Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Рапорт өгөхдөө тэсэлгүй уйлсан генералУншсан63,837

Генерал Ноги хоёр дахь дайралтад бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ үед Манжуурт болж байгаа үйл явдалд ихээхэн цэрэг зэвсэг хэрэгтэй байлаа.

Энэ зургийг та анхааралтай сайн хараарай. Ямар нэг юм олж харав уу? Гэртээ боловч жигтэйхэн албан ёсны хувцастай гэдгээс өөр юм олж харах нь юу л бол. Гэтэл энэ зураг, зурагтай холбоотой үйл явдал 20-р зууны эхэн хагаст япончуудын зүрх сэтгэлийг тэр чигээр эзэмдэж байсан гэхэд хэтрүүлэг болохгүй бизээ.

Энэ хүнийг генерал Ноги гэнэ. Германы цэргийн боловсролтой, самурайн үр сад боловч самурайн бослогыг дарж явсан, самурайн охиныг авч суусан, үр хүүхдээ самурайн ёсоор хүмүүжүүлж, Порт Артур хэмээх бэхлэлтийг Хятад болон Оросуудаас хоёрнтоо булаан авч байсан Японы хамгийн алдартай генералуудын нэг билээ.

Гэхдээ энэ удаа түүний замналыг биш харин түүний хамгийн сүүлийн алдартай, бас шившигтэй тулаан болох Орос Японы дайны үеийн Порт Артурыг дайрсан дайралт, түүнээс улбаалан болсон хэрэг явдлыг тухай товчхон өгүүлэх болно.

Тунгалаг Тамир кинонд гардаг шиг “Япончуудыг малгайгаараа цохино гэж байсан Оросууд халтирч унаад малгайгаа алдаж” байх үе буюу олон том ялагдал хүлээж байсан  Оросууд Порт Артурын үл хөлдөх усан боомт, цайзыг аль болох удаан хамгаалж, Японы цэргийг боломжит хугацаагаар татаж байх шаардлага 1904 оны дундаас бий болжээ. Япончууд ч асар их нөөц бололцоо бүхий Оросын армийг хурдан дарахгүй бол цаашид улам бүр хүчирхэгжинэ гэж тооцож байсан учир яарч байв.

 

Дайн эхлэхтэй цуг эхэлж хагас жил үргэлжилж байгаа Порт Артурын бүслэлтийг хурдан дуусгахын тулд өмнө нь Хятадуудаас энэ бэхлэлт бүхий боомтыг ганцхан өдрийн дотор булаан эзэлж байсан генерал Ногиг энд ирүүлсэн байна.

Ингээд 40 000 цэрэг хамгаалж байгаа боомтыг 100 000 гаруй цэрэг дайрсан ба 8-р сарын 19 нд эхэлсэн эхний дайралт бүтэлгүйтэж үй түмэн цэргээ алдсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй.  Генерал Ноги хоёр дахь дайралтад бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ үед Манжуурт болж байгаа үйл явдалд ихээхэн цэрэг зэвсэг хэрэгтэй байлаа. Гэвч генерал бүслэлтийг нэг даруй дуусгах гэж Манжуур руу цэрэг явуулах биш харин ч нэмэлт хүч татан авчирсан байдаг.

Ингээд 2 дахь дайралт 9-р сарын 19 нд болсон ба бас л амжилт олсонгүй. Одоо дайралтаа зогсоон, зөвхөн бүслэлтэд зориулж цөөн тооны цэрэг үлдээн бусдыг нь манжуур явуулах хэрэгтэй нь бараг ойлгомжтой байлаа. Хамгаалж байгаа Оросуудад хүнс, сум маш их дутагдаж байсан ба ялангуяа ногоо байхгүйгээс витамины дутагдал бүхий олон өвчин гарч байсан байна.

 Өдөрт адууны ганц нэг хэрчим махны нормтой байлдаж байгаа Оросуудыг дараагийн дайралтаар газраас арчиж хаяна гэж найдсан Ноги 3 дахь дайралтаа 10-р сарын 30 нд эхлүүлжээ.

Гурав хоногийн турш артилерийн бэлтгэл хийн зогсоо зайгүй буудсаны дараа дайралт эхэллээ. Оросууд галзуурсан мэт эсэргүүцэж байсан ба дайралт маш олон цэргийн амь насыг авч одсон ч ямар нэг гайхуулах тодорхой үр дүнд хүрсэнгүй.

Генерал Ноги дахиад л нэмэлт хүч татан авчирлаа. Үүнээс болж Токиог болон хааныг ордныг нэг хэсэг сайн дурынхан, энд тэндхийн эрээвэр хураавар цуглуулсан цэрэг хамгаалж байсан гэдэг.

Дөрөв дэх дайралт 11-р сарын 26 нд эхэлсэн ба энэ удаа хоёр чиглэлээр дайрсан ч Порт Артур мөн л тэсэн үлдлээ. Гэхдээ Япончууд боомтын ойролцоох нэгэн чухал өндөрлөгийг эзлэн авч чадсан нь энэ хэдэн сарын аймшигт хохиролтой дайны хамгийн том амжилт нь байв.

Магадгүй Порт Артурын хориглолтын “зүрх, сэтгэл” болсон дэслэгч –генерал Кондратенко энэ үеэр алагдсан нь Япончуудын бас нэг амжилт байж болох юм.

Генерал Ноги энэ хэдэн сарын туршид олон ажил хийсэн нь зарим нэг амжилтыг нэлээд хугацааны дараа авчирсан гэдэг. Энэ бол Оросын цэргийн командлагч нарт хувийн журмаар шахам явуулсан сүрдүүлэг гэмээр анхааруулга байлаа.

“Хэрвээ боомтыг тулалдааны явцад эзлэн авбал цэргүүдийн үйлдлийг бид хянаж чадахгүй болно шүү” гэсэн анхааруулга байжээ. Сүүлд боомтыг Япончуудад тавьж өгсөн генерал Стессел энэ тухай хэлсэн байдаг нь зохих анхааруулга, зохих эзэндээ хүрчээ гэж ойлгохоор байна.

Боомт дотор, боомтын ойролцоо нэлээд үр дүнтэй тагнуулын сүлжээ байгуулж чадсан ба (энэ нь ганцхан генерал Ноги төдийгүй өмнөх удирдагч нарын гавьяа байх) боомтын захирагч Кондратенког чухам тагнуулын мэдээгээр хаана байгааг нь тодорхойлж  мортироор (артилерийн нэгэн төрөл) буудаж хороосон гэсэн яриа бий.

Порт Артурыг дайрах дайралт олон удаа бүтэлгүйтэж, асар их хохирол амсаж байх үед   үүнд дургүйцэх, үйл ажиллагааг нь шүүмжлэх хүн арми, флот, бусад зүтгэлтнүүд дундаас олон гарч ирсэн байсан байна.

Генерал Ноги хариуд нь эдгээр хүмүүсийг хэлж биш хийхийг сануулж тулалдаанд орохыг уриалжээ.

Боомт хамгаалж байсан цэргүүдийн дурсамж дотор нэгэн удаагийн дайралтыг гайхан шагшран бичсэн байдаг нь “ Нэгэн удаагийн тулалдаанаар маш хачин өмсгөлтэй, олон зуун хүн галзуурсан мэт дайрсан ба тэд ямар ч хохирлыг үл тоон урагш зүтгэсээр байсан билээ. Тэдэнд амь нас ямар ч хамаагүй мэт байв. Тулалдаанд сайн дураараа ирсэн хүмүүс, Японы хамгийн алдартай гэр бүлийн үр хүүхэд, тэдний төлөөллийн хийсэн дайралт ийн цусаар бялдагдаж цөөхөн хүн амьд үлдсэн гэдэг ба энэ бүхний дараа шүүмжлэгч нар нэг хэсэг  чимээгүй болсон байна.

Генерал Ногигийн хийсэн 4 дайралтаар Японы 70 000-110 000 гаруй цэрэг алуулж шархтсан ба Оросын талаас 15 000 цэрэг амь үрэгдсэний, тулалдааны хохирол нь 7000-8000 орчим байсан гэдэг. Нэмээд хэлэхэд генерал Ноги хоёр хүүтэй байсан бөгөөд хоёулаа Порт Артурын тулалдаанд амь үрэгдсэн билээ.

 Кондратенко амь үрэгдсэний дараа боомтыг хамгаалах удирдагч болсон генерал Стессел нэг их удалгүй бууж өгөх гэрээ байгуулах саналыг генерал Ногид тавьсан байна. Бүх хүнд зэвсгээ хураалган, дахиж Япончуудын эсрэг тулалдахгүй гэсэн ам өгөөд нутаг буцаж болох тохироонд хүрсэн ба бууж өгсөн нийт цэргийн тоо 23 000 байсан ба үүнээс 11 000 нь эрүүл бусад нь өвчтөн, шархтан байсан байна.

Генерал Стессел бууж өгөх хэлэцээ хийхээр яваа нь

Энэхүү бууж өгсөн явдлын тухай маш их маргаантай, зөрүүтэй үзэл бодол, баримт байдаг ч нийтлэл маань генерал Стесселийн тухай биш учир үүнийг дэлгэрүүлэхгүй орхиё. Аймшигтай их хохирол амсан байж боомтыг эзлэн авсан генерал Ногигийн нэр хүнд асар их унасан ба түүнийг нутагтаа ирэхэд боомт дээр цугларсан олон мянган хүн таг чимээгүй байсан гэдэг.

Генерал Ноги болон генерал Стессел нар бусад командлагч нартайгаа

Энэ зураг дээр генерал Ноги эхнэртэйгээ цуг байгаа нь тэр. Сонин уншиж буй энэ хүн 30 минутын дараа сеппуку хийж амьдралаа төгсгөх ба эхнэр нь ч бас түүнтэй цуг энэ хорвоогоос одох билээ. Бүхий л бэлтгэлээ хийгээд гэрэл зургаа авахуулж бэлэн болсон байдал нь энэ.

Порт Артурын хэрэг явдлын дараа генерал хаанд тайлангаа тавих үедээ тэсэлгүй уйлсан гэдэг ба олон сая япон хүүгийн амь насыг үрсэндээ харамсаж, сеппуку хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн гэдэг. Хаан үүнийг эрс эсэргүүцэн амьд явах тушаал буулгаж Ноги ч амьд явах болно гэж андгайлсан байна. Удалгүй Ноги нялх ханхүү Хирохитогийн асран хүмүүжүүлэгч болсон билээ.

Үүнээс хойш 7 жилийн дараа буюу 1912 оны 9-р сарын 13 нд талийгаач болсон хааныг оршуулах ёслол болсон ба хаандаа таалал төгстөл нь үнэнч байсан Ноги түүнийг үхсэний дараа андгай тангаргаа биелүүлсэн гэж үзэн амиа хорлосон нь энэ юм.

Түүний эхнэрийн хувьд ... хөөрхий эх хүн. Тэр эмэгтэй 4 хүүхэд төрүүлсэн ч хоёр нь багадаа нас барсан ба үлдсэн хоёр хүү нь аавыгаа даган цэрэг эр болж дайны талбарт үрэгдсэн билээ. Генерал Ногигийн эхнэр мөн л самурайн эхнэрийн ёсоор ирт мэс хэрэглэн амьдралаа төгсгөсөн юм. Генерал Ноги амиа хорлосны дараа түүний нэр домог болон алдаршиж, 20-р зууны эхэн үеийн япончуудын эх оронч үзлийг хүмүүжүүлэх гол жишээ болсон гэдэг.

Нийтлэгч Чалчаа саарал

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]