Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нүүдэлчид өчүүхэн жижиг ёотонгийн хэлтэрхийг ч гэрийнхэндээ тэнцүү хувааж өгдөгУншсан14,480

Замд тааралдсан хүнтэй, таних танихгүй хамаагүй, тэр даруй амар мэнд мэдэн: “Мэнд үү, мэнд сайн байна уу” гэж хэлэх бөгөөд дараа нь хамрын тамхиар бие биеэ дайлж, хөөргөө солилцох зуураа: “Мал сүрэг сайн уу?”, ‘Таны бие сайн уу?” гэх мэтийг асууна.

 

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байна. “МОНСУДАР”  хэвлэлийн газар “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд Монголчуудын аж амьдрал, Монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, Монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв гэдгийг  тодруулах зорилготой аж.

Уг цуврал бүтээлийн дундаас алдарт Н.М.Пржевальскийн Монгол, Гань-су, Хөх нуур, Умард Төвдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлээс толилуулж байна.

Өмнөх нь:  -Н.М.Пржевальский Монголчуудыг хэрхэн дүрслэв? http://www.tolgoilogch.mn/_m4xbbkw+7b

-Монголчууд өдөр тутмын амьдралдаа туйлын бохир заваан http://www.tolgoilogch.mn/_j9j9hmk3+3

-Монгол хүн яаж ч дутагдаж гачигдсан ч хурдан хүлэг, сайхан жороо морьдоо зарж, үрдэггүй http://www.tolgoilogch.mn/_1ll3ydhhu5

-Н.М.Пржевальский: Монгол эмэгтэйчүүдийн хувь тавилан тийм ч сайхан биш http://www.tolgoilogch.mn/_qxbnca5ppi


II бүлэг. Монголчууд

 

 (Интер номын дэлгүүрийн салбаруудаар

худалдаалж байна)

Монголоор аялсан гадныхан Монгол орон болоод Монголчуудын тухай зохиол бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байдгийн адилаар Пржевальский "Монголчууд" хэмээх бүлэгтээ тухайн цаг үеийн манай ард түмнийг хэрхэн бичиж тэмдэглэснийг сонирхоорой.

Монгол эрчүүд хууль ёсны ганцхан эхнэртэй ч татвар эмстэй байж болдог бөгөөд ямарваа ёс төр үйлдэхгүйгээр эмэгтэй нь эрийнхээ мэдэлд орно. Гэрийн эзний авааль гэргий их эхнэрт тооцогдож, гэр ахуйнхаа бүх ажлаа мэддэг, түүнээс төрсөн хүүхдүүд эцгийнхээ бүх эрх мэдлийг залган хэрэгжүүлдэг бол татвар эмийн хүүхдүүд хууль ёсны бус хэмээн тооцогдож, өв залгамжлах эрхгүй байдаг. Гагцхүү харьяа засаг захиргааны зөвшөөрлөөр л Монгол хүн хөндлөнгийн хүний үр хүүхдийг үрчилж авч болдог.
Гэр бүл бололцоход эрэгтэй талынхны садан төрлийн хэлхээ сүлбээг, тэгэхдээ ойрын үеийг нь чухалчлах бөгөөд эмэгтэй талын холбоог нэг их хэрэгсэж үздэггүй. Түүнээс гадна, гэрлэгсэд аз жаргалтай амьдрахын тулд хархүү, хүүхэн хоёрын аль алины жил усыг харгалзана, заримдаа төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг нийцээгүйн улмаас эр, эм хоёр салах нь ч бий.

Охиныг нь авсныхаа төлөө эрчүүд нь хүүхний эцэг эхэд урьдчилан ярьж тохиролцсоны дагуу мал, хувцас хунар, заримдаа мөнгө төлөх явдал олонтаа гарах бөгөөд хүүхэн ч өөрийн өмч хөрөнгийн хамт гэртээ ирнэ. Хамтын амьдрал нь нийлэмжгүй байсны улмаас эсвэл зүгээр л ааш зангийнхаа муухайгаас нөхөр нь эхнэрээ хөөж явуулах эрхтэй бол эхнэр нь ч гэсэн хайргүй нөхрөө хаяж явах эрхтэй. Эхний тохиолдолд Монгол эр эхнэр авахдаа өгсөн өмч хөрөнгөө эргүүлж шаардах ёсгүй, зөвхөн эхнэрийнхээ авчирсан хөрөнгөнөөс зарим хэсгийг өөртөө үлдээж болно.

Харин эхнэр нь нөхрөө хаяж явсан бол хуримын өмнө эцэг эхэд нь өгсөн мал хөрөнгөнөөс нэг хэсгийг буцааж өгөх ёстой болдог. Гэр бүл салсны дараа эмэгтэй бүрэн чөлөөтэй болж, дахин нөхөрт гарах эрх эдэлнэ. Энэ заншлын улмаас бөглүү, зэлүүд говь газар хайр дурлалын янз бүрийн үүх түүх ундардаг ч ямар ч ном сударт тусаж байсангүй ажээ.

Угаасаа Монгол эмэгтэйчүүд зан суртахууныхаа шинж чанараар сайн ээж, сайн эзэгтэй нар болж заяасан хэдий ч эхнэрийн хувьд тийм ч өө сэвгүй биш юм. Задгай зайдан явдал энэ орны зөвхөн нөхөртэй эмэгтэйчүүдийн төдийгүй мөн ганц бие хүүхнүүдийн дунд ердийн зүйл болсон байдаг. Монголд ийм явдлыг гаж буруу гэж үздэггүй, нэг их нууж хаадаг ч үгүй болно.

Гэр орны амьдралд Монгол эмэгтэй эр нөхөртэйгөө бараг адил тэгш эрхтэй, гэхдээ гаднах ажил төрөлд жишээ нь, өөр газарт нүүж буух, өр төлөх, ямар нэг юм худалдаж авах гэх мэтийг нөхөр нь эхнэрийнхээ зовшоөрөлгүйгээр, өөрөө мэдэн шийднэ. Хэдий тийм боловч зөвхөн ахуй амьдралаа төдийгүй мөн бусад бүх ажил төрлөө зохицуулж, нөхрөө гартаа бүрэн атгасан ганц нэг эмэгтэй бидэнтэй тааралдаж байсан билээ.

Монгол эмэгтэйчүүдийн гадна төрх үзэмжийн талаар европчууд магтсан үг хэлэхэд нэн хэцүү. Энэ арьстны язгуур хэв маяг болох хавтгай нүүр, товгор шанаа нь ямар ч хүний царайг шууд л эвгүй харагдуулна. Дээрээс нь, бүдүүн бараг гэрт аж төрдөг, хатуу ширүүн цаг уурын нөлөө, бие махбодоо бохир заваан авч явдаг зэрэг нь тэднийг энхрий ялдам шинж төрхгүй, бидний ойлгодгоор хүний сэтгэлийг татахааргүй болгожээ. Гэхдээ маш ховор тохиолдолд, гол төлөв ноёд түшмэдийн гэр бүлд туйлын үзэсгэлэнтэй сайхан хүүхнүүд байх агаад Монголчууд эмс хүүхнүүддээ нэн дуртай учир тийм бүсгүйчүүд үй олон шүтэн бишрэгчтэй байдаг.

Монголд эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ хамаагүй цөөхөн, үүний гол учир шалтгаан нь лам нар эхнэр авдаггүйд оршино.

Монголчууд гэр бүлийн амьдралдаа тун сайн, үр хүүхдүүдээ хатуунаар хайрладаг, сайн нөхөр ч байж чаддаг хүмүүс юм. Нүүдэлчин эрд бид ямар нэг юм өглөө гэхэд тэр нь өчүүхэн жижиг ёотонгийн хэлтэрхий ч байлаа гэсэн гэр бүлийнхээ бүх гишүүдэд адил тэнцүү хувааж, хүн болгон ширхэг будаан чинээ хэсгийг хүртэнэ. Монгол айл гэрийн ахмад хүмүүс, ялангуяа өвгөд нэн хүндлэгддэг ба тэдний заавар, зөвлөгөөг яв цав биелүүлнэ.

Үүний зэрэгцээ Монголчууд маш зочломтгой зантай. Ямар ч айлд ороход тэр даруй цай, сүүгээ аягалж өгөх бөгөөд сайн танилдаа бол архи, айраг, тэр ч байтугай хонь гаргаж өгнө.

Замд тааралдсан хүнтэй, таних танихгүй хамаагүй, тэр даруй амар мэнд мэдэн: “Мэнд үү, мэнд сайн байна уу” гэж хэлэх бөгөөд дараа нь хамрын тамхиар бие биеэ дайлж, хөөргөө солилцох зуураа: “Мал сүрэг сайн уу?”, ‘Таны бие сайн уу?” гэх мэтийг асууна. Мал сүрэг мэнд эсэх тухай хамгийн түрүүнд асууж лавлах бөгөөд хонь, адуу, тэмээ нь тарган тавтай эсэхийг лавласны дараа л Монголчууд зочныхоо өөрийн нь эрүүл энхийн талаар асууна. Ордос болон Алашаад “Амар сайн уу?” гэж мэндлэн уулздаг бол Хөх нуурт ‘Тэму” буюу тангудаар “Сайн байна уу?” гэж асууж мэндэлнэ. Хөөрөг зөрүүлэх явдал өмнөд Монголд хааяа тааралддаг бол Хөх нуурт огг ингэдэггүй ажээ.

Мал сүрэг нь тарган тавтай эсэхийг асуусантай холбоотой хөгтэй явдал Хиагтаас Бээжин рүү анх явж байгаа хүмүүст заримдаа тохиолдоно. Жишээ нь, Петербургээс Сибирьт ирсэн нэг залуухан офицер Бээжин рүү зарлагаар явжээ. Монгол өртөөн дээр унаа морийг нь сольж өгсөн Монголчууд түүнийг ихэд хүндэтгэн, мал сүргийн нь тарган тавтайг асуусан үг хэлж л дээ.

Хонь мал, тэмээн сүрэг нь тарган сайхан уу? гэж асууж байгааг хэлмэрч цэргээс залуу аялагч сонсоод толгойгоо сэгсрэн байж, ямар ч мал надад байхгүй гэж хэлж. Харин Монголчууд ийм баян чинээлэг хүн, бас тэгээд алба хашиж яваа түшмэл адуу, хонь, үхэр, тэмээгүй гэдэгт огтхон ч итгэсэнгүй. Ийм холын аян замд гарахдаа мал сүргээ хэнд орхисон, манайхны хонины сүүл ямаршуу жинтэй, гэртээ байхдаа хонины сүүл хэр их иддэг, бид хэд хэчнээн хурдан, жороо морьтой болох, тарган тэмээ хэр олонтой гэх зэрэг маш нарийн асуултуудыг аялж явахдаа бид маш олон сонссон билээ.

Өмнөд Монголд хадаг хэмээх урт, нарийвтар торгон эдлэлийг эзэн, зочин хоёр бие биедээ барин, харилцан найрсаг байдлаа илэрхийлнэ . Ийм хадгийг хятадуудаас худалдаж авах бөгөөд тэдгээр нь чанарын хувьд маш олон янз, уулзаж байгаа хүмүүсийн хандлага, хэр хэмжээг тодорхой түвшинд илэрхийлдэг ажээ. Монголчууд айлаас явахдаа салах ёс ихэвчлэн үл гүйцэтгэнэ, тэд шууд босоод л гарч явдаг. Хэдхэн алхмын зайд уяатай буй моринд нь зочноо хүргэж өгөх нь гэрийн эзэн түүнийг ихэд хүндэтгэж байгааг харуулж буй хэрэг. Ийм хүндэтгэлийг түшмэл ноёд, том лам нарт ямагт үзүүлнэ.

Хэдийгээр, Монголчуудын дунд дураараа аашилж, хэр хэмжээгүй захирах, нөгөө хүн боол мэт номхон хүлцэнгүй хүлээж авах хэвшил ихэд газар авч, дээд хүмүүсийн дээрэнгүй ааш авир хууль цаазыг орлодог ч захирагч, албат хоёрын хооронд ихээхэн чөлөөтэй оршин байдаг. Түшмэл ноёдын барааг хармагцаа эгэл борчууд даруй өвдөг сөхөрч хүндлэн мэндэлдэг атлаа ингэж хүлцэнгүйгээ илэрхийлснийхээ дараахан мөнөөх ноёнтойгоо зэрэгцэн сууж, харилцан тамхилах ажээ.

Хар багаасаа л дур зоргоороо байж сурсан Монгол эр энэ тохиолдолд ч гэсэн биеэ удаан барилгүй, сурсан дассанаараа авирлаж эхэлнэ. Анх аялж яваа шинэ хүнд энэ үзэгдэл нь эрх чөлөө, тэгш эрхийн гайхалтай баримт мэт санагдаж болох боловч хэргийн мөн чанарыг лавлан үзвэл энд хүүхэд ахуйнхаа дадал зуршлыг чөлөөтэй гаргахыг хичээдэг, нийгмийн амьдралд буй аймшигт хэмжээгүй эрх дархыг үзэж чаддаггүй нүүдэлчдийн зэрлэг, жолоо цулбуургүй ааш авир илэрч буй хэрэг. Зэрэгцэж суучихаад тамхилж, ах дүү шиг нь ярилцаж байгаа тэр түшмэл түүний хонь малаас авах ч юм уу, ер нь ямар ч шударга бус зүйлийг ичиж зовох юмгүй хийчихэж чадах билээ.

Монголд хээл хахууль, бусдыг худалдаж авах явдал яг Хятадад тархсан шиг дээд зэргээр газар авсан бөгөөд хээл хахуулиар юм бүхнийг хийж бүтээж чадна, харин хээл хахуульгүй бол юу ч чадахгүй. Гэмт хэрэгтэн эрх баригчдадаа дорвитойхон юм атгуулчихвал хамгийн бузар муухай гэмт хэрэг ч ял шийтгэлгүй үлдэж болдог бол дээрхийн эсрэгээр ямар нэг хэмжээгээр гарлага зарлагагүйгээр хамгийн шударга үйл хэрэг юунд ч үл хүрнэ. Энэ ялзрал хошууны бичээчээс авахуулан захирагч ноён хүртэл засаг захиргааны бүх байгуулалд нэвчин шингэсэн гэхэд хилсдэхгүй.

Үргэлжлэлтэй.

Монсудар

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 10 сар 2. 17:56
Бор

хичнээн жил өнгөрсөн ч бидний уугуул зан ер арилаагүй юм байна Төр засгаа харахад ойлгомжтой

2017, 11 сар 16. 2:51
Зочин

uguide manjiin darlalaas iim bolj bgaam

2020, 11 сар 24. 5:18
Зочин

Orsod darlagdaad uurchlugdsun ni haana baina. Ugaasaa tsusan d ni bna. Ogt hugjuugui endees medegdej bna

2017, 9 сар 29. 17:01
Зочин

Энэ тэмдэглэлийг сурах бичгийн програмд оруулъя. Ядаж хүүхдүүд маань өөрсдийгөө эхлээд зөв танин мэдэг.

2018, 4 сар 8. 17:10
ЗочSuugiiин

Аливаа улс бүхэнд өөрийн гэсэн сайн муу тал байдаг биз...бидэнд ч тэдгээр нь бас л бий.юм болгонд буруу мууг гаднаас хайдаг өөрсдийгөө үргэлж сайрхаж тэгсэн хирнээ үргэлж хар амиа бодсон аминч г.м маш базаахгүй чанарууд л үеийн үед бидний хамгийн том дайсан байна даа...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]