Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дунай мөрний эрэг дэх гуталнууд, зүрх шимшрэм хөшөөнүүдУншсан41,608

Энгийн хувцастай энэ эрхэм бол 1944-1945 оны үед Унгарын үндэсний удирдагч, национал-социалист намын тэргүүн байсан Ференц Салаши гээч хүн.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Энгийн хувцастай энэ эрхэм бол 1944-1945 оны үед Унгарын үндэсний удирдагч, национал-социалист намын тэргүүн байсан Ференц Салаши гээч хүн. Тухайн үеийн Европын олон жижиг улс орны удирдагчийн адил Гитлерийн хий гэсэн болгоныг хэмжээнээс нь хэтрүүлж, үнэнчээр хийдэг, үүнийгээ харуулах гэж улайран дайрдаг тийм хүн байв. Гэхдээ энэ хүний хувьд бусдаас ялгарах нэг онцлог байсан нь 1944 он буюу ЗХУ-ын Улаан арми Германы холбоотон болох Унгар улсын хилд тулаад ирсэн тэр үед өөрийгөө ямар мундаг “ари” гэдгээ, Гитлерт хэрхэн үнэнч гэдгээ тод томоор харуулж чадсан явдал юм. Уг нь тэр цагт Гитлерийн хамаг холбоотнууд суурин дээрээ 180 хэм эргэж оросуудтай нийлэн Германд дайн зарлаж байсан үе билээ.

Ференц Салашид нэгэн сайн туслах байсан нь Йожеф Гера. Эзэмшсэн мэргэжил нь эх баригч, хүүхдийн эмч.

Улс орон, ард түмнийхээ төлөө бие сэтгэлээ дайчлан ажиллана гэж тангараг өргөсөн Ференц Салаши, хүний эрүүл мэндийн төлөө бүхнээ зориулна гэж Гиппократын тангараг өргөсөн Йожеф Гера нар нь өөрсдийн хийсэн нэгэн үйлдлээрээ Унгарын, дэлхийн түүхэнд “алдаршин” үлджээ. Энэ бол Дунай мөрний эрэг дээрх энэхүү өвөрмөц хөшөө-дурсгал.

Унгар улсын нийслэл Будапешт хотын дундуур урсах Дунай мөрний эрэг дээрх энэ хөшөө ямар учиртай юм бол? Эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдийн хуучин гуталнууд. Зарим нь бүр хөлд ороод удаагүй хүүхдийн гутал болов уу гэмээр.

1944-1945 оны үед яг энэ газарт  иймэрхүү гутлыг олноор нь овоолж байсан ба нэг хэсэг бараг өдөр болгон шинээр гутал нэмэгдэж байжээ. Одоо Дунай мөрний эрэг дэх хүрэл хөшөө болох гутлуудыг бодвол тэр үеийн гутал нь жинхэнэ хүний гутал байсан гэдэг нэгэн ялгаа бий.

...Геттогоос ирсэн хэдэн ачааны машинд дүүрэн хүн чихсэн байлаа. Тэрхүү машинууд Дунай мөрний эрэг орчимд очиж зогсон хүмүүсээ буулгахад нацистууд жагсааж байгаад гутлыг нь тайлууллаа. Ид өвлийн цаг, хөлдүү газар дороос хайран, нялх нойтон хүүхдүүд уйлалдах ч цэрэг хувцастай буу барьсан хүмүүст энэ нь огт хамаагүй мэт. Тэдний хувьд хүн болгон гутлаа тайлсан байх, хооронд нь холбож хүлсэн олс нь алдарч тайлагдахгүй байх нь л чухал байв. Нэг олсонд 50-60 хүн, хүүхэд “орох” ба түрүүнд нь хамгийн том биетэй, жинтэй хүнийг бүтэн биеэр нь хүлжээ. Ингээд эдгээр хүлэгтэй хүмүүсийг бүгдийг мөрний эрэг дээр жагсаан зогсоож байгаад тушаал өгөх үед өнөөх том биетэй хүнийг буудаж гол руу унагах ба бусад хүмүүс нь холбож хүлсэн олсонд нь татагдан бүгд голд уналаа...

Өвлийн хүйтэн ус, Дунай мөрний ширүүн урсгал энэ олон хүнийг чимээгүй залгин алга болгосоор.

Олон арван мянган хүн ингэж алга болсон бөгөөд энэ явдал 1945 оны 1-р сарын 18-ныг хүртэл үргэлжилсэн буюу Зөвлөлтийн цэрэг Будапештад тулж ирсний дараа л зогсчээ. 

Ялагдан сүйрч байгаа нацистууд еврей нарыг устгах хамгийн зардал багатай арга хайсаар олсон нь энэ. Хорих лагераас тээвэрлэж ирэх шатахууны үнэ, дараа нь холбож уях олсны үнэ, ганц сум... ийм л зардал гарна. Энд тэнд их хэмжээний булш ухах, дараа нь тэрийгээ булах зэрэг яршиг төвөгтэй ажил хийхгүй гэхээр үнэнхүү сайн арга олсон бололтой. Бас баахан арьс ширэн гутал үлдсэнийг нь том сал дээр ачиж аваад боловсруулах газарт түүхий эд болгон өгөх болохоор эдийн засгийн хувьд бүр ашигтай.

Харин тэр ганц сумаар олон хүнийг үгүй болгохыг нь хэмнэлт гэхээсээ илүү ярга, тарчлаан зовоох аймшигт арга гэж хэлэх нь илүү үнэн бодитой болох биз ээ.

Ференц Салаши, Йожеф Гера нар дээрх аргыг бодож олсон, хийсэн гол хүмүүс нь бөгөөд Ференцийн Дунай мөрний эрэг дээр бодлогошрон зогсох нэгэн зураг бий. Тэр хүн энэ зургийг авах үед чухам юу бодож байсныг таахын аргагүй мэт.

Дараа нь чухам яг тэр газарт нь гуталнуудаар хөшөө босгосон юм.

ЗХУ-ын арми Будапештыг эзлэн авахын өмнөхөн Ференц Салаши амиа хоохойлон зугтаж Австрид нуугдаж байхад нь буюу 1945 оны 5-р сарын 6-нд америкчууд барьж аваад Унгарын шинэ засаг төрийн байгуулсан шүүхэд шилжүүлсэн гэдэг. 1946 оны 3-р сарын 12-нд Ференц Салаши, Йожеф Гера, Габор Вайна, Карой Берегфи зэрэг хүмүүсийг дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэний төлөө цаазаар авах ял оноож, дүүжлэн нөгчөөжээ.

Хамгийн зүрх шимшрэм хөшөө дурсгал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]