хааны ордон хот гэдэг нь зүүнш барууншаа, өмнөш урагшаа нэг бээр илүүтэй тэгш дөрвөлжин хэлбэртэй өргөө юм. Ордны өмнө талд Монголын уламжлалт ёс заншлаар эрийн гурван наадам хийх, түүнчлэн төрийн аливаа ёслол хүндэтгэл үйлдэх, найр хурим дэглэх уудам их талбай бий.
Хотод нүүдэлчин ард түмнүүдийн ч, эзлэгдсэн олон газар орны суурин ард иргэдийн ч аж төрөх ёсны, хот суурины нөлөө тусгал холилдон шингэсэн байсан нь гарцаагүй. Шанду хотын орд өргөөний гол байшин барилгын нэг нь Их амгалан харш юм. Шинээр хаан ор сууж буй Юань улсын их хааныг ширээнд нь залах төрийн их ёслол, ноёд түшмэд, хол ойрын элч төлөөлөгчид, зочид гийчид хаан эзэнд золгон бараалхах, баяр ёслол, найр хурим зэрэг нь ямагт энэ Их амгалан харшид болно. Монгол гэрийн хэлбэртэй хоёр болор шилэн ордонг усан дээр байгуулж, гал шилээр гадарлан чимэглэсэн тул нарны гэрэлд тал тал тийшээ туяа цацран солонгорох нь эгээ л лусын ордон мэт гайхамшигтай сайхан харагдана. Энэхүү Болор ордон бол хаан эзний сэрүүцэн саатдаг зуслан ордын нэг нь байсан юм.
Бас Баясгалант харш хэмээх өргөөнөө өвч сийлбэрт хаш чулуун ширээнээ хас тана эрдэнэс солонгорон гэрэлтэж, дээр нь өрсөн амтат идээн умдаан нүд эрээлжлэм агаад алтан хундаганд шимт дарс сархад цэлэлзэн мэлтэлзэх авай. Тэгвэл хааны их ав хомрогын зан үйлийг бэлгэдэн ерөөсөн, ан авын зэр зэмсэг, хоромсог саадаг, хувцад өмсгөлийг нь агуулсан Бугат харш, олон унь хана, тулгуурыг нь гоёмсог сайхан хээ угалзаар битүү чимэглэн луу ороолгон сийлбэрлэсэн мухлаг тэрэг мэт Хулсан ордон, бас зураг хуараар дүүргэн чимсэн хүрэн ноосон хөшиг чимэг бүхий зуун тохой уужим Бор ордонд мянган хүн найрлан суухад өлхөн багтдаг ажээ.
Эрээн хөлтрөгөөр ногтолсон, үүлэн хээгээр чимэглэсэн цацагт торгоор хөшиглөсөн, сүрлэг өндөр Шар ордон энэ бүхэн бол их хааны нийслэл хотын алдар цуутай гайхамшигт уран барилгууд байсан гэдэг. Бас Хунсыдянь харш, Муциндянь харш, Зунниндянь харш, Зуншоудянь харш, Цинминдянь харш, Анхилам харш, Минрэндянь харш, Синшэндянь харш, Дунбяньдянь харш, Үхуадянь харш зэрэг үзэсгэлэнт орд харшууд өнгө хослон алаглан сүндэрлэж байжээ.
Монголын уудам их тал нутгийн дунд анх удаа Одон орны судлалын төвийг энд байгуулж, одот орчлон, тэнгэр эрхэсийн явдлыг шинжин дурандах зориулалттай 13 төрлийн багаж дуранбайг шинээр үүдэн бүтээж, тэр цагт нэгэнт олж харж, нээж нэрлээд байсан 1464 од гаригсыг нэг дахин нэмэгдүүлэн тоолж 2500 гаруйд хүргэн тогтоож нэрлэсэн нь чухамхүү энэ Шанду хотын одон зурхайн ажил үйлсийн нэгэн гавьяа мөн. Түүнчлэн он тооллыг тэмдэглэх шинэ тоолыг эхлүүлснээр цаг тооны бичгийн түүхэнд томоохон шинэчлэл хийсэн байна. Тухайн цаг үед Шанду хотоор төв болгосон одон орны ажиглалт судалгааны 27 өртөө станц дорно зүгт Гуулин улс, өрнө зүгт Тэнгэр нуур, хойд зүгт Толь /Туул гол?/, өмнө зүгт Жуяа хүртэл, зүүнээс баруунш 6000, өмнөөс хойш 11000 гаруй /5500 км/ газрыг хамарсан өргөн уудам газар нутаг дээр хэмжилт хийж, “Цаг улирлын бичиг”-ийг зохион гаргаж байжээ. Тэр үед нэг жилийг 365.2425 өдөр хэмээн нарийвчлан тооцож бодсон байдаг нь орчин үеийн нарийн багаж хэрэгслийн хэмжилттэй ердөө л 26 хоромоор зөрдөг нь гайхалтай.
Шанду хотод үер уснаас сэргийлэн хамгаалах суваг шуудуу малтан гаргаж далан байгуулсан нь нүүдэлчин ард түмнүүдийн нутаг дэвсгэр дээрх ийм төрлийн анхны байгууламж болсон юм. Тэр цагт зун намрын цагт их бороо хур ороход уулын үер бууж, Шанду хотын ойр орчмоор урсдаг том жижиг голуудтай нийлэн ихээхэн гамшиг бэрхшээл учруулдаг байсан тул Гүө Шоужин гэгч эрдэмтэн хүн энэ нутагт нарийн хэмжилт хийж үер уснаас сэргийлэн хамгаалах суваг далан бүхий байгууламжийг зураглан сэдэж бариулсан байна.
Ер нь Шанду хотод нэг хэсэгтээ гүр их улсын нийслэл төвлөрөн суурьшиж байсан тул төрийн их ёслол, найр хурим, наадам тэмцээн байнга зохиогддог байсны дотор Монголчуудын эртний уламжлалт зан үйл болох эрийн гурван наадам, бас энэ мэт холын зайн гүйлтийн уралдаан тэмцээн орж байсан ажгуу. Үүнтэй холбоотойгоор “гүйгч” гэж нэрлэгдсэн, нэг үгээр хэлэхэд тамирчин хүмүүс ч олон байсан юм. Тэд уралдааны тогтсон зай хэмжээ болох 180 газрын /90 км/ зайг зургаан цагийн дотор туулж байсан баримт нь өнөөдөр сонирхолтой байх нь дамжиггүй.
Тэргүүн байр эзэлсэн гүйгч тамирчинд эзэн хаан өөрийн биеэрээ шагнал урамшуулал гардуулдаг байжээ. Хэдийгээр манай тооллын өмнөх үед эртний Герег, Ромд болдог байсан олимпийн наадмын тэмцээнд энэ мэт холын зайн гүйлтийн уралдаан тэмцээн ордог байсан гэдэг ч XIII зууны үед Монголын эзэнт гүрний дотор бас тийм уралдаан тэмцээн зохиогдож байсан нь хэдэн зуун жилийн тэртээд жинхэнэ тамирчин хүний хурд хүч, авхаалж самбааг сорьсон уралдаан тэмцээн зохион явуулдаг байсан нь бидний өвөг дээдсийн бас нэгэн бахархалт үйлс мөн.
Монголчуудын байгуулсан их Юань улсын нийслэл Шанду хотын алдар нэртэй холбогдох өөр нэг түүхэн баримт бол Ази-Европын уудам их газар нутгийг холбосон тухайн үеийн зам тээвэр харилцааны олон улсын шугам болсон өртөө улааны албыг энд байгуулсан нь Өрнө-дорнын олон улс түмний хооронд соёл урлаг, улс төр, эдийн засгийн харилцаа солилцоо, арилжаа худалдааг урьд өмнө байгаагүй ихээр хөгжүүлэн идэвхжүүлэх гол зам суваг болжээ. Юань улсын хэмжээнд бүх нутаг орноо хуурай ба усан замаар холбож чадсан төдийгүй бүр Дундад Ази, Зүүн Европод хүрсэн өртөөний замыг бий болгож, аль ч улсын арилжаачин худалдаачин, урчуул дархчуул, аянчин жуулчдын нааш цааш чөлөөтэй зорчин явах эрх дархыг хангаж өгсөн түүхтэй.
Тухайлбал Ромын хамба ламын элч төлөөлөгч болон их хааны ордонд хүрэлцэн ирж олон жил хааны дэргэд шадарлан суусан агуу их аялагч Марко Поло, мөн Плано Карпини, Вильгелм Рубрук нарын зэрэг нэрт хүмүүс, түүх бичлэгт нэр нь үлдээгүй ч тэднээс дутуугүй холд аялан явж байсан олон олон хүмүүс чухамдаа өртөөний замаар л аялан явцгаасан болой. Улмаар энэ нь дэлхий дахины зам харилцааны цаашдын хөгжилд үлэмж түлхэц өгч, далайн аялал жуулчлал идэвхжиж, том том усан флот бүхий алс холын далайн аян өрнөж, шинэ шинэ газар орныг нээх болсон билээ. Нэг үгээр хэлэхэд дэлхийн түүхнээ Монголчууд анх түрүүн хоёр тивийг холбосон зам харилцааны шугамыг бий болгосон гавьяатай.
Тухайн үеийн Хятад орон даяар Шанду нийслэлээс анх цаасан мөнгөн дэвсгэртийг арилжаа гүйлгээнд оруулсан байдаг. Тийм ч учраас өнөөдөр Хятад улсын музейн үзмэрүүдэд, түүнчлэн дэлхийн олон музейн цуглуулгын сан хөмрөгт байгаа хамгийн эртний зоосон мөнгө, цаасан мөнгө бол Монголын Юань улсын үед, тэр тусмаа их гүрний засаг захиргаа Шанду нийслэлд төвлөрч байсан тэр цаг үед хамаарагддаг юм.
Тийнхүү үзэсгэлэн төгс, өнөр баян, тансаг сайхан, есөн хэлийн, таван зүсийн хүн зон хуран цуглаж, оршин сууж, хол ойрын аянчин жуулчин, зочин гийчин үргэлж саатан морилсон Монголын их Юань улсын Дээд нийслэл Шанду хот тухайн цагийн дэлхийн дахины их нийслэл хот болж байсан бол хожмоо дотоодын дажин самуун, гадаадын халдан довтолгоонд дөрвөн удаа ноцтой өртөж, улмаар цагийн уртад түүхийн мананд автан шингэжээ. Өдгөө тэр их нийслэл хотоос үлдсэн юм бараг үгүй. Дээр нэр дурдсан олон сайхан орд харш, байшин барилга, гудамж зээл хэдийн үгүй болоод суурь туурь нь газрын хөрсөн доор нуугдан хучигдаж, цаг хугацаа улиран өнгөрөх тусам газрын шархтай хамт эдгэн илааршсаар байнам.
Өнөөдөр БНХАУ-д Юань улсын дээд нийслэл Шанду хотын туурь балгасыг тойрсон аялал жуулчлалын томоохон төв бий болгохоор олон төрлийн ажил арга хэмжээ зохион явуулдаг болжээ. Тухайлбал “Марко Пологийн аяллын замаар” олон улсын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд Шанду хот, түүнтэй холбогдох түүх соёлын дурсгалт газруудаар аялах хөтөлбөр багтдаг байна. Учир нь Шанду хотын балгас нь Хятадын нутаг дэвсгэр дээрх нэлээд бүрэн бүтэн үлдсэн эртний найман их нийслэл хотын нэгэнд тооцогддог байна. Түүнчлэн хятадын түүхнээ бүх Хятад орныг нэгтгэх үйлсийг гүйцэлдүүлсэн их нийслэл гэдгээрээ онцгой байр эзэлдэг ажээ.
Занадуг Дэлхийн өвд бүртгэжээ
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Долоннуур дахь "Юань гүрний дээд нийслэл (Хятадаар Шанду, Өрнө дахинаа Занаду гэдэг) Дунд нийслэл"-ийг Дэлхийн өвд бүртгэжээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо ОХУ-ын Санкт-Петрбург хотод болсон 36 дахь уулзалтаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Занаду нь Дэлхийн өвд бүртгэгдсэн ӨвөрМонголын анхны түүхийн дурсгал билээ. Занаду нь Юань гүрний үеийн эртний хотуудаас хамгийн удаан оршин тогтносон, бас хамгийн сайн хадгалагдсан хотын туурь аж. Шинжээчдийн хэлснээр Шанду-Занаду нь Юань гүрний (1271-1368) сэргэлт, уналтыг харуулаад зогсохгүй төв Азийн нүүдэлч соёл иргэншилтэй Монголчууд болон тариаланч Хан үндэстэн хоёрын өвөрмөц нэгдлийг харуулсан түүхэн баримт болон үлдсэн юм.
Хубилай хааны үед Юань гүрний анхны нийслэл байсан Шанду нь хожим зуны ордон болсон аж. Юань гүрний 11 хаадын зургаа нь Шанду ордонд угсаа залгамжилсан байдаг. Ид цэцэглэлтийн үедээ 100 мянга орчим хүн энэ хотод амьдарч байсан гэдэг. 1369 онд Мин улсын арми хотыг эзэлж, Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийг дутаасны дараа галдан шатааснаар хот сөнөжээ. Шанду нэг тал нь 2200 метр орчим урттай тэг дөрвөлжин ханаар хүрээлэгдсэн "Гадаад хот", түүний зүүн өмнөд хэсэгт 1400 метр урттай тал бүхий тэг дөрвөлжин хэлбэртэй "Дотоод хот", мөн хааш хаашаа 550 метр урттай Хубилай хааны зуны ордноос бүрдэж байв. Археологичид 2008 оноос хойш 1078 барилгын туурь, 700 гаруй суурь, 29 гудамж нээж илрүүлсэн аж.
Археологичид өвсөн доор хучигдсан байсан хотын тууриас христийн болон буддын сүм, лалын мөргөлийн газруудын ул мөр олдсон тул Занаду өрнөдийн орнуудтай харилцаа холбоо сайтай байсныг гэрчилжээ.
Венецийн аялагч Марко Поло (1254-1324) 1275 оны орчим Монголын эзэнт гүрэнд очиж, Хубилай хаанд нэр нүүр олж, Шанду ордонд суурьшсан гэдэг. Эртний эзэнт гүрний нийслэлийг Хятадаар Шанду гэдэг аж. Марко Поло аяллын тэмдэглэлдээ Шандуг гайхамшигтай хот хэмээн дурьдсан байдаг нь барууны ертөнцөд "Мөрөөдлийн хот Занаду" хэмээх ойлголтыг бий болгосон төдийгүй “Занаду” хэмээх үгээр англи хэлний их тайлбар толь болох Вэбстерийн толь бичигт “Яруу тансаг орд харш” хэмээн тайлбарласан байдаг.