Дэлхийн II дайны ялалтын жил 1945 он. Тавдугаар сарын 1-нд Зөвлөлтийн цэргүүд Рейхстагийн орой дээр ялалтын улаан туг хатгаж, долоо хоногийн дараа Берлин хотноо Германы дээд командлал, Улаан Армийн болон Холбоотны хүчний дээд командлалын өмнө 24 цагийн дотор бууж өгөх сүүлчийн баримтад гарын үсэг зурж, 9-нд И.Сталин ард түмэндээ ялалтыг зарласан билээ.
Бид энэ түүхийг сайн мэднэ, дараа нь болсон үйл явдал, аугаа их ялалтын парад, цагаан морьтой Жуков гээд л. Тэгвэл бидний мэддэг түүхүүд цаг ирэх тусам өөр болсоор, шинэ шинэ мэдээллүүд, түүхийн баримтууд ил болсоор байгаа юм. Тэдний нэг нь одоо өгүүлэх буюу дайныг тавдугаар сараас өмнө хоёр юмуу гуравдугаар сард Германы нутагт, тодруулбал Берлинд дуусгаж ялалтын тугаа хатгах боломжтой байсан, эсэх асуудал.
62-р армийн командлагч хурандаа генерал И.В.Чуйков
(Сталинградын тулаанаас гвардын наймдугаар арми болсон)
Тавдугаар сараас өмнө дайныг дуусгах боломжтой байсан тухай энэ яриа бүр 70-аад оноос буюу тодруулбал 1972 онд гарчээ. Тухайлбал үүнийг дэлхийн 2-р дайны Зөвлөлтийн алдартай маршалууд, нас өндөр болсон Георгий Константинович Жуков, Василий Иванович Чуйков нарын маргаанаар түүхчид сайн мэддэг.
Маршал И.В.Чуйковын хувьд дайныг цаг алдалгүй дуусгаж, олон мянган цэрэг эрсийнхээ амь насыг алдахаас зайлсхийж болох байсан гэж үзэн, багагүй хугацаа алдаж Германы нутагт их хохирол амссан нь Г.Жуковын буруу хэмээн шуудхан хэлсэн байдаг.
1945 оны хоёрдугаар сарын эхээр Берлинийг явдал дундаа эзэлж авах таатай нөхцөл бүрдсэн, өөрөөр хэлбэл цэргийнхний хэллэгээр давшилтын үеэр амсхийлт авалгүйгээр нэг амьсгаагаар эзлэх боломжтой байсан гэнэ. Учир нь Висла-Одерын давшилтын үеэр Зөвлөлтийн цэргүүд 20 хоногийн дотор 500 гаруй километрын турш байлдангаа хурдтай урагшилж байжээ. Гэтэл Берлин хүртэл ердөө 60-80 км үлдсэн бөгөөд хэдийгээр дайсан хамаг чадлаа шавхан эсэргүүцэж байсан ч Зөвлөлтийн арми байлдах бүрэлдэхүүн, зэвсэг, техник бүх талаараа хэд дахин давуу хүчтэй болж, асар их байлдааны туршлага хуримтлуулсан, тулалдах урам зориг, сэтгэл санааны байдал ид оргил дээрээ байлаа. Сталин ч яарч байв.
Белоруссын 1-р фронтын командлагч Г.К.Жуков
Гэвч Улаан армийн гол хүн болох маршал Жуков эсрэг байр суурьтай байлаа. Учир нь Холбоотнуудаас эмээлгүйгээр фашистын командлал өрнөд фронтоос дивизүүдээ яаравчлан татан авч дорнод фронт руу бөөгнүүлж байв. Үүний эсрэг явуут дундаа давшилтыг үргэлжлүүлэх нь аюултай гэж Жуков үзсэн аж. Гитлерийн эцсийн төлөвлөгөөний эсрэг хүчээ шилжүүлэн байрлуулахад цаг хугацаа хэрэгтэй байлаа.
Харин Сталин тэргүүтэй удирдлага яагаад яарч байсныг тайлбарлая.
Зөвлөлтийн тагнуулчид Холбоотнууд Гитлерийн төлөөлөгчидтэй нууцаар найрамдлын гэрээ хийх гарц хайж буй тухай мэдээ баримтыг олж авчээ. Түүнээс гадна германчууд холбоотнуудын эрхшээлд орохыг илүүд үзэж, өрнөд фронтыг бараг эзгүйрүүлж, Зөвлөлтийн цэргийн эсрэг үхэн тулалдаж байсан. Ийнхүү дайны явцад эргэлт гарч, найдваргүй холбоотнуудад ар хударгаараа мэхлэгдэхийг Сталин хүссэнгүй, фашизмыг ичээнд нь нугаслахаар аль хоёр, гуравдугаар сард яаруулж байлаа.
Украины 1-р фронтын командлагч маршал И.С.Конев
Ингээд эцэст нь Сталин Жуковын үгэнд оров. Украины 1-р фронтын командлагч Иван Конев ч Жуковын талд байв. Ингээд хүчээ шилжүүлэн бүлэглэх, бусад байлдааны операциудыг хийх зэргээр Берлинийг эзлэх хугацаа бараг гурван сараар хойшилжээ.
Ер нь Жуковын болгоомжилсон ёсоор Зүүн Померан дахь Германы “Висла” армийн хүчийг дутуу үнэлэх хэрэггүй байсан нь сүүлд нацистын командлалын олзлогдсон баримт бичгүүдээс ил болсон байдаг. Хэрэв хоёрдугаар сард Берлин руу давшсан бол Германы армийн "Висла" бүлэглэл өрнөд фронтоос татаж ирүүлсэн 40 орчим дивизийн нэмэлт хүчээр Зөвлөлтийн цэрэгт үхлийн аюул учруулах байлаа. Энэ тухай олзлогдсон фельдмаршал Кейтель “1945 оны хоёроос гуравдугаар сард Берлин руу давшиж байгаа цэргийн эсрэг сөрөг дайралт хийхээр төлөвлөж байсан. Үүний тулд Померан дахь байлдааны түшиц газрыг ашиглах гэж байлаа. Висла бүлэглэлийн цэргүүд Оросын фронтыг сэтэлж араас нь довтлохоор төлөвлөсөн" хэмээн мэдүүлсэн бол энэ төлөвлөгөөг Гудериан ч баталж ”Оросуудыг фронт руу томоохон хүчээ татаж дуусаагүй байхад, мөн бидний төлөвлөгөөг мэдээгүй байгаа дээр нь Германы командлал Висла бүлэглэлийн хүчээр асар богино хугацаанд маш хүчтэй цохилт хийхээр төлөвлөж байсан” гэсэн байлаа.
Белоруссын 2-р фронтын командлагч маршал К.Рокоссовский
Тэгэхээр эндээс харвал Жуковыг буруутгасан "алдагдсан боломж"-ийн талаархи Чуйковын буруутгал эндүүрэл гэж бодохоор. Түүх ч үүнийг батлах мэт. Жуков, Конев, Рокоссовский нар хүчээ шилжүүлэн бүлэглэж Гитлерийн сүүлчийн аюултай төлөвлөгөөг тас цохисон төдийгүй, хойд, урд талаасаа ямар ч аюулгүй болсон үедээ Берлиний ажиллагааг эхлүүлж, итгэл төгс ялалтыг авчирсан билээ.
Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Берлиний операци эхлэв. 19-ний өдөр Германы сүүлчийн түшиц газар Зеелов өндөрлөгийн хамгаалалтыг Белорусын 1-р фронт давлаа. Гвардийн 3-р арми, Гвардийн танкийн 3, 4-р армиуд Берлиний зүүн хойд талаас давшиж эхлэв. Үүнтэй зэрэгцэн холбоотнууд Элба гол руу чиглэлээ.
Жуков, Чуйков нар
Улаан арми асар их хохирол амсаж байсан ч урагшилсаар байв. 4-р сарын 1-19-нд 2800 орчим танкаа алдсан нь Германы эсэргүүцэл ямар хүчтэй байсныг илтгэнэ. Зөвлөлтийн маршалууд Берлинийг төмөр цагирагаар улам бүр шахсаар байв.
Германы тал зэвсэг барьж чадах бүх хүмүүсийг нас хүйс ялгалгүй дайнд оруулсаар. 4-р сарын 20-нд фюрерийн төрсөн өдрөөр Белорусын 1-р арми хотын төвийг их буугаар галлаж эхлэв.
Украйны 1-р фронт нацистын армийн Төв бүлгийн хойд жигүүрийг Ютерборг руу шахаж, Белорусын 2-р фронт өнөөх Висла бүлгийн хойд жигүүрийг бут ниргэлээ. Зөвлөлтийн цэрэг Берлинийг бүсэлж, 9-р армийг бүрмөсөн устгах төлөвлөгөөтэй байв.
4-р сарын 22-нд 9-р арми болон генерал Штейнерийн бүлэглэл зохион байгуулалттай хүч байхаа больж, эмх замбараагүй хуваагдсан ч байлдааныг үргэлжлүүлсээр байв.
4-р сарын 24-нд Германы сүүлчийн гол хүч болсон 12-р армийг Элба мөрний эргээс ухарч Берлинийг хамгаалах тушаал өгөв.
Гэсэн ч Зөвлөлтийн маршалууд энэ ухралтыг ч тооцоолсон байв. Берлин орох замд 12-р арми Зөвлөлтийн цэрэгт бут ниргэгдэж, Германы талд цэргийн хүч гэхээр юм үлдсэнгүй. 12-р армийн сүйрлийг Геббельс, Борман нар Гитлерт мэдэгдээгүй гэдэг.
4-р сарын 28-нд бүх зүйл тодорхой болж Гитлер генералуудынхаа өмнө дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч амиа хорлохоо мэдэгдэв. 30-ны өдрийн 15 цаг 30 минутад фюрер эхнэрийн хамт амиа хорлож, түүний гэрээслэлийн дагуу адмирал Дениц Рейхийн шинэ удирдагчаар томилогджээ.
5-р сарын 1-нд Дениц гал зогсоох гэрээ байгуулахаар төлөөлөгч явуулав. Гэвч Зөвлөлтийн командлал үг дуугүй бууж өгөхийг шаардаж байлаа. 13 цагт Рейхстагийн орой дээр Зөвлөлтийн цэргүүд улаан туг мандуулж, ЗХУ өөрийн ялалтыг батлав. 2-ны өглөө генерал Вайдлинг олзлогдож үлдэгдэл цэргүүдэд эсэргүүцлээ зогсоох тушаал өгснөөр цэрэг дайны ажиллагаа дуусгавар боллоо. 5-р сарын 7-ны өдөр Герман улс Үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Европ тивд дайн төгсөв. Гэхдээ бууж өгөх тухай тушаал, хүлээж аваагүй, энэ тухай радиогоор сонсоогүй Чехословакийн Прага, Братиславын районд гол хүчнээсээ таслагдан үлдсэн Германы дорнод фронтын "Төв" бүлэглэлийн 3 арми бүслэлтийг сэтлэн ухрах гэж оролдон 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эсэргүүцэл үзүүлсэн байдаг.
Ийнхүү Берлиний операци амжилттай дууссан. Тухайн үед И.В.Чуйков Сталинградын тулаанаас эхлэн гвардийн болсон Наймдугаар армийн командлагч, хурандаа генерал цолтой (1955 онд маршал цол авсан), маршал Жуковын удирдлага дор Белоруссын Нэгдүгээр фронтын бүрэлдэхүүнд тулалдаж байсан.
Тиймээс магадгүй гуч гаруй жилийн дараа Зөвлөлтийн жанждын дунд хувийн харилцаанаас үүдэлтэй таагүй зүйл "алдагдсан боломж" болж сөхөгдсөн ч байж мэдэх.
Дайны дараа, маршал Чуйков, Жуков нар
Нийтлэгч Г.Ванчиг