Тэсрэх бөмбөгнөөс үүдэн бий болсон асар том нүхэн тогоо. Дэлхийн 1-р дайны ширүүн тулаан болж байсан Франц улсын хойд хэсэг. 100 жилийн өмнө энэхүү дайны талбарт шинээр зохион бүтээгдээд удаагүй байсан дүрс бичлэг хийх жижигхэн камер байлаа.
Хүмүүсийн үйл хөдлөл, амьдралыг хөдөлгөөнт дүрс бичлэг болгон авч хадгалах гайхалтай төхөөрөмж. Хамгийн анх өргөн хэмжээгээр авсан дүрс бичлэг нь дайн тулааны талбар байв.
Камер нь асар том тэсрэх бөмбөг дэлбэрч байгааг авч дайн гэгч юу байдгийг дэлхий дахинд анх удаа харуулсан.
Дайны тухай асар их баримттайгаараа алдартай Английн “Хааны нэрэмжит дайны музей”. Ялангуяа маш чухал бичлэгийг Лондон хотын ойролцоох тусгай байгууламжинд хадгалдаг.
Хөдөлгөөнт дүрс бичлэгийн камерт өргөн хэмжээгээр анх удаа бичигдэн хадгалагдсан дайны талбар нь 1 сая илүү цэрэг амь үрэгдсэн “Соммүн тулаан”-ы тухай баримтат кино болно.
Дэлхийн 1-р дайны ид дунд үед Европт гаргаж, уг баримтат киног 20 сая хүн үзжээ. Англид одоо ч “Оддын дайн” киноноос илүү олон үзэгчтэй баримтат кино. Тухайн үед кино театрт ирсэн үзэгчдийн ихэнх нь өөрсдийн нөхөр, хүүгээ олж харах гэж ирсэн хүмүүс байжээ. Айдас, сэтгэл түгшлээр дүүрэн цэргүүдийн нүүр царай. Хөдөлгөөнт зургийн хэт их бодит байдалд цочирдсон үзэгчдийн дуу нь ч гарахгүй хоолой нь зангирч байсан гэдэг. Бичлэгийг авсан хүн бол Английн армийн операторч Жефрин Мааринз. Мааринз өөрөө ч хөдөлгөөнт зургийн ер бусын хүчийг гайхаж байсан гэдэг.
Мааринзийн дуртгалаас: Ямар аймшигт дүрс бичлэг вэ. Дайн дууссан ч жижигхэн камерт буулгасан миний бичлэг үлдэж, цэрэг эрс өөр хоорондоо эцэс төгсгөл гэж үгүй алан хядалцах дайны аймшиг, гамшигийг үүнээс хойш хэчнээн ч удаа дахин үзэх бол.
Түүнээс хойш 100 жил. Хөдөлгөөнт дүрс бичлэг нь дэлхий дахиныг хөдөлгөх асар том хүч болон хувирчээ. Бид бүхний алхам бүр дата мэдээлэл болгон хадгалагдаж төр засаг, бизнесийн байгууллагын үйл ажиллагаа явуулах хэрэгсэл болон хувирав.
Хиймэл дагуулд камер суурилуулан дэлхийн хаана ч байх зүйлийг маш өндөр нарийвчлалтайгаар 24 цагийн турш авч байна. Хүн бүр бичлэг хийх боломжтой болж төрөл бүрийн мэдээлэл нь дүрс бичлэг болон хувирч хоромхон зуурт дэлхий даяар түгээгдэнэ. Өөрөөр хэлбэл дэлхий даяар өрнөж буй бүхий л зүйлс дүрс бичлэг болон үлдэнэ гэж хэлэхэд хэтрүүлэг үл болно.
Дүрс бичлэгийн технологи анх бий болсноос хойш 100 жил. Энэ бол хүн төрөлхтний хуримтлуулсан асар их ой санамж, дурсамж юм. Өнөө үед архивийн тоноглол улам сайжирч, дэлхий даяар мэдээллийн ил тод байдал бий болсоноор урьд өмнө нь нийтэд дэлгэгдэж байгаагүй дүрс бичлэгүүд ил болж байна. Бид бүхэн шинээр олж авсан дүрс бичлэгүүдийг хамгийн орчин үеийн дижитал техник, технологиор засварлан бүдгэрэн алга болж буй хүн төрөлхтөний ой санамжийг дахин амилуулав.
“ХХ зуун” шинэ цувралаар 100 жилийн түүхийг харуулах ба нийт зургаан цуврал хүрэх болно.
Хүн төрөлхтөн бид нар одоо яагаад ийм хорвоо ертөнцөд амьдарч байна вэ? Хаашаа явах гэж байгаа бол? Дүрс бичлэгээс олж харах хүн төрөлхтний мэдлэг, туршлага нь өнөөгийн бидний ирээдүй рүү явах замыг гэрэлтүүлж өгөх байх.
"XX зуун" I хэсэг- 100 жилийн гамшиг эхэлсэн нь
Энэ хэсэгт хөдөлгөөнт дүрс авах камерийг анх удаа өргөн хэмжээгээр ашиглах болсон ХХ зууны анхны их дайн Дэлхийн I дайны тухай өгүүлнэ.
Дайн эхлэнгүүт Англи болон Германы армийн хооронд ширүүн тулаан өрнөсөн Бельги улс. Одоо ч гэсэн нэг жилд 3000 ширхэг дэлбэрээгүй бөмбөг олддог. Тэдгээрийн 10 хувь нь хорт хийн бөмбөг. Дэлбэрээгүй бүх бөмбөгийг аюулгүй болгоход 300 жил шаардагдана гэж үздэг. Өнөөдөр ч Европ тив нь 100 жилийн өмнөх дайны гамшигт үр дагаврыг тээн явж байна.
Европ тивээр ч зогсохгүй Дэлхийн I дайн нь тэрхүү үйл хэрэгт хамрагдсан хүмүүсийн хүсэл эрмэлзэлээс үл хамааран XX зуунд дэлхий дахиныг гай гамшигт нөмрүүлсэн үр хөврөлийг тараажээ.
Эйнштейн хүртэл “Суут ухаантан” гэж нэрлэж байсан Германы эрдэмтэн доктор Фриц Хаавер (Fritz Haber). Хамгийн анхны химийн зэвсэг болох хорт хийн бөмбөгийг зохиосон хүн болно. Түүнээс хойш шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хамгийн гол зорилго нь дайн тулаанд зориулагдах болов.
Оросын хувьсгалыг амжилтанд хүргэж дэлхийн түүхэнд анх удаа коммунист улс байгуулсан Ленин нь “Аймшигт дарамт, сүрдүүлгийн улс төр”-ийг анх бий болгосон хүн байлаа. Ард түмнээсээ үнэн бодит байдлыг нуун дарагдуулж, эсрэг үзэлтэй хүн бүрийг албадан хорих газар руу илгээн 200 мянган хүний амийг хороожээ.
Алдарт уран сайхны кино болсон “Цөлийн баатар- Арабын Лоренс”. Лоренс нь энергийн шинэ эх үүсвэр болсон газрын тосыг эзэмшихийг зорьж байсан Английн нууц тагнуулчаар Арабын ертөнцөд оржээ. Одоо ч гэсэн өрнөж буй Ойрхи Дорнодын сөргөлдөөний эх үүсвэрийг тавьсан нь Лоренсийн урвалт байв. Өнөөгийн бидний амьдарч буй дэлхий дахин өөрөө Дэлхийн I дайны төрүүлсэн үр хөврөл нь юм.
1900 он. Идэр залуухан 19 настай Испани зураач Парист анх удаа ирсэн нь XX зууны агуу зураач болсон Пикассо байлаа. Тансаг сайхан хот газрын соёл. Метро. Тэр үед нээлтээ хийсэн Парисын экспо үзэсгэлэнд өөрөө хөдлөх зам анх хийгдсэн байв. Парис нь дэлхийн энх тайван амьдрал, хөгжил цэцэглэлтийн бэлэг тэмдэг болж байлаа. Парист үзэж харсан зүйлс нь Пикассогийн уран бүтээлийн үндэс суурь нь болсон.
Загвар зохион бүтээгч Коко Шанель нэрд гарч эхэлсэн нь энэ үе байлаа. Бэлхүүсэвчээр бүсэлхийгээ чангалан өмсөх эмэгтэйчүүдийн хувцасны уламжлалыг эвдэн чөлөөт хувцасаар загварын ертөнцөд хувьсгал гаргав. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэхийн хамт чөлөөт загвар маш ихээр дэлгэрэв.
АНУ-ын ах дүү Райт (Wlayout-right) моторт хөдөлгүүрт онгоцоор тэнгэрт нисэж чадав.
Техник, технологийн амжилт нь хүн төрөлхтний сайн сайхан амьдралын төлөө зориулагдана гэж итгэж байлаа. Бүх хүмүүс “Нисэх онгоц” бүжгийг бүжиглэж байв.
Австрийн нэрт зохиолч Цвайк нь их дайны өмнөх Европын тухай ийнхүү бичсэн байдаг: Их дайны өмнөх үеийг нэг үгээр хэлбэл “амгалан тайвны алтан үе” байлаа. Шинжлэх ухаан, технологийн гайхамшгаар хүн төрөлхтөн энх тайван амьдралаар эцэс төгсгөлгүй хөгжин дэвжинэ. Бүгд л тийнхүү итгэж байв.
Гэвч, 1913 онд дайны аюулыг чухалчилж анхааруулсан хүн гарч ирэв. “Оддын дайн”, “Цаг хугацааны машин” зохиолоор алдаршсан Английн нэрт зөгнөлт зохиолч Жорж Вейлс.
Тэрээр XX зууны хувь тавиланг гайхалтай нь аргагүй үнэн зөв таамагласан:
Хүн төрөлхтөн нь Герман болон Англиар удирдуулсан 2 их хүчинд хуваагдан дэлхийн хамгийн сүүлчийн дайн эхэлнэ. Нисэх онгоц дайн тулааны хэрэгсэл болж агаарын бөмбөгдөлт болно. Танк зохион бүтээгдэж газар шороог талхилна. 8 жилийн өмнө зарлагдсан Эйнштейний харьцангуй онолоор атомд асар хүчтэй энерги агуулагдаж байгааг хүн төрөлхтөн олж мэдсэн. Вейлс цөмийн зэвсэг зохиогдон соёл иргэншлийг устгана гэж Хирошима, Нагасакагийн бөмбөгдөлтийг хүртэл зөгнөжээ. Түүний зөгнөл нь дараа жил биелэлээ олов.
1914 оны 6-р сар. Австри-Унгарын эзэнт гүрний эзэмшил Сараевод болсон үйл явдал эхлэлийг нь тавилаа. Сараевод айлчилж байсан Австрийн ханхүү, эхнэрийн хамт бууны суманд өртөн амь насаа алдав. Алуурчин нь Австрийн дарангуйллыг эсэргүүцэх Сербийн нууц байгууллагын гишүүн, үндэсний үзэлтэн.
Ханхүү, түүний эхнэрийн оршуулгын ёслол. Нас барсан ханхүүгийн авга ах 1-р Франс Иосеф хаан өс хонзон авахаар Сербид дайн зарлав.
Түүний эсрэг Балканий хойгт эрх мэдлээ өргөжүүлэхийг хүсч байсан Оросын хаант улс Сербийг дэмжихээ зарлалаа. 2-р Николай хаан бүх цэргийн хүчээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж дайнд бэлтгэв. Хүчирхэг Их гүрнүүд өөрсдийн аюулгүй байдлын баталгаа болгож цэргийн эвсэл байгуулж Англи улс нь Франц болон Орос улстай холбоотон болов. Герман улс нь Австри, Османы эзэнт улстай холбоотон болж 2 их хүчинд хуваагдлаа.
Дайны эсрэг байсан бусад улсууд ч Их гүрнүүдэд хавчигдан 30 илүү улс орон дайнд өртөв. Австрийн холбоотон Герман улс нь 1914 оны 8 сард Франц болон Орос улсад дайн зарлалаа. Герман улсын хаан 2-р Вильгелм цэргүүдээ зоригжуулан хэлсэн үг нь бичигдэн үлдсэн байдаг.
“Шинэ цэргүүд ээ. Эх орны маань хувь тавилан гэж үзэн би та нарт эцэг эх, ах дүүсийнхээ амийг ав гэж ч тушааж магад. Ямар ч тушаалыг цэргүүд та нар заавал гүйцэтгэх ёстой”.
1914 оны 8 сарын 4. Герман улс нь төвийг сахих бодлого баримталж байсан Бельги улс руу гэнэт довтлон оров. Германы арми энгийн иргэд рүү хүртэл бууны ам шагайсан тул 1 сая 500 мянган Бельги иргэд гадаад руу дүрвэжээ. 20-р зуун нь “Дүрвэгсэдийн зуун” байлаа.
Бельги улстай холбоотны гэрээ байгуулсан Англи улс дайнд оролцох шийдвэр гаргав. Англи улс орон даяар сэтгэл хөөрлийн байдалд орж 500 мянган залуус өөрсдийн хүсэлтээр цэрэгт татагджээ. 40 жилийн турш дайн дажингүй, тайван амгалан байсан Европ тив дайны гамшгийг мартан, залуус дайныг романтик, аз сорьсон зүйл гэж буруугаар бодож байжээ. Бүх хүмүүс дайныг хэдхэн сарын дотор дуусна гэж итгэж байлаа.
Цэргүүдийн амьд дуу хоолойн бичлэг их хэмжээгээр үлдсэн байдаг. Хааны нэрэмжит дайны музейд Дэлхийн 1-р дайны 100 жилийн ойд зориулан дайнаас амьд үлдсэн 1300 хүний амьд дуу хоолойн бичлэгийг нэгтгэжээ.
Англи цэргийн дурсамж: Германы армийг нүд ирмэхийн зуур буулган авна гэж сонин сэтгүүлүүд бардамнан бичиж байлаа. Бүгд л тэгж итгэж байсан бөгөөд Зул сарын баяраас өмнө дайн дуусна гэж бодож байв. Найз нөхөд маань бие биенээсээ өрсөлдөн цэрэгт сайн дураар тагтагдаж би ч гэсэн 17 насандаа өөрийн хүсэлтээр цэрэгт татагдсан.
Герман цэргийн дурсамж: Герман залуус бүгд эх орноо хайрлах хайраар дүүрэн байв.
Дэрвэлзэх туг далбаа, эр зориг оруулах цэргийн дуу. Эх орныхоо агуу ялалтанд бүгд итгэлтэй байлаа.
Англид өөрсдийн хүслээр цэрэгт тагтагдсан залуусын ихэнх нь ядуу зүдүү, ажилгүй залуус байлаа. Ихэнх нь цэргийн сургуулилт ч хийлгүй дайны фронт руу явж байв. Английн шинэ цэргүүд Германы шинэ зэвсэг болох пулемётны бэлэн бай боллоо.
Англи цэргийн дурсамж: Дөнгөж саяхан тоглоом шоглоом ярьж байсан 400 нөхөд маань нүд ирмэхийн зуур пулемётны суманд сөхрөн ойчив. Амьд үлдсэн хүн нь ганцхан би.
Пулемётноос хамгаалан тулалдах шинэ арга нь нуувч ухан байлдах арга байлаа. Хэсэг зуур энэхүү нарийхан нуувчинд биеэ далдлан довтолгоонд орох тушаал хүлээнэ.
Англи цэргийн дурсамж: Нуувчнаас жаахан ч гэсэн толгойгоо өндийлгөвөл дайсны сум шунгинан орж ирнэ. Өглөөнөөс шөнө дөл болтол их буу, пулемётний сумны дайралтанд өртөнө. 5 минутын дотор л дотор муухайрч, сэтгэл санаа уймарна.
Нуувчны тулаанд ашиглах болсон хүний толгой бүхий хүүхэлдэйг шовойлгон гаргаж дайсны үйл хөдлөлийг тооцолно.
Англи, Францын холбоотны арми Германтай байлдах фронтыг “Баруун фронт” гэж нэрлэдэг. Нуувч нь баруун фронтыг даган Европ тивийг хөндлөн огтолно. Нисэх онгоцноос авсан нуувчны дүрс бичлэг. Нуувчны нийт урт 700 км урт болсон байв. Хамгийн хүнд бэрх зүйл нь бороо, шавар байлаа. Бохир заваан нуувчинд цэргүүд бөөс болон өвчинд баригдан зовж шаналж байв.
Нуувчны тулаан удаан үргэлжилж гэдэсний хижиг, уушигны сүрьеэ өвчин дэлгэрэв.
Тэмбүү зэрэг бэлгийн замын өвчин ч ихээр гарлаа. Энэхүү кино нь бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх Францын армийн сургалтын кино. Холбоотны армийн 200 мянган цэрэг тэмбүү өвчнөөр өвчилжээ. Цэргүүдэд тарааж өгөх шаардлагатай эд зүйлс ч нэмэгдэв. Түүний нэг нь бэлгэвч. Энэ дайнаас эхлэн дэлхий даяар бэлгэвчийг өргөнөөр хэрэглэх болжээ. Дайны дунд үеэс бэлгийн замын халдварт өвчний гамшгаас сэрэмжлэн засгийн газрууд нь биеэ үнэлэгч бүсгүйчүүдээс гадна энгийн эмэгтэйчүүдийг ч бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж байлаа. Францын армийн цэргүүд дугаарлан зогсож байгаа нь армийн зөвшөөрөл бүхий улаан дэнлүүний газар.
Англи цэргийн дурсамж: Өөрсдийгөө дайны хэрэгсэл гэж бодох бодлоос салахын тулд юуны түрүүнд архи, хүүхэн хэрэглэнэ. Тэгэхгүй бол сэтгэл санаа уймардаг байлаа.
Дайн эхлээд 1 жил ч болоогүй байхад дайны гал Африк, Ази тивд ч дүрэлзэн асав. Япон улс нь Англи улстай холбоотон гэдэг шалтгаанаар дайнд оролцож Германы эзэмшил нутаг байсан Чинтаог эзлэхээр цэргээ илгээв.
1914 оны Чинтао. Герман улсад хадгалагдан үлдсэн ховор дүрс бичлэг. Герман нь 1898 оноос Чинтаог эзлэн Дорнын тэнгисийн цэргийн усан флотоо байгуулсан байлаа. 2014 оны 7 сард Герман улсаас ирсэн тушаалын дагуу байлдааны хөлөг онгоцнууд нь дайны талбар луу явжээ. Япон улс нь Германы хүчирхэг зэвсэг бүхий арми нь байхгүй хоорондуур Чинтао руу дайран хохирол үзэлгүйгээр маш том газар нутгийг эрхшээлдээ авав.
Тэр үед АНУ-ын нэгэн дипломатч Англи улс руу цахилгаан илгээжээ. “Хүчит гүрнүүд байхгүй хоорондуур Япон улс Хятад улсыг ганцаараа эзэмших гэж байна. АНУ нь маш их санаа зовон болгоомжилж байна”
Түүний дараа Япон улс Азийн бусад нутаг дэвсгэр рүү цэрэг зэвсгээ илгээснээр хүчит гүрнүүдийн сэрэмжлүүлэг бодит байдал болон хувирав.
Оросын хаант улс, Османы эзэнт улс дундад Азид хоорондоо тулалдан дайны гал дүрэлзэж байлаа. Османы эзэнт улс нь Хар тэнгис болон Каспийн тэнгисийн хоорондох Кавказын нуруу луу цэрэг армиа довтлуулав. 3000 метрийн өндөр уулсыг дүн өвлийн хүйтэнд давуулахаар 120 мянган цэргээ илгээсэн утга учиргүй дайралт байлаа. 10 мянга илүү цэрэг эрс тулаанд орж амжилгүй хөлдөн үхжээ. Шарилуудыг цэвэрлэхийг хянаж буй Орос цэрэг. Утга учиргүй бодлогоос болж нийт Осман цэргийн 90 хувь нь дайнд амь үрэгдсэн.
Дэлхийн I дайн эхлээд 5 сар. Баруун фронтод нийт 1,500,000 цэрэг амиа алдав. Ихэнх шарилыг нуувчинд тэр чигээр нь орхиж байлаа. Залуучуудын толгойг эргүүлсэн аз сорьсон романтик мөрөөдөл нь маш хурдан үгүй боллоо. Өөрийн хүсэлтээр цэрэгт татагдсан АНУ-ын зохиолч Фитс Жиралд дайны дараа нуувчны үлдэгдлийг үзэхээр дахин очжээ.
Фитс Жиралдын зохиолоос: Энгийн үед бид нар 2-хон минут алхах газар Английн хүчит арми 1 өдөрт хэдхэн сантиметрээр урагшилж бүтэн сар зарцуулна. Ард үлдсэн зүйл гэвэл цусанд булагдсан сая сая эрсийн шарил.
Германы алдарт зураач Отто Декс. Тэрээр пулемётны ангид цэрэгт татагджээ. Хүн алах аймшигт явдлыг биеэр туулсан тэрээр амьдралынхаа туршид дайны гамшгийг зурсан.
1915 он. Нэгэн бүсгүй өөрийн амиа егүүтгэв. Герман улсад эмэгтэйчүүдээс анх удаа химийн ухааны доктор цол хүртсэн Клара Хаабер. Түүний нөхөр нь суут ухаантан, доктор Фритц Хаабер. Агаараас азот гарган авах аргыг анх нээж Нобелийн шагнал хүртжээ. Түүний судалгааг ашиглан азотын бордоог гарган авч өлсгөлөнд нэрвэгдсэн дэлхийн сая сая хүний амийг аврав. Нобелийн шагналын дурсгалын зураг авахуулж буй түүний ховор дүрс бичлэг. Нүдний шил барин гараа хөдөлгөж байгаа хүн бол доктор Хаабер. Дайн эхлэнгүүт тэрээр маш нууц судалгааг эхлүүлэв.
Түүний удирдаж байсан Кайзаа Вильгелм судалгааны хүрээлэн. Орчин үеийн дэлхийн хамгийн дэвшилтэт шинжлэх ухааны судалгаа хийдэг Макс Планк (Max Plank) хүрээлэнгийн эх үүсвэр нь болно. Германы төрүүлсэн 2 суут ухаантан Эйнштейн, Хаабер 2-ын зургийг хананд өлгөсөн байдаг. Эйнштейн Хааберийн хийж буй судалгааны ажлыг сонсоод орь дуу тавьсан гэдэг.
Эйнштейний захидал: Чи агуу суут тархиа буруу зорилгод ашиглаж байна.
Хааберийн судалгааны гол ажил нь хорт хий гаргаж авах судалгаа байлаа. Түүхэнд анхны химийн зэвсэг. Өөрийн биеэр дайны талбарт очин заавар зөвлөгөө өгч байжээ.
1915 оны 4 сарын 22-ны өдөр. Химийн зэвсгийг анх удаа дайнд ашиглав. 7 км үргэлжлэх тулааны талбарт 168 тонн хлорын хийг цацан 600 цэрэг амиа алдав.
Англи цэргийн дурсамж: Нуувчны энд тэндгүй шингэн зүйл цацагдан манан мэт хий болон хувирав. Олон цэргүүдийн нүд нь сохорч, хорт хий болохыг мэдэв. Бүх хүний амьсгаа боогдож эхлэв.
Цэргүүд айсандаа ухаан санаа нь орон гаран болж, ойр орчимд нь амьдарч байсан энгийн иргэд хүртэл хохирол амсав. Тун удалгүй хорт хийгээс хамгаалах маск зохион бүтээгдэв.
Клара нөхрийгөө зэмлэн “Та шинжлэх ухааныг буруу зүйлд ашиглаж байна. Наад судалгаагаа болиоч” гэж буруушаасан боловч нөхөр нь ямар ч буруу зүйл хийгээгүй мэт: Хорт хий нь дайныг хурдан дуусгаж Герман цэргүүдийн амийг аварна гэжээ.
Бодит байдалд хорт хийн зэвсэгээс болж дайн улам удаан үргэлжилж хохирол нь улам нэмэгдэв. Холбоотны улсууд ч мөн адил илүү хүчтэй хорт хийн зэвсэг бүтээн хоёр тал нийлээд нийт 66 сая хорт хийн бөмбөг дэлбэлэн амь үрэгдсэн хүний тоо 1 сая давжээ.
2015 оны 5-р сарын 1. Хорт хийн бөмбөг амжилттай болсоныг тэмдэглэн доктор Хааберт баяр хүргэх үдэшлэг зохиогдов. Тэр орой нь Клара нөхрийнхөө гар буугаар өөрийнхөө цээжин тус газар буудан амиа хорложээ.
Ганцаар үлдсэн доктор Хааберийг гунигт хувь тавилан хүлээж байлаа. Хэдэн жилийн дараа Еврей үндэстнийг үй олноор устгах ажиллагаанд хэрэглэсэн хорт хий “Zyklon B”. Анх Хаабер докторын гаргаж авсан хорхой шавьж устгах маш хүчтэй хор. Доктор өөрөө еврэй үндэстэн байжээ. Өөрийнх нь зохиосон хорт хий үндэстэн нэгтнээ устгах ажилд ашиглагдана гэж бодоо ч үгүй байх. Хэдэн жилийн дараа доктор өөрөө нацистуудын хавчлаганд өртөн цагаачлахаас өөр аргагүйд хүрчээ.
Хаабер докторын Эйнштейнд бичсэн захидлаас: Өдий хүртэлх амьдралдаа ийм хүнд хэцүү, тэвчиж чадахгүй нөхцөлд орж байснаа санахгүй байна. Би бүхий л хүч чадлаа Герман улсын төлөө зориулж байсан. Ийм байдалд ороод бодоход ой минь гутаж байна.
Докторын хүн төрөлхтөнд бий болгож өгсөн химийн зэвсэг нь түүнээс хойшхи олон дайн тулаанд үл ялгаварлан устгах хэрэгсэл болсон. Одоо ч гэсэн хэмжиж үл барам хор хохиролыг авчирч байна. (Вьетнамын дайн, Иран-Иракийн дайн, хорт хийнд амь үрэгдсэн Күрд үндэстэн)
1915 он. Их бууны бөмбөгдөлт, хорт хийн утаанаас хамгаалахын тулд баруун фронтод газар доорхи нуувчнууд ухах болов. Одоо ч гэсэн Францын нутаг дэвсгэрт асар урт газар доорхи нуувчнууд тэр чигтээ 100 жилийн турш үлдсэн байдаг. 10 метрийн гүнтэй, төөрдөг байшин мэт үргэлжлэх нуувчны нийт талбай нь 400,000 метр.кв хүрнэ. Цэргүүд харанхуй бүүдгэр нүхэнд биеэ халхлан хамгаалж нүд нүүргүй тэсрэх бөмбөгдөлтийг тэвчин суудаг байжээ.
Газар доорхи нуувчин дахь Английн армийн нууц ажиллагааг авсан бичлэг үлдсэн байдаг. Дайсны байгаа газар хүртэл нууцаар нүх ухан тэсрэх бөмбөг тавина. Англи цэрэг харанхуй нүхэн дунд дуу чимээ чагнана. Герман цэргүүд ч мөн адил цаад талд нь ижилхэн зүйл хийж ч байж магад. Хөнгөн цагааны нунтаг, азотын натри холисон маш хүчтэй тэсрэх бөмбөгийг болгоомжтой зөөнө. Холбоотны арми 160 км нутаг дэвсгэр 750 ширхэг мини дэлбэлэв. Германы арми ч мөн эсэргүүцэн 700 мини дэлбэлжээ.
Англи цэргийн дурсамжаас: Минийн дэлбэрэлтээс болж олон нөхдийн маань гар хөл тасран унав. Үхсэн цэргүүдийн шарилаас урсан гарах асар их цусны үнэр нь ямар ч үнэртэй харьцуулашгүй огиудас хүрэм үнэр байлаа.
Газар доорхи нуувчид 100 жилийн өмнөх цэргүүдийн хашгирах дуу хоолой үлдсэн байлаа. “Бурхан минь өршөө”. Лааны галаар таазан дээр бичсэн “Там” гэсэн үг. Залбирах сүм хүртэл хийгдсэн байлаа. Дайралтанд орох тушаал авсан цэргүүд бүүдгэр харанхуйд залбирал үйлдэн дайны талбар луу давшилтанд ордог байжээ.
Дэлхийн 1-р дайн эхлээд 3 жил. Баруун фронтын шугам хөдлөлгүй хэвээр. Тулааны талбар газар доорхи нуувчнаас тэнгэр лүү шилжив. Энэхүү дайнд анх удаа бөмбөгдөгч онгоц хэрэглэгдэв. Шинжлэх ухаан, технологийн дэвшлүүдийг ашиглан дайн тулаан нь шинэ арга барилд шилжлээ.
Агаарын ширүүн тулаанаас нэгэн шинэ баатар төрөн гарсан нь нисгэгч Рихтхоофен ( Richthofen). Германы сурвалжит гаралтай тэрээр час улаан онгоц жолооддог байсан тул “Улаан гүнтэн” гэж дууддаг байв. Нисгэгчийн суудлын урд нь хамгийн орчин үеийн пулемёт суурилуулан дайсны 80 нисэх онгоцыг устгажээ. Түүний удирдаж байсан байлдааны онгоцны бригадийг “Тэнгэрт нисэх цирк” гэж нэрлэж байсан ба Холбоотны армийн зүрхэнд орсон байв. Үнэнч шударга, эр зоригтой, цэрэг эрийн жишээ гэгдэн Герман бүсгүйчүүдийн зүрх сэтгэл шархлуулж байжээ. Германы хаан 2-р Вильгелм түүнийг цэргийн хүний хамгийн хүндэт одон болох “Пүүрү ре Мерит” (Pour le Merite) одонгоор шагнав. Гэвч онгоцны нисгэгч нарын тал нь сургуулилт хийж байхдаа амиа алддаг байлаа.
Хамт дайтаж байсан нөхөд нь нэг нэгээр амиа алдаж байхад “Улаан гүнтэн” тэнгэрт ниссэн хэвээр байлаа.
Рихтхоофений дурсамж: Би тэр үед сэтгэл санаагаар унаж тэнгэрт нисэн тулалдахаа больё гэж боддог байлаа. Гэвч нуувчинд хүнд бэрх тулаанд амь тэмцэн буй нөхдөө бодохоор хувиа бодох үзлээ үл зөвшөөрнө.
1918 онд Рихтхоофений онгоц сүйрэн 24 насандаа амиа алдав. Холбоотны армийнхан дайсны тэнгэрийн баатарт хүндэтгэл үзүүлэн түүнийг дайны талбарт ёслол төгөлдөр оршуулжээ.
Дэлхийн I дайн нь улс орнууд бүх хүчин чадлаа дайчлан тулалдах дайн болж хувирав. Англи улсад 1 сая илүү эмэгтэйчүүд зэвсгийн үйлдвэрт ажиллаж байлаа. Бөмбөгдөгч онгоцны далавч хийх, мотор угсрах, агаарын бөмбөлөг үйлдвэрлэх зэрэг аюултай ажлыг ч хариуцаж байлаа.
Зэвсгийн үйлдвэрт ажиллаж байсан эмэгтэйн дурсамж: Зэвсгийн үйлдвэрт ажилласнаас болж хүнд өвчин тусах залуу бүсгүйчүүд олон байлаа. Төмрийн нарийн үртэс хоолойг нь түлэн зовж байж үхсэн 19-хөн настай бүсгүй ч байв.
Зэвсгийн үйлдвэрт ажиллаж байсан эмэгтэйн дурсамж: Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд туйлдаж унатлаа ажиллан өдөр бүр сумны хонгио үйлдвэрлэж байв. Зэвсгийн үйлдвэрийн удирдлагууд эмэгтэй хүн хэд л бол хэд олдоно гэдэг байсан ч үнэндээ бол эмэгтэйчүүдийн хүч хөдөлмөр байхгүй байсан бол дайнд ялагдахаар байлаа.
Эрчүүд ажлын байранд харагдахгүй болж ажилчин эмэгтэйчүүдийн тоо л нэмэгдэнэ. Трамвайн жолооч, уурхайчид. Зэвсэг тээвэрлэх жолоочид.
Дайны ид дунд үед хэрэглэж байсан бөмбөгний тоо 1 өдөрт 400 мянган ширхэг болж байв. Бүхий л дайны туршид 1 миллиард 400 сая бөмбөг хэрэглэжээ. Дайнд оролцсон улс бүрийн үйлдвэрлэлийн хүчин чадал эцэстээ тулсан байв. Тэгсэн ч баруун фронтод тулалдаж байсан эсрэг талууд дайны удаашралтай байдлыг өөрчилж чадахгүй хэвээр.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Ч.ДӨЛГӨӨН
Нийтлэгч нь согтуу байсан уу, ойлгомжгүй өгүүлбэр их байна
Дайны фронт гэж биччих юм аа.Фронтын шугам,болохгүй бол галын шугам гэж бичээчээ.
Umnu ni sonsoogui zuiluud bna