Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Шагдарын Биратай ярилцлаа.
-Монголчууд Хубилай хааныхаа тухай олон улсын эрдэм шинжилгээний хурлыг эх орондоо анх удаа зохион байгуулсан. Хурлын үндсэн зорилгыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Манай үндэстэн хэдийгээр цөөхүүлээ ч хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээсэн суут хаад, дэлхийн түүхийн нэгэн зууныг өөрийн нэрээр буюу Монголын эзэнт гүрний үе хэмээн нэрлүүлж чадсан агуу улс юм. Түүхийн энэ бодит үнэнийг олон улс, Монголчууддаа таниулахад эрдэм шинжилгээний хурлын зорилго оршиж байна.
-“Хубилай хаан ба Монголын Юань гүрэн” эрдэм шинжилгээний хурлын анхны илтгэлийг та уншсан. Таны илтгэлийн гол санаа юунд чиглэсэн юм бэ?
-Би Чингис, Хубилай гэсэн Монголын хоёр их хааны үеийг сонирхож судалдаг. Сонирхлынхоо дагуу нэлээд цаас цоохорлосон. Судалсан зүйлсээ эмхэтгэн “Хубилай хаан ба дэлхийчлэл” гэсэн номыг Монгол, англи, итали хэлээр хэвлүүлсэн юм. Энэ бүтээлийнхээ товч агуулгыг эрдэм шинжилгээний хурал дээр илтгэл болгон хэлэлцүүллээ. Хубилай хааны тухай эрдэм шинжилгээний хуралд шинэ сэдвээр илтгэл хэлэлцүүлье гэж бодсон ч амжсангүй.
-Хубилай хааны талаар гадаадын эрдэмтдийн бүтээлийг манайд орчуулж хэвлүүлэх нь ховор. Та судлаачийн хувьд тэдгээр бүтээлийг цуглуулж байна уу?
-Хубилай хааны талаар гарсан эрдэм шинжилгээний бүтээлүүд манай Төв номын санд ч ховор шүү дээ. Надад хэд хэдэн ном бий. Орчин үеийн Монголчууд маань их хаадынхаа тухай уншаасай гэж би их хүсдэг. Даанч гаднын эрдэмтдийн бүтээлийг хэл мэдэхгүйн гайгаар тэр бүр уншиж чадахгүй байна. Гадаадын улс орноос Монголынхоо түүхтэй холбоотой ном, бүтээлийг эх орондоо авчирч цуглуулмаар байна. Түүх бол улсын тусгаар тогтнолын гэрч болсон шинжлэх ухаан. Ард түмнийхээ ходоодыг биш толгойг нь тэжээх хэрэгтэй.
-Эзэнт гүрний үеийн түүх бол манай түүхчдийн судлах дуртай, бахархалтай үе нь. Гэхдээ Чингис хааныг түлхүү судлаад Хубилай хааныг орхигдуулаад байх шиг санагддаг. Энэ талаар та юү хэлэх вэ?
-Хубилай хааныг манай түүхчид бага судалсан нь үнэн. Бид энэ их хааныхаа талаар дотооддоо маш цөөн ном хэвлүүлсэн нь харамсалтай. XIII зуун бол Монголын түүхийн баатарлаг үе. Хубилайн намтар бол ертөнцийн хааны түүх юм. Тэгэхээр энэ түүхийг судална гэдэг амаргүй. Нэгэн цаг үед судалж барахгүй арвин түүхийг Хубилай хаан үлдээсэн гэж ойлгож болно. Иймээс судлахад бэрх. Наанадаж хоёроос гурван судалгааны болон сурвалжийн хэлний мэдлэг шаардана. Хятад, япон, перс, баруун Европын хэлийг судалгааны төвшинд ашиглаж чаддаг байх шаардлагатай. Тэр ч байтугай эртний Монгол хэл бичгээ сайн мэддэг байх нь чухал. Хубилай хааныг сонирхдог үе нь одоо эхэлж байна. Иймээс цаашид нэгэн сэдэвт бүтээлүүд олноор гарах байх.
-Та тэнгэризмийн онолоороо дэлхийд данстай эрдэмтэн. Монголчуудын тэнгэр үзэл XIII зууны үеийн сэргэн бадралтай ямар нэгэн байдлаар холбоотой юу?
-Монголчуудын сэргэн мандлын нэг шалтгаан нь тэнгэризм буюу тэнгэр үзэл байсан гэж би боддог. Эртний Монголчуудын тэнгэрийг шүтэх үзэл XII, XIII зуунд шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Нэг үгээр хэлбэл, бие даасан онол болжээ. Нүүдэлчин Монголчуудаас өөр тэнгэрийг шүтдэг үндэстэн цөөхөн. Шашин гэж хэлэхэд ч хаашаа юм бэ, нэг ёсны үзэл юм. Тэнгэризм Монголчуудын ахуй, заншлыг илтгэсэн агуу их үзэл суртал. Тэнгэризм одоо хөгжиж байгаа космизмын онолын эхийг тавьсан юм биш байгаа гэж би боддог. Космизмын онолыг АНУ-д их сонирхож байна.
-Монгол хаадын төрийг засах чиг баримтлалд тэнгэр үзэл нөлөөлсөн үү?
-Нөлөөлсөн. “Тэнгэрийн доорх наран ургахуйгаас жаргах хүртлэх бүх газар Монголын эзэн хаанд захирагдах ёстой” гэсэн айхтар үзэл байсан. Энэ нь нэг ёсны тэнгэрчлэх тухай ертөнц дахины шинж чанартай тун нарийн үзэл суртал байв. Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг үүсгэн байгуулсан. Энэ үед тэнгэризм Монголчуудын эзэнт гүрэн байгуулж, тэнгэрийн доорх бүх улсыг захирах зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэж байсан.
-Чингис хааныг залгамжилсан алтан ургийн хаад тэнгэр үзлийг улс төрийн зорилгодоо хэрхэн ашиглаж байсан юм бол?
-Тухайн үед тэнгэр үзэл бол Чингисийн угсааныхны гол үзэл байсан. Одоогийнх шиг шинжлэх ухаанчаар онол болгоогүй ч гол шүтээн нь тэнгэр байжээ. Чингисийн залгамжлагчид байлдан дагуулал хийх, эзэн суусан улс орноо захиран Монголын эзэнт гүрний жолоонд багтаахдаа тэнгэр үзлийг л баримталсан. Хубилай Хятадыг захирахдаа, Бат хан Орос, Зүүн Европыг эзлэхдээ, Толуйн угсааны хаад Сири, Иран, Ирак, Азербайжан, Афганистан, Гүрж, Баруун Пакистан, Туркийг байлдан дагуулахдаа “Тэнгэрийн доорх бүх улсыг Монголын захиргаанд нэгтгэнэ” гэсэн үзлээ чанд дагасан. Би байлдан дагууллын нууцыг Монгол хүний тархи, Монгол морь хоёртой холбон тайлбарладаг. Ер нь Монголчуудын байлдан дагуулал бол булаан эзлэлт, түрэмгийлэл байгаагүй. Энэ бол орчин үеийн хэллэгээр дэлхийчлэл буюу даяаршлын үндсийг тавьсан гэж би боддог.
-Тэнгэризм хөгжлийн шатандаа хэдэн үеийг дамжин өнөө үед уламжилж ирэв?
-Анхны, дунд, Юань гүрний үе гэж үечилж болно.
-Та социализмын үеэс Монгол хаадын талаар судалгаа хийсэн. Тэр үед дарлагч ангийн түүх гэдэг утгаараа судалгааг тань эсэргүүцэх, болиулах гэсэн оролдлого гарч байв уу?
-Миний аз болж коммунизмын хатуу дэг номхорсон үед судалгаагаа эхэлсэн. Монгол судлал нээлттэй болж байсан. Ер нь тухайн үед Марксизм нөлөөн дор Чингис хаан, эзэнт гүрний түүхийг тэр бүр чөлөөтэй судлуулдаггүй байсан ч Монгол судлалыг үзэл сурталдаа ашиглахын тулд судлаачдыг тэгж их боож байгаагүй. Тиймээс бид мэтийн хэдэн судлаач, эрдэмтэн төрж гарсан. Миний үеийнхэн шинжлэх ухааныг дээдэлсэн сайхан цагт төржээ гэж би баярлаж явдаг. Одоо бол түүхд, судлаачид хүссэн түүх, сонирхсон зүйлээ судлах эрх чөлөөтэй болсон.
-Та Латтимор, Поппе, Златкин зэрэг дэлхийд данстай Монгол судлаачидтай нэгэн цаг үед судалгаа хийж байсан эрдэмтэн. Тэдэнтэй холбоотой байсан уу?
-Би АНУ-ын эрдэмтэн Оуэн Латтимор, Германы Монголч эрдэмтэн В.Хайсиг зэрэг судлаачийг амьд сэрүүн байхад Монгол судлалд орж ирсэн. Хэлийг нь бүрэн ойлгохгүй ч тэдний бүтээлээс салдаггүй байсны хүчээр бага сага мэдлэг хуримтлуулсан. Монгол судлаачдаас Оросын эрдэмтэн Ю.Рерих надад их гүн сэтгэгдэл үлдээсэн.
-Сүүлийн үеийн Монголч эрдэмтдийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Цөөн ч гэсэн Монголч эрдэмтэд төрж байна. Сүүлийн үед Япон, Өмнөд Солонгосын эрдэмтэд Монгол судлалд хүчтэй орж ирж байна. Аль ч улсын судлаачийн бүтээлийг үзэж, танилцахад одоо их амар болжээ. Бидний үед хориотой учраас барууны эрдэмтдийн бүтээлийг нарийн арга хэрэглэж байж олж үздэг байсан. Одоо хэдийгээр чөлөөтэй болсон ч манай судлаачдад гадаадын том эрдэмтдийн ном зохиолыг худалдаж аваад судалгаандаа хэрэглэх гэхээр мөнгө дутмаг байна уу гэж хардаг. Манайд гадаадын судлаачдын бүтээл гарын таван хуруунд багтахаар цөөн байна.
-Эрдэм шинжилгээний ажилтны бага цалингаар гаднын эрдэмтдийн бүтээлүүдийг худалдаж авна гэдэг биелэшгүй. Төрийн зүгээс л дэмжлэг хэрэг болох байх даа?
-Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Улсын төв номын сан гэж байгаа шүү дээ. Монгол Улсын төв номын санд ороод Монгол судлалын ном олж үзнэ гэдэг тун хэцүү. Фондод нь байхгүй учраас тэр шүү дээ. Хатуухан хэлэхэд Улсын төв номын сан үүрэгт ажлаа хиймээр байна. Монголын түүх судлалтай холбоотой ном, зохиолыг бүрэн цуглуулах хэрэгтэй. Тэр ном дээрхийг унших гэж манай түүхчид гадаад орны номын санг зорьж байна. Юу гэсэн үг вэ, энэ чинь.
Төв номын сан бол нийтийн ном сан. Монголчуудын тархийг өлсгөхгүйн тулд дэлгүүр биш номын сан байгуулах хэрэгтэй. Ялангуяа шинжлэх ухааны номын санг нэн тэргүүнд байгуулмаар байна. Энгийн уншигчид бол эрдэм шинжилгээний номын сангаас илүү нийтийн номын санг зорьдог. Ардчилал бол чөлөөтэй сэтгэж, бодож, бичих боломжийг бүрдүүлдэг. Эрдэмтдэд судалгааны ажлаа саадгүй хийх орчин, шинжлэх ухааны номын сан л дутмаг байна. Эрдэм шинжилгээний номын сан бол шинжлэх ухаан хөгжсөн орны нэг нүүр хуудас байдаг.
-Манай судлаачдад номын сангаас гадна судалгааны ямар нэгэн бэрхшээл тулгардаг уу?
-Гадаад хэлний мэдлэг их дутмаг байна. Монгол судлалын чанартай сайн бүтээлүүд хятад, япон, герман, англи, орос хэлээр байдаг. Дан ганц судлаач гэлтгүй залуучууд гадаад хэлний мэдлэггүй байна. Зөвхөн Монголоороо уншаад дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж чадахгүй. Гаднын улс оронд юу бичиж, уншиж байгааг мэдэх их чухал. Мөн залуучууд түүхээ уншдаггүй учраас суут хаад, өнөө үеийг хүртлэх эх түүхээ мэдэхгүй байгаа нь харамсалтай. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Миний хэмжээний англи, орос, франц хэлтэй эрдэмтэн түүхч цөөн байна. Мөн дорно дахины судалгааны гол хэл болох хятад, япон, перс хэлтэй түүхч цөөн болжээ. Иймээс гадаад хэлний мэдлэгтэй үндэсний түүхч бэлтгэх шаардлагатай байна. Өмнө нь улсаас түүхчдийг тэгж бэлтгэж байсан шүү дээ.
-Үндэсний түүхчдийг бэлтгэхээс гадна гадаадын Монголч эрдэмтдийг бэлтгэхэд Монголын төрөөс анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Цөөн үлдсэн өндөр настай Монголч эрдэмтдээ дагаад тухайн улс дахь Монгол судлалын төвүүд үүдээ хааж байна шүү дээ?
-Манай улс хөрөнгө мөнгө багатай ч дэлхийн Монгол судлалыг дэмжих хэрэгтэй. Бид ийм зорилгоор Олон улсын Монгол судлалын холбоог байгуулсан. Эхний хэдэн жилдээ овоо ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд амьтай үгүйтэй л байна. Эдийн засаг, санхүүгийн талаасаа судалгааны төвүүд оршиход хэцүү болсон. Энэ хүндрэлээс хурдхан гаргаасай л гэж хүсэх юм.
-Барууны зарим Дорно дахины хүрээлэнд хэдэн арван жил оршин тогтносон Монгол судлалын төвийг татан буулгаад Солонгос судлалын төв байгуулж байгаа жишээг олж харлаа. Ийм байдалд хүрэхэд юу нөлөөлөх болов?
-Нөгөө л мөнгө, санхүүгийн асуудал шүү дээ. Монгол Улсын Засгийн газар тэдгээр Монгол судлалын төвийг харж хандах хэрэгтэй. Гэтэл үүдээ хааж байгааг нь байтугай ажиллаж байгаа судалгааны төвүүд хаана байгааг анзаарах сөхөөгүй болж. Судалгаа хийхэд санхүүжилт чухал. Тэр санхүүгийн асуудлыг нь шийдэж байгаа улсын түүхийг судалж байгаа эрдэмтдийг Монголчууд буруутгах эрхгүй. Үүнтэй адил Монголч эрдэмтдийг ч гэсэн урамшуулж баймаарсан.
-Оросын дорно дахин судлалын төв шиг судалгааны төв Монголд байхгүй байна гэж хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Үнэн. Монгол дахь эв хамтын үеийн Монгол судлал өнөөдөр дээрдсэн гэж харагдахгүй байна. Харин ч эрдэмтэд нь цөөрч, түүхийг сонирхдог хүн ч үгүй болжээ. Энэ талаар төрөөс ямар нэгэн арга хэмжээ авч, хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Ялангуяа эрдэм шинжилгээний байгууллага, академи энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй.
-Таны үеийн эрдэмтдийн хүч хөдөлмөрөөр боссон Шинжлэх ухааны академийг татан буулгана гэж хэсэг ярилаа. Энэ яриаг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Шинжлэх ухаан хэрэггүй болсон гэж бодохоор Монгол Улс хүндхэн байдалд оржээ гэсэн үг. Арга ядахдаа зах зээлийн хүнд үед төр нь шинжлэх ухаанаа хайхардаггүй юм аа гэхэд арай нэг боловсролтой, алсын хараатай бизнесмен хүрч ирээд санхүүжүүлээсэй гэж боддог боллоо.
Х.Эрдэнэзаяа
Mash ih taalagdlaa
Түүхийн хүрээлэн, архилогоч, хэлний хүрээлэн, төв номын сан нэгтгэж Дэлхийн Монгол судлалын акедими байгуулаасай энэ баячууд. Тэгвэл Монгол улс дэлхийд ул их танигдах болно доо.
Ard tumniihee hodoodiig bish tarhiig tejeeh heregtei gedeg ug ih taalagdlaa.
Тийм яг үнэн
Залуу түүхчид гадаад хэл мэдэхгүй бна гэнэ үү? Ёстой гутамшиг.