Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

"...Эмч Л.Лхагвагийн хамт Сансрын нисгэгч бэлтгэх төвд томилон явуулсугай”Уншсан1,306

Тэр үхрийн махны борцыг Хүрэлтогоотын Одон оргилын тэнд өвлийн тэсгим хүйтэнд академич Дүгэрийн Рэгдэл бид хоёр хийж байлаа.

Монгол Улсын иргэн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. 1981 оны гуравдугаар сарын 22-нд БНМАУ-ын иргэн 33 настай Ж.Гүррагчаа анх сансарт ниссэн түүхтэй. Монгол хүн сансарын уудамд хөл тавьсан тэрхүү бахдам үйл явдлын талаар Монголын сансрын нислэгийн багийн эмч, Монгол Улсын төрийн шагналт, хүний гавьяат эмч, академич Л.Лхагва хэвлэлийн хуудаснаа ийн хуучилжээ.

1977 оны гуравдугаар сард сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулах ажил эхэлж, сансрын баг бүрдүүлэхийн тулд 10,000 хүний материал судалсан байдаг. Эхний ээлжид 30 хүнээс дөрвөн хүн, дараагийн ээлжид 13 хүнээс гурван хүн тэнцэж байлаа. Сонгон шалгаруулалт 1978 оны хоёрдугаар сард Москвад дуусч байсан юм.

Эмч мэргэжилтнүүд “Оддын хотхон”-д  ажиллаж, тэднээс мэдээ судалгаа авч боловсруулах ажлыг хийн, улирал тутамд нарийн шинжилгээ хийж, түүний үр дүнг нь нухацтай ярилцана. 5000 м өдөр уул руу, секундэд 5 м хуртай өгсөх хэмжээнд агаарын найрлага, даралтуудыг өөрчилж, туршдаг. Тэгээд 5000 м өндөрт ямар байх вэ гэдэг агаарын найрлагаар 30 минут амьсгалуулна. Секундэд 40 метрийн хурдтай буулгана. Хүчтэй долгио чичиргээний туршилтын ард манай нисгэгчид ухаан алдаж унах нь битгий хэл инээсээр гарч ирж байгаа юм. Ингэхэд орос эмч нар бүр гайхаж, танай энэ хүмүүс чинь төмөр хүн шиг ямар сонин юм бэ гэдэг байсан. Тэр үед Монголчуудын бие маш сайхан байж, манай шалгаж сонгосон баг ч сайн ажиллажээ.

1978 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн Улс төрийн товчооны хурлын протоколд “....Академич Б.Ширэндэв эдгээр хүмүүсийг сансрын нисгэгч сонгон авах тухай гурав дахь шатны үзлэгт оруулж болно гэж бид үзэж байна гээд сонсголоо үргэлжлүүлж эмч Л.Лхагвагийн удирдлагын дор сансрын нисэгчид нэр дэвшүүлэх эмнэлгийн үзлэг явагдаж, нисэх хүнийг шалгарууллаа...” гэсэн. Тэгээд тэр өдрөө МАХН-ын Улс төрийн товчооны 18 дугаар нууц тогтоол “Монголын иргэдийг Зөвлөлтийн сансрын хөлгөөр нисгэхэд бэлтгэх тухай” нэртэй гарч, тэр тогтоолын Хоёрдугаарт: “БНМАУ-ын ШУА, ЗСБНХУ-ын ШУА-ийн дэргэдэх “Интеркосмос” зөвлөлтэй ярилцаж тохиролцсон ёсоор эмнэлгийн эцсийн үзлэг хийлгэхээр БНМАУ-ын иргэн нөхөр С.Сайнцог, М.Ганхуяг, Ж.Гүррагчаа, Д.Сүрэнхорлоо нарыг эмч Л.Лхагвагийн хамт Ю.А.Гагарины нэрэмжит Сансрын нисэгч бэлтгэх төвд томилон явуулсугай” гэж заасан байгаа. Тэгээд тэндээс тэнцсэн гурван хүнтэйгээ нутагтаа ирж билээ.

Хоёр хүнийг сансрын нисгэгчийн бэлтгэлд ирүүлэх номтой байсан юм. Дөрвөөс нэг нь,  гурваас нэг нь,  тэгээд хоёроос нэг нь хасагдаж байж сансарт нисч байгаа хэрэг шүү дээ. Хасагдсан хүн нь хөөрч баярлахгүй нь  мэдээжийн хэрэг. Эмч хүний хувьд тэдэнтэйгээ адилхан л харамсаж, баярлаж явлаа. Ямартаа л “Сансарт нисэх ч сайхан, эх дэлхийдээ үлдэх ч сайхан” гэж тэдэндээ хэлж байхав. Хоёулаа хамт бэлтгэл сургуулилт хийж, хатуу ширүүнтэй нүүр тулж байгаад нэг нь нисээд, нөгөөх нь торойгоод үлдэхийг харахад нулимс гардаг юм билээ. Ганзоригтой дарга нар нэг их ойртож юм ярихгүй би л дэргэд нь байсан.  Тэр үед сансарт нисэх нь ямар хатуу тоглоом бэ гэдгийг бас харж байсан.

Манай комиссын дарга байсан, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адъяа гуайтай Сансрын нисгэгч, генерал А.А.Леонов гуай Москвад уулзаад “Хоёр нисгэгчийн нэг нь сансарт нисэх ёстой. Чухам хэнийг нь нисгэх тухай саналыг улс нь гаргадаг учиртай. Иймээс бид БНМАУ-ын удирдлагын саналыг хүлээж байгаа” гэжээ. Г.Адъяа гуай нутагтаа ирээд Намын Төв хорооны Улс төрийн товчооныхонд сонсож дуулснаа хэлэхэд Улс төрийн товчоо тэр дор нь тогтоол гаргаж, Ж.Гүррагчааг хөлгийн үндсэн багт оруулан сансарт нисэхийг зөвшөөрсөн түүхтэй. Тогтоол батлагдаад гарын үсэг зурсны дараа Ю.Цэдэнбал дарга малчин гаралтай хүн сонгох нь ер нь зүйтэй юм байна гэх утгатай үг хэлсэн л гэдэг юм. Гэхдээ нэг л үнэн бий. Сансарт нисэх эцсийн шийдлийг Байконур сансрын буудалд болсон Зөвлөлтийн Улсын комиссын хурлаар хэлэлцэж баталсан. Тэгж баталсныг нотлох нэг гэрч нь би байна даа.

Сансрыг эзэмших болоход дэлхийгээс тэс өөр орчинд очсон хүний эрүүл мэндийг нэг юмтай харьцуулах хэрэг гарна аа даа. Тухайн үед эрүүл хүмүүсийн судалгаа нэн ховор, тэр тусмаа эрүүл гээд байгаа хүний биеийн үзүүлэлт газар нутгийн байдлаас болоод өөр өөр байдаг. Сансарт хүн ниссэн явдал эрүүл хүний судалгааг эрчимжүүлж өгсөн. Эрүүл хүний эрүүл мэндийг хэв янзаар нь хадгалахгүй бол өвчтэй болно биз. Сансрын багийн эмч эрүүл сансрын нисэгч хүнийг өвчтэй болгохгүй байх бүх талын асуудлыг хариуцдаг эрүүл мэндийн торгон хилийн харуул гэсэн үг. Эмчээр ажиллаж байхад сэтгэл зовох юм өчнөөн гардаг байлаа. Гэхдээ бидэнд тусалдаг эмч нарын отряд ард минь байсан болохоор айхавтар хэцүү юм нэг их тохиолдож байгаагүй.

Сансрын нислэгийн үед олон туршилт хийсэн. Тэр туршилтуудын нэг хэсэг нь эмнэлэг-биологи болон сансрын физикийн туршилтууд байсан юм. Зарим туршилтууд сансарт анх удаа хийгдсэн. Тухайлбал, “Биоритм”, таны сая онцолсон “Чацаргана” туршилт байна. Биоритмийн туршилтын тухайд хүний биеийн үзүүлэлтүүдийг цаг цагаар хэмжээд аль цагт их, аль цагт бага байгаа гэхчилэнгээр судална.

Энэ туршилтын үед надад тусалж байсан бага эмч маань “Эмч ээ, би нэг сар унтсангүй. Та намайг дандаа шөнө хоёр, хоёр цагийн зайтай хэмжилт хий гээд өөрөө шөнө унтаад байхаар аргагүй шүү дээ” гэж байна. Бодоод байх нь ээ, би өөрөө өдөр нь хэмжиж судалгаагаа хийчихээд нөгөө хүнээ чи өдөр унтаж амраад шөнө жижүүрлэ гээд захиргаадчихсан. Өдөр яаж унтаж амрах вэ дээ, зайлуул. Олон шөнө дараалан нойргүй хоноод ядаргаанд орж байхгүй юу.

 Б.Ширэндэв гуайн даалгавраар борцыг сансрын нисгэгчдийн хоолны цэсэнд оруулах судалгааны ажил эхэлсэн юм. Улаанбаатартаас борц хайвал олдох л байсан байх. Гэвч гарал үүсэл тодорхойгүй, бохирдол ихтэй байх эрсдэлтэй учраас Дорноговь аймгаас эрүүл үхрийн мах авч, борц хийж, судлах болов. Доктор Д.Уртнасан эрүүл үхэр хайхаар явсан юм. Үхрээ олж махыг нь ачаад буцаж явтал машиных нь сэнсний ремен тасарч хээр талд суухад өмднийхөө тэлээгээр аргалж яваад хүрээд ирсэн. Тэр үхрийн махны борцыг Хүрэлтогоотын Одон оргилын тэнд өвлийн тэсгим хүйтэнд академич Дүгэрийн Рэгдэл бид хоёр хийж байлаа. Д.Рэгдэл маань өмнө нь үхрийн махаар борц хийж байсан эсэхийг мэдэхгүй. Харин би анх удаа хийсэн юмдаг. Д.Уртнасан, Д.Рэгдэл бид гурав Москва хот дахь Эмнэлэг-биологийн хүрээлэнд судалгаа хийж байхдаа тусгай аргаар боловсруулсан Дорноговийнхоо үхрийн борцны шөлөө ууж, хөлс чийхарч байснаа эргээд дурсахад сайхан байдаг.

Би сансрын нислэгийн бэлтгэлийн үед нислэгийн үйлчлэлийг загварчилсан нөхцөлд хийсэн судалгаагаа нэгтгэж 1981 онд нислэг дуусангуут Москва хотод Эмнэлэг-биологийн асуудлын хүрээлэнд тэр үеийн нэрээр Анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж, 1994 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж байлаа.

Төрийн яаманд эрдэмтэн нарийн бичгийн дарга, “Өрлөг ээж” их сургуульд дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын орон тооны зөвлөхөөр ажиллаж тэтгэврээ тогтоолгоод “Монос” группийн Эм судлалын хүрээлэнгийн захирал зэрэг алба хашиж, сансрын хөлгүй алсад торолзох цэнхэр гарагийнхаа тоосыг хөдөлгөж явна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]