Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зураг түүх өгүүлнэ буюу хоёр алдартай зурагУншсан48,218

Зураг дээр харагдах таван настай цагаан толгойтой хүү одоо 80 хол давсан сэргэлэн өвгөн байдаг бөгөөд өөрийнхөө тэр зургийн тухай түүхийг ярих дуртай, хэвлэл мэдээллийнхэн ч энэ тухай асуух дуртай хэвээр байна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дайн, цэрэг эрийн тухай, түүний ер бусын эр зориг, тэвчээр, баатарлаг үйлс, харамсалтай ү х л и й н тухай бахархмаар, харамсмаар түүх олон байдаг ч энэ удаа дайны үеэр цэрэг эрийн амсдаг бас нэг өөр з о в л о н  шаналлын тухай арай өөр өнцгөөс харсан хоёр түүхийг сонирхуулъя.

Эхний түүх буюу олзлогдон хоригдож байгаад суллагдсан цэргийн нисгэгч. Түүнийг гэр бүлийнхэн нь тосон авч байгаа нь.

Энэ бол дэлхий дахинд алдартай зураг. Энэ зургийг авсан Associated Press агентлагийн гэрэл зурагчин Слава Ведерийн хальсанд буулгасан энэ агшин нь түүнийг Пулитцерийн шагналтан болгосон билээ. Зураг дээрх Америкийн нисгэгч нь Вьетнамын дайны үед онгоцтойгоо б у у д у у л а н унаж олзлогдон 5 жил хагас Вьетконгчуудын гарт тарчилж байгаад гэртээ эргэн ирж байгаа нь энэ юм. Түүний өөдөөс бөөн баяр хөөр болон гүйж байгаа хэд бол түүний үр хүүхэд, эхнэр нь. Харин эхнэрийн царай төрхийг сайн харвал хүүхдүүд шиг тэгж хагартлаа баярласан шинж арай бага мэт санагдаж байж магадгүй юм.

Өөр нэг зураг нь энэ.

Хүүхдүүд аавыгаа тэврэн баярлах бол эхнэр багахан зайтай инээмсэглэн зогсох. Яагаад эр нөхөр нь ёстой жинхэнэ т а м а а с амьд мэнд эргэн ирж байхад эхнэр нь  жаахан өөр байдалтай байгаа юм бол?

Нисгэгч эр Роберт Стерм нь залуу зандан цагтаа сайхан бүсгүй Лореттатай танилцан удалгүй нийлж гэр бүл болжээ. Нөхөрт гарах үедээ Лоретта дөнгөж 19 настай байсан гэдэг. Бусдын адил хамтдаа баярлаж, муудахдаа муудаж явсаар нэг л мэдэхэд 4 хүүхэдтэй болоод байсан тэр үед Вьетнамын дайн эхэллээ. Цэрэг хүний хувьд Роберт дайнд явж 1967 оны 10-р сарын 27-ны өдөр Ханойг б ө м б ө г д ө х явцдаа б у у ду у  л ж, шүхрээр үсрэн буусан боловч олзлогдон амьдын т а м д унаж ёстой яс махаараа зовлон гээчийг амсаж байсныг нь энэ аварга биетэй эр дөнгөж 50 кг жин татаж байсан гэдгээр хэлэхэд л хангалттай байх.

Америкчууд дайнд ялагдаж Вьетнамыг орхих үед Роберт суллагдан гэртээ очих боломжтой болсон ба замдаа Филиппин дэх цэргийн баазад хэсэг байж бүх л бичиг баримт, болон албан ёсны зүйлүүдийг яг таг болгох, эрүүл мэндээ сайжруулах зэрэг номын дагуу хийх ёстой зүйлийг хийж, биеэ тэнхрүүлж байх үед гэнэт эхнэрээс нь захиа иржээ. Олзлогдон зовж явахдаа эхнэр хүүхдээ санан бодож, уйлан байж тэвчиж гарч чадсан бол харин эхнэрийнх бичсэн захиа түүний хувьд хамгийн хүнд хэцүү зүйл, даван гарах боломжгүй мэт зүйл байсан юм. Учир нь тэр захианд эхнэр нь салах болсон тухайгаа хэлсэн байлаа.

Алдарт зураг авсан тэр явдлын бараг л дараагийн минутаас эхлэн гэр бүл салах үйл явц эхэлсэн ба Америкийн иймэрхүү үйл явц нь хэдэн өмгөөлөгчийн айхтар маргаан дагуулсан, урт цаг хугацаа шаарддаг тэр ёсны дагуу болсон байна.

Эхнэр нөхрийгөө олзлогдоод жил болж байх үед өөр эртэй уулздаг болсон бөгөөд тэр нь ч түүнийг гэр бүл болоё гэж олонтаа гуйж байсан юм байх. Харин Лоретта энэ бүхнийгээ, нөхрөөсөө салах болсон тухайгаа хүүхдүүддээ огт хэлээгүй байж. Гэр бүл салах тухай шүүх хуралд Боб ялагдаж хоёр хүүхдээ л өөртөө авч үлдэх болсон ба амралтын өдөр болгон бүх хүүхэдтэйгээ уулзаж байх боломжтой үлдлээ. Хуучин эхнэр нь гэр, машин, сар болгон хүүхдийн төлбөр болох 300 доллар авч байх, цэргийн тэтгэвэрт гарсны дараах тэтгэврийн мөнгөний 40 хувийг авахаар болжээ.

Боб дараа нь эхнэрийнхээ тухай сайн муу ганц нэг ярилцлага сонин сэтгүүлд өгч байсан бол эхнэр нь энэ тухай хэзээ ч ам нээгээгүй ба 2010 онд хорт хавдар өвчнөөр нас барсан байна. Олон хүмүүс Бобыг хамгаалж эхнэрийг нь ад чөтгөр гэж дуудаж байсан боловч бодит байдал дээр ямар байсныг бид үл мэдэх учир хэн нэгнийг сайн муу болгоод яахав. Ямар ч байсан цэрэгт явсан эрийн эхнэр нь нөхрөө сураггүй болсон тухай мэдээнээс өөр ямар нэг зүйл мэдэхгүй олон жил болсон бөгөөд олзлогдсон эсвэл ү х с э н тухай ямар ч зүйл мэдэхгүй, цэргийнхэн ч хэлээгүй байжээ. Улсаас олгох тэтгэврээр хэдэн хүүхдээ тэжээн амьдрах гэж Лоретта чухам яаж зовж байсныг ...

Энэ алдартай зургийн гунигтай төгсгөл нь дайн гэдэг бол хаа явсан газраа хар мөр үлдээж байдгийн бас нэг баталгаа болон үлдсэн билээ.

Дараагийн зураг буюу “Ааваа намайг хүлээгээрэй”.

Зураг дээр жагсаалд яваа цэрэг эрийг хүү нь гүйцэж, аавынхаа гараас барих гэж хичээж, араас нь ээж хүүгээ даган явах харагдана. Үйл явдал 1940 онд, Канадын Нью-Вестминстрийн гудамжинд болж байгаа юм.

Энэ зураг маш алдартай ба бидний хувьд Д.Амгалангийн “Ээжээ сайн байна уу“ зураг ямар сэтгэгдэл үлдээдэг билээ, яг түүн шиг канадчуудын хувьд дурсамж болон үлдсэн зураг. Гэрэл зурагчин Клод Детлофын авсан энэ зураг орон нутгийн хэмжээний жижигхэн сонин дээр анх гаран цааш дамжин явсаар LIFE болон Time-д нийтлэгдэж “Дайн дажны үеийн гэр бүлийн нэгдлийн бэлгэ тэмдэг” болон үлдсэн байна. Гэхдээ байлдагч Жек Бернар дайнд амьд үлдсэн ч гэр бүл нь салан үгүй болсон билээ. Хамаг хэрэг Бернар цэрэгт сайн дураараа явах өргөдөл өгч эхнэр хүүхдээ орхиод явах болсныг эхнэр нь уучилж чадаагүйд байсан гэдэг.

Зураг дээр харагдах таван настай цагаан толгойтой хүү одоо 80 хол давсан сэргэлэн өвгөн байдаг бөгөөд өөрийнхөө тэр зургийн тухай түүхийг ярих дуртай, хэвлэл мэдээллийнхэн ч энэ тухай асуух дуртай хэвээр байна. Өвгөний ярьснаар бол Канад 1939 оны 9-р сард Германд дайн зарлах үед (Нацистууд Канадын нэгэн хотыг эзэлсэн нь хэмээх нийтлэлийг маань сонирхоорой) аав нь сайн дураараа дайнд явах болсон ба тухайн үедээ «sergeant major» цолтой байсан боловч сайн дураар явах болсон учир жирийн байлдагч болсон байна. Хэрвээ хүлээж байгаад цэрэгт татагдвал «sergeant major» цолтойгоо татагдах ба авах цалин мөнгө нь ч байлдагчаас хоёр дахин их байх байжээ. Гэтэл шинэхэн, залуухан гэр бүл маань тэр үед ёстой өрнөөс өрний хооронд амьдарч байсан гэдэг. Нөхрөө цэрэгт явуулсан эхнэр Ванкуверт ирж хэд хэдэн ажил давхар хийж байж орон байр, хүүгээ хооллох мөнгө олж байсан юм билээ. Дайнд явсан эр 1944 он хүртэл бэлтгэгдэж байгаад алдарт Нормандын десантад оролцож амьд үлдэж, дараа нь дайнаас эргэн ирээд хүүтэйгээ уулзаж байгаа зураг ч бий.

Харин бүтэн гэр бүлээрээ авахуулсан зураг байхгүй, дайн энэ гэр бүлийг үгүй болгосон байлаа.

Энд нэмэн хэлэхэд “Вайти” буюу цагаан толгойт хүү том болж 1964 онд эхнэр аван айл гэр бүл болсон ба эхнэр нь нөхрийгөө “Хар багаас нь харж өссөн юм шүү дээ” гэж тоглоом наадам хийдэг гэнэ. Учир нь Канад даяар алдартай тэр зураг охиныг жаахан байхад өрөөний хананд нь өлгөөтэй байдаг байж. Цагийн эрхээр охин насанд хүрч нэгэн залуутай хуримлан суух болтол өнөөх сүйт хархүү нь хар багаасаа харж өссөн тэр зураг дээрх “Вайти” байж таарчээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]