Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Онгон савдгийг тонилгох шахсан ньУншсан23,103

Тэр үхсэн буурын толгойг авчирч ламыг айлгая гэдэг бодол төрж, толгойг олж соёо, шүдийг улаанаар будаж нүдэнд нь ногоон өнгийн шавар чихэж, шар зосоор хамар самалдгийн ясыг халзлан будаж, хүзүүний ясыг хэлхэн бэхэлж авчээ.

 АЛГУЙ УЛААН ЦАВЫН ДОМОГ

Говь нутагт орших дан шохойн чулуунаас бүтсэн уул хэд хэд бий. Түүний нэг болох "Алгуй улаан цав" хэмээх бэсрэгхэн боловч зорчиход тун ярвигтай нэгэн уул Цогт-Овоо сумын төвөөс баруун хойш оршино. Хур борооны ус, говийн ширүүн салхинд идэгдэж үй олон нүх сүв болсон хад цохионд могой, гүрвэл олноор амьдрах аятай нөхцөл бүрдсэний гадна томоохон агуй хонгилд нь хуучны шилийн сайн эрчүүд орогнож байсан баримт бий гэнэ. Үүнтэй холбоотой нэгэн ам дамжсан яриаг нутгийн хөгшчүүл өнөөг хүртэл хүүрнэж, хуучилж иржээ.

"Чонон нүдэт" хочтой Чогров маарамба гэгч ганц бие лам "Олгой улаан цав" гэдэг онгон савдаг орогносон нэг газар байдаг тухай сонсжээ. Олон лам хувраг очоод ороолон савдгийг нь дарж чадаагүй гэж олны ам дамжсан үг сонорыг нь мялааж гэнэ. Үүнийг сонссон Чогров маарамба нэг өдөр тэр ууланд очсонд нээрээ л олгой шиг улаан хүрэн өнгөтэй өндөр уул дайралджээ. Хад асга нь хачин олон нүх сүв болсон, хөл тавьсан газраас хөвөрсөн урт могой гулалзсан, хүмүүсийн ярьдаг савдгийн орон байж мэдмээр газар байж гэнэ.

"За хө Чогров маарамбын заяа тэтгэх газар мөн бололтой" гэж лам бодоод "Олгой улаан цав"-ын онгон савдгийг дарахаар ирлээ гэж ойр хавийн айл амьтнаар зар тарааж сүсэгтэн олныг ятган өргөө гэр бариулж тухалжээ. Гэтэл тэрхүү "Олгой улаан цав"-ын агуй хадаар оромж хийн ойр холын баячуудын адуу малыг хошуу дамжуулан амьдардаг шилийн сайн нэгэн эр энд бүгдэг байжээ. Оргодол хулгай эр баяд ноёдын сүргээс тасалсан малаа бартаа ихтэй цавын хавцал жалганд нууж байгаад харанхуй шөнөөр харь хол хөөж аваачдаг байсан болохоор адуу малаа ор сураггүй алдсан баячууд "Олгой улаан цав"-ыг ороолон савдагтай гэж олонд цуу тараасан юм байжээ.

Шилийн сайн эр алсын хошуунд адуу мал хөөж арилжаа хийж яваад замын айлаар буусан чинь Олгой улаан цав"-ын онгон савдгийг дарахаар онцгой сүрхий чадалтай нэгэн лам ирсэн тухай сонсоод яаран ирэхэд нээрээ л хад чулууг доргиосон хэнгэрэг цангийн дуу өөдөөс нь угтаж гэнээ.

Одоохон холдуулж авахгүй бол "онгон савдаг" нэр маань олонд илрэх аюулд орно гэж бодоод оройхон шиг орогнодог агуйнаасаа гарч явтал ойрхон шиг гүнзгий хавцалд барьсан багахан дуган дайралдаж хэнгэрэг цангийн дуу хэц хадыг цууриатуулж байна гэнэ.

  Сайн эр, энэ муу ганц бие ламыг эндээс тонилгох ямар арга хэрэглэхээ амархан бодож олжээ. Өнгөрөгч өвөл нь нутгийн баяны сэтэртэй хөгшин буур саахалтынхаа залуу бууртай ноцолдож байгаад хэмхчүүлж үхсэн байж. Тэр үхсэн буурын толгойг авчирч ламыг айлгая гэдэг бодол төрж, толгойг олж соёо, шүдийг улаанаар будаж нүдэнд нь ногоон өнгийн шавар чихэж, шар зосоор хамар самалдгийн ясыг халзлан будаж, хүзүүний ясыг хэлхэн бэхэлж авчээ.

   Орой болонгуут өнөөх толгойгоо авч дуганы гадаа ирсэнд лам ганцаараа хоолоо идэж байгаа бололтой байж гэнэ. Тэгээд мань эр "Чонон нүдэт Чогров маарамба чи байна уу? Гараад ир" гэж сүртэй гэгч нь хашгирч гэнээ. Өвгөн лам өндөсхийн цочсоноо хэнгэрэг цангаа авч ном тарни уншиж, дамар тачигнуулж гарлаа гэнээ. Сайн эр дуганы үүдийг нээж буурынхаа будаж янзалсан толгойг цухуйлган "Олгой улаан цавын онгон савдаг би байна. Одоохон эндээс холдохгүй бол оромжтой чинь хамт аваад залгина шүү" гэж шүд амыг нь ярзагануулан хөдөлгөж хэлэхэд аягын чинээ нүдтэй аварга могой намайг ороох нь гэж айхдаа ламын нүд нь орой дээрээ гарч муухай гэгч нь ганц хашгираад муужраад уначихаж гэнэ. Үүнээс хойш үнхэлцгээ хагартал айсан лам үүгээр дахин үзэгдээгүй юм гэнэ.

"Олгой улаан цав" гэж нэрлэхээс цээрлэж ая хэллэгийг нь өөрчилж "Алгуй" гэдэг болгосон юм байх. Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг гэж говийнхны цэцэн үг байдаг нь ийм учиртай байж мэднэ хэмээн домог төгсдөг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]