Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Юлий Цезарь далайн дээрэмчдийн гартУншсан29,321

Гай Юлий Цезарь Август Германик бол бүх цаг үеийн, бүх ард түмний дунд хамгийн алдартай цөөхөн хүний нэг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Гай Юлий Цезарь Август Германик бол бүх цаг үеийн, бүх ард түмний дунд хамгийн алдартай цөөхөн хүний нэг. Энэ хүний нэрээр 7-р сар нэрлэгдээд зогсохгүй, кайзер, царь,кесарь зэрэг хаан гэсэн утгатай нэршил нь чухам түүний нэрээс үүсэн бий болж  Дэлхийн улс орнуудад тарсан байдаг билээ. 

Гай Юлий Цезарийн тэр агуу амьдралын тухай, дайн байлдаанд байгуулж байсан ялалт, улс төрийн амьдралд хийж байсан тэмцэл, насан туршийн консул, диктатор болж байсан тухай (диктатор-дарангуйлагч, муу бузар булай...  гэж манайхны зарим нь их ярьж бичдэг.Диктатор гэдэг бол албан тушаал, засаглалын нэг хэлбэр ) өч төчнөөн түүхийн материал, зохиол,кино, үзэл бодол байдаг бөгөөд тэр бүхнийг бичих цаг хугацаа байхгүй, тийм чадал ч үгүй учир түүний амьдралд тохиолдож байсан нэгэн бяцхан түүхийг сонирхуулъя.

Юлий Цезарь манай эриний өмнөх 100, зарим тохиолдолд 102 онд төрсөн гэдэг бөгөөд төрсөн сар, өдөр нь 7-р сарын 12.

Ингээд  м.э.ө 75 онд буюу 25-27 настай Цезарь нь диктатор Суллын гараас мултарч гаран алсын нутгаар, хамаатан садан айлуудаар  хэсэн амьдран суух үедээ далай руу ганцаараа завьтай гарч элдэв юм бодон, илтгэх урлагаа  сайжруулах гэж ганцаараа ярин байдаг байсан гэнэ. Нэгэн удаа завь бүр задгай далай руу орохыг тэрээр бодолдоо автан мэдээгүй ба удалгүй далайн дээрэмчдэд баригджээ. Плутархын бичсэнээр бол далайн дээрэмчид түүнийг 20 талант мөнгөөр (ойролцоогоор 620 кг мөнгө, 600 000 орчим орчин үеийн америк доллартай тэнцэх хэмжээний юм гэнэ)   сольж авахаар шийдэн ар гэрийнхэнд нь шаардлага хүргүүлэх гэтэл Цезарь уурлаж “20 талант гэдэг бол намайг доромжилж байгаа хэрэг.  Тэнэгүүд та нар хэнтэй таарсныгаа мэдэхгүй байна, миний төлөө 20 талант гэдэг бол доромжлол, бүр ичмээр хэрэг бөгөөд хамгийн бага хэмжээ нь 50 талант байх ёстой (1550 кг мөнгө) гэж шаарджээ.

Далайн дээрэмчид энэ дуу ихт нөхрийн шаардлагыг харин ч дуртай биелүүлсэн нь ойлгомжтой бөгөөд 50 талант өгөхгүй бол “энэ нөхрийг ингэнэ тэгнэ гэсэн” утгатай юм бичээд гэрийнхэнд нь явуулсан байна.

Энэхүү 50 талант мөнгийг цуглуулахын тулд нийт 38 өдөр шаардагдсан гэдэг. Өөрөөр хэлбэл тэрээр 38 хоног далайн дээрэмчдийн гарт байжээ. Эдгээр өдрүүдэд үг хэл, байгаа байдлаараа хүнийг өөртөө татах чадалтай Цезарь нь өөрийг нь барьцаалж байгаа дээрэмчдийг бүр захирдаг болсон байсан ба унтаж байх үед нь хоорондоо ярьж саад хийхийг нь хүртэл нь хүртэл хориглож байсан гэдэг.

Баригдсаны дараах эхний хоногуудад тэрээр олон шүлэг бичиж түүнийгээ уснаас өөр юм хараагүй удсан дээрэмчдэд уншиж өгдөг байгаад удалгүй далайн дээрэмчдийн мөрийтэй тоглоомд нь оролцдог болж хожиж, хожигдож, зарим нэг шуурга, салхины үед бүр команд өгдөг болсон байна. Энэ бүхэн хэр үнэнийг ёстой тэнгэр л мэдэх ба ямар ч байсан эртний Ромын түүхчид, цэцэн цэлмэг толгойнууд нь ингэж л бичиж ярьдаг юм гэнэ лээ.

Ийм байдлаар дээрэмчдийн дунд байр сууриа олж авсан Цезарьт зарим нэг эрх чөлөө олгосон ба тэрээр усан онгоц, далайн дээрэмчдийн орогнох арал дээр дураараа байх болсон байна. Бага  боловч эрх чөлөөтэй болсон Цезарь арлаар, онгоцоор тэнэн байх үедээ дайралдсан дээрэмчдийг “эрх чөлөөтэй болонгуутаа эргэн ирж та нарыг барьж загалмай модонд цовдолж ална” гэж сүрдүүлэг, тоглоомын дундуур анхааруулдаг байсан гэдэг. Дээрэмчид ч хэл ам нь гүйцэгддэггүй энэ эрийн ярьж хэлж байгааг үл тоодог байж.

Удалгүй хүсэл болсон мөнгө ирж Гай Юлий Цезарь суллагдлаа. Түүхээр бол Цезарийг Фармакусса хэмээх жижигхэн арал дээр хорьж байсан ба суллагдсан Цезарь хуурай газарт ирэнгүүтээ далайн дээрэмчдийг барих бүлэг зохион байгуулж  эргэн далайд гарсан байна. Санаандгүй их мөнгө олсондоо балмагдсан уу, үнэхээр Цезарийг эргэн ирнэ гэж бодоогүй юу далайн дээрэмчид бүгд л өнөөх арал дээрээ байж байгаад баригджээ.

Баригдсан дээрэмчдийг шүүж цаазлахыг тухайн бүсийн шинэ удирдагч Марк Юнгаас гуйхад өнөөх нь татгалзаж Цезарийг дураараа болохыг зөвшөөрсөн байна. Цезарь ч хэлсэн амандаа хүрэн далайн дээрэмчдийг бүгдийг нь цовдолсон ба өөрийг нь сольж авсан 50 талант дээр нэмээд нэлээдгүй орлого олсон гэдэг.

Светоний гээч хүн энэ явдлын тухай бичихдээ Цезарийн сул дорой, зөөлөн зантайг онцолсон байдаг ба учир нь Цезарь далайн дээрэмчдийг цовдолж ална гэж ярьдаг байсан боловч амьдаар нь цовдолж төдөлгүй эхлээд хутгалж алсны дараа цовдолсон гэжээ.

Юлий Цезарь Клеопатрагийн хамт

P.S,

Алдарт «Veni, vidi, vici» буюу “ирлээ, үзлээ, яллаа” хэмээх үгийн эзэн болсон Гай Юлий Цезарийн тухай зарим нэг сонирхолтой баримт

-Хийсвэр хагалгаа буюу кесарево хэмээх хагалгааны нэр нь  Цезарийн нэрээс үүдэлтэй гэдэг яриа, домог бий.  Учир нь Цезарийг чухам ийм хагалгааны аргаар хорвоод хүн болж ирсэн гэж бичсэн зүйл байдаг бололтой. Гэхдээ үүнийг үгүйсгэх түүхчид бас дутахгүй их.

-Цезарийн ганц ч үр хүүхэд амьд үлдээгүй, удам судар нь тасарсан гэж үздэг байна.

-Олон хүн Гай Юлий Цезарийг Ромын” император” буюу эзэн хаан гэж ойлгодог боловч үнэндээ тэрээр хаан байсангүй. Насан туршийн диктатор, консул болсон түүнийг эзэн хаан хэмээн зарлая гэж түүний хамтран зүтгэгч, дараа нь өст дайсан болсон Касси нь ярьдаг, Цезарийг хааны титэм өмсөхийг олны өмнө нэг биш удаа хүсэж байсан гэдэг. Цезарь үргэлж эсэргүүцдэг байсан байна.

-Эртний ромд усан үзмийн мөчрөөр хийсэн хэлхээ зүүж явах эрхийг нэр хүндтэй хүнд олгодог байсныг Цезарь байнга хэрэглэдэг байжээ. Энэ нь түүний хувьд халцарч байгаагаа нуух сайхан хаалт болсон байна. Уг нь түүний нэр нь («Caesar») үсэрхэг гэсэн утгатай юм гэсэн.

-Гай Юлий Цезарийг хуйвалдагчид хутгалан алах үед тэдний дотор өргөмөл хүү (зарим нь Брутыг түүний нууц хүү гэх нь бий) Брут нь хутга далайн цуг байхыг хараад  «Et tu, Brute» (Брут хүү минь, чи ч гэсэн үү) гэж хэлээд тогогаараа (ороосон унжлага маягийн хувцас) нүүрээ бүтээн чимээгүй хутгалуулсаар үхсэн гэдэг.

Брут хүү минь, чи ч гэсэн үү

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]