Украины Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртсөн тухай эх сурвалжууд мэдээлэв.
Үүний улмаас эмнэлгийн ажилтан, өвчтөн нийлээд 17 хүн шархдаж, нурангид хүмүүс дарагдсан байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагыг “дайны гэмт хэрэг” хэмээн нэрлэжээ. Талууд галаа зогсоож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байх үед эмнэлэг агаарын цохилтод өртсөн тухай Мариуполь хот харьяалагддаг Донецк мужийн захирагч Павло Кириленко мэдээлжээ.
Орос улс дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд галаа 12 цагийн турш түр зогсоохыг зөвшөөрсөн хэдий ч халдлага үйлдсэн тухай CNN агентлаг онцлов. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон уг үйл явдалд цочирдсоноо илэрхийлээд, Украиныг агаарын цохилтоос хамгаалах нэмэлт ямар дэмжлэг байгаа талаар судалж байна гэжээ. Тэрээр Твиттертээ "Аймшигтай гэмт хэрэг үйлдсэн Путинд хариуцлага тооцуулах болно" хэмээн бичсэн байна.
Мариуполь хотын зөвлөл тус хотын сүйрсэн эмнэлгийн дүрс бичлэгийг нийтэлж, Оросын цэргүүд агаараас цохилт өгсөн хэмээн буруутгав.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хүмүүнлэгийн коридороор “нийт 35,000 хүнийг гаргаад байна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар бид Сумы, Киев хот болон Киев муж, Энерходар хотоос хүмүүнлэгийн гурван коридороор хүмүүсийг гаргасан. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлнэ” хэмээжээ. Мөн тэрбээр Украины эрх баригчид Оросын зэвсэгт хүчний халдлагад өртсөн бүс нутгаас хүмүүсийг гаргахын тулд зургаан хүмүүнлэгийн коридор бэлтгэж байгаа талаар мэдээлсэн байна.