Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Украин дахь Европын хамгийн том цөмийн станцад гал гаравУншсан1,379

ОХУ-ын цэргүүд цахилгаан станцад ойртсон гэсэн мэдээлэл гарсны дараа Олон улсын атомын энергийн агентлаг талуудыг станцын ойролцоо галт зэвсэг ашиглахгүй байхыг анхааруулж байжээ.

Украины Энергодар хотод баасан гарагийн шөнө Запорожье АЦС-ын ойролцоох барилгууд руу тасралтгүй галласны улмаас Европын хамгийн том цөмийн цахилгаан станцад гал гарсан гэж тус хотын дарга Дмитрий Орлов мэдэгджээ.

Дмитрий Орлов өмнө нь "Энергодар хотын захад ширүүн тулалдаан болж, Оросын танкууд хот руу нэвтрэн, АЦС-ыг бүслэн авахыг оролдсон боловч станцын ажилчид болон нутгийн иргэд цугларч, оросуудын нэвтрэх замуудыг хаагаад байна" гэж мэдээлж байжээ.

Тус үйлдвэрийн хэвлэлийн төлөөлөгч Андрей Туз "Энергодар хотын Запорожье үйлдвэрийг их буугаар буудаж, байгууламжийн зургаан реакторын нэгийг шатаасан байна. Тус реактор ажиллахгүй байгаа ч дотор нь цөмийн түлш бий" гэж хэлжээ.

Украины Гадаад хэргийн сайд "Хэрвээ АЦС дэлбэрвэл Чернобылийн дэлбэрэлтээс 10 дахин хүчтэй байна. Орос яаралтай галаа зогсоож, аюулгүйн бүс бий болгох ёстой" хэмээн анхааруулжээ. Энэхүү атомын цахилгаан станц нь Европт хамгийн томд тооцогддог байна. ОХУ-ын цэргүүд цахилгаан станцад ойртсон гэсэн мэдээлэл гарсны дараа Олон улсын атомын энергийн агентлаг талуудыг станцын ойролцоо галт зэвсэг ашиглахгүй байхыг анхааруулж байжээ.

Пүрэв гарагт буюу өчигдөр Орос, Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёрдугаар ээлжийн хэлэлцээ Беларусийн нутаг дэвсгэрт болсон. Энэ уулзалтаар талууд дайны талбараас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулж хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцсон байна. ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский талууд хэд хэдэн асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн хэмээн мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк тохиролцсон цорын ганц асуудал бол хүмүүнлэгийн коридор хэмээн онцолжээ. Гэхдээ талуудын аль аль нь яриа хэлэлцээ хүлээж байсан үр дүнд хүрээгүйг илэрхийлжээ. Украины төлөөлөгчид гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээг ойрын үед зохион байгуулахаар Оросын талтай тохиролцсоныг дуулгасан ч тодорхой тов хэлээгүй байна.

Түүнчлэн Украин, Орос улсуудын ерөнхийлөгч нар өчигдөр тус тусдаа мэдэгдэл хийсэн юм. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Украин улс гадаадын сайн дурынхныг хүлээж авсаар байна. Тэдний тоо одоогоор 16,000 хүрсэн. Тэд хүмүүсийн эрх чөлөө, амь насыг хамгаалахаар ирсэн юм” гэжээ. Тэрбээр тус улсын нутаг дэвсгэрийг харийн түрэмгийлэгчдээс хамгаалах дайнд оролцохоор ирсэн гадаадын сайн дурынхны тоог анх удаа мэдээлсэн нь энэ юм.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Украинд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт олгох нөхөн олговрын хэмжээг мэдээлжээ. Украин дахь байлдааны ажиллагаанд нь тодорхой хэмжээний саад тохиолдсоныг Путин бас хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг тэр нэмж хэлсэн байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]