Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Наира охины мэдэгдэлУншсан10,907

Бидний олонх нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэл хуруу шилтэй зүйл барин НҮБ-ийн аюулгүйн зөвлөлийн хурал дээр аймаар зүйл ярьж байсныг мэдэх байх.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Саяхан болж өнгөрсөн НҮБ-ын байгаль цаг уурт зориулсан саммит дээр Шведийн 16 настай охин Грета Тунберг дэндүү гэмээр дайчин үг хэлж хэвлэл мэдээллийнхний бас нэг од боллоо. Байгаль эхийг минь сүйтгэж байгаа дээдсийг шүүмжлэн хэлсэн түүний үгийг буруутгах арга алга. Гэхдээ нэлээд хүнд, хэлэхэд тун хэцүү нэртэй өвчнөөр шаналж яваа энэ охиныг зүгээр л нэг томчуудын тэмцлийн нэг зэвсэг болгон ашиглаж байгаа юм биш биз дээ гэж сэтгэл зовнисон олон хүн байгаа бололтой. Түүнийг зарим нэг нь Америкийн Саманта Смит, Зөвлөлтийн Катя Лычеватай харьцуулах боловч энэ Швед охин тэдгээр гэнэн гэмээр, “яагаад намайг та нар алах гээд байгаа юм бэ” гэсэн асуултын хариуг л олох гэсэн нялх охидын түүхийг биш харин өөр нэгэн 15 настай охины түүхийг яагаад ч юм санагдуулна.

Бидний олонх нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэл хуруу шилтэй зүйл барин НҮБ-ийн аюулгүйн зөвлөлийн хурал дээр аймаар зүйл ярьж байсныг мэдэх байх. Садам Хусейны химийн зэвсгийн нэг өчүүхэн хэсгийг (хулгайлж  гэх гэсэн боловч хулгайлсан тухай яриа байдаггүй, ер нь яаж яваад тэр бодис түүний гарт орсон тухай юм харж байгаагүй) авчраад Иракийн дарангуйлагчийн бузар булай, хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гэмт хэргийг нь баталж энэ хуруу шилийг харуулсан билээ. Энэ явдлын улмаас Ирак гэдэг улсад ямар зүйл болсныг, тэр нь одоо ямар үр дагаварт хүргэж байгаа тухай яриад яахав. Дайнаар баахан хүн алагдаж сүйд болсон боловч нөгөө аймшигт бөөнөөр нь устгах зэвсэг нь байсангүй. Хайгаад хайгаад олсонгүй. Байгаагүй хойно арга ч үгүй байх. Колин Пауэл өөрийн тэр үед хэлж байсан үгэндээ харамсаж, ТТГ-ийнхний худал мэдээлэлд автаж худал хэлж, болчимгүй зүйл хийсэндээ гэмшиж байгаа тухайгаа 2011 онд хэлсэн байдаг.

Гэтэл энэ хуруу шилний хэрэг явдлаас урьд өмнө бас нэг иймэрхүү том явуулга явсан бөгөөд мөн л нэг том индэр ашигласан зүйл байсан нь Иракийн эсрэг явуулах Барууны улс орнуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой байж.

Энэ явдал 1990 оны 10-р сарын 10 ны өдөр  АНУ-ын Конгрессын хүний эрхийн комиссын хуралдаан дээр Кувейтийн 15 настай охин мэдүүлэг өгсөн байдлаар болсон юм. Тэрхүү 15 настай охин болох Наира ас-Сабах нь Кувейтийн нэгэн эмнэлэгт Иракийн зэвсэглэсэн цэргүүд орж ирээд хэрхэн зэрлэг үйлдэл хийж алж талж байсан тухай ярьсан байна. Түүний уйлан байж хэлснээр бол Иракийн цэргүүд аймшигтай харгислал үйлдэж байсан юм байх.

Олон чулуун зүрхтнийг цочроон уйлуулсан охины үгийг итгэхэд хэцүү ч бүгд л түүний үгэнд итгэсэн байдаг.

Түүний энэ үгийг ерөнхийлөгч Жорж Бушаас эхлээд  (их олон удаагийн янз бүрийн уулзалт, хурал дээр олон удаа хэлсэн гэдэг) арай доодох тушаалтнууд, хамгийн гол нь дэлхийгээр нэг тарсан Америкийн болон барууны том хэвлэл мэдээллийн байгууллагууд зохих давс хужиртай нь тарааж таараа. Иракийн халдан довтолсон Кувейт улсыг дэмжих үзэл бодлыг нэмэгдүүлэхэд энэ охины үг асар их нөлөө үзүүлсэн билээ.

Удалгүй охины хэлсэн үг худал байж магадгүй тухай яриа энд тэнд гарч эхэлсэн боловч ийм жаахан амьтныг аливаа нэг тусгай албад ашиглаад байна гэж үгүй, тэр охин үнэн зүрхнээсээ ярьж уйлж байсан гэж түүнийг хамгаалагчид хариу барьж байлаа.

Гэтэл охины нэр нь тухайн үеийн АНУ-д сууж байгаа Кувейтийн элчин сайдын нэртэй их адилхан байгааг гайхсан, сэжиглэсэн дуу хоолой сонсогдож эхэлсэн бөгөөд охин маань үнэхээр Сауд нассер ас-Сауд ас Сабах хэмээх элчингийн охин мөн байж. Юу вэ? Элдэв сенсацийн хойноос хөөцөлдөх сэтгүүлчид, гадаад дотоодын янз бүрийн ашиг сонирхол нь энэ шижмийг алдалгүй ухсаар охины хэлсэн зүйл нь зүгээр л өөр нэг хүний санаанаасаа зохиосон зүйл болохыг тогтоолоо.

Кувейтийн эрх баригчид  Hill & Knowlton хэмээх PR –агентлагийг хөлсөлж олон нийтийн санаа бодлыг өөрийн талд болгох тал дээр ажиллах талаар тохиролцсоны дагуу уг агентлагийн зохион бэлдсэн үгийг хөөрхий охин өөрийн жүжигчний чадвараа ашиглан байж нулимстайгаа хутгалдан хэлсэн нь тэр. Ердөө л тэр. Ямар ч үнэн зүйл түүний үгэнд байсангүй.

Энэ бүх будлианы тухай зүйлүүдийг харж байхад нэгэн зүйл бүр үнэхээр гайхал төрүүлдэг юм. Тэрхүү PR агентлаг үнэхээр тийм тэнэг юм уу?  Ядаж энгийн нэг Кувейтийн гэр бүл олж, тэдний жирийн нэг охиноор ийм зүйл яриулж болохгүй байсан юм байх даа. Дэндүү сайхан Англи хэлтэй тэр охины оронд англи хэлгүй, Иракчуудын гар хөлд автан хохрирсон өөр нэгэн охин олж болох л байсан баймаар даа гэхээс өөр үг алга.

Дээр нь нэмээд хэлэхэд Садам Хуссейн Кувейт рүү зүгээр л нэг байлдмаар санагдаад дайраад ороогүй бөгөөд  бас л бөөн будлиан, учир начир байх ба энэ тухай дараа нь бичих боломж гарах биз ээ.

P.S.

Ирак Кувейт руу дайрдаг тэр үеийг Монголчууд бид сайн мэднэ. Тухайн үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол улсад айлчилж байгаад дайн эхэлсэн учир айлчлалаа дуусгалгүй буцаж байсан санагдана.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]