Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Баримтат киноны найруулагч Болд хошуучийн тухайдУншсан1,420

Түүний телевизтэй холбогдох түүх нь Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэд, хүүхэд, залуус, цэргийн алба хаагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үндсэн зорилго бүхий “Эх орны төлөө” нэвтрүүлгийн анхны найруулагч байснаар тодорно.

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, “Соёмбо” сонин, “Дуулга” телестудийн байраар байнга л үзэгдэж, өөрийн болон найз нөхдийнхөө уран бүтээлийн тухай сонирхолтой яриаг тогтмол өрнүүлэн цаашид энэ сэдвээр тун сонирхолтой баримтат кино бүтээхээр яваа тухайгаа бахдан ярих, цэмцгэр агаад ажил хэрэгч нэгэн эрхэм бол монгол түмэндээ “Баримтат киноны” хэмээх тодотголтой Самбуугийн Болд найруулагч юм. Түүнд Офицеруудын ордны байшинг харахаар тун дотно, өөриймсөг сэтгэгдлийг төрүүлдэг талаар олонтоо сонссон сон. Учир нь энэ л ордонд түүний амьдралын нэгээхэн хэсэг өрнөж, өдрийн алжаалыг умартан олон шөнийн нойрыг хугаслан байж бүтээсэн жүжиг, концертууд, тэдгээрийн өрөлт, найруулга, бэлтгэл сургуулилт хийсэн он жилүүд болоод уран бүтээлч дайчин нөхдийнх нь хөдөлмөрийн хөлс шингэсэн алтан тайз нь бий болохоор тэр биз. Түүнчлэн нэлээд хэдэн жилийн тэртээ яруу найргийн бүлгэмийн дарга П.Бадарч, найрал дууны группийн орлогч, нэрт дуучин Т.Гэрэлт-Од нартай ширээ залган суусан дурсгалт жилүүд нь тодхон санагдах аж. Түүнийг Армийн Драмын Театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж байхад нь хөгжмийн группийн өрөөний цонхны дор бяцхан шинэс мод ургасан бөгөөд хориод жилийн дараа тэр л байшинтай эн зэрэгцэн өндөр ургаж, саглагар мөчрөө найгуулсан том мод болсон нь бас л нэгийг өгүүлэх аж.

 Тэр л өгүүлэмжийн эзэн Болд найруулагч одоогоос 70 жилийн тэртээ нийслэл хотноо мэндэлж, 1967 онд Хэнтий аймгийн 10 жилийн сургууль мөн 1971 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн кино драмын ангийг найруулагч мэргэжлээр төгссөнөөс хойш улс болоод цэрэг эрсийн ариун жагсаалд 40 гаруй жил ажилласны дотор телевизийн салбарт 25 жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулсан юм.

 Тухайн үедээ гарын таван хуруунд тоологдох их, дээд сургуулийн магнайд эрэмбэлэгдсэн багшийн дээд сургуулийг амжилт дүүрэн төгссөн тэрээр Шарын голын Соёлын ордны найруулагчаар ажлын гараагаа эхэлж мөн Нийтийн аж ахуй, үйлчилгээний Соёлын ордны найруулагчаар ажиллаж байгаад 1975 оны хавар цэргийн албанд морджээ. Түүний мөрдэстэй жилүүдийн амьдрал Ардын Армийн 124 дүгээр ангийн Холбооны сургуулийн салааны телеграфчин байлдагчийн албан тушаалаас эхтэй бөгөөд дээд боловсролтойн дээр цэргийн албаа үлгэр жишээ хааж, цаашид тогтвортой ажиллахаар саналаа хүргүүлсэн учир офицерын албанд дэвшин Ардын Армийн 084 дүгээр ангийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны даргаар амжилт дүүрэн ажилласныг нь ахмад дайчид хуучлах юм билээ. Түүний өгүүлснээр “Тус ангид томилогдож ирсний дараа албаны гэр барин айлын хашаанд буусан бөгөөд ганц төмөр ортой, орос цэргээс 70 төгрөгөөр худалдаж авсан цагаан шүүгээнээс өөр тавилгагүй байлаа. Шүхрийн батальонд жагсаалын цэргээс ангийн захирагч хүртэлх бүх албан тушаалтнууд шүхрээр бууна. Манай анги мэдлэг, боловсрол, бие бялдар-сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, ёс зүйн хувьд төлөвшилтэй, байлдааны самбогоор байнга хичээллэдэг, хятад хэл заалгадаг, халимаг үс ургуулдаг хугацаат цэргийн алба хаагчидтай байлаа. Шүхрийн спортын их мастерууд болох А.Банзрагч, Ц.Хандсүрэн, Д.Жамц мөн дүүжинд 461 удаа сонс эргэж армийн рекордыг тогтоосон “Сонс Баяраа” гээд алдартан олон. Миний хувьд тус ангид гурван жил болоход 50 гаруй удаа шүхрээр буусан ба шүхрийн спортын 3 дугаар зэргийн болзлыг хангаж билээ. Мөн цэргийн “жинхэнэ” дарга болъё гэж шийдээд хойд хөршид суралцахаар Цэргийн улс төрийн академийн шалгалтад тэнцэж явсан”-ыг нь уншигч танд сонордуулъя. Мөн ангийн удирдлага урлаг, уран сайхны ажлыг байнга дэмжин онцгой анхаарал хандуулж байсны ачаар хөгжмийн салааны захирагч Ц.Цэгмидтэй хамтран “Шүхрийн дэлбээ” цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулан өөрийн болоод бусад ангиудын нийт бие бүрэлдэхүүнд урлагаар үйлчилж явсан гэгээн дурсамж түүнийх юм. Түүний зэрэгцээ ангийнхаа сэтгэл нэгдсэн залуусыг уриалан Г.Трифоновын зохиол “Шөнө дунд гүүр сална” нэг бүлэгт драмын жүжгийг тоглуулан хамт олныхоо сэтгэлийн утсыг хөндөж явсан бахархал ч тэднийх бөлгөө. Энд тодотгоход, 1979 онд Батлан хамгаалах яамны сайдын нэрэмжит шалгалтаар Ардын Армийн 084 дүгээр анги “Онц анги”-ийн болзлыг хангахад дэслэгч С.Болдын хариуцсан Эвлэлийн хороо онц үнэлгээ авч, хугацаанаасаа өмнө ахлах дэслэгч цолоор шагнуулж явсныг нь онцолж байна.

 Аливаа хүн унаган хэмээн бэлгэшээдэг үндсэн мэргэжлээ насан туршид орхиж чаддаггүйтэй агаар нэгэн томилолт нь түүний найруулагчийн мэргэжил, ур чадварыг тухайн үеийн Батлан хамгаалах яамны удирдлага өндрөөр үнэлэн 1979 оноос Ардын Армийн Дуу Бүжгийн Ансамблийн найруулагчаар томилсон бөгөөд тэр л он жилүүд нь орь залуу насны эрч хүч, онгод хиймориор цалгин байсан нь юутай бахдалтай.

 Удалгүй тэрээр Армийн Драмын Театрт Ерөнхий найруулагч, уран сайхны удирдагчаар ажилласан бөгөөд энд нэгэн түүх сөхөхөд, тэртээ 1986 онд Ардын хувьсгалын 65 жилийн ойн нэрэмжит Бүх ард түмний урлагийн үзлэгт 40-өөд ардын театр, чуулга оролцсоны дотор Офицеруудын ордны дэргэдэх Ардын театрын уран бүтээлчид Э.Оюун, Д.Гармаа нарын зохиол “Хэзээ ч мартахгүй” жүжгээр оролцож тэргүүн байрт шалгарчээ. Тус театрын дараа удаах байрт Налайх болон Дархан хотын ардын театрууд шалгарч байсан түүхтэй. Ингэснээр Ардын Армийн Улс төрийн газрын даргын тушаалаар Ардын Армийн Дуу Бүжгийн Ансамблийн дэргэд 1987 оноос Армийн Драмын Театрыг байгуулсан ба ансамблийн жүжигчдээр цэргийн сэдэвтэй жүжиг, хошин шог, үзэгдлүүдийг бэлтгэн иргэд, цэрэг дайчдад үзүүлэн сурталчлах ажлууд өрнөсөн юм. Тэрхүү “шинэ” театр байгуулах нэр төртэй агаад тун хариуцлагатай ажлыг Ардын театрын дарга, Гавьяат жүжигчин Ё.Цэрэндулам, Г.Батмөнх, Дашзэгвэ, Д.Жагдаг, жүжигчин С.Болдбаатар, М.Дорждагва, А.Оюун нар эхлүүлж Улсын Драмын Театраас гавьяат жүжигчин Б.Тунгалаг, Л.Чаминчулуун, Д.Лхамхүү, Д.Баатархүү, Я.Оюунцэцэг нарын чадварлаг уран бүтээлчид уг театрт шинээр иржээ. Тэдний анхны уран бүтээл нь мөнөөх л “Хэзээ ч мартахгүй” жүжиг байсан ба 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдөр анхны хөшгөө нээсэн аж. Энэ үед тус театрын Ерөнхий найруулагч нь С.Болд байсан ба түүний дараа манай орны шилдэг найруулагчид зүй ёсоор тооцогдох Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, Ч.Найдандорж нар ажиллаж байсныг өнөөгийн залуус мэдрэх бас судлах учиртай. Тэрээр Л.Ванганы “Ач хүүгийн зүүд”, Ж.Лодойн “Бүрхэг шөнө”, Б.Наваансүрэнгийн “Бид дөрөв”, Ц.Балгансүрэнгийн “Аврорын дуу” зэрэг хэд хэдэн драмын жүжгийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд дэглэн найруулсан тухайгаа тухайн үеийн авьяаслаг уран бүтээлчдийнхээ хөдөлмөр, зүтгэл, хамтын үйл ажиллагааны үр дүн хэмээн хүндлэх юм билээ.

 Өнгөрсөн зууны ерээд оны эхээр улс орон, өрх гэрийн төдийгүй, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд ч шинэ уур амьсгал бий болж, орон тоо, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орохын сацуу хэн бүхэнд чөлөөт уран бүтээл хийх зам нээлттэй болохтой уралдан нийтлэлийн баатар маань иргэний амьдралд хөл тавьжээ. Тэрээр Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд найруулагчаар ажиллаж байгаад 1992 оноос “UBS” телевизэд найруулагчаар ажиллаж, уг телевизийн анхдагчийн нэг хэмээгдэн өнөөг хүртэл үр бүтээлтэй хөдөлмөрлөж явна.

 Түүний телевизтэй холбогдох түүх нь Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэд, хүүхэд, залуус, цэргийн алба хаагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үндсэн зорилго бүхий “Эх орны төлөө” нэвтрүүлгийн анхны найруулагч байснаар тодорно. Түүх сөхвөөс, дээрх нэвтрүүлэг нь 1981 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болсон бөгөөд эх орон даяар нэг сувгаар, өргөн далайцтай байж, тэдний хүсэн хүлээдэг нэвтрүүлэг болох үйлсэд тухайн үеийн Монгол телевизийн Залуучууд, спортын редакцын найруулагч асан С.Болдын оруулсан хувь нэмэр их юм. Тэр ч чанараараа тэрээр 1986 онд хошууч цол хүртэж ахлах офицерын эгнээнд жагсаал жигдрүүлсэн дурсамж саяхан мэт санагдаж буй нь дамжиггүй.

Нөгөө талаас эрхэм найруулагч маань соёл, урлаг, телевизийн салбарт бусад уран бүтээлчид, журмын нөхдийн хамт хагас зууны турш зүтгэхдээ 20 орчим жүжиг, 50 гаруй концертыг найруулж, 30 гаруй баримтат кино, 60 гаруй кино концертын найруулагчаар ажиллан телевизийн 600 гаруй нэвтрүүлэг, сурвалжилгыг бэлтгэн үзэгч олныхоо мэлмийг нээж, нүдийг баясган оюуны таашаал хүртээж явсныг бахархал дүүрэн онцолж буй минь энэ. Түүний сүүлийн жилүүдэд найруулж бүтээсэн цэрэг-эх орны сэдэвт “Халхын голын дуулал”, “Цэргийн чуулгын 80 жил”, “Иракт өнгөрүүлсэн 190 хоног”, “Зэвсэгт хүчний Жанжин штаб”, “Дайчин алдарт бригад”, “Нэгэн зууны баатар хөвгүүд” зэрэг баримтат кино нь бидний сэтгэлд хоногшиж, телевизүүдийн урын санд хадгалагджээ. Эдгээрээс тус сонины ахлах сурвалжлагч асан зохиолч, яруу найрагч дэд хурандаа Г.Баатарнумын “Иракт өнгөрүүлсэн 190 хоног” найраглалаар бүтээсэн баримтат кино нь 2014 оны кино наадамд тэргүүн байр эзэлснийг нь бид мэдэх билээ. Тэрчлэн өнгөрсөн жил “Цэргийн ансамблийн Бадарч” баримтат кино, гавьяат жүжигчин Г.Тэрбишийн амьдрал, уран бүтээлийг дэлгэсэн “Энэ миний амьдрал” хөрөг нэвтрүүлгийг бэлтгэн нийтийн хүртээл болгосон ба энэ онд Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Гурван фронтын дайчин” баримтат киног бүтээсэн нь уран бүтээлчийн мэргэжил тэтгэвэрт гардаггүйг гэрчлэн буй.

Тиймээс түүний улс, армид ажилласан туршлага, унаган багын авьяас, мэргэжлийн өндөр ур чадвар, тайзны урлаг, телевизийн хөгжил, оюуны сан хөмрөгт оруулсан жинтэй хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Цэргийн хүндэт медалийг хүртээсэн нь бахархах үйлс, бахдам дурсамжийнх нь нэгээхэн хэсэг биз ээ. Мөн телевизийн уран бүтээлч бүхний мөрөөдөл болсон Монголын телевизүүдийн “Алтан шонхор” наадмын тэргүүн шагналыг 2017 онд хүртжээ. Энэхүү хүндтэй шагналыг Бүгд Найрамдах Солонгос Улсын “KBS” телевизийн уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Ирээдүйн дэлхий” баримтат киноны бүтээлээр авсан бөгөөд түүнийг “Баримтат киноны Болд” хэмээх алдрын эзэн болсныг нь улам бүр тодотгож байна. Өнгөрсөн жил тэрээр энгэртээ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо гялалзуулан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын даргад бахархал дүүрэн илтгэхдээ миний өрөөгөөр түр саатан тус сонины зарим эрхлэгч, сэтгүүлчидтэй байнгын холбоотой ажиллаж явснаа, хамтран уран бүтээл туурвиж байснаа дурссан юм. 

Нийтлэлийн баатрын маань амьдралын түшиг тулгуур, насан туршийн хань Х.Мөнхцэцэг нь өөрийн эх орондоо гавьяа, зүтгэлтэй сурган хүмүүжүүлэгч, багш бөгөөд долоон хүүхэд төрүүлж өсгөсөн ачит эх, асралт эрхэм юм. Тэдний үр хүүхдүүд өдгөө өөрсдийн гэх мэргэжил, чадварыг эзэмшин эх орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсаар явна.

Тэр бээр нэрт жанжны сургаснаар "Цэргийн алба бол эх орноо хамгаалагчдын мэргэжил юм. Аль ч аавын хүүгийн шандсыг сорьж, зориг тэвчээрийг нь шалгадаг бахархал дүүрэн алба бөгөөд миний насан туршийн амьдралд цэргийн алба хаасан он жилүүд минь хэзээ ч мартагдахааргүй дурсамжийг үлдээсэн юм даа" гэдгийг онцолно билээ. Түүний өнөөгийн залуус, цэргийн алба хаагчдадаа хандаж зөвлөсөн “Аливаа хүмүүн нийгмийн дунд амьдарч суралцдаг. Ажлыг чин сэтгэлээсээ гүйцэтгэж, ахмад үеэ дээдлэн амжилт өөд ямагт тэмүүлж яваарай. Хүн даруу байж, биесээ хүндэлж, хийсэн ажил, уран бүтээлтэй, хэлэх үгтэй, хүүрнэх дурсамжтай амьдраарай” хэмээх сургамж үгээр энэхүү нийтлэлдээ түр цэг хатгая.

 Хурандаа Б.ОТГОНБАЯР

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]