"Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэх сэн" нийтлэлийн үргэлжлэл
... Хагартаж холцорсон хуурай сайр нүд хужирлахааргүй ч “Миний малын бэлчээр” гэж өөриймссөн Улаантуяагийн дулаан борогхон ярианд автаж эвэршиж бахимшсан илчтэй халуун гарт нь хөтлүүлэн бүдчиж явахдаа юу эсийг санааширсан гэх вэ. Энэ газрын хөрсийг яаж нэвтлэн гарч ирсэн юм гэмээр ганц нэг сухай хаа нэгтээ ёрдойн үзэгдэх атлаа гишгиж яваа газар маань гэнэт хүүхдийн зулай шиг бамбалзахуй бүр ч барьц алдан гайхширна. Хужирт халтартсан эл хуурай сайрын дор намаг байдаг ажээ. Хөвд ширэг нь хөвчдөө, сайр цайдам нь говьдоо байдаг Монгол нутгаас арай л өөр энэ газарт хэдэн мал нь яаж шүү хамар хатгах юм олдог юм бол гэж бодохоор. Улаантуяа эгч яриад л байх. Яриа нь сэтгэл рүү урсан нэвчих тусам би дуугаа хураана. “Бэлчээрийг минь үз” гээд төмөр утсан торны үзүүр хүртэл явах үед болсон яриа энэ.
“...Урьд энэ газрыг Монгол гацаа гэж байлаа. Одоо Зүүн, Номгон хоёр Монгол гацааг нийлүүлээд Зун жиа жун гэж хэлнэ. Дан Монгол газар байсныг хятад авчраад чихээд дүүргээд, одоо мануус аргаа бараад ийшээ тийшээ явах нь яваад дуусч байнаа. Ингээд хятадуудтай хаяа хатгаад явах хэцүү байдаг аа. Мануус энэ хятадуудтай дан хэрэлдээд явж байтал бараг зүрхний өвчинтэй болсоон. Бэлчээр шахна аа, мал хулгай хийнээ, мануусын бэлчээрийн төмөр хашааг тус тусад нь хэрчээд таслаад хаяна, орж модыг хуга хуга цохиод авна, тэгээд өөрсдийн хэдэн малаа авч ирээд хариулна, хэлэхэд гэдрэгэ цохино, цагдаа эд нарт нь хэлэхээр явшгүй ээ. Хятадууд Монголын хэргийг бүр шийдвэрлэхгүй. Мануус одоо ингэж хятадад барагдаж дуусч байна. Тэгээд хокироод үлдэнэ. Тануусын Монгол газар дан Монгол байдаг уу, хятад байхгүй юу?
- Байхгүй.
-Тэр ямар сайхан газар вэ! Тийм юм байдаг уу! Сайхан юм аа. Хятадуудын дунд Монгол цөөрч байна. Хаа байсан, сургуульд ч хятад хүмүүс Монголыг дарна. Тэр жил манай Монгол көвүүн Голмусын тамирын гүйлтийн 800 метрийн уралдаанд түмний нүдэнд бусдыгаа хол хаяж нэгт орсон хятад багш нь дараад зургаад оруулсан байдаг уу. Тэр чинь гүйдгээрээ нэртэй байж уу. Ингэж бага залуугаас нь цөхрөөж хашрааж байдаг. Залуу көвүүн одоо би уралдаанд оролцож үгүй гэж байх. Ингээд цөхрөхөөрөө хятад хүн дагаад өөрөө явна, хүүхдүүс. Хятад хүргэн авчирна, мал гэр, бэлчээр нутаг усаа эзлүүлнэ, толгой эхийг нь мэдчихнэ, мануус тийм болжээ, арга тасарсан. Хятад хүргэн авсан нь манай Зүүн хошуунд тоймгүй. Дагаад явсан нь нэг хоёр жилийн дараа гүйгээд хүрээд ирнэ ээ.
-Салаад ирэх үү?
-Үгүй, дагуулаад ирнэ ээ. Тэгээд хүрээд ирэхээр нь нутаг бэлчээр тасалж өгнө. Хөхнуурын Монгол одоо барагдаж байна нээрээ. Толгой өндийх нь тасарч байна. Монгол шань гацаанд одоо дан хятадуус байна. Хятад хятадуудаа дагуулаад ирнэ ээ.
-Танай гэрт суугаа энэ тангад юун хүн бэ?
-Энэ тангад хүн манайд мал хариулахаар ирээд гурван сар болчихжээ. Өдрийн 40 зоос өгнө. Гэр бүлтэй эсэхийг нь би мэдэхгүй, хаанаас ирснийг нь бас мэдэхгүй. Анх ууланд мал хариулахаар явахад төрөл маань мал хариулах хүн байна гэж хэлжүү, тэгээд динхуа цохиод олжээ. Ийм мал хариулах хүмүүс олон бий. Ихэвчлэн амьдрал нь муу, хэрэг гаргачихаад явж байгаа, эсвал ар гэрт нь асуудал гараад явсан хүн ч байна. Эд сайн санаатай ч байна, муу санаатай ч байна. Юу ч мэддэггүй тийм амьтан ч байна. Хот, тосгоноос ирсэн тариачин хүмүс ч байна. Эднийг тусгайд нь бүртгэнэ гэж засагт байхгүй. Монголчууд хятад хүнийг хөлсөлж малаа хариулуулна. Тэдгээр нь малыг нь хариулж байдлыг мэдэж яваад гэдрэгэ малыг нь хулгуулаад одно, горьгүй ээ горьгүй. Эхлээд зарц нь болно, дараа нь хүргэн болох нь болно. Тийм тийм асуудал их байна аа. Цөөхөн болоод барагдаж байна. Одоогоор хүүхдүүд мал маллаж мэдэхгүй, ерөөс Монгол хүн мал хариулахгүй бол энд Монголоо алдана. Малаасаа салаад хотод яваад суунаа гэвэл хожим Монгол хүний амьдрал зовно. Одоо цаашдаа энэ бидний хөлсөлж мал хариулуулж байгаа зарц нар бараг эзэн сууна биз дээ. Эд нар чинь одоо яаж мал хариулахыг мэдээд авчихна...
Манууст нэг тийм яриа байдаг аа. Ар Монголд чухам сайхан байдаг гэнэ ээ, хятад байдаггүй, хятадыг дарчихсан уудам сайхан суудаг гэнээ гэсэн сураг чимээ ихтэй. Энд Монголчууд ингээд наар цаар явах гэвэл улс учир шаардана. Тэгэвч Монгол хүмүүс санаа алдахгүй, санаа алдаж гэмээнэ хөлөө алдана гэнэ. Зарим Монгол хүмүүс хэлж байна:
-Аяа, одоо нэг Чингис босдоггүй ба гэж. Үндэсний ухамсар их сайн. Айл болгонд Чингис хааны зураг тахина. Чоно тахина. Хөгшчүүл Чингис хааны түүхийг бүр хүүхэст ярьж өгнө. /тэгснээ гэнэт нэг зүйл санав бололтой уулга алдсанаа/
-Хөөе нээрээ манайгийн көвүүн энэ хавар Голмуст сонссон гэнээ. Ар Монголд жинхэнэ Монгол эрлэгээр /гуйлга гуйх/ явсан нь байхгүй гэнээ. Монгол хүн Монгол дотор эрлэгээр эрснийг нь алаад хаячихдаг гэнээ, алаад хаячихвал араас нь Монгол хүн айж нүүрээ барахгүй ээ гээд эрлэг эрдэггүй гэнээ гэж. Энэ үнэн үү?
-Үгүй ээ, яалаа гэж алах вэ. Монголд гуйлга гуйх улс бараг байдаггүй юмаа. Дориухан нь олон, дорой буурай нэгнээ татаж чангаагаад хоногийн хоолтой л явна. Монгол нутагт хүн өлбөрч үхэхгүй ээ.
-Ай бас сайхан аа. Арван хэдэн жилийн өмнө байдаг уу Ар Монгол ӨвөрМонголыг авахгүй, зөвхөн энэ Хөх нуурын Монголыг авчих санаа байсан, хятад өгсөнгүй гэсэн яриа гарсан манууст. Аяа, Ар Монгол улс мануусыг авчихсан байсан бол... гэж одоо бид халаглаж байнаа, хятадыг зүхэж байнаа. Биднийг одоо тануус авах болов уу...?
Надад хэлэх үг олдсонгүй ээ. Нулимсаа залгилаа. Харин тэр үргэлжлүүлэн ярьсаар л...
Түвд Монголчууд нутгаа булаалдан буу сум хөдөлгөх нь энүүхэнд
Түвдээс наашаа Дээд Монголчуудынхаа нутагт орж ирсэн цагаасаа л бид иймэрхүү яриа хөөрөө, дүр зурагтай учирсаар...
Түвдээс буцах замд галт тэрэг Голмус хотоор дайрна. Хамгийн анхны Монгол газар тосч байгаа нь энэ. Голмус гэдэг нь олон гол /голууд/ гэсэн Монгол үг. Харин сүүлийн үед Хятадууд газар орныхоо зураг сэлтэд Геермү хэмээн тэмдэглэх болсноор голууд хэмээх эл үгийн эш үндэс алдарчээ. Дээд Монголчууд маань энд бий. Хот бараадсан зарим нь эндэхийн Монгол сургуулиудад багшилна, төр захиргааны байгууллагат хэр тааруу алба хашна. Бид энд ордос залуу Уулаар газарчлуулан чухал хэдэн хүнтэй уулзаад авснаа хэлэх нь зүйтэй. Голмусын Монгол дунд сургуулиар очиж сургуулийн дэд захирал /нэгдүгээр дарга нь хятад хүн байдаг/ Сүрэн, тэндэхийн багш Тодгэрэл, Хашчулуун, Хурц нартай эртний андтайгаа уулзах шиг л найртай учран элдвийг хөөрөлдсөн. Гүмбэмд болсон дээд Монголын хоёр залуугийн хуримын видео бичлэгийг хийж байсан Уул нэртэй ордос залуугийн ажил алба нь Дэлхий хотод байдаг ч дээд Монголоос эхнэр авсан мань хүн газрын өндөрлөг дэх Голмуст өрх гэрээ засчээ. Хятадуудад хөлсөө зарахгүй гээд төрийн албанд зүтгээгүй, хятадуудаас хоолоо гуйхгүй гээд өөрийнхөө хөлсийг нэрж яваа энэ залуугийн үнэнхүү шударга яриа хөөрөө, тусч өгөөмөр сэтгэл нь биднийг зузаан журмын нөхөд болгосон билээ. Хүүдээ тэр Уудам гэдэг нэр өгчээ. Гүмбэмээс эхлэн биднийг хөтөлсөн түүнтэй Түвдээс буцах замдаа Голмуст дахин уулзах ерөөлтэй байжээ. Гэрт нь зочиллоо. Үгүй дутуугүй товхийтэл тохижсон хотын цэвэрхэн айл. Дайлууллаа. Уул маань жаахан халлаа. Уйллаа. “Хэрэв хүнд хойд нас гэж байдаг бол би Ар Монголд хурга болж төрөөд ирэг болоод идүүлэх сэн гэж боддог оо” гээд л цурхиртал мэлмэрүүлэхэд нь хүн ер нь юугаар дутдаг юм бэ гэдгийг яс махаараа жирсхийтэл мэдэрсээн. Голмуст ирснийх хөдөөгийн малчидтай хальт ч болтугай уулзах сан гэж дурстал биднийг Түвд рүү үдэж, угтсан Балсан гэх айхтар ухаалаг багш өвгөн, Уул нар тэр дор нь бүгдийг зохицуулж Хошууд Са.Мөнхнарантай биднийг учруулснаар бид бас нэгэн гайхамшигт хүнтэй танилцсан юм.
...Голмусаас хойш 20 гаруй км-т байх Дэвтээр гэдэг ёстой л нэр шигээ нэвчиж дэвтсэн балбархай газарт намаг шавган дунд хараа бараагаа харалцахгүй шахам холд “айлссан” хоёр гэр өнчрөн торойх аж. Бидний газарч Хошууд Са.Мөнхнаран гэгч жинхэнэ Монгол зүрхтэй, 40 эргэм насны туранхай шар залуу Хэнаньд багшилж байснаа хуучлан, тэндэхийн Монголчуудын талаар хачин жигтэй сонин сонсгож явлаа. Тэрээр хэдэн жилийн өмнөөс группт орж төрөлх Голмустаа ирснээс хойш суурин суух болжээ. Хотод суудаг ч хөдөө сэтгэлтэй хүн. Зуурдаар үхчихгүй л бол ар Монголдоо нэг оччихоод ирнээ гээд л ярих. Биднийг дагуулж очсон айл нь тэдний баз хүргэнийх. Нөхрийг нь Уранбат, эхнэрийг нь Чимгээ гэдэг. Энэ гэр бүл ер нь нэг тийм цөлх бүрэгдүүхэн боловч сэтгэл сэтгэлээ таниад ирэхийн үест цайлган, нандин чанарууд нь дорхноо л цухайгаад эхэлсэн билээ. Шалгүй л болохоос отрын жижигхэн гэрт яг л Монголоороо амьдардаг аж.
Ер нь Дээд Монголд хөдөөний айлууд ихэвчлэн 2-3 гэртэй байна. Хамгийн том гэр нь 6-8 ханатай байх бөгөөд энэ нь зочид гийчид хүлээн авах, өөрсдийнх нь амарч тухлах гол гэр юм. Харин жижиг, дунд гэртээ малын идээ цагаагаа боловсруулах агаад ер нь нэг үгээр хэлбэл энэ нь ажлын өргөө байна. Биднийг очих үед тэд өвөлжөөндөө буух бэлтгэлээ хийж том гэрээ хураагаад жижиг гэртээ сууж байсан юм. Гэр бараагаа хураачихаад байхад ирлээ гээд л сандарч, аль болохоор тохь тухай байлгах гэж бөөцийлөх нь яг манай хөдөөгийхний араншин тэр чигээрээ. Зам нь хэцүүхэн, дов сондуул, намаг шавхай ихтэй болохоор хөлсний тэрэгний жолооч хятад их л уцаардуухан, амандаа олон юм үглэж явсаар тэдний гэрийн бараа харагдахтай зэрэг биднийг буулгаад хөдөлсөн болохоор бид гурав довны толгой дамжиж харайсаар Уранбатын ирэхэд тэдний хотноос дээл хувцас болсон, Монгол байрын гурван хүн мордож харагдлаа. Мэнд усаа мэдэлцсэний дараа бид Уранбаттай хөөрөлдөж эхнэр нь эзгүй байсантул Са.Мөнхнаран хоол хош бэлдэж эхэллээ.
-Саяын мордоод явдаг гурав ямар хүн байна?
-Хятад хүмүүс.
-Танай хөлсөлж байгаа хүмүүс үү?
-Үгүй ээ. Энд зүгээр морь барихаар ирсэн.
-Хятад хүмүүс мал маллахгүй биз дээ?
-Энд тариачинд бас байнаа. Тэдэнд тусгай бэлчээр байхгүй учраас энд тэнд Монгол малчин айлд малаа тавих нь байдаг. Хятадуудад өөрсдөд нь зөвхөн тариалангийн газар л өгнө. Харин бэлчээр өгөхгүй. Монгол айлд тариалангийн газар өгөхгүй зөвхөн бэлчээрийн газар л өгнө. Монголчууд бэлчээр дээрээ тариа тарих нь байдаг. Гэхдээ тариа таривал хөрс эвдрэх учраас дэмий их тарихгүй ээ.
-Энэ чийг намганд шалгүй гэрт тохь алдахгүй юу?
-Манай энд Монгол гэрт шал дэвсэхгүй. Цас Цайдамын хотгорт нэг их бороо орохгүй. Жилдээ нэгээс хоёр удаа орно. Энд бэлчээр хуваарьтай болохоор дэмий их нүүхгүй ээ. Манайх таван зуун тоо малтай. Тэдгээрээс зуу нь ямаа бусад нь хонь. Сүргийн зохион байгуулалт гэж байхгүй. Бүгд ямаа маллая гэвэл ямаа маллаж болно. Түүн дотор өөрийн сайн дураар яаж маллая болноо. Адуу хорь орчим бий. Дөрвөн хүн маллана. Хоёр хүүхэдтэй. Адуунаас айраг хийхгүй ээ. Манай үед ирээд түүнийг хийж мэдэхгүй ээ. Би яг яаж айраг хийж байгааг өөрийн нүдээр үзээгүй ээ.
-Монголд адуутай айл болгоны ханын толгойноос арьсан сав унжуулсан байдаг. Тэрэн дотроо гүүнийхээ сүүг хийгээд исгэл хэмээх хуучин айрагны дээжээ нэмж бүлнэ. Хэдий их бүлэх тусам айраг сайхан болно. Бүлэлт нь дутуу бол айрагны амт сул болдог. Айлд гийчин ирвэл тэр хүн заавал айргийг нь бүлж өгдөг.
-Өө тийм үү. /гайхшран дуу алдав/.
Ноднин манай ах эгч халхад хүрээд айраг сайн уулаа гээд ийм бүдүүн аягаар /гараа алдлан/ ууж байна. Өдөртөө бараг айраг уугаад өнжчихнө гэж байна байсан.
-Намар айраг их сайхан болноо.
-Аан. /гайхшран дуу алдав/
-Хавар, зунаар айраг ховор. Голдуу намар айраг их ууна.
-Тэгвэл та нар өвөлдөө айраг ууя гэвэл яах вэ?
-Тэгвэл намрынхаа айргийг хадгалаад өвөл үхрийн сүүгээр жаахан шингэлээд дахиж бүлэхэд айрагны амт эргээд ордог. /Энэ үес Са.Мөнхнаран ярианд орж ирлээ/.
-Энэ жил ар Монголд суугаа эрхэм дүү Бүргэдийн хурим Улаанбаатарт болж манай ах дүү нар залагдаж яваад ирсэн. Би хөдөө сууж мэдэлгүй үлджээ. Ээ мөн азгүй. Би чинь Монгол үзэх гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явдаг хүн. Манай тэд мөн ч их золтой явжээ. Ирээд биднийг нүдийг нээжү.
-Та Хэнаньд байснаа ярьж өгөөч. Тэнд цагаан Монголчууд байдаг гэлцэх юм?
-Хэнань шаньд цагаан Монголчууд байна. Мөн наана Хузуд тузу нар амьдарна. Тариа тарьж амьдарна. Монгол гэрт амьдрах нь дэмий арвин байхгүй. Мал маллах нь цөөн. Хятадад ойр байдаг нь хятад, төвдөд ойр байдаг нь төвд болно. Монгол бичиг үл мэднэ. Арвангуравдугаар зуунд Чингис хаан Энэтхэгийг довтлохоор их хэмжээний цэрэг дагуулаад иржээ. Тэгээд Энэтхэгт ороод цэргүүд нь өвчинд нэрвэгдээд дийлэхгүй болохоор буцахдаа Чингис зарим цэргүүдээ замдаа гээчихээд явчихсан нь энэ цагаан Монголчуудын өвөг болно. Чингис хаан дагуулсан учраас цагаан ястай гэж тэд ярина. Харин хятадууд тэднийг тус газрын хүн буюу тузу хэмээнэ. Одоо бүр хайлсан. Тэд тариагаараа архи нэрнэ. Настай улсууд нь аяган дотроо архи хийгээд боорцгоо дэвтээгээд идчихнэ. Бас тэнд Хар Ёгур гэж байна. Шар ёгур гэж бас байна. Монгол гаралтай. Тэд Ганьсу мужийн Сунаньд байна. Хонийг хой, махыг мах, морийг морь гэж байна. Мануусын Монгол үгийг бараг Монголоор хэлж байна.
Хөхнуурын эрэг орчмоор хоёр Монгол гацаанаас бусад нь одоо төвдүүд амьдарна. Тэднээс өмнө Монгол нутаг байжээ. Хошуудын Гүүш хаан /Төрбайх/ 1636 онд Шинжаанаас нааш нүүж Улаан шаний Ширэг хэмээх газарт орж ирээд Халхын Цогт тайжтай байлдаж энэ газрыг эзэлжээ. Хожим нь Төвдүүд дахиад хүчирхэгжжээ. Төвд, Монголчууд бэлчээрээ булаалдан буу сум хөдөлгөдөг байсан. 2000 онд хятадын засгаас хэн хэн нь аль нутагт нутаглахыг заагаад шийдвэрлээд өгчихсөн тул дахиад тийм болоогүй. Дээхнэ Хэнаньд бэлчээр булаалдаж ширүүн тулалдаан үүссэн.
-Түүний тухай ярьж өгөөч
-Би мэдэж байхаар нөгөө талаас Ганьсугийн төвд, манай талаас Хэнаний Монголчууд буу сум хөдөлгөсөн. Нийтдээ наашаа цаашаа бараг 50 орчим хүн хөнөөгджээ.
-Хүний амь нас тасаллаа гээд цагдаа ирээд барьж хорихыг нь бариад шийтгэхийг нь шийтгэнэ биз дээ?
-Тэгж дийлсэнгүй ээ. Учир нь наад тал нь бүгдээрээ хөдөлчихсан, цаад тал нь бүгдээрээ хөдөлчихсөн, тэгвэл чухам хэн буудаад алчихсан мэдэгдэхгүй. Би мэджээ, гэвч би хэлэхгүй ба. Яалаа ч гэсэн нутаг бэлчээрийн зөрчилдөөн гараад л цаашаа наашаа бололдсон нь үнэн ч яг энэ хүн алчихжээ гээд аваачаад шорон гянданд аваачсан нь үгүй ба. Аль аль нь бас хүний амь нэхэмжилсэнгүй бас. Тухайн үед Ганьсугийн төвд нааш ирээд мэдэгдвэл алуулна, цааш Монгол яваад танигдвал шууд алуулж шийдвэрлэгдэж байсан. 1991 онд би тэнд хүрэхэд тийм мөргөлдөөн гарч л байсан. Одоо бол ийм явдал байхгүй. Эцэст нь Монголчууд хэсэг нутаг алдаж, төвдүүд хонжиж төгссөн. Хэнаний Монголчууд Цайдамын Монголчуудаас ялгаатай. Тэдний зууны 15 хувь нь Монголоор ярьж дийлнэ. Төвд аялгуугаар хольцтой ярина. Үлдсэнээс гэр нь л байна. Сүүлийн үед Хятадууд Монгол нутаг усны нэрийг өөрчилж байна. Жишээ нь Хөх шилийн нурууг Кикишил гэнэ. Күнлүн гэдгийн Монгол нэр Хөндлөн. Тоорой гэдэг эндхийн Монгол нэрийг Тулахэ гэж өөржилчихжээ. Яг энэ газрыг урьд нь Дэвтээр гэдэг байсныг одоо дураараа Чин ши хэ гэчихжээ.
-Баавгай чоныг бархирч үргээдэг, буу байхгүй
…-Энэ одоо ямар үсэг байна аа?
-Энэ одоо кирилл үсэг юм даа.
-Хирийл үсэг?!
-Кирил гэнэ. Манай шинэ үсэг байна. Эхлээд хуучин үсгээрээ бичиж байгаад одоо энэ хэвтээ бичгээр бичиж байна.
-Аан... /гайхширна/
-Тануус энэ мануусын үсэг мэдэх үү?
-Мэднэ мэднэ. Албан ёсоор хэвтээ бичгээрээ бичиж байвч хүмүүс босоо үсгээ мэднэ ээ.
-Аан. Тангад үсэг шиг хэвтээ бичдэг болжээ.
…Уранбатынхтай бэлчээр залган нутаглаж буй бригадын дарга /тэд сужи гэнэ/ Чулууныд эл яриа болсон юм. Энэ хүн нэг л хэмийн намуун гунигтайхан өнгөөр ярина. Яриа нь тээр доороос эхэлж тэр чигээрээ л явсаар санаа алдах шиг анирхан төгсөнө. Олон жилийн хур гуниг нэвчсэн нэг л сонин нүдтэй энэ хүнийг ярьж хөөрч суухад нь би яг л музейн үзмэрт шимтэх шиг дуугүйхэн ширтэж суусан.
-Сужи /бригадын дарга/ хүн ер нь юу хийдэг юм бэ?
-Сүжи /дарга/ хүн суурин газар намын хуралд явна. Улс төрийг хамаарна. Бригадын өдөр тутмын ажлыг бас хамаарна. Голмус хотод болох хуралд ойрдоо эв хамт намаас малчдын аж ахуйг шинээр зохион байгуулах тухай яригдаж байгаа. Ингэж амьдрах нь бас малчдад ашигтай байна. Цахилгаан гэрэл байхгүй, зам харилцаа байхгүй байгааг алхам алхмаар шийдвэрлэнэ. Энэ хэрээрээ малчин хүн дөрвөн улирлын эрхээр оторлоод нүүдэллээд явдаг нь энэ шинэ хэлбэрийн аж ахуйн хэлбэрт тааршгүй, суурьшмал мал аж ахуйн хэлбэрт шилжинэ гэж яригдаж байна.
-Суурьшмал мал аж ахуйн хэлбэр гэж ямар шиг юм байна?
-Оторлож нүүхгүй хашаалж маллана гэсэн үг. Мөн улсаас байгаль, мод бут хамгаалах учраар хамаагүй мал бэлчээж болохгүй. Урьд нэг хүнд 100 толгой малыг одоо 50 толгой мал болгож хязгаарлана гэнэ.
-Гэтэл засгийн энэ бодлого та хэдэд таалагдана уу?
-Мануусын санаанд энэ явж үгүй ээ одоо.
Тэгээд амьдрахад аргагүй болж байдаг ээ. Арга барагдах нээ. Хэдэн малаа зоос болгож хот газар байшин бараадан амьдрахаас өөр аргагүй ээ. Монголчуудыг барж байна, дээдээс бодлого тийм шиг ээ. Манай энд бэлчээрийн газар, тэнд байгаа мод чулууг хамгаалах хуультай учир чоно, бамбуу /Баавгай/ зэрэг малд гэмтэй араатанг алж буудаж болохгүй. Алж мэдэгдэж гэмээнэ улсын хуулиар торгуулна аа. Буу сумыг маань аль хэдийнэ хураагаад авсан учир хий дэмий хашгирч бархираад айлгаж үргээнэ.
...За тэгээд л энэ ахархан атлаа урт аяллын туршид цор ганц бодол дотор сэтгэлийг урж мэрж явсныг одоо энд дэлгэюү. Монголоороо бахархах, ижилсэх энэ бүх яриа хөөрөөний төгсгөлд би юуг ойлгож авсан бэ гэвэл Монгол дархлаа гэгч зүйлийг бий болгохын төлөө Монгол хүн бүхэн шаналж цохилохгүй бол дусал бэх усанд уусахын адил нэг л мэдэхэд бид сэтгэл зүрх, сэрүүн зүүдтэйгээ хамт арилан одоод түүхийн номын хуудаснаа уншигдах хувь тавилантай золгох вий гэх эмзэглэл төрсөн. Төвдийн өндөрлөг дэх энэ л Монголчуудынхаа нутгийн захаар хальт шүргэн аялах үедээ амьдрал ахуйг нь гэрэл зургийн хальснаа буулгаж тэр хэдэн зургаараа “Занаду арт” галерейд энэ сарын эхээр үзэсгэлэн гаргасан юм. Үзэсгэлэнгийн маань нэр “Цайдмын зэрэглээнд алдарч буй Монгол”. Бид өөрсдийн хувийн дүгнэлт, бодол мэдрэмжээрээ асуудалд хандахаас аль болох татгалзсан бөгөөд зургийнхаа тайлбарын оронд тэдгээр хүмүүсийн /дээд Монголчуудын/ яриа хөөрөөг яг л нутгийнх нь аялгаар элдэв засваргүйгээр буулгаж зургуудынхаа хажууд тус тус өлгөсөн нь үзэсгэлэнгийн танхимд ирсэн хүн бүхэнтэй тэднийг уулзуулах гэсэн оролдлого байлаа. Энэ үзэсгэлэн маань сэтгэл хөндсөн нэлээд хүндхэн үзэсгэлэн болсныг хэлэх нь зүйтэй. Хүмүүс ч энэ тухайд янз бүрийн л үг хэлж санаа оноогоо хуваалцсан. Гэхдээ бид Дээд Монгол андтайгаа уулзах хүртлээ тухайлж ер зовж шаналалгүй явсан билээ. Харин Улаанбаатарт сурч амьдарч байгаа Бүргэд анд минь бидний үзэсгэлэнг үзээд гарахдаа нэг л гундуухан, үл ойлгогдох тийм нэг харцаар шагначихаад явсан юм. Хожим тухтай уулзах үед л энэ учиг тайлагдсан. Манай хүн цээжний гүнээс санаа алдаад яриагаа ийн эхэлсэн юм. “Энэ аялал, үзэсгэлэн чинь биднийг Монгол ахан дүүст минь хөтөлж ирсэн сайхан ажил боллоо. Гэхдээ та бүхнээс нэг л зүйлийг хүсмээр байна. Дээд Монголчуудыг уусаж хайлж байгаа, уруудаж ядарч яваа гэж бүү их тунхаглаач ээ. Бодит байдал ийм байгаа ч тэд энэ байдалтайгаа эвлэрэх тун ч дургүй. Тэдэнд минь урам итгэл өнөөдөр юу юунаас чухал байна. Бид чинь сөгдөж сөхрөхгүй гэж аль байдгаараа хичээж явдаг улс. Өрөвдүүлж хөөрхийлөх бус харин итгэл өгөөч” гэсэн.
Дараа нь хэд хоног сэтгэл их л хөндүүр байлаа. Гэм хийсэн ч юм шиг эвгүй санагдаад. Гэхдээ л ирэх өдрүүдэд хамт цохилохын төлөө шүү дээ гэж өөрийгөө тайтгаруулсан. Юутай ч өнөөдөр урд зүгийн нутгаар цаг агаарын мэдээ олиггүйхэн дуулдахад өрцний цаана нэгэн юм жирсхийж, мөнөөх л Цайдмын хотгорт цаг наргүй ажиллаж, амьсгалынх нь тоо Монгол хэмээн лугшиж яваа тэр хэдийгэээнэрэн санадаг болжээ. Зэрэглээн дунд хийсэх мэт дэрвэн буй Монгол гэр нүдэнд харагдаад, өргөст торон хашаан дотроо малаа адгуулж яваа нь бодогдоод нэг л сайхан нартай өдөр айлчлан очихыг хүсээд...Улаанбаатартаа уймарч сууна.Тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхт иргэнийхээ хувьд тэдний төлөө зовж шаналан зорьж зүтгэх үүрэг бидэнд оногдсон. Хилийн дээсэн доторх Монгол Улсад ардчилал бий. Энэ бол бидний эрхэм дээд өмч. Энэ баялагтаа эзэн шиг эзэн болж хилийн цаана зүдэж зүтгэж буй олон Монголчууд, элэг нэгтнүүддээ үйлчлэх /ядахдаа сэтгэлзүйн хувьд/, тэднийгээ олон улсын хүний эрхийн болон өв соёлын байгууллагаар хамгаалуулах, төсөл хөтөлбөрийг тийш нь чиглүүлэх зэргээр Монголынхоо гадна ч гэсэн Монголыгоо авч үлдэхэд анхаарах цаг үе нь нэгэнт болчихсон юм биш үү гэж бас бодогдсон. Дэлхийд найман сая Монгол хүн байдгийн 2.5 сая нь л эх орондоо амьдарч байгаа гэсэн...
БНХАУ. Хөхнуур муж
Монголын төрд хятадын эрлийзүүд байсан цагт эднийг авна гэсэн санаа огт гарахгүй.
Гэтэл энд бидний байж байгаа царайг . Манангийн хэдэн баагийд базуулчихаад гөлөг болчихсон байдаг
тэдэнд очиж тэсэж гарах дээдсийнхээ ухааныг зааж ёс заншлыг нь сэргээж өгөх юм сан
ЭХЛЭЭД ЭХ ОРОНДОО ЭЗЭН БОЛЧИХООД,ДАРАА ХУРГА ТӨЛГӨНИЙ ТУХАЙ ЯРЬВАЛ ДЭЭР БАЙХ.
ОДОО ЦАГ ӨӨР БОЛСОН БАЙНА ДЭЭР ҮЕ ШИГ МОРЬ БУУ ХОЁРООР ШИЙДДЭГ БОЛ МӨН Ч АМАРХАН ӨВӨР МОНГОЛ БУРИАД МОНГОЛОО НУТАГТАЙ НЬ АВЧИХ БОЛОМЖ БНА ДАА ЯАГААД ГЭХЭЭР БҮХ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ НААШАА ХАРСАН ТОРГОН ЦАГ ҮЕ ЮМ САНЖ ДААН Ч ЗЭВСГИЙН ДОРОЙТОЛД ОРЧИХСОН БИД ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН ХАЛИУНЫ ЗУЛЗАГА ХӨӨРХИЙ МОНГОЛ БОЛЧООД БНА Л ДАА ЯАМААР ЧЮМ ДЭЭ
Зэвсгээ хийж сурагтун. Удахгүй Хятад ч, Орос ч гэсэн задарна. Тэр цагт ийш, тийш бутарсан тасархай Барон Унгерн шиг, Сүй Шү Жан шиг юмнууд үймэлдэхэд нь нуга дараад газар нутаг, хүн ардаа авчихаж болно. Өөрсдөө юмаа үйлдвэрлэж л сурагтүн.
tend olon zuunii umnu uldechiheed, mongolooroo odoo hurtel yrij, mongol soyloo avaad uldsen ymar mundag humuus ve, aylal juulchlalaar ch boltugai mongoloo neg uzuuleh yumsan
“Энэ аялал, үзэсгэлэн чинь биднийг монгол ахан дүүст минь хөтөлж ирсэн сайхан ажил боллоо. Гэхдээ та бүхнээс нэг л зүйлийг хүсмээр байна. Дээд монголчуудыг уусаж хайлж байгаа, уруудаж ядарч яваа гэж бүү их тунхаглаач ээ. Бодит байдал ийм байгаа ч тэд энэ байдалтайгаа эвлэрэх тун ч дургүй. Тэдэнд минь урам итгэл өнөөдөр юу юунаас чухал байна. Бид чинь сөгдөж сөхрөхгүй гэж аль байдгаараа хичээж явдаг улс. Өрөвдүүлж хөөрхийлөх бус харин итгэл өгөөч” гэсэн.
хөөрхийдөө ямар өрөвдмөөр юм дээ тэгэхэд нутагтаа байгаа монголчууд минь ямар арчаагүй сэтгэлгүй хүний юманд амьдарч байгаа юм шиг эх орноо гэх сэтгэл зүрхгүй нэг л худлаа эх оронч гэж цээжээ дэлдэж хашгирсан нөхдүүд яана даа тэгэхэд тэнд сэтгэл зүрхэндээ уйлж хүсэж мөрөөдөж санааширсан мах цусны минь тасархай тэгж зовж байхад
Монгол төр хаана байна. Эх Оронч эрчүүдийн ухаан балатраа юу. Эрлийз болох аюул мөхөл үү аль эсвэл хятадаас мөнгөтэй өолох хөгжил үү аяа ...
Хун нэмвэл хунс нэмэгдэнэ мануус дээр иртугэй тануус
Уучлаарай.Та бүхнээс хүн бүхэн суралцана. Үгүй ядаж мануус гэхээс болиочээ бид нар гээч дээ. Өвөрмонголчууд голдуу хэрэглээд бдаг. Бид нар
Уучлаарай, бидний хүүхэд насанд ар монголчууд бидний аав ээж, эмээ өвөө, бид ч маниус гэдэг л байсан. Бид одоо ч маниус гэж ярьваг шүү дээ. Маниус, мануус жаахан аялгын ялгаа эсвэл хуучин монголоороо бичдэг тэдний зөв, кириллд ороод хэлээ эвдсэн бидний буруу ч байж магад
Бидэнд бахархах юм их байна шүү. Чамлахаар чанга атга. Энд тэндхийн хүн амьтныг өрөвдөж тойлох яахав. Өөртөө байгаа эрхэм зүйлийн үнэ цэнийг мэдэж үнэлж суръя.
энд нэг арга байна тэртэй тэргүй цаад хужааг чинь монгол байтугай дэлхий дийлэхээ байгаад байна тиймийн учир өмхий хужааг дотроос нь задлах хамгийн шилдэг арга байна хөх нуурын монголчууд уйгарууд төвдүүд өөр хань биш хар мянган үндэстнүүдийнх нь үндэсний үзлийг нь жаахан дэврээгээд өгөхөд хангалттай хэдэн том үндэстнүүдийг нь салгачихвал хэдхэн өт хорхойн хоолтой хужааг амархан нухчихна
Өмхий хужаа задрах нь ч задарна. Харин цаг хожиж дотроос хагалах буруу ч бас биш. Хөршийн иргэний дайн сунжирч олон жижиг улс болон хуваагдаад өнөө Монгол гэх хэд маань маньтайгаа нийлэх биш тусгаар улс болно гээд чичирвэл бидэнд бас нөлөөлнө. Ард хэдэн Хасагууд халдвар авч мэдэх гэх мэтээр асуудал дагуулж хогын янкууд далдуур явуулга хийж төвөг болно. Бодох хэрэгтэй.
tanihchguim baina