Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

...Дэлхий нарыг тойрч эргэдэг л юм даа!Уншсан4,657

Галилейн хувьд сүүлт од харагдсан нь цэвэр агаар мандалтай холбоотой бөгөөд туйлын туяа зэрэг үзэгдэлтэй төстэй зүйл л болсон хэрэг гэнэ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

"Эрт урьдын цагт Италид нэгэн эрдэмтэн, одон орон судлаач, физикч Галилео Галилей (1564-1642 он) гээч хүн амьдран суудаг байжээ. Тэр телескоп зохион бүтээж одон орныг судалсны үндсэн дээр Коперникийн онол зөв болохыг, нар дэлхийг тойрох биш эсрэгээр дэлхий нарыг тойрон эргэдэг болохыг баталсан байна. Харин католик сүм хийд түүний энэ нээлтийг эсэргүүцэн, эрдэмтнийг барьж хорьж, тамлан, түүдэг гал дээр шатаана гэж айлган сүрдүүлж байж үзэл бодлоосоо урвасан мэдүүлэг гаргуулан авч байж суллан явуулж. Гэсэн ч Галилей шүүхээс гарч явахдаа “E pur si muove!” буюу “Гэсэн ч дэлхий нарыг тойрч эргэдэг л юм даа” гэсэн утгатай алдарт үгээ хэлжээ”

Бидний дунд сургуульд үзэж ойлгосон зүйл маань энэ. Гэтэл бодит байдал дээрээ энэ нь ихээхэн сонирхолтой, хачирхалтай түүх бөгөөд өмнө бичсэн Жордано Бруногийн  тухай нийтлэлтэй маань ямар нэг хэмжээгээр холбоотой зүйл юм шүү.

Галилео Галилей гээч эр физикч, математикч, одон орон судалдаг төдийгүй шинжлэх ухааны элдэв юм бичиж нийтлүүлдэг, дуу хөгжим бичдэг, уран зураг зурдаг, бүр Флоренцийн дүрслэх урлагийн сургуульд гэрэл сүүдрийн тухай хичээл заадаг, ер нь л юм юмтай хүн байж. Өргөн мэдлэгтэй, сайн илтгэгч, нийтлэлч, хурц цэцэн үгтэй гээд одоогийнхоор бол олон мянган дагагчтай сошиалын од маягийн нөхөр байсан бололтой. Гэхдээ энэ хүн бас айхтар атаач, биеэ тоосон, хүнийг гутааж доромжлохдоо гаргуун тийм хүн.

1618 оны туршид тэнгэрт гурван том сүүлт од харагдаж олон түмнийг шуугиулсан ба гай болоход Галилей энэ үед өвдөж зовон гэртээ хэвтсээр эдгээр үзэгдлийг өөрийн биеэр үзэж харалгүй өнгөрчээ. Тэгтэл Ромд амьдрах Орацио Грасси гээч хүн эдгээр сүүлт одуудыг ажиглан харсныхаа үндсэн дээр “Энэ бол биднээс, дэлхийгээс гадна нисэн яваа сансрын биет байна” гэсэн дүгнэлт гарган олон түмний анхаарлыг татаж эхэллээ.

Юу гэнэ ээ? Ромын нэг муу шалихгүй юм одон орны тухай дэмий худал юм бурна гэнэ ээ хэмээн уурссан Галилей Грассигийн лекцийг олж ирүүлэхийг өөрийн туслахууддаа шаардан байж олж авлаа. Уншиж үзээд боож үхэхдээ дөхнө гээч нь болж. Лекцийг бичсэн хуудас болгон дээр илжиг, тэнэг мал, сохор амьтан... гэх мэтийн үгсийг бичсэн гэснийг бодоход тун их уурласан байгаа биз?

Галилейн хувьд сүүлт од харагдсан нь цэвэр агаар мандалтай холбоотой бөгөөд туйлын туяа зэрэг үзэгдэлтэй төстэй зүйл болсон хэрэг гэнэ. Үүнийгээ хамгаалан “Сүүлт одны тухай маргаан” (Discorso delle Comete) гэсэн нэртэй ном бичиж хөөрхий муу Грассиг олны шившиг болголоо. Грасси ч Галилейд хандан “Өөрөө үзэж хараагүй байж хүний дүгнэлтийг буруутгах нь бүдүүлэг явдал” ухааны юм хэлж анхааруулж. Манай хүн яахав хариуд нь “Би үзээгүй нь үнэн. Гэхдээ чи бол худалч амьтан, мал, илжиг, гахай...”

Галилео Галилей гээч хүн маань нэг иймэрхүү нөхөр байж.

Энэ явдлын дараа олон эрдэмтэн мэргэд Грассиг хамгаалан үг хэлж, бичиж эхэлснийг Галилей нөгөөх л харааж зүхдэг аргаараа хариулсаар түмэн амьтны дайсан болж хувирчээ. Гэсэн ч эрдэм мэдлэгийн оргилд “гарсан” хүн тэр зэргийн жижиг юмыг тоох биш, өөрийн нэр хүнд, нөмөр нөлөө ихтэй найз нөхөд, бишрэн дагагчдынхаа сүр хүчинд дулдуйдан ааш зангаа гаргасаар л байлаа.

Удалгүй Ромын папын суудалд Маффео Барберини хэмээх эр сууж Урбан VIII нэр авчээ. Энэ хүн Галилейн сайн найз байсан бөгөөд энэ бүхний дараа Галилейн хэл ам бүр ч гүйцэгдэхээ больсон байна.

Шинэхэн пап өөрөө Потолмейн онолыг (дэлхий төвт онол) зөв гэж үздэг хүн байсны хувьд найз Галилейдээ хандаж нар төвт онолын тухай сайхан ном бичиж, өөрт нь болон жирийн хүн ардад нэг сайхан ойлгомжтой тайлбарлаад өг гэсэн санал тавьжээ. Галилей ч уухайн тас зөвшөөрч номоо бичиж эхэллээ.

Энэ ном нь 3 хүний харилцан яриа байдлаар бичигдсэн ба Сальвиата гээч мундаг мэддэг нөхөр (Галилей өөрийгөө энэ дүрээр гаргасан нь ямар ч тэнэгт ойлгогдохоор байж), Сагредо гээч ухаалаг, төвийг сахигч байгаад Сальвита буюу Галилейн зөв гэдгийг сүүлд нь ойлгодог нэг хүн, илжиг шиг тэнэг зөрүүд боловч Потолмейн онолыг улайран хамгаалдаг Симпличио гэсэн гурван хүн одон орны тухай маргалдана. Хамгийн сонирхолтой нь тэрхүү илжиг шиг зөрүүд, тэнэг эрийн хэлж ярьж байгаа байдал нь яаж ч харсан Урбан VIII-ыг санагдуулахаар болсон байж. Өөрийнхөө хамгийн гол өмөг түшиг, эртний найз, ивээн тэтгэгчээ шүү!

Дээр нь Галилей энэ номоо хэвлэгдэж дуусангуут бүх л том лам хар, төр засаг баригч нарт нэг хувийг яаран илгээжээ. Пап энэ номыг уншаад шоконд орлоо. Түүний хувьд энэ ном нь зүгээр нэг найз нөхрийгөө явуулсан хэрэг биш, доромжлол ч биш, цэвэр дайн зарласан явдал байжээ.

Ийнхүү Галилейн бүх л хамгаалалт нуран унасан ба угаасаа дайсан ихтэй нөхрийг ганцаардаж эхлэхийг өрсөлдөгч нар нь дор нь мэдэж янз бүрийн матаас бүхий бичгээр Папыг, сүм хийдийг дарж эхэлжээ. Пап үүнийг ашиглахгүй яахав. Өвгөн Галилейг тэр даруй шоронд хийж, мууг нь үзэж үзэж байгаад өршөөл гуйсны дараа л сулласан байна. Гэхдээ Галилейг ямар нэг лекц унших, одон орны тухай судалгаа нийтлэх...зэрэг олон зүйл хийхийг насан туршид нь хорьсон гэдэг.

Орчин цагийн сошиал одын аккаунтыг хааж, интернет хэрэглэх эрхийг хасчихвал яах бол? Галилейн амьдралын төгсгөл яг л тийм байдлаар өнгөрсөн билээ.

Тэгэхээр энэ бүхэн маань одон орны тухай онолын маргаан гэх үү, эсвэл хувь хүний өс хонзон уу? Шинжлэх ухааны төлөө тэмцэгч эрийн тухай гэхээсээ илүү ”дааганаас унаад үхдэггүй, дарвагараас болж үхдэг” гээч түүхийн баталгаа л юм биш үү?

P.S

Дэлхийд 75-76 жил тутамд ойртон ирдэг Галлилейн сүүлт од гээч сонирхолтой биет бий. Харин энэ од нь Галилео Галлилетэй хамаагүй буюу Английн одон орон судлаач Эдмунд Галлейн (Edmond Halley)  нэрээр нэрлэгдсэн зүйл билээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 12. 22:45
Ганаа

Гоё нийтлэл байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]