Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

ЗХУ, Монголын шинэ харилцаа буюу 1924-34 онд Зөвлөлтийн анхаарлын төв хаана байв?Уншсан13,953

ЗХУ, Монголын шинэ харилцаа буюу 1924-34 онд Зөвлөлтийн анхаарлын төв хаана байв?

Судлаач С.Алдар бичиж байна.


1920-22 онд Улаантанд ялагдсан цагаантнууд Манжуур руу дүрвэж, Харбин хотод орос иргэдийн тоо 200 мянга хүртлээ өсөв. Орогносон цагаатнууд тэнд хуучин Хаант Оросын төмөр замыг хятадтай хамтран эзэмшиж байв. Өмнө нь 1896 онд Хаант Орос Манжуурт 1700 км төмөр замыг барихад 400’000’000 алтан рублийн хөрөнгө оруулсан юм. Уг Манжуурын төмөр замыг түүхэнд “Дорнод Хятадын төмөр зам” гэж нэрлэж байв.

 

ЗХУ Манжуур дахь Хаант оросын төмөр замыг буцаан авахын тулд 1924 оны 5-р сарын 31-ний өдөр Хятадын БНУ-тай (гамин буюу гоминдан) “Асуудлыг зохицуулах ерөнхий зарчмын гэрээ”-г байгуулж, анх удаа дипломат харилцаа тогтоосон юм. Уг гэрээнд Монголын тусгаар тогтнох асуудалд буулт хийж, Улаан армийн анги нэгтгэлээ Монголоос гаргахаар болов.

Байгуулсан гэрээнийхээ дагуу 1925 онд Манжуурын төмөр зам дахь Цагаантны мэдлийн хувь хөрөнгийг ЗХУ эзэмшилдээ шилжүүлж авснаар дайран өнгөрөх Харбин хотод ЗХУ-ын иргэд олноороо шилжиж эхэлцгээв.

1912 онд Манжийн Юань Шикай, Гоминданы Хятадын Сун Ятсений байгуулсан Манж-Хятадын хамтарсан Бүгд Найрамдах засаг задарч, хуваагдал 1926-1928 оны үед иргэний дайнд хүрэх нь тэр. Иргэний дайнд ЗХУ Гоминданы Хятадыг дэмжиж, Чан Кайшид алдарт жанжин Блюхерээ цэргийн зөвлөхөөр явуулжээ.

Зургийн тайлбар: Гоминданы армид Галина гэх нууц нэрээр цэргийн зөвлөхөөр ажилласан, ЗХУ-ын нэрт жанжин В.К.Блюхер. 1924 оны 10-р сараас 1927 оны 8-р сар хүртэл Хятад дахь Чан Кайшигийн цэргийн ажиллагааг амжилттай явуулахад оролцсоны төлөө ЗХУ-ын 1929 оны газрын зурагт түүний зургийг оруулж хэвлэсэн байдаг. Тэрбээр 1938 онд хилс хэргээр цаазлагдсан.

Гоминданууд хуучин хамтрагч Манжийг ялж, 1927 онд Манжийн хаан Пү И-г Бээжинд хориотой хотод хорьсон байна. Гэсэн ч 1928 онд Манжуурыг нэгтгэсэн Чан Кайши төмөр замын эзэмшлийн асуудлаар ЗХУ-ын ашиг сонирхлыг нь хөндөж, зөрчилдөж эхэлсэн аж. Зөрчлөө шийдэж чадалгүй, 1929 оны Дэлхийн Их хямралаас сарын өмнөхөн, Гоминданы Хятад шахалт үзүүлэх хэмээн ЗХУ-ын хил дээр зэвсэгт өдөөн хатгалга хийв. Энэ нь 1917 онд Зөвлөлт засаг тогтсоноос хойш асуудлаа зэвсгээр шийдэх гэсэн Гоминданы анхны оролдлого байв.

Хилийн мөргөлдөөнд Чан Кайши төмөр замын хуучин эзэмшигч Цагаантныг зэвсэглэж, татан оролцуулжээ. Хятад ийм байдлаар ЗХУ-ыг Манжуураас шахвал, 1924 онд байгуулсан гэрээгээр Монголын асуудалд буулт хийсэн заалтаа ЗХУ сөхөж болох байв.

Мөргөлдөөн намжснаас хойш, Манжуурын төмөр зам 1929-31 онд 157,9 сая рублийн орлогыг оруулсан аж. Хоёр хувь нийлүүлэгчид тээвэрлэлтийн орлого хуваарилалт, хувь эзэмшилд дахин зөрчилдөн, маргаан байнга дагуулсаар л. Маргаан Японы сонирхлыг ихээр татаж, ЗХУ-ын хувь хөрөнгийг худалдан авахад Хятадад зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж Япон мэдэгдэх болов. Япон сонирхлоо шууд хэрэгжүүлж, 1932 онд Манжуурыг эзлэж, Манжго улсыг шинээр байгуулсан байна. Ингээд Манжуурын төмөр замын Хятадын талын хувь нийлүүлэгч Японы Манж-го улс болов. Япон төмөр замын зангилаанууд дахь Зөвлөлтийн иргэд, ажилчдыг баривчлах, сүрдүүлэх, хорих, нутаг буцаах зэргээр байнгын шахалт дарамт үзүүлж байв. Эцэстээ, ЗХУ Манжуурын төмөр замын хувиа зарахаар шийдсэн билээ. ЗХУ Японы талд төмөр замынхаа хувийг 250 сая рублиэр зарах саналыг 1932 оны 8 сараас тавьсан. Хоёр тал зарах хувь хөрөнгийн үнэлгээнд тохиролцож чадалгүй мухардсан байв. Гэтэл удааширсан хэлэлцээрт Японы гадаад явдлын яамны сайд Коки Хирота 1933 оны 9-р сарын 12-нд 140 сая иенээр авах саналыг дэвшүүлж хөдөлгөжээ.

ТӨМӨР ЗАМ ХУДАЛДСАНЫ ДАРААХЬ БУЮУ 1935-1945 ОНЫ ЗХУ- МОНГОЛЫН ШИНЭ ХАРИЛЦАА

1935 оны 3-р сарын 23-ны өдөр Сталин бие төлөөлөгчөө Токиод илгээн, Манжуур дахь төмөр замын хувиа 150’000’000 иенээр худалдах гэрээг батламжлав. ЗХУ-тай амжилттай хэлэлцэн тохиролцож, Манжуурын төмөр замыг худалдан авах дипломат ажлыг голлон явуулсан хүн нь Японы гадаад явдлын яамны сайд Коки Хирота байлаа. Тэрээр энэ дипломат амжилтаар үнэлэгдэж, энэ эрчээрээ Японы Ерөнхий сайдаар 1936-1937 онд дэвшигдэн сонгогджээ. Хожим 1948 онд Олон улсын Цэргийн шүүхээр Хятадын эсрэг цэргийн гэмт хэрэг хийсэн хэргээр яллагдан цаазлагдсан.

Зургийн тайлбар:  Японы гадаад хэргийн сайд Коки Хирота. Түүний  үнийн санал ЗХУ-ыг Манжуураас гаргасан байдаг. 1948 онд Олон улсын шүүхэд дайны гэмт хэрэгтнээр яллагдаж цаазлагдсан.

1924 оноос 1935 он хүртэл 12 жил ЗХУ Манжуур дахь Дорнод Хятадын Төмөр замыг илүү анхаарч, харин Монголын асуудалд Коминтернээр дамжуулж оролцож байв. 1932 онд Манжуур Японд эзлэгдэж, мөн 1935 онд ЗХУ Төмөр замынхаа хувиа зарж Манжуураас бүрэн гарсан нь ЗХУ Хятадын 1924 онд байгуулсан Манжууртай холбоотой гэрээний гол заалт хэрэгжих боломжгүй болов. Хэрэгжих боломжгүй эл заалтуудтай 1924 оны "эрэмдэг" гэрээгээр Монголын асуудлыг заавал мөрдөх шаардлагагүй болж, харин Монголын асуудалд шууд оролцох боломжийг ЗХУ-д давхар олгосон юм. Ингээд ЗХУ-ын хувьд 1935 оноос эхлэн Алс дорнод дахь онцгой анхаарлын бүс нь Монгол болж хувиран, шинэ дэглэм тогтоох, шинэ удирдагчтай болгохыг яаравчилж, энэ бүх боломжоо бүрэн ашиглаж байв.

Зургийн тайлбар: Сталин Буриад охин Гелятай 1936 оны 1-р сард авахуулсан зураг. Москвад Сталин нийт монголчуудын анхаарлыг хандуулахын тул эхлээд Буриад Монголчуудтай уулзсан байдаг. Энэ мөчид авахуулсан зураг юм. Энэ зургаас 2 сарын дараа Монгол ЗХУ харилцан туслалцах гэрээ байгуулсан.

Тухайлбал, 1935 оны 12-р сард Москва дахь Монголын элчин сайдын яаманд, Сталин, Ворошилов, Молотов, Берия гээд ЗХУ-ын бүх өндөр албан тушаалтнууд гэнэтийн бүрэн бүрэлдхүүнтэй хүрэлцэн ирсэн, 1936 оны 1-р сард Буриад монголчуудтай уулзалт хийсэн, 1936 оны 3-р сард Монголтой харилцан туслалцах гэрээ байгуулсан, 9-р сард ЗХУ-тай зарим асуудлаар санал зөрөлдөж байсан Ерөнхий сайд Гэндэн огцорсон, Монгол-Манжго улсын хэлэлцээрийг 1937 оны 9 сард зогсоосон, Японы эсрэг нэрийн дор 10-р сард Хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн, 1939 оны 5-9 сард Халхын голд ЗХУ Монголын хамтарсан цэргийн ажиллагаа амжилттай болсон гээд араасаа цуврах түүхэн үйл явдлууд ЗХУ-ын оролцоо, нөлөөтэй өрнөсөн байдаг.

Улс төрд өрнөсөн үйл явдлууд хоёр улсын 1935-45 оны соёл урлагийн харилцаанд гүн тусгалаа олж, ЗХУ-ын орон даяар "Монгол үндэстэн, Монгол улс"-ын уур амьсгалаар амьсгалж байв. ЗХУ-ын түүхийн зохиолч Василий Ян И.Сталины даалгавраар 1939 онд “Чингис хаан”, 1942 онд “Бат хаан” романаа бичиж туурвижээ.

Монгол судлалыг хөгжүүлэхэд Зөвлөлтийн ШУА-ын Дорно дахин судлалын салбарыг дайчлан, 1936 оноос төсөв хөрөнгө батлан зарцуулж, эхнээс нь Чингис хаан, Их Монголын түүхэн сурвалжууд перс, араб, түрэг хэлнээс орос хэл дээр орчуулагдаж хэвлэлд оров. Үүнээс томоохон үр дүн нь Рашид аддины "Судрын Чуулган"-ы 3 боть 5 хэсгийн орос хэл дээрх бүрэн орчуулга байв. Мөн Кино урлагт 1936 онд ЗХУ-тай хамтран анхны “Монгол хүү” киног бүтээв. Кинонд японы эсрэг ар өвөр монголчуудын тэмцэл, үйл явдлыг харуулна.

Монголын өдрүүд ЗХУ-д өрнөж, Монголын түүх, соёл, урлаг, бусад мэдээлэлтэй зөвлөлтийн удирдагчид, иргэд танилцаж байв. ЗХУ 1935 оноос Монгол улсад бодлогоо тууштай чиглүүлсний эцэст, 10 жилийн дараа Ялта хотноо И.Сталин Монгол улсыг АНУ, Их Британиар хүлээн зөвшөөрүүлэх саналаа Японы эсрэг дайнд орох болзол болгож анх оруулсан түүхтэй.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 10 сар 15. 12:52
Энгүүн

Зохиолч Янчевецкий.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]