Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

"Биднийг битгий хороогооч, үнэнээ хэлье"Уншсан103,403

Би маш олон хүнийг тамхинаас гаргасан. Таны буянаар тамхиа хаясан шүү гээд уулздаг хүн олон байдаг хэмээн ярих өвгөнийг Батын Дулмаа гэнэ.

Монголын хэвлэл мэдээллийнхэн ахмад дайчдаас авч амжсан ярилцлага, яриаг манай сайт уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаа Өнөөдөр сонины нэртэй сэтгүүлч Д.Заяабатын хурандаа Батын Дулмаатай хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Ярилцлага өдгөөгөөс долоон жилийн өмнө "Өнөөдөр" сонинд нийтлэгджээ.


Би маш олон хүнийг тамхинаас гаргасан. Таны буянаар тамхиа хаясан шүү гээд уулздаг хүн олон байдаг хэмээн ярих өвгөнийг Батын Дулмаа гэнэ. Уг нь Баянхонгор аймгийн Галуут сумын хүн. Тусгай албанд хүчин зүтгэж, хилийн гадна ч үүрэг гүйцэтгэж байсан ахмад ажилтан, хурандаа цолтой нэгэн. Тэрбээр баруун хилд үүрэг гүйцэтгэж байсан талаараа ийн хуучилсан юм.

Хорин настайдаа 1945 онд цэргийн албанд татагдсанаар нутгаасаа гарч, хотод ирээд Дотоод яамны төв сургуулийн гүйцэтгэх курст хуваарилагдан гурван жил сурч байтал баруун хилийн байдал түгшүүртэй болсон тул биднийг урьдчилан төгсгөж, хил рүү явууллаа. Надад бага дэслэгч цол олгож, Ховдын VI отрядын тусгай ангид төлөөлөгчөөр томил дог юм байна. Тус отрядын Байтаг богдын заставт ажиллах болж, ажлаа авахаар явах гэж байтал ангид түгшүүр зарласнаар дайснуудтай анх нүүр тулж, дарийн утаа үнэртсэн.

 

Ардын цэргийн дивизионы төлөөлөгч Шагдаржав, Эвлэлийн хорооны даргын хамт Отрядын төвд сургалтад суугаад буцаж явахдаа Булган голын орчимд нутаглаж байсан нэгэн айлд хоножээ. Гэтэл Оспаны дээрэмчид хил даван ирж тэдний нэгийг шархдуулж, нөгөөг нь олзлон Мэргэний ууланд гарсан гэсэн мэдээлэл авч хилийн отрядынхан түгшүүр авч хөдөлсөн нь тэр.

Отрядын төвд цөөн хэдэн цэрэг үлдээж, буудаж чадна гэсэн ардуудыг цуглуулан зэвсэглэж, ангиа манууллаа. Мэргэний ууланд хасагийн 20 гаруй дээрэмчин манайхантай буудалцсан. Энэ тулаанд оролцож байсан ахмад С.Лхагвадорж цээжиндээ хүнд шархдаж. Түүнийг тулалдааны талбараас гаргах гэсэн ч хөлийнхөө жийргээр шархаа боочихоод байлдаж байгаад нас барсан. Энэ зоригт эр сүүлд нь Улсын баатар болсон шүү дээ.

 
ӨӨРСДИЙГӨӨ ОСПАНЫ ШИЛДЭГ БААТРУУД ГЭЖЭЭ

 

Мэргэн уулын тулалдаанд манайхан ялалт байгуулж дайсны хэдэн хүнийг олзолсон юм. Тэднийг хошууч Цэнд, орчуулагч Эрхэмбай бид гурав байцаахад нэг ч үг хэлдэггүй шүү. Гэтэл хошууч Цэнд цагаан даавуунд боосон зүйл оруулж ирээд байцаагдаж байсан нэг хүнийг "Наадахаа задал гэлээ. Нөгөө хүн задалтал хасаг хүний толгой унах нь тэр. Үүнийг харсан хасгууд ихэд сандран "Биднийг битгий хороогооч, үнэнээ хэлье гэдэг юм байна. Тэгээд "Бид Оспаны шилдэг 22 баатар. Танай улсын хилийг хаагуур нэвтэрч болох, цэрэг, зэвсгийн байдлын талаар мэдээлэл цуглуулах, амьд хэл олзлох даалгавартай ирсэн гэв.

Мэргэн уулын тулгаралт дуусаж, цагийн байдал намжсаны дараа хуваарилагдсан застав руугаа явлаа. Дээрх тулаанаас хойш хасгууд хил зөрчих нь эрс нэмэгдсэн. 1948 оны долдугаар сарын 8-ны өглөөгүүр Бүдүүн харгайтын голын хилийн манааны чиглэлээр хасагууд хил зөрчин ирж манай хилчидтэй буудалцжээ. Энэ тухай хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан нэг цэрэг ирж мэдэгдлээ.

Би гурван нөхрийн хамт тулалдаж буй газар руу очиход заставын орлогч Хаянхярваа, хилчин Гончигжав, Чойжил нар нэг жалганы аман дээр сууж байх юм. Хаянхярваа "Бид гурваас өөр амьд хүн үлдээгүй байх аа. Байлдагч Дандархайдав шархадсан тул тулааны талбараас гаргасан. Тэр л амьд байж магадгүй. Бид гуравтай хамт Архад, Баян гэдэг хоёр цэрэг тулалдаж байсан. Хоёулаа дайсны суманд оногдож, нас барлаа. Манай пулемётчид гурвуулаа, бидний ард буудаж байсан. Дайснууд ар талаас нь тойрч байгаа харагдсан. Пулемётын дуу сонсогдохоо больчихлоо, тэд лав алагдсан байх. Төвөөс ирэх хүчтэй нийлэхээр хүлээж байлаа" гэдэг юм байна. Бид тэндээ хориглож байлдахаар шийдэн нуувч ухаж, бүх бичиг баримтаа нэг цэрэгт өгч, холбоо бариулахаар буцаалаа.

Удалгүй 100 гаруй цэрэг хүч нэмэгдүүлэн ирж бидэнтэй нэгдсэн. Хүч нэмэгдүүлэн ирсэн цэргүүдийн дотор хожим Улсын баатар болсон Н.Жамбаа явсан юм. Маргааш нь үүрээр бид давшиж, гурван хилчнийхээ тулалдаж байсан өндөрлөгт хүрлээ.

Биднийг очиход тасгийн дарга Б.Гиваан, хилчин Л.Даваадорж, Б.Тэгшээ нар дайсанд амьдаараа баригдахгүй гэхдээ элгэндээ гар бөмбөгөө тэсэлсэн байсан. Хоёрынх нь гар бөмбөг тэсэрч, нэг нь нөгөө хоёрынхоо бөмбөгийн хэлтэрхийд оногдсон бололтой нас баржээ.

Тэд пулемётоо дайсанд өгөх гүйгэсэндээ дахин ашиглах аргагүй болтол нь эвдсэн байсан. Б.Тэгшээг дээш нь харуултал цээж нь тэр чигтээ задарсан, харах ч юм биш. Нэг нь эвлэлийн гишүүний батлахаа хадны завсарт нуусан байсныг манай нэг цэрэг олсон юмдаг. Амь үрэгдсэн хилчдийнхээ дэргэд гашуудан зогсож байснаа одоо хүртэл тод санадаг.

Эх орныхоо төлөө тулалдаж байгаад ингэж амь үрэгдэхэд гомдох юм алга гэж манайхан ярьж байж билээ хэмээн хэлээд өвгөн тагнуулч санаа алдав. 

 

МАНАЙ ТАГНУУЛЧИД ХИЛИЙН ЦААНА ОЛОН УДАА ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН

 

Манай хилчдэд нэмэгдэл хүч ирснийг харсан ч юм уу, дайснууд алга. Хилийн зүг нэлээд явж байж тэдэнтэй тулгарч, буудалцсан. Хүчинд түрэгдсэн тэд хилээс гарч, зугтсан. Үүнээс хэд хоногийн дараа Бүдүүн харгайтын заставын дарга Дамба, орлогч Дамдинсүрэн нар хилийн цаана гараад сураггүй боллоо гэсэн мэдээ ирлээ. Би заставынхаа болон зэргэлдээх заставын хэдэн цэргийн хамт хил нэвтэрч тэднийг хайсан юм. Манай хоёр офицер ямар зорилготой хил нэвтэрснийг мэдэхгүй.

Сүүлд нь янз янзаар л ярьдаг байлаа. Зарим нь тусгай үүрэг гүйцэтгэж явсан гэдэг. Гэтэл нэг хэсэг нь ан хийхээр явж байсан гэж ярьдаг байлаа. Манай эрлийн хэсэг хил нэвтрээд тэдний араас явлаа. Гэтэл нэг уулын бэлд морьтой хэсэг хүн явж байхыг хардаг юм байна. Дөхөөд очтол өөдөөс буудсан. Бид ч мориноосоо бууж, тэдэнтэй хэсэг буудалцлаа. Нөгөө хүмүүс бидэн рүү хэсэг буудаж байгаад зугтчихав. Араас нь хөөгөөд очтол манай хоёр офицерийг алчихаад хаяад явжээ.

Ер нь манайхан дайснуудын дунд олон удаа орж, тагнуул их хийсэн. Манай отрядын тусгай группийн дарга Э.Гэрэлчулуун тэр бүх ажиллагааг зохион байгуулдаг байлаа. Би эдний группийн олон тагнуулчийг хил гарган өгч, ирэхэд нь хүлээн авах ажлыг гүйцэтгэх ажилтны хувьд 1948-1953 оны зургадугаар сар хүртэл хийсэн.

 

УЛААНБААТАРТ АМЬДАРДАГ ХЯТАДУУД МӨРИЙТЭЙ ТОГЛОН, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛДЭГ БАЙЛАА

 

Баруун хилийн байдал намжсаны дараа Говь-Алтай аймаг дахь хилийн отрядын Тусгай тасгийн дарга, Сүхбаатар аймагт хилийн төлөөлөгч, Булган аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн дарга зэрэг алба хашиж, улсад 37 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан.

Хилийн цэргийг татан буулгасны дараа барилгын цэргийн ангид төлөөлөгч, Нийслэлийн цагдаагийн газрын өмчийн төлөөлөгч зэрэг ажил хийж байгаад Хятадуудын асуудал хариуцсан тусгай тасгийн даргаар томилогдлоо. Тэр үед нийслэлд хятад иргэн олон байсан. Сайн нь ч байсан, саар нь ч байсан. Болдоггүйчүүд нь манайхантай нийлж мөрийтэй тоглоом их тоглоно. Мөрийтэй тоглоомоо дагуулаад охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлдэг байсан. Дамын наймаа ч хийнэ. Тагнуулын шинжтэй үйл ажиллагаа явуулсан хүмүүс ч бий.

Тэр бүгдийг манай тусгай албаныхан илрүүлж, зохих арга хэмжээ авсан. Зуун айл орчимд амьдардаг нэгэн хятадынд шөнийн цагаар хүмүүс цуглаад байна гэсэн мэдээлэл аваад хэдэн өдөр хяналт хийлээ. Тэгж байгаад нэг цугларахад нь ганцаараа тавиад орчихлоо. Баахан хятад цуглачихсан мө рийтэй тоглож байсан.

Зарим нь ч зугтаж амжсан байх, нэлээд хэдийг нь баривчилсан юмдаг. Хятадуудын зарим нь манай хүмүүсийг өөрийн талдаа элсүүлэхээр янз бүрийн арга хэрэглэж байгаа талаар бидэнд мэдээлэл цөөнгүй ирдэг байлаа. Тэр бүгдийг манайхан хяналтдаа авч, хуулийн дагуу шийдвэрлэсэн.

Тэтгэвэртээ гараад зүгээр суугаагүй ээ. Тамхины хор хөнөөлтэй тэмцэх төрийн бус байгууллага байгуулж, олон зуун хүнд хорт зуршлаа хаяхад нь тусалсан. Одоо ч гэсэн хүмүүст зөвлөгөө өгдөг. Нэг жижигхэн өрөө түрээслэн, тэндээ төвлөрдөг байлаа. Түрээсийг нь дийлэхээ болиод тэндээс явсан.

Уг нь хүмүүст хэрэгтэй ажил байсан юм. Одоогийн залуус хөгшчүүл биднийг дэмжихээсээ дэмжихгүй нь л их байх шиг. Заримдаа би хэдэн цагаар ч хамаагүй автобусаар явдаг. Хүмүүсийн дунд байх сонирхолтой байдаг юм. Ойрд манай хөгшин гаргахгүй байгаа. Нэгэнт гарсных жаахан явна аа, хө. Чи санаа зоволтгүй, би жаахан явж байгаад харьчихна гайгүй гэсээр өвгөн тагнуулч таягаа тулсаар автобусны буудал руу зүглэв.

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 8 сар 22. 21:08
Зочин

Бид түүхээ мартаж болохгүй намайг 80 онд байхад дунд сургуульд заасан тэгэхэд хүүхэд байхдаа сайн ойлгоогүй юм байна Тийм хандлагыг ч бидэнд зааж байгаагүй гэж бас болохгүй байх үндэсний телевизээр сая гарсан баруун хилийн тулгаралтын тухай үзээд уйллаа баатруудын хөшөөнд ганц литр будаг аваачлаа гэж хэлж байх юм 2013 онд хийсэн баримтат кино байна лээ би тэгээд баруун хилд энэ баатруудын ачаар амьдраад байна гэж л бодоод зөндөө уйллаа телевизийнхэнд баярлалаа одоо киног нь заавал үзнэ кино хийсэн БАТ-ӨЛЗИЙ ЖҮЖИГЧНИЙ бүтээлийг үзнэ ХИЛ ДЭЭР ӨССӨН ХҮҮХЭД БОЛГОН ХИЛЧИН БАЙДАГ ЮМ ШҮҮ

2020, 8 сар 10. 13:07
Зочин

Гранатаа элгэн доороо тэсэлснээс дайснуудын дунд ил тэсэлбэл олон дайсан алах магадлалтай. Өөрийнхөө доор тэсэлчихвэл дайснууд төдийчинээ бага үхнэ. Мундаг баатрууд

2021, 9 сар 15. 12:31
абу

дайсанд амьд олзлогдхгуй гэж л цээчин доороо тэсэлж байхгүй юу

2020, 3 сар 12. 18:53
Зочин

Оспан Хасагийн баатар бол тэдэнтэй тулалдаж амиа алдсан баатрууд юуны төлөө амиа өгсөн байх уу.

2018, 3 сар 15. 0:55
Зочин

хүн амьтаны яриа чагнах донтой болждээ хөөрхий

2018, 3 сар 19. 9:52
Зочин

yamar uhvar muchid yum bodoj yavdag hun be chii. socio-analyse ch yum biluu

2018, 3 сар 16. 9:46
Altan

Iim aguu eh oronch daichin ersee bid hairlaj hundelj bh uchirtai Tanai sonind bayarlalaa Tur zasag yu hiideg boldoo?

2018, 3 сар 15. 15:23
Байлдагч

хха

2018, 3 сар 17. 20:30
Lkhagvaa

yundaa ineesen chinii ami nasnii toloo temtsej ywsn humuus chamaig boduul ih ym hiisen hun Chamd ineeh ch baitgua A gj heleh erh bhgui !!

2018, 3 сар 22. 0:45
Amgaa Зочин

Tiim shyy!! Ene hyn hymyys iim dund bj resend tuslamj zuvulguu uguh hymyys zuvluj yvdag Saihan Setgelrei EhOronch hyn bgaa n damjiggyiee!!! Itegeltei baitsgaa hymyys ee.....!!!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]