Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын төлөө зүтгэсэн Герман гаралтай жанжинУншсан10,589

Оросын армийн Наполеонтой хийх дайны төлөвлөгөөг дайнаас 7 жилийн өмнө боловсруулсан энэ жанжинг ард түмэн урвагч гэж хардаж сэрдэж байсан ч аугаа ялалтын дараа түүний зөв болохыг ойлгосон байдаг.

Нийтлэлийг Пүрэвсүрэнгийн Шинэбаатар.

Оросын армийн Наполеонтой хийх дайны төлөвлөгөөг дайнаас 7 жилийн өмнө боловсруулсан энэ жанжинг ард түмэн урвагч гэж хардаж сэрдэж байсан ч аугаа ялалтын дараа түүний зөв болохыг ойлгосон байдаг.

Наполеоны эсрэг дайтаж байсан Оросын армийн шилдэг жанждын нэг Михайл Богданович Барклай де Толли Шотланд гаралтай Герман язгууртны гэр бүлд төржээ.  Түүний төрсөн он тодорхойгүй, хэд хэдэн таамаглал байдгаас хамгийн магадлалтай нь 1757 он гэж үздэг. Учир нь тэрээр Эзэн хаан I Александрт 1812 оны 11-р сарын 7-нд эмчилгээнд явахыг хүссэн захидалдаа 55 настай гэж бичсэн байдаг. 2007 онд Барклай де Толли командлагчийн мэндэлсний 250 жилийн ойг Черняховск хотод тэмдэглэн өнгөрүүлжээ.

Барклай де Толли 1776 онд цэрэгт татагдаж, 1778 онд Корнет хэмээх бага тушаалын офицер, 1783 онд бага дэслэгч цол хүртэж, хошууч генерал фон Паткулийн туслахаар томилогдов. 1786 онд дэслэгч цолтой Барклайг Финлянд дахь Егерийн корпус руу шилжүүлэв. 1788 оны 1-р сард II Екатерина хатны холын хамаатан Бернбургийн хунтайж, дэслэгч генерал Виктор Амадей Ангальтын туслахаар томилогдож, 1787-1791 оны Орос-Туркийн дайнд оролцож Очокавын довтолгоонд гавьяа байгуулснаар Георгийн тууз, Гэгээн Владимрын 4-р зэргийн одонгоор шагнуулжээ. Морин цэргийн ангид шилжсэнээр хоёрдугаар хошууч цол хүртэв. 1789 онд тэрээр Каушани, Аккерман, Бендерийг эзлэх үеэр эр зориг, авхаалж самбаагаа харуулж чаджээ. 1790 оны 4-р сард хунтайж, дэслэгч генерал Ангальтын хамт Финляндын арми руу томилогдож, 1788-1790 оны Орос-Шведийн дайнд оролцов. Бернбургийн хунтайж Пардакоскигийн шуурганы үеэр амиа алдахдаа өөрийн сэлмээ Барклайд гардуулжээ. Тэрээр дайн дуустал генерал Игельстромын удирдлага дор Тобольскийн явган цэргийн ангид алба хаасан.

1791 оны сүүлээр Барклай Санкт-Петербург дэх гренадирийн ангид батальон командлагчаар томилогджээ. 1794 онд Польшид гарсан Тадеуш Костюшкогийн бослогыг дарах байлдааны ажиллагаанд оролцов. Түүнчлэн Вильна болон Прага хотын бослого, Любаны тулаанд баатарлагаар тулалдсан тул Гэгээн Георгийн 4-р зэргийн одонгоор шагнуулж, дэд хурандаа цолтойгоор Эстони дахь Егерийн корпусын 1-р батальоны командлагчаар томилогдсон байна.  1798 оны 3-р сард хурандаа цол авснаар корпус командлагч болжээ.  Чадварлаг хурандааг ердөө нэг жилийн дараа 1799 онд хошууч генерал болгосон байдаг.

1805 онд Францтай хийсэн дайн эхлэхэд Барклай де Толли генерал Беннигсений армид бригад командалж байлаа. Пултускийн тулалдаан, Прейсиш-Эйлаугийн тулалдаанд шийдэмгий тулалдаж, баруун гартаа шархдан Кёнигсбергт эмчилгээ хийлгэжээ. Дараа нь тэрээр Мемел хотод Наполеоны арми Оросыг довтолсон тохиолдолд хэрхэн байлдах төлөвлөгөөг боловсруулав. Энэхүү төлөвлөгөөний мөн чанар нь чадварлаг ухралт зохион байгуулах замаар дайсныг хоол хүнс, зэвсгийн хангамжгүй болгож, Оросын эрс тэс уур амьсгалыг ашиглан бут цохих. Мөн ар талд нь буюу Европт бослого гаргах. Мемел хотод Барклай де Толли эзэн хаан I Александртай уулзжээ. Энэхүү уулзалтын үеэр Барклай Наполеонтой хийх ирээдүйн дайны талаархи үзэл бодол, “Шатсан газар” (түүхэнд мэдэгдэж байсан энэхүү стратегийг ашигласан анхны тохиолдол МЭӨ 512 онд Дарий I Скифийн дайнд хэрэглэсэн) стратегийг ашиглан дайснаа устгах төлөвлөгөөг танилцуулжээ. Энэхүү аянаас тэрээр Гэгээн Георгийн 3-р зэрэг, Гэгээн Владимирийн 2-р зэрэг, Гэгээн Аннагийн 1-р зэрэг, дэслэгч генерал цолтой, 6-р дивизийн командлагчаар томилогдон буцаж ирэв. 1808 оны 5-р сард Барклай де Толлигийн дивизийг корпус болгон өргөтгөн зохион байгуулж Финлянд руу илгээв. Тэнд оросууд шведүүдтэй дайтаж байлаа. Барклайн корпус Саволакс мужийн гол хот болох Куопиог эзлэн авах гэсэн шведүүдийн хоёр удаагийн ширүүн дайралтыг амжилттай няцааж улмаар өвчин нь үгдэрсний улмаас 8-р сард Орост буцаж иржээ. Барклай 1809 оны 2-р сард Финляндын армид дахин ирж, Ваасийн корпусыг командлав. Корпус Кваркен боомтыг мөсөөр гатлан Шведийн эрэгт хүрч Умео хотыг тулалдаангүй эзлэн авч, шведчүүдийг найрамдлын хэлэлцээрт орохоос өөр сонголтгүй болгожээ. Финляндад байгуулсан гялалзсан амжилт нь түүнд явган цэргийн генерал цол, Гэгээн Александр Невскийн одонг авчирч, Финлянд дахь армийн Ерөнхий командлагч, амбан захирагчаар томилогдов. Амжилт үүгээр зогссонгүй 1812 оноос Оросын Батлан хамгаалахын сайдаар томилогджээ.

Францтай хийх дайн эхлэхэд Оросын армийн бие бүрэлдэхүүний тоо эрс нэмэгдэж, нөөцөө урьдчилан бэлдсэн байлаа. Хилийн зурваст Динабург, Бобруйскийн шинэ цайзууд баригджээ.

1810 онд Оросын армид явган цэргийн 437 батальон, морин цэргийн 399 суман байсан бол 1811 онд хилийн 97 гарнизоны хүчийг тооцохгүйгээр явган цэргийн 498 батальон, морин цэргийн 409 сумантай болсон байв. 1812 оны 1-р сарын 1-ний байдлаар армийн явган цэрэгт 201 мянга 200 хүн (215 батальон), ердийн морин цэрэгт 41 мянга 685 хүн (41 нэгж), их бууны ангиудад 36 мянга 500 хүн байжээ. 1812 оны эцэс гэхэд Оросын эзэнт гүрний хуурай хүчний нийт бие бүрэлдэхүүн 975 мянган хүнтэй, түүний дотор хээрийн цэрэг 815 мянга, гарнизонд 60 мянга, байнгын бус армийн бие бүрэлдэхүүн 100 мянга хүнтэй болжээ. Козак болон болон Башкир, Халимагийн морьт сумангуудыг байгуулав. Их буу гэхэд 1620-той болжээ. Новгород, Тверь, Трубчевск, Сосницы зэрэг хотуудад армийн хангалтын баазуудыг бий болгосон. Батлан хамгаалах яам нь мужийн хэлтсүүдийнхээ хүчин чармайлтаар дайн эхэлснээс хойш богино хугацаанд асар их нөөцийг бүрдүүлсэн нь гурил 353 мянган фунт, үр тариа 33 мянга гаруй фунт, овъёос 469 мянган фунт байв. Олонец, Санкт-Петербург, Луганск зэрэг хотуудад зэвсгийн гол үйлдвэрүүдийг төвлөрүүлжээ.

1812 оны хавар Батлан хамгаалахын сайдын зэрэгцээ Баруун 1-р армийн командлагчаар томилогдож М.И.Кутузовыг томилогдох  хүртэл Оросын армийн Ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэж байв.

1812 онд Наполеоны арми илт давуу хүчээр Оросын Баруун 1, Баруун 2-р армийн дундуур шаантаг хэлбэрээр цөмрөн орж ирэв. 1-р армийг Батлан хамгаалахын сайд Барклай де Толли, 2-р армийг П.И.Багратион нар удирдаж байлаа. Бие биенээсээ тусгаарлагдсан хоёр арми харилцан ажиллах боломжгүйгээс тулалдах хүчээ авч үлдэхийн тулд стратегийн ухралт  хийж эхлэв. Хоёр армийн хоорондын зай өдөр ирэх тусам холдож 100 гаруй км зайтай болох үед Наполеон “Барклай, Багратион хоёр хэзээ ч бие биенээ харж чадахгүй боллоо” хэмээн сайрхаж байжээ. Барклай де Толлигийн шаардлагаар Смоленскт хоёр арми нэгдэж чадав. Шийдвэрлэх тулаан болно гэдэгт аль аль тал нь итгэлтэй байлаа. Урьд орой нь байсан Оросын арми маргааш өглөө нь байрлалаа орхин ор сураггүй алга болжээ. Наполеоны хувьд энэ бол маш том хууран мэхлэлт байв. Тэр Неополитаны ван, маршал Мюратыг явуулж Смоленскоос гарсан бүх замыг самнуулсан боловч 60 мянган хүнтэй Оросын арми ул мөр үлдээлгүй чадварлаг ухралт зохион байгуулсан байжээ. Баруун 2-р армийн командлагч П.И.Багратион Смоленскийн ойролцоо Барклайн тушаалыг дуулгавартай дагаж байсан боловч удалгүй түүнийг армийг удирдаж чадахгүй байна хэмээн шүүмжлэх болов. Смоленскийг орхин ухарсан мэдээ олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн байна. Армид байгаа гадаадынханд ч үл итгэх явдал газар авав. Энгийн иргэд байтугай цэргийнхэн хүртэл Герман гаралтай Барклайг боломж олдвол француудыг Москвад дагуулаад ирэх нь хэмээн хардаж сэрдэж байлаа.

1812 оны 8-р сарын 17-нд Михаил Голенишев Кутузов Бүх цэргийн командлагчаар томилогдов. Цэргийнхэн төдийгүй Оросын ард түмний хүсээд байгаа тэрхүү шийдвэрлэх тулаан хийх газар сонгохыг Ерөнхий командлагч Кутузов генерал Беннигсенд даалгав. Беннигсен Москвагаас баруун зүгт 125 км-т байрлах Бородино тосгоны ойролцоо газрыг сонгожээ.

Ингээд Бородиногийн тулалдаанд Барклай Оросын армийн төв хэсэг болон баруун жигүүрийг удирдан эр зориг, жанжны ур чадвараа харуулав. Тэрээр тулааны талбар дээр одон медаль бүхий ёслолын хувцсаа өмсөн байлдааны хамгийн хүнд хэцүү халуун цэгүүдэд очиж Францын армийн давшилтуудыг няцааж байсан бөгөөд энэ тулалдаанд түүний унаж явсан 5 морь алагдсан гэдэг. Барклайн талаар Ерөнхий командлагч Кутузов “Би түүний эр зориг, тэсвэр хатуужил, үнэнч байдалд огтхон ч эргэлзэж байгаагүй” гэж хэлсэн байдаг. Барклайн туслахуудын нэг В.И.Левенстерт генерал Багратионы шархыг боож өгч байхдаа түүнийг Барклайтай эвлэрэх талаар зөвлөж байжээ.

Нийт 12 цаг үргэлжилсэн, цус асгаруулсан ширүүн байлдааны эцэст Францын арми Оросын армийн төв болон зүүн жигүүрийг шахаж чадсан боловч тулааны дараа анхны байрлалдаа буцсан байна. Харин Оросын армийн Ерөнхий командлагч М.И.Кутузов ухрах тушаал өгөв. Учир нь Наполеоны армийн бусад хүчнүүд гол хүчиндээ туслахаар ирж байсан юм. Мөн Наполеоны нөөцөнд Францын армийн хамгийн өндөр бэлтгэл сургуулилттай, байлдах чадвартай эзэн хааны гварди байв.

Тулалдааны дараа аль аль тал нь ялалт байгуулсан гэж мэдэгдсэн боловч хэн нь ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй юм. Нэг өдрийн энэхүү байлдаан нь түүхэнд хамгийн их цус асгаруулсан тулаанд тооцогддог.

Бородиногийн тулалдаанд Барклай эр зоригоо харуулж баатарлагаар тулалдсан хэдий ч стратегийн ухралт хийх бодлоо орхиогүй. Филид болсон цэргийн зөвлөлийн хуралдаан дээр тэр Москваг орхих санал дэвшүүлжээ. Ерөнхий командлагч  Кутузов ч түүнтэй санал нэг байсан юм. Гэхдээ энэ шийдвэрийг эрт гаргах нь олон нийтийн дургүйцлийг хүргэхээс гадна цэргүүдийн сэтгэл санаанд хүндээр нөлөөлөх тул тэр Москвагийн дэргэд очсон хойноо л Москваг орхих тушаал буулгасан юм.

Бородиногийн дараа Кутузов армийг шинэчлэн зохион байгуулснаар Барклайн байр суурь тодорхойгүй болсон байна. Тиймээс амралтаа авч эхлээд Калуга дараа нь Владимир, сүүлд нь өөрийн үл хөдлөх хөрөнгө байрлах Бекхоф хот руу явжээ. Амралтаа авсан Барклай 1812 оны 11-р сард эзэн хаан I Александрт "1-р армийн цэргийн ажиллагааны зураглал" гэсэн нууц захиаг илгээв. Түүндээ дайны талаар алсын хараа болон ухрах шалтгааныг тайлбарлан бичжээ. Тун удалгүй эзэн хаанаас түүний зөв болохыг хүлээн зөвшөөрсөн хариу захидлыг авчээ.

Барклайн тодорхойлсон дайны стратегийг Кутузов огтхон ч өөрчлөөгүй юм. Дайсныхаа ар талд партизаны дайн өрнүүлэх замаар зэвсэг хэрэгсэл, хоол хүнсний хангамжийг нь тасалдуулах зэргээр “Шатсан газар” дайны стратегийг бүрэн хэрэгжүүлсэн юм.

1813 оны 1-р сард Эзэн хаан I Александр Баркай де Толлиг хилийн чанад дахь Оросын 3-р армийн командлагчаар томилжээ.  Барклай армиа удирдан Торн, Кулм, Лейпциг, Парисын тулалдаануудад амжилттай байлдсан юм. 1814 оны 3-р сард тэрээр фельдмаршалын таягийг хүлээн авав.  Тун удалгүй Наполеон огцорч дайн дууслаа. Дайны дараа тэр Польшид байрлаж байгаа 1-р армийнхаа командлагчаар томилогдов.

Гэсэн хэдий ч амсхийх болоогүй байлаа. 1815 оны хавар Наполеон дахин засгийн эрхэнд гарч ирэв. Дөрөвдүгээр сард Барклай армиа удирдан Польшоос Францад хөл тавьсан боловч Ватерлоод Наполеон ялагдал хүлээсэн тул томоохон тулалдаанд оролцож чадалгүй буцсан юм.

1818 оны эхээр Барклай эмчилгээ хийлгэхээр Герман руу явсан боловч зорьсон газартаа хүрч чадалгүй Инстербург (Одоогийн Черняховск) хотоос холгүйхэн нас баржээ. Түүний шарилыг генерал И.И.Дибич тэргүүтэй хүндэт харуул жагсан угтаж авсан гэдэг. Фельдмаршалын оршуулгыг Рига хотод Гэгээн Иаковын сүмийн хашаанд ёслол төгөлдөр зохион байгуулсан бөгөөд амбан захирагч, генерал Маркиз Ф.О.Паулуччи тэргүүтэй хотын захиргааны удирдлагууд, цэргийн гарнизоныхон оролцжээ.

Оросын армийн дээд шагнал Гэгээн Георгийн одонгоор шагнагдсан анхны жанжин нь Михаил Илларионович Голенищев-Кутузов бол хоёр дахь жанжин нь Михайл Богданович Барклай де Толли байлаа.

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 9 сар 10. 11:53
Зочин

БОГДАНОВ ГЭСЭН МОНГОЛ ОВОГ БАС БАЙХ ЮМ.

2020, 5 сар 13. 6:23
Бат

Герман биш шотланд гаралтай. Герман гаралтай гэвэл дибич фельдмаршал, прусс гаралтай.

2020, 8 сар 25. 23:04
Зочин

Шотланд гаралтай Герман язгууртаны гэр бүлээс гаралтай гэж нийтлэл дотроо бичсэн байна ш дээ.

2020, 5 сар 13. 6:29
Бат

Эмэг эхийн талаасаа герман гаралтай.

2020, 5 сар 1. 19:29
Зочин

социализмын үед оросын түүхэнд ховор гардаг шалтгаан Герман гаралаас болсон байна л даа

2020, 5 сар 1. 16:23
Зочин

Гоё намтар байна.

2020, 4 сар 28. 11:15
Зочин

сонирхолтой намтар түүхтэй жанжин байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]