Нийтлэлч Авиан Баатархуягийн "Мартагдсан бэлгэдлүүд-Монгол наадам" нэвтрүүлэг буюу "Луут хотын тахилгаас Хүн гүрний ойг хүртэл..." нийтлэлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа хүргэж байна.
Монгол орны зун цаг эртнээс найр наадмын уламжлалтай байв. бичсэнээр XIII зууны үед наадам “хуран сар” буюу долдугаар сард болдог байсныг тэмдэглэсэн. Үүнээс өмнөх түүхийг үзвэл Хүн гүрний үед мөн энэ орчим Луут хотод их тайлга, баяр наадам хийж байжээ.
1772 оноос Халхын ноёд Хэнтий ханыг тахиж наадамладаг болжээ. Хойно Түшээт хан, Сэцэн хан хоёр аймаг "Арван засгийн наадам" гэж нэрлэж шавь гурван газраас Богдын ордны өмнө наадам хийх болов. Шавь гурван газар гэдэг нь хоёр аймаг ба шавь нийлээд гурав гэсэн үг юм.
Арван засгийн наадмыг жил бүр хийдэг. Гурван аймгаас нийт гурав, дөрвөн зуун бөх барилдаж байсан ба морь уралдуулдаггүй, оронд нь сур, бөмбөг харвадаг байжээ. Зарлигийн сурыг гурван хоногт харвадаг байв.
Харин дөрвөн аймаг, шавь таван газраас хамтарсан долоон хошуу наадмыг гурван жил тутам нэг удаа хийдэг байжээ. Долоон хошуу наадам бол урьд Өндөр гэгээнийг Халхын долоон хошуу нийлж, Ширээт цагаан нуур хэмээх газар, ширээнд залж, даншиг өргөснөөр "Долоон хошуу даншиг" гэж нэрлэсэн юм. Үүнээс хойш дараахь дүрийн богдуудад даншиг өгөх болжээ. Даншүг гэдэг төвд үг нь Монголоор "Бат оршил" гэсэн утгатай. Даншигт бөх, морь, сур эрийн гурван наадам бүрнээр ордог.
Үүнд түмэн лангийн даншгийг дөрвөн аймаг, шавь таван газраас өргөдөг байлаа. Дээр нь мянган лангийн зоог, идээг бас цогчин дуганд өргөнө.
Түүний дараа 1000 гаруй бөх, долоо хоног ордны үүдэнд барилдана. Түрүүлж, үзүүрлэсэн бөхийн байд тус бүрт нь дээлийн торго нэг, 100 лан мөнгө, зузаан хунз цай, булигаар, үнэгний арьс, нэг тэмээ, морь, хонь, үлэмж их идээ, жимсний хамтаар өгдөг байжээ. Үүнийг есөн бэлэг гэдэг. Эсвэл булигаарын оронд таван лан, хонь, үнэгний оронд 1 лан 5 цэн мөнгө, тэмээний оронд 50 лан мөнгө, морины оронд 8 лан өгнө. Бусад бөхчүүдэд янз бүрийн бай өгч байв.
Бөхийг тараагаад Богд хаан уулын чуулган чуулдаг байв. Түүнд зориулж шавиас Шанзавын яамны хашаанд найман ханатай, дөрвөн баганатай том өргөөг барьдаг байжээ. Чуулганд дөрвөн аймгийнхан, хан, ван, гүн, засгууд цөм цуглах ба идээ цайг ес есөөр өрж ёсолно. Мөн айраг, архи, арз, хорзыг их хэмжээгээр бэлтгэсэн байна.
Дөрвөн аймгаас дөрвөн хуурч, дөрвөн дуучин гаргаж, "Түмний эх", "Хуурын магнай", "Төрийн товч", "Өвгөн шувуу" дөрвөн дууг дуулах ба "Өвгөн шувуу" дуу 32 түрлэгтэй тул их удаан дуулна.
Идээ цай, айраг архи барихад шавийн Шанзав, хоёр Да лам, олон яамны зайсангууд, богдын донирууд цөм хундага барьдаг. Ингэж лам хуврагууд хундага барьдаг нь Төрийг ёсолж байгаа учиртай ажээ. Шанзав буюу “Чаг зод ба” гэдэг "Санг мэдэгч ноён" гэсэн төвд үг юм.
Чуулган эхлэхэд заавал "Шагай өшиглөх үү? өшиглөхгүй юу?, богтос хагалах уу? хагалахгүй юу?" гэж эхэлж ярилцдаг тогтсон ёстой байжээ.
Наадмын морийг Хүйд буюу одоогийн Хүй 7 худагт сар гаруй уядаг байв. Морь даах лам гэж нэг хувилгаан ламыг тушааж, Богдод мөргүүлж гаргахын зэрэгцээ Далха тахих дөрвөн лам, агтны даамлууд, нэг сарын өмнө Хүйд очиж морь уяна.
Түүнд гэгээний хурдан агт гэж олон айлуудад нас, насны агтыг хадгалуулаад, тэр олон морийг унуулахаар нас таарсан жижиг хүүхдүүдийг ордны хаалгач нар отгоос албаар гаргаж, үхэр тэргээр хүргэж өгдөг байжээ.
Хүүхдийн хоол, аяганы хийцэнд шавиас ямааны мах, шар будаа, чангаамал будааг гаргаж, хар цай өгч нэг сар болгоно.
Наадмын түлш, морины уяа ногоон модыг ордны хоёр хаалгач, Ноён уулын хавийн отгуудын тэргийг улаа барьж, сарын өмнө зөөж бэлтгэнэ. Дөрвөн аймаг, шавь таван газраас дээдсийн хоол хүнсний хонийг тууж очно. Багцаалахад нэг аймгаас 800-900 хоньтой очдог гэж ярьдаг байжээ. Үүнийг бүрдүүлэхэд нэг хүнд чухам юу ноогдуулдгийг тодорхой мэдэх аргагүй ч Нэрэнпун галдаа гэдэг хүнд өдөрт 3 хонь хагас ноогдоход гурван хонийг аваад үлдсэнд нь өдөр бүр мөнгө хураан авч байжээ. Хэрэглэлд гэж нэг өдөр хоёр зузаан цай, лаа 4 ширхэг, бан давс, жин шар тос, сүүний хамт татварлан авч байхыг үзсэн хүн байдаг.
Наадмын тэргүүн сарын шинэдээр Хүйд Богд заларч, нүүдлийн шар хүрээ, Богдын хэд хэдэн тугдам, олон янзын эрээн майхан авч явна. Энэ нь Богдын өөрийн нь хуучин бэлтгэл юм. Үүнийг ачиж хүргэх лам нарыг отог, отгуудаас албаар гаргана. Хөсгийг шавиас улаагаар гүйцэтгэнэ. Хүрээ, ордон, өргөөний олон албаны хүмүүс цөм амиар майхан авч албаар явна. Түүнийг ачих уналгын үхэр тэргийг шавийн отгуудаас улаа барьж өгнө.
Шавийн шанзав, да лам, амбас зэрэг олон хүн Богдод бараа болж явах аж. Ноёд, амбаны өргөөг дөрвөн аймаг, шавь таван газраас бэлтгэнэ. Түүнийг ачих тэргийг ч мөн нутгаас улаа барина. Хамба, цорж, чойжин, умзад цөм амиараа явна. Аймгийн хан, ван, ноёд цөм тус тусын морийг уяад Хүйн хавиар майхантай бууцгаана.
Их насны морь тавих өглөө Манж амбаны өргөөнд цагаан улаан эсгий дэвсэж, өндөр ширээ тавьж, улаан лаа шатаан, эзэн хааны алдар тавьсан бичиг түлж, хүж шатаан эзэн хааны сүлдэнд мөргөнө гэж ноёд цөм урагшаа харж гурав, гурав мөргөн, буу гурав тавина. Манж, Монгол амбаныхан далаад гэртэй байдаг. Нэг хүн хоёр гэртэй.
Анхандаа их, дунд, бага гурван насны морь уралдуулж байгаад сүүл хирд азарга, жороо хоёр морийг нэмж, таван насны морь уралдуулдаг болсон аж.
Нас бүр дээр 600-700 орчим морь уралдуулдаг ба хошуу ноён, хаадын морь түрүүлж ирвэл тэр морийг хүүхдийн хамт Богдод өргөдөг ёстой байжээ.
Хурдан морины газрыг урьдчилан үзэж, таван аймаг хувааж, чулууг зайлуулан нүхийг бөглөж, хоёр талд нь мод хатгаж бэлтгэдэг байжээ. Морийг уралдахад таван газраас тус бүр 10 хүн, бүгд 50 хүн гаргаж морьдыг жинхэнэ газарт нь, гарааны зурхай хүртэл гаргаж тавина. Хэчнээн морь барих тоог тогтоон морь баригчийг таван газраас гаргана. Түрүүлсэн морийг Шанзавын үүдний бичээч барьдаг ёстой.
Дайчин гүрний сүүл үед ялангуяа лам нарыг сур харвахыг чандлан хорьж байжээ. Сур харвах байтугай хушга харвахыг ч хорьж байсан нь учиртай. Учир нь үүнийг Манжийн Засаг нууцаар цэргийн бэлтгэл хийж байна гэж хардаж байсантай холбоотой.
Хуучин Зүүн хүрээний сойвон донир буюу лам зайсан, Дүйнхор, жүд, эмч нарыг зэрэг дацангийн томоохон лам нар сур харваж байсан юм гэдэг. XX зууны эхээр хавар цагт ордны зам (тогооч), гадаад, дотоод сангийн албаны хүмүүс олноор, Дамбадаржаа хийдийн баруун, зүүн аманд нууцгай сур харваж байсныг Богдоос мэджээ. Тэгээд өөрийн биеэр яван, тэдгээр сур харваж байсан лам нарын сурын зурхай, нэр ба онолын самбарыг хураан авчээ.
Шанзавын яамнаас тэдгээр лам нарын баривчлан авчирч, гурав хоног шавь шоронд хийлгэж байцаан асуугаад, тэргүүн оролцогсдыг мөнгө торгох буюу тушаалаас нь бууруулж байжээ.
Байцаахад Да лам Ринчин, Гочоо, цогчин умзад Галсан, сойвон Онондоо, донир Дамдин, Даваа, бараа бологч Лувсанцэрэн, Дугаржав, дүйнхорт хурдаг Мишиг, Тамгын бичээч Гомбоцэрэн, Лувсанчүлтэм, зайсан Аюур, Дэмбэрэл, хиа лам Цэнд, нярав Цэнд, Сандуй, галч Дугаржав, Лувсанцэрэн, сул лам Гүржав, Буйдан, Самдан, Шижир, Мижид, Танбаа даяанч нар тэргүүлэн 300 орчим хүн оролцсон байсан нь илэрсэн гэдэг.
Түүнээс хойш Хүрээний лам нарыг сур харвахыг Богдоос чандлан хоригложээ. Эдний нум сум, хэрэглэлийг цөм хурааж, нум сумыг олон дацан аймгуудын сахиусны жансагт хадгалжээ.
Бас Хүрээ лам нар жил бүрийн өвлийн сүүл сарын хорьдоос эхлэн хаврын тэргүүн сарыг дуустал хушга харвах буюу мөсний харваа тоглоомоор наадаж байсан бөгөөд ялангуяа цогчин жасааны лам багачуул, дацанд хурдаг насан идэр лам нар ихэд оролцож дэлгэрүүлж байсан гэдэг.
Богдоос тэрхүү хушга харвахыг мөн хориглон зогсоож, хэрэв хушга харвахыг мэдвэл цогчин гэсгүй нараас тэр мэт тоглогчдыг бэрээдэх торлогдох, хуралд олон тоотой мөргүүлэх зэрэг хашраах залхаалтыг үзүүлж эхэлсэн байдаг. Бас хойно Хүрээнд лам нар ба хятадын хооронд их зодооны хэрэг гарахын үест Хүрээний сайд Сандовагаас "Танай богдын Хүрээний лам нар далдуур цэргийн сургууль хийж, ганц хушгыг алдахгүй нь хүмүүсийн толгойг ч алдахгүй тийм хэцүү сургуультай" гэж лам нартай хийх тэмцлийг чангатгахаар шахаж байсан гэдэг.
Тэгэхэд Сандо амбан 4 хүнээр дамнуулсан ногоон жуузтай, пүүсний баахан хятадуудын хамт ирэхэд Гандангийн хурлын үүдэнд цугларсан олон лам нар чулуу нүүлгэж, амбаны жуузны догийг хуга чулуудаж унагахад амбан бууж явганаар Эрхэмийн аймгийн гудамжаар хятдуудын хамт зугаджээ.
Гандан дээр үймээн гаргасан лам нарыг барихаар ирсэн арван тавны цагдаа Амар залан гэдгийг лам нар барьж зодох гэсэнд ухаан алдаад зайлж цогчин гэсгүй Довдон гэдэг хүний суган доор шургаж арай гэж амь зайлжээ. Хэрэг гарав гэж Бадамждорж шанзав морьтой, хэдэн зайсан дагуулж ирээд цугларсан лам нарыг аргадан тараасан түүхтэй юм. Харин орчин цагийн наадамд шагай харваа нэгэн төрөл болон орсон байна.
Сурын тухайд өнөө цагийн наадамд буриад, урианхай, халх сурын гурван харваа тэмцээн болдог билээ.
Чингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулж буцах замд найрлахад Хасарын хүү Есүнгэ 500 алд газар харвасныг тэмдэглэсэн нь дэлхийн түүхнээ давтагдашгүй амжилт болон дуурсагдсаар байна.
Наадмын үеэр Богд хөдөөний хүмүүст дэлгэр мөргөл тавьдаг. Ингээд наадмыг тараадаг ажээ. Нийтдээ дэлгэр зуны цагт хагас сар орчим наадан цэнгэдэг байжээ.
Долоон хошуу наадмыг Богд, хаан ширээнд суухын урьдхан зогсоожээ. Түүнээс хойш шанзав Бадамдорж өөрийн нэрээр зардал гаргаж хэдэн жил наадам хийсэн гэдэг. Түүний дараа залгаж Богдын дүү Хайдав чойжин хэдэн жил Бөхөгт наадам хийжээ. Энэ зуурт гамин, бароны самуун дэгдэж богино хугацаагаар завсарласан ба Ардын засаг тогтсоны хойно 1922 оноос цэргийн наадам тэмдэглэх болсон байна.
Цэргийн наадмаар бургас цавчих зэрэг цэргийн үзүүлбэр нэмэв. Наадмыг Богдыг хаан ширээнд дахин залсан ба "Ардын" засаг тогтсоныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд наадахаар тогтов.
Анхдугаар Үндсэн хууль батлаж, Бүгд Найрамдах Улс тогтсоны дараа хоёр наадмыг хамтруулах шийдвэр 1925 оны 5-р сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаас гарч, наадмын товыг 7-р сарын 11 хэмээн заажээ. Энэ үеэс "Ардын наадам" гэж нэрлэж байгаад Монгол улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөс хойш буюу 1946 оноос хойш "Ардын хувсгал ялсны ой" гэж тодотгох болов.
1990 оноос хойш хуучин посткоммунист нам ба шинэ ардчилсан намууд наадмын тодотгол дээр зөрөлдөж эхэлсэн юм. 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин ялсан тэр жилээс Монголын тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ой гэж нэрлэн тэмдэглэглэсэн байдаг. 2006 онд «Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой» болгон тэмдэглэсэн. 2015 оноос Хүннү гүрний түүхийг нэгтгэснээр наадмын тодотголыг «Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадам» гэдэг болсон нь одоо хэвээр байна.