Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Буянто аварга ба Вандан заанУншсан15,116

Равданаас "Вандан чи улсын заан болохоос, буурын заан биш шүү!" гэж сануулсанд Вандан хайхарсангүй. "Энэ хэрийн буурыг зөндөө эдэлсэн" гээд суран ногт бариад очжээ.

Богдын даншигт анх удаа ирж барилдсаныхаа дараах хавар Буянтогтох Богдын хүрээ орж, бага сага хөлжиж, амь зуулгаа дээшлүүлэх санаатай ганц морио унан, алс дорно нутгаасаа өрнө зүг гарсан гэдэг. Хаврын тарчиг үе бөгөөд унааны ганц морь нь ихэд турж эцсэн тул ядарч туйлдсан мориныхоо аясыг дагуулан зам зуур саатан гэлдэрсээр их л олон хоног явж сая Богдын хүрээний барааг харах үес, туйлдаа хүрсэн муу морио зам гудас явган хөтлөн алхаж явжээ.

Арай гэж явж байгаа муу морио чингэж хөтөлсөөр хөлийн модчины дэргэдүүр гарч Туул ба Улиастайн голыг гаталж, Наймаа хотын хойгуур зүтгүүлсээр хүрээний зүүн захад дөхөж явахад муу морь нь улам доройтон урагш гишгэхгүй шахам болсон тул Буянтогтох тэр морио сайн давхар суран ногтны дээр жолоог буулган давхарлаж бараг чирэн алдаад гэлдэрч явтал одоогийн хоршоодын холбоо байгаагийн тэр хүр өөд өгсөж ядаж явахад нь нэгэн сүрхий баян бололтой их ганган лам, өмнөөс нь ширүүхэн ирж явснаа мориныхоо амыг татан ажигласаар Буянтогтох руу ирж,

-За Буянтогтох сайн байна уу? Чи чинь, яаж яваа нь энэ вэ? гэж их л танимгайрхан асуусанд Буянтогтох хариу мэнд мэдэх зуур урдаас нь ажиглавал сайхан тарган буурал морин дээр илбэнхэн хүрэм өмсөж. булган малгай духдуулсан нэгэн сүрхий лам ажээ.

- Чи одоо энэ муу морио ингэж чирч гулдраад яах нь вэ дээ! Наадах чинь хүзүү нь тасрах нь байна! Нөгөө чиний их бяр чадал чинь яалаа даа? гэхэд нь Буянтогтох:

- Бяр ч яах вэ, байна л даа. Харин морь л байхгүй болж байна гэж хариулжээ. Нөгөө лам нүдээрээ инээмсэглэн,

- Тэгвэл чи үүнийгээ чирч явахаар үүрээд явахгүй юу? гэжээ.

- Үүрсэн ч барах л байх л даа. Харин үүрвэл та юу өгөх хүн бэ дээ? гэвээс лам,

- Би энэ морио л чамд өгчихнө, харин чи бүр Хүрээний дунд орно шүү! гэхэд нь Буянтогтох,

- Тэр ч болно л доо. Харин та энэ морио, эмээл хазаартай нь өгөх юм байгаа биз дээ? гэжээ. Лам нэлээд бодох мэт болж,

- Хэрэв чи морио үүрээд тувт явсаар манай хашааны үүдэнд хүрвэл би морио эмээл хазаартай нь өгч болно. Өгөлгүй ч яах вэ! гэж их л уриалгахан хэлсэнд Буянтогтох,

- Танайх хаана байдаг, хэнийх гэдэг айл вэ дээ? гэсэнд лам,

- Манайх Гандан дээр Өрлүүдийн аймгийн нүүрэнд байдаг Бүтэмжийнх гэгч айл даа гэж их бардам янзтай хариулжээ.

"Аа энэ чинь Өрлүүдийн Бүтэмж гэлэн гэлцдэг айхтар баян лам маань биеэрээ мөн байх нь!" гэж бодоод Буянтогтох угаас нэлээд зальтай сэргэлэн хүн тул «ганцхан» олз олдог гогцоо маань энэ гэж сануут олон ч үг дуугарсангүй бүсээ тайлж, хормойгоо сайн шууж зангидаад, морио унагааж бүтэн бажгир дурдан бүсээрээ, мориныхоо дөрвөн хөлийг (хоньчилж) боогоод;

- За би таны морийг авна аа! Одоо цулбуураа нааш нь өг! Хэрэв таныг давхиад явчихвал ядарсан явган хүн яаж гүйцэх вэ! гээд ламын морины цулбуурыг авч хөтлөн өөрийнхөө морийг өргөж, хөлийн нь дундуур цээжнийхээ талыг хийж эгэлдэргэлдэн үүрээд баруун тийш алхаж гарчээ. Богдын хүрээний дундуур орон, Батгүний урдуур, Сэлбийн улаан модон гүүрээр гарч энэ хөл хөдөлгөөн ихтэй гудамжнуудад хүрээний олон хөгшин залуу эр эмгүй хошууран дагаж энэ ер бусын үзэгдлийг гайхан харж байсан гэдэг. Зарим нь,

- Энэ айхтар хүн чинь хэн гэгч вэ? гэхэд

- Яагаа вэ? Ноднин даншигт барилдаж байсан Буянтогтох гэгч бөх байна.

- Арга байж уу!

- Мөн ч сайхан тэнхээ байна!

- Бие нь хүн хүнээс өөр, яасан ч эгэлгүй хүн бэ дээ?!

- Хаа хүрэх юм бол, доо? гэх зэргээр ярилцан цам майдар үзэж байгаа мэт өдий төдийгөөрөө даган явцгаахад харин Буянтогтохд цулбуураар хөтлүүлэн яваа Бүтэмж гэлэн тэр хүмүүстэй учир явдлаа ярилцан, хэрхэн мөрийцсөнөө тайлбарлаж явсан гэдэг. Ийнхүү явсаар их ч ядарч, Гандангийн зүүн хүр өөд гарахад нь хөл нь нугарчих гээд маш зүдэрч чухам хорондоо л шүд зуун зүтгэсээр гарч очиход цээжнээс нь ц у с амтагдаж байсан гэж хожим нь өөрөө ярьж байжээ.

- За манай хашаа энэ дээ! гэж Бүтэмж гэлэн сая нэг ам нээж дуугарахад нь үүрч ирсэн морио арай гэж буулгаж тавиад, бүсээ бушуухан тайлж авч бүслээд, Бүтэмжийн морийг авч дор нь мордоод эргэн явж одсон гэдэг. Ингэж Буянтогтох сайн морь, сайхан эмээлтэй болж байсан түүхтэй байжээ.

Бас нэгэн удаа өөрийн нутгийнхаа нэгэн их баян айлд буугаад гэрийн эзний хамт гадаа юм яриад зогсож байтал ойр айлын нэгэн айхтар догшин бух ирж тэдний бухтай мөргөлджээ.

Үүнд гэрийн эзэн их сандарч,

- Бухыг минь гэмтээчих вий! Энэ хоёрыг чинь яаж салгадаг юм билээ дээ?! Буянтоо чи ч салгаж чадахгүй биз? гэхэд Буянтогтох,

- Үзье байз! гээд тэр хоёр бух руу ойртон, дунд нь малгайгаа хаячихсанд, хоёр бух ч орилон, өөд өөдөөсөө ухасхийтэл Буянтогтох ч хажуугаас нь ухасхийн дайрч хоёр бухын нэг нэг эврээс нь ёзоордуулан барьж аваад хоёр тийш нь (гэдрэг нь) алдлан татжээ. Буянтогтох өөрийнхөө алдыг гүйцтэл хоёр тийш нь ухруулан татаж гүйцмэгц хоёр бух ч Буянтогтохын гарыг дийлэн өөд өөдөөсөө зүтгэн, хариугүй хүрдгийн даваан дээр дахиад л Буянтогтох нь дийлж хоёр тийш нь татан салгах бөгөөд энэ мэтээр удтал тэмцэлджээ.

 Хоёр бухыг бие биед нь хүргэлгүй нэлээд удтал ингэж хорьсны хойно Буянтогтох ч гар нь цуцаж ядраад тэр чигт нь тавиад орхичихжээ.

Гэтэл тэр хоёр бух дороо хоёулаа Буянтогтохоос зугтааж, эврээ сэжилсээр хоёр тийш яваад өгсөн гэдэг. Холдохдоо тэр хоёр бух харин эргэн харж, муухай гэгч о р и л с о о р гүйгээд явчихыг хүмүүс харж их л инээлдэж байсан гэнэ.

 

ВАНДАН ЗААН

Вандан зааны тухай ард олны ярих нь аварга их тэнхээтэйгээс гадна эцэж цуцашгүй хөдөлмөрч хүн байсан бөгөөд цаг ямагт аян жин тээдэг байжээ. Вандан бол хойшоо Хиагт Алтанбулаг руу үхэр тэргээр жин тээж, урд зүг рүү тэмээгээр жин тээдэг байсан гэдэг. Тэгэхдээ тэмээн жинд, дандаа бусдын орсон бууруудыг цуглуулан авч явдаг байжээ.

Орсон буур гэдэг бол эдлэх нь байтугай, хүн ойртохын аргагүй хүчтэй бөгөөд аймшигт амьтан мөн билээ. Гэтэл Вандан нь өөрийн бяр тэнхээ, арга самбаагаар орсон буурыг эз дийлдэг онцгой аргатай хүн байжээ. Энэ тухай нүдээрээ үзсэн хүний өгүүлэх нь:

Одоогийн Өгий нуураар нутагтай Равданых гэдэг айлд нэгэн өвөл Вандан заан очжээ. Вандан заан 4-5 орсон буур авч явсан бөгөөд тэднийгээ Равданы гадаа хүлчихээд орж мэнд усаа мэдэлцэн, нэлээд ярьж сууснаа,

- Танай буурыг авч жинд явна гэжээ. Үүнд Равдан,

- Ээ дээ Вандан минь, манай буур гэдэг чинь хүнд эдлэгдэх нь байтугай хүн барьдаг, нэртэй зартай айхтар буур гэдгийг нь мэднэ шүү дээ гэсэнд Вандан мэдэлгүй яах вэ. Гэхдээ би арай бариулчихгүй байлгүй, та буураа аваад ир! гэжээ. Равдан нь цааш олон үг ч ярьсангүй, мордон давхиад тэмээгээ хурааж иржээ.

Равданаас "Вандан чи улсын заан болохоос, буурын заан биш шүү!" гэж сануулсанд Вандан хайхарсангүй. "Энэ хэрийн буурыг зөндөө эдэлсэн" гээд суран ногт бариад очжээ. Равданы буур, тэмээнийхээ наад талд гарч шавж зогссоноо нэг хөрвөөж аваад, хүзүүгээ тавьж, Вандан руу хүрч иржээ.

Цагаан хөөс сахруулж, хурц соёогоо хангинатал хавирсан буур, хүзүүгээ тавиад орж ирэхэд, хүн байтугай ямар ч атан тэмээ, азарга, морь айж хотолздог бөгөөд ухаан зулаггүй зугтдаг билээ. Харин Вандан нь буурыг хүрч ирмэгц нэг юм хэлж зандран, толгойг нь хажуу тийш нь болгожээ.

Үүнд буур, Ванданг дал мөрөөрөө түрж газрын өөд жаахан гүйсэнд Вандан хүчийг нь дагуулж хэсэг түшиж гүйгээд, гарынхаа тохойгоор буурын эгэм рүү ёворч нэг юм хэлжээ. Үүнд буур нь бөгсөөрөө оцойн суусан байна.

Тэгээд дахин Ванданг мөрлөж гүйсэнд Вандан дахин ёворч суулгаад, ийнхүү гурван удаа ёвроход тэр хүчинд нь гурван удаа бөгсөөрөө суусан буур дахин элдэв зан гаргасангүй, гарын аясаар захирагджээ. Ингээд Вандан ч, тэр хар буурыг бусад бууруудтай холбоод тууж одсон гэдэг.

Харин энгийн тэмээнүүдийг хойно хойноос нь холбон хөтөлдөг бол энэ бууруудыг хүзүүгээр нь эгнүүлэн холбож, урдаа туусаар явсан гэдэг. Мөн Вандан нэг удаа үхэр тэргээр жин тээж яваад, Орхон Шаамарын тавилан дээр хөсөг тэргээ тавилангаар ус гатлуулж байжээ.

Тавилангийн тавцан дээр ачаа, тэргийг, үхрээс тусад нь гаргадаг тул Вандан ачаатай тэргүүдийг ганцаараа, арлыг нь сугадан хавчуулан бариад чирч буулгаж байжээ. Гэтэл нэг ачаа тэргийг тийнхүү чирч араараа ухран эрэг дээр гартал, тавилангийн оосор тасран цааш хөвж, тэрэг нь тавилан дээрээс хараахан гарч амжаагүй тул усанд орох болсонд Вандан тэргээ угз татуут хажуу тийш дүүгүүрдэн эргүүлж өөрөө биеэрээ бүтэн эргэж ачаа тэргийг эрэг дээр ус руу арлыг нь харуулан бүрэн бүтэн тавьсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]