Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүхийн эцэгУншсан18,840

Тиймээс ч түүнийг анхны газарзүйч, аялан судлагч гэж тооцдог. Геродот аяллынхаа үр дүнд есөн дэвтэр бүхий “Түүх” хэмээх угсаатны зүй, утга зохиол, түүх, одон орон судлал, газар зүйн үнэт эх сурвалжийг бичиж үлдээжээ.

Түүхийн эцэг хэмээн олноо алдаршсан Геродот (гре. Ἡρόδοτος Ἁλικαρνᾱσσεύς) нь МЭӨ 484 он орчимд Галикарнассус буюу өнөөгийн Туркийн Бодрум хотын ойролцоо худалдааны хүчирхэг сүлжээ бүхий чинээлэг гэр бүлд мэндэлжээ. Тэрээр МЭӨ 464 онд Грек-Персийн дайны тухай баримт цуглуулахаар аялалд гарч Самос арлаар дайран, Бага Ази, Египет, Грекээр хөдлөн гулд аялж, Газрын Дундад тэнгис орчмын улс, үндэстнүүдийн талаархи үнэлж баршгүй эх сурвалжуудыг тэмдэглэн үлдээхэд нь түлхэц өгчээ.

 

Тиймээс ч түүнийг анхны газарзүйч, аялан судлагч гэж тооцдог. Геродот аяллынхаа үр дүнд есөн дэвтэр бүхий “Түүх” хэмээх угсаатны зүй, утга зохиол, түүх, одон орон судлал, газар зүйн үнэт эх сурвалжийг бичиж үлдээжээ. Бүтээлдээ тэрээр тухайн цагийн өөрийн мэдэх бараг бүх оронд зорчсон тэмдэглэлээ багтаасан гэдэг. Перс, Вавилон, Египет, Итали, Грек, Бага Азийн орнууд, Газрын Дундад тэнгисийн ихэнх арал, Хар тэнгис, Крым зэрэг газрыг хөндлөн гулд явж домог хууч, түүхэн баримт, гэрчүүдийн яриаг цуглуулан сонирхолтой хэлбэрээр бичсэн учраас аль ч цаг үед ач холбогдлоо алдахгүй байгаа билээ.

Эхний бүлгүүдэд эртний дэлхийн Лиди, Скиф, Медес, Перс, Ассир, Египетийн ард түмнүүдийн зан заншил, домог, түүхийн талаар өгүүлсэн. Төгсгөлийн 3 бүлэг нь МЭӨ V зууны эхээр болсон өрнө, дорнын соёлын манлай төвүүд болж байсан Грек-Персийн дайныг өгүүлсэн байдаг. Тэр үеийн газар газрын ард түмний зан заншил өнөөгийн бидэнд төдийгүй, тэр цагийнханд ч хачирхмаар өвөрмөц сонин атлаа андгай тангараг, ам өчгөөсөө үл буцах эрхэм чанар нийтлэг байсныг олон жишээ баримтаар нотолсон байдаг.

 Түүхэн урт хугацааны турш Ази, Европоор хэрж, нэг нэгнийхээ газар нутгийг эзэлж, хүн төрөлхтний хөгжилд ул мөрөө гүнзгий үлдээсэн нүүдэлчин түмэн болох скифүүдийн талаар анх удаа дэлгэрэнгүй мэдээлэл үлдээсэн хүн бол Геродот юм. Тэрээр скифүүдийн гарал үүслийн тухай домог хуучийн хэд хэдэн хувилбарыг өгүүлж, скифүүдийн амьдран буй нутгийн онцлог, гол мөрөн, амьтан ургамлын аймгийн талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг.

Геродотын “Түүх” Монгол хэлнээ өнөө хэр бүрэн болон хэсэгчилсэн байдлаар ер орчуулагдаагүй учир манай эрдэмтэн судлаач, түүх сонирхогчид эртний энэ агуу бүтээлийг дам эшлэх төдий явж ирлээ. Иймд энэ үнэт бүтээлийг эх хэлээрээ уншиж, ашиглах ажлын эхлэл болгож скифүүдийн тухай голлон үгүүлсэн дөрөвдүгээр дэвтэр буюу “Мельпомениа”-г бүрэн, мөн бусад дэвтэр дэх скифтэй холбоотой хэсгүүдийг Монголоор буулгаснаа та бүхэнд хүргэж байна.

Скиф хэмээн онцолсны учир бол яалтгүй бидний өвөг түүхтэй холбогдох учиг шижим дэндүү олон, тэгээд ч эртний нүүдэлчдийн ёс заншил, амьдралын хэв маяг, сэтгэлгээний онцлогийг өнөө хүртэл хамгийн тод хадгалж ирсэн ард түмэн нь Монголчууд бид учраас энэ түүхийг илүү нарийн судлах зайлшгүй шаардлага байгааг бодолцсоных юм.

Өвөрлөгч Монголын эрдэмтэн Чандмана хүү Тэнгистэйгээ хамтарч олон хэлний түүх бичиг онгичин “Монгол хэлтдийн найман мянган оны түүхийн мөрдөлт” гэгч хоёр боть судар бүтээхдээ Геродотын “Түүх”(нанхиад орчуулга)-ийг ашиглан эсгийт болон эртний Монголын бүдэг түүхийг тодлох оролдлого хийсэн байдаг. Одоогийн судлаачид ч эртний Монголчуудын өвөг, удам угсаа, Евразийн нүүдэлчин ард түмнүүдийн хоорондын хамаарлыг судлахдаа энэхүү Геродотын үлдээсэн эх сурвалжийг үндэслэн ажиллаж байгаа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]