Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлт, Германы баллистик пуужингийн зохион бүтээгчдийн өрсөлдөөнУншсан13,994

Эрдэмтэн, зохион бүтээгч инженерүүд бүхий 234 хүний бүрэлдхүүнтэй Германы багийн гишүүд 1951 оны 4-р сарын 3-нд эх орондоо буцаагдаж эхлэв.

Электроник, автоматикийн инженер, судлаач Андромеда: "НПО Энергомаш", "Хоёр найзын түүх", "Баллистик пуужин: Зөвлөлт, Германы зохион бүтээгчдийн өрсөлдөөн" хэмээх гурван хэсэг бүхий танин мэдэхүйн холбогдолтой нийтлэлийг өөрийн уншиж судалж байснаараа товчлон хүргэж байна.


НПО Энергомаш

НПО Энергомаш нь Роскосмосд шууд харьяалагддаг ОХУ-ын төрийн мэдлийн томоохон үйлдвэр юм. Уг үйлдвэр 73 жилийн маш их арвин баялаг адал явдалт түүхтэй, асар их туршлага хуримтлуулсан манай гаригийн хэмжээний үйлдвэр. Тус үйлдвэр нь үндсэндээ шингэн түлшт хөдөлгүүрийг үйлдвэрлэдэг. Энэ үйлдвэрийн түүхэн замналын тухай бодит баримтат кино хийвэл нэлээд хэдэн ангит кино болох байх.

1946 оны 7-р сарын 3-нд Москва орчимд Химкид Германы зохион бүтээгч Вернер Фон Брауны зохион бүтээсэн В-2 пуужингийн хөдөлгүүрийг хувилан олшруулах зорилгоор Зохион бүтээгч, инженер Валентин Петрович Глушко хүрэлцэн ирж OKB-46 хүрээлэнг байгуулснаар НПО Энергомашийн түүх эхэлдэг. 1991 оны 5-р сарын 15-нд хуучин ерөнхий зохион бүтээгч, инженер, ЗХУ-ын 2 удаагийн баатар Валентин Глушкогийн нэрэмжит болгосон. Та бүхэн энэ хүнийг санаж байж магадгүй. Энэ хүн нэрт зохион бүтээгч Сергей Павлович Королёвийн хамтран зүтгэгч байсан юм. Үндсндээ Германы В-2 пуужингийн хөдөлгүүрийн Орос хуулбараар НПО Энергомаш үйлдвэрийн ажлын гараа эхэлж байв. ЗХУ-д “баривчлагдан” ирсэн Германы пуужингийн үйлдвэрийн 234 хүний бүрэлдхүүнтэй эрдэмтэд, зохион бүтээгчид, инженерүүдийн баг ЗХУ-ын эхний үеийн пуужингийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсан. Зохион бүтээгч, инженер Валентин Петрович Глушко өөрөө эдгээр Герман мэргэжилтэнгүүдээс суралцах болоод хамтран ажиллаж байв.

Валентин Петрович Глушко

Зурагтын мэдээ, энд тэндхийн бичлэг дээр сансрын зөөгч пуужин гараанаас хөөрөх гэж байхдаа эсвэл хөөрөөд төд удалгүй дэлбэрч, агаарт хэдэн хэсэг болж байхыг та бүхэн олон удаа харж байсан байх. Асар их хөрөнгө мөнгө, инженер техникийн багийн маш олон хүний нойр хоолыг хасан байж бүтсэн сансрын хөлөг ингэж сүйрэх нь үнэхээрийн харамсалтай. Энэ сүйрлийн гол буруутан нь гарааны хөдөлгүүрт байдаг.

Гарааны хөдөлгүүр гэдэг нь сансрын зөөгч пуужинг газрын гадаргуугаас хөөргөхөд ашигладаг хамгийн эхний шатлалын маш хүчтэй хөдөлгүүрийг хэлдэг. Олон улсын хэллэгээр Бүүстер гэж нэрлэдэг. Сансрын хөлөгт дэмий хийгдсэн илүү зүйл гэж байдаггүй тул тэр нь хамгийн чухал нь гэж хэлэх нь илүүц болох байх. Хэдий тийм боловч гарааны хөдөлгүүр бол яах аргагүй хөлгийн хамгийн “хүнд” ачааг өөр дээрээ үүрдэг маш чухал эд анги юм. Энэ хөдөлгүүр бүтэлгүйтвэл сансрын нислэгийн тухай ярих ч хэрэггүй болно.

НПО Энергомаш үйлдвэрт үйлдвэрдлэгдсэн хамгийн сонгодог бөгөөд найдвартай хөдөлгүүрүүдийн жишээ бол 1953 онд ЗХУ-ын бүтээсэн хүйтэн дайны үеийн баллистик Р-7 пуужингийн РД-107/РД-108 хөдөлгүүр, Молния болон Союз пуужингийн цувралд хэрэглэгддэг РД-170, РД-171, РД-180 хөдөлгүүрүүд юм.

Молния болон Союз пуужингийн цувралын хөдөлгүүрүүдийг Энергие, Зенит зөөгч пуужингууд мөн АНУ-ын зарим зөөгч пуужинд ашиглаж байсан.

АНУ Атлас-3, Атлас-5 зөөгч пуужинд РД-180 хөдөлгүүр, Орбитал Скаенс Корпорацийн харилцаа холбооны бизнесийн зориулалттай Антерас зөөгч пуужинд РД-181 гарааны хөдөлгүүрүүд ашиглаж байв. Мөн НАСА-гийн шинжлэх ухааны туршилт хийх Х-34 олон дахин ашиглах Шаттл хөлгийн жижигрүүлсэн хувилбарт РД-120 хөдөлгүүрийг ашиглав. АНУ энэ дөрвөн төрлийн зөөгч пуужинд Энергомашийн хөдөлгүүрүүдийг ашигласан. Бизнесийн зорилготой нисгэж буй хиймэл дагуулуудыг үйлдвэрлэдэг АНУ-ын корпорациуд ОХУ-ын РД цувралын хөдөлгүүрийг худалдан авах сонирхол их байв. Учир нь РД-180 хөдөлгүүр 2014 оны ханшаар 23,4 сая доллар буюу “хямд” байсан юм. Гэтэл Кремийн хойгийн асуудлаас болж АНУ нь ОХУ-д эдийн засгийн хориг тавьснаар 2015 оны 1-р сард Орбитал Скаенс Корпараци нь НПО Энергомаш компаниас 60 хөдөлгүүрийг нийлүүлэх засгийн газрын шаардлагатай бүх зөвшөөрлийг авсан байсан нь цуцлагдсан түүхтэй. АНУ-ын цэрэг, зэвсгийн магнатууд болох Лок Хийд Мартин болон Бойнгийн дундын компани Юнайтед Лаунч Аллианс компани РД-180 хөдөлгүүрийг 2015 оны 2-р сард лицензээр АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэхээр болсон байв. Эцэст нь энэ бүх төсөл гэрээ хэлэлцээр бүгд цуцлагдсан.

2014 онооос АНУ-ын Блү Оригин компани БЕ цувралын хөдөлгүүрүүдийг үйлдвэрлэх болсноор АНУ-ын сансрын хөлгүүд уг хөдөлгүүрийг ашиглах болов. Мөн 2006 оноос хөгжүүлэх болсон Спэйс Иксийн Мерилин цувралын хөдөлгүүрүүд сансрын хөлгийн зах зээлд маш хүчтэй түрж орж ирэн амжилтыг олох болсоноор АНУ-ын компаниуд НПО Энергомашаас татгалзсан юм.

НПО Энергомашд зөвхөн гарааны гэлтгүй, зөөгч пуужингийн бүх шатны хөдөлгүүрүүдийг үйлдвэрлэдэг. OKB-46 хүрээлэн Р-7 баллистик пуужингаар 1957 онд дэлхийн хамгийн анхны хиймэл дагуул Спутник-1 сансар огторгуйд нисэн гарч дэлхий нийтийг гайхан бишрүүлж байсныг та бүхэн мэдэж байгаа. Орос орны нэрт зохион бүтээгч, шинийг санаачлагч, эрдэмтэн, инженер Константин Эдуардович Циолковский амьддаа Р-7 зөөгч пуужинг харж чадаагүй ч гэсэн түүний нэгэн насны мөрөөдөл ингэж биелэлээ олж байв. ЗХУ-ын НПО Энергомаш үйлдвэрийн тухай яригдахад заавал хоёр хүний нэр автоматаар шахуу гарч ирж байдаг. Энэ хоёр хүний нэр НПО Энергомаш үйлдвэртэй салшгүй холбоотойг түүх гэрчилнэ.

 

Хоёр найзын түүх

Королёв болон Глушко нарын амьдралын нэг хэсэг хугацааны түүх их ээдрээтэй. Сергей Павлович Королёв Зөвлөлтийн анхны шингэн түлшээр ажилладаг пуужинг зохион бүтээв. 1931 оны намар өдийд тэрээр өөрийн багийнхнаа зохион байгуулж Реактив Хөдөлгөөнийг Судлах Бүлгэм (Группа Изучения Реактивного Движения – ГИРД)-ийг үүсгэн байгуулжээ. ЗХУ 1933 онд энэ бүлгийг армийн мэдэлд авч нэрийг нь өөрчлөн РНИИ (Реактивный Научно Исследовательский Институт) гэсэн нэртэй болгов. Энэ нь Реактив Хөдөлгүүрийн Шинжлэх Ухааны Судалгааны Хүрээлэн гэсэн утгыг агуулдаг. БМ-13 “Катюша”-ийн пуужинг энд зохион бүтээж байсан. Энэ төвд Королёв нь планер болон пуужингийн загварчлалын бүтцийг хариуцаж байсан бол түүний хамтрагч Валентин Глушко нь хөдөлгүүрийн системийг хариуцдаг байв. Энэ үед тэд хамтдаа Зөвлөлтийн анхны, пуужингийн хөдөлгүүрээр ажилладаг туршилтын планер RP-318 загварыг бүтээжээ.

Сергей Павлович Королёв

Сталины их цэвэрлэгээ эхэлсэн тул Зөвлөлт Холбоот Улсад хэцүүхэн үе ирэв. 1938 оны 3-р сарын 23-нд Валентин Глушког баривчилж Бутяркад аваачиж хорьлоо. НКВД-ны хүнд хэцүү бурангуй байцаалт дор юу яригдсан нь одоо ч ОХУ-ын нууцын зэрэглэлд буй мэдээлэлд хамаарна. Удалгүй, гэнэт Валентин Глушкогийн ялыг хэрэгсэхгүй болгож Сергей Королевыг буруутгав. 1938 оны 6-р сарын 7-нд Королёвыг баривчилж, арван жилийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэв. Энэ удаадаа арай гэж буудуулчихгүйхэн шиг амьд үлдлээ. Энэ өдрөөс хойш энэ хоёр хүн бие биендээ дургүй болж, бие биенээ эсэргүүцэж байсан харамсалтай гашуун түүх бий.

Андрей Николаевич Туполев

Королёв хоёр жилийн турш янз бүрийн шорон, түүний дотор Гулагт дөрвөн сар өнгөрөөгөөд байв. Энэ үед хожимоо алдар нэр нь дэлхий даяар түгэх нэрт зохион бүтээгч ЗХУ-ын баатар Андрей Николаевич Туполев улс төрийн хоригдол болж шоронд орсон байлаа. Андрей Туполев төрөлхийн ухаантай, сэргэлэн, овжин зальтай хүн байсан тул шорон дотор "шарашка"-ын дэргэд зохион бүтээх товчоо байгуулчихсан байв. Андрей Николаевич Туполев "шарашка" гэгддэг ГУЛАГ-ын Нууц Судалгааны Лабраторыг Хөгжүүлэх Товчооны нэг тэргүүлэгч нь байв. Туполевын хүсэлтээр Королевыг "шарашка"-д элсүүлэхийг зөвшөөрөв. Королёв үхлээс 2 дахь удаагаа ингэж аврагдаж байсан түүхтэй. ЗХУ-ын олон нэртэй эрдэмтэн мэргэд, зохион бүтээгчид ГУЛАГ-т байхдаа энэ товчоонд ажиллаж байсан сонирхолтой түүхүүд бий. Бөмбөгдөгч онгоц Ту-2, шумбан бөмбөгдөгч Пе-2 онгоцууд ГУЛАГ-ын "шарашка"-д зохион бүтээгдсэн. Королёв өөрөө "шарашка"-д ажиллах болсноор аэродинамикийн талаар их зүйлийг сурсан гэж хэлсэн байдаг. Дайны дараа Германы төрөл бүрийн эрдэмтэн, зохион бүтээгчид, инженерүүд энэ товчоонд ирж ажиллаж байв. "Шарашка" нь ЗХУ-ын техник технологийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсан шоронгийн Зохион Бүтээх Товчоо юм.

Британы ерөнхий сайд Уинстон Черчил 1944 оны 7-р сарын 13-нд Сталинд хандан нэгэн захидал явуулав. Энэ захидалдаа Черчил: Германы В-2 пуужингийн тухай бичээд, энэ пуужингийн үйлдвэрийн байршил Польшийн нутагт хаа нэгтээ байна гэж дурджээ. Алсын зайн баллистик пуужингийн мэдээллийг ЗХУ ийнхүү Черчилээс хүлээн авсан байна. Сталины тушаалаар Зөвлөлтийн цэргүүд фронтын төлөвлөгөөгөө өөрчлөн улайран давшиж хэдхэн өдрийн дотор Польшийн тухайн үеийн Дембидз хот дахь В-2 пуужингийн анхны үйлдвэр болох А4 судалгааны төвийг эзлэн авав.

(ЗХУ-ын армийн ерөнхий командлалын гишүүд, түүний дотор Валентин Глушко нар В-2 пуужингийн судалгааны төвд хүрэлцэн ирэв. Глушкод хандан үүнийг бид хийж чадах уу гэхэд нь Глушко бодож цөхөх зүйлгүйгээр үүнийг биднээс нэг л хүн хийж чадна гэж хариулсан. Энэ нь мэдээж Королёвыг хэлсэн явдал. Армийн командлагч, Глушкоруу хараад, чи ардын дайсан үүнийг хийж чадна гэх гээд байна уу хэмээн инээвхийлж байсан гэсэн яриа байдаг. Гэвч энэ нь яг бодит түүх мөн эсэх нь эргэлзээтэй аман яриа төдийгөөр өдийг хүрсэн.)

Германд саяхан илэрсэн шинэ технологийн алсын зайн пуужингийн сургаар Королёв чөлөөлөгдөв. 1944 оны 7-р сарын 27-нд удтал уулзаагүй гэр бүлийнхэнтэйгээ уулзан учрав.

1944 онд Кролёв, Глушко хоёр хамтран нитритын-хүчил/керосин хавсарсан түлшээр ажилдаг РД-1 гэдэг шинэ хөдөлгүүрийг зохион бүтээв. Тухайн үедээ ЗХУ-ын хэмжээнд 1944 оны 2-р сард шинээр зохион бүтээгдсэн Лавочкины Ла-7 сөнөөгч онгоцыг гүйцэх хурдтай, маневртай онгоц байхгүй байлаа. Энэ онгоц хурд, маневр зэргээрээ Британы угтан сөнөөгч онгоц Спитфайртай адил, зарим талаараа илүү ч байв. Люфтваффегийн онгоцууд ЗХУ-ын онгоцыг бодвол илүү өндөрт нисдэг байсан. Зөвлөлтын сөнөөгчид өндөр авах гэсээр байтал Люфтваффегийн сөнөөгчид гэнэт шумбан орж ирж Зөвлөлтийн сөнөөгчдийг бөмбөгдөгч онгоцтой юутай хийтэй нь хуйгаар нь хядчихаад ор сураггүй зугтаад алга болдог байв. Мөн фронтод үзэгдэх болсон Ме-262 онгоцтой тулалдахад ЗХУ-ын сөнөөгч онгоцнуудад хурд дутаж байлаа. Энэ байдлыг цэглэх ёстой онгоц нь Ла-7 сөнөөгч онгоц болж шинээр зохион бүтээгдсэн юм. РД-1 хөдөлгүүрийг Ла-7 сөнөөгч онгоцны сүүлэнд угсарч суурьлуулав. Энэ шинэчлэлийг Ла-7Р гэж нэрлэсэн. Ла-7Р-ын туршилт амжилттай болж уг сөнөөгч онгоц 6000 метрийн өндөрт 680км/ц-ын хурдтай нисдэг байснаас 752км/ц болж нэмэгдэн, 10700 метрийн өндөрт арай чүү гардаг байснаа 13000 метрийн өндөрт өлхөн гараад ирдэг болсон юм. ЗХУ хожуу боловч анхныхаа цоо шинэ угтан сөнөөгч онгоцтой боллоо. Гэвч газарт хуурай замын цэргүүд маш түргэн, амжилттай давшиж байсан тул дайн тэгэсхийгээд дуусч Ла-7Р олноор үйлдвэрлэх шатанд ороогүй юм. Гэвч үндсэн Ла-7 сөнөөгч онгоц 1952 оныг хүртэл ЗХУ-ын нисэх хүчинд алба хааж байсан түүхтэй. Солонгосын дайнд ч оролцоод амжсан маш сайн сөнөөгч онгоц юм. Дэлхийн 2-р дайны үеийн ЗХУ-ын онгоцнуудаас НАТО-гийн нэр авсан нь Ла-7 бөгөөд энэ нь “ФИН” юм.

Баллистик пуужин: Зөвлөлт, Германы зохион бүтээгчдийн өрсөлдөөн

Дэлхийн анхны тив алгасах баллистик R-7 пуужин анхныхаа туршилтаас 10 жилийн дараа буюу 1967 онд л олон нийтэд ил болсон. Зөвлөлтийн Н1 гариг хоорондын пуужинг 1990 онд буюу анхны хөөргөлтөөс 21 жилийн дараа л дэлхий нийтэд ил болжээ. Оросын бусад баллистик пуужингууд цэргийн парад, баяр ёслолын үеэр л дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагуудын камерын өмнө гарч ирдэг байв. Эдгээр Королёвын загваруудыг ЗХУ-ын удирдлагын цаг үеээ олсон онцгой шийдвэрээр, Германы Хельмут Гройтрупын пуужингийн инженерийн багийн ажлын үр дүнд бий болсон нь сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр тодорхой болж байна.

ХБНГУ-ын Дрезден дэх Техникийн Их Сургуулийн доктор Олаф Прзыбилскийн хийсэн судалгааны ажлын үр дүнгээс харахад Германы багийнхний хийж байсан ажлууд тодорхой болжээ. Доктор Прзибилски Зөвлөлтийн нууцын архивийн мэдээнүүд, Хельмут Гройтрупын багийн амьд мэнд байгаа хүмүүсийн ярилцлагад үндэслэн судалгааг хийсэн байна. Эдгээр шинэ баримт бичигт өгүүлсэн түүх нь Зөвлөлтийн түүхийн бичиглэлтэй харьцуулахад эрс өөр юм.

Британы ерөнхий сайд Уинстон Черчил, Германы В-2 баллистик пуужингийн тухай 1944 оны 7-р сарын 13-нд Сталинд хандан явуулсан захидалын дараа ЗХУ-ын дээд ерөнхий командлал 1945 оны 3-р сард РНИИ-ын багийг Польшийн нутагруу явуулав. Тэд Польшийн эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүдийн туслалцаатайгаар В-2 пуужингийн эд ангиудыг цуглуулж Ли-2 (АНУ-ын ДК-3 онгоцны лицензийн хувилбар) ачааны онгоцонд ачив. Ачааны онгоц хэт хүнд ачаа ачсан тул буцаж явах замдаа Украйны Киев хотын ойролцоо осолдон сүйрэв. Ослын газраас В-2 пуужингийн зарим эд ангийг түүн авч Москвад хүргэж өгсөн байна.

1945 оны 4-р сарын 19-ний өдөр Батлан Хамгаалахын Улсын Хорооны 8206-р тогтоолоор Германы шингэн түлшт пуужингийн технологийг сэргээх зорилгоор ЦКБ-1 буюу (Төв Зохион Бүтээх Товчоо-1)-ийг байгуулах тушаал гаргасан. 5-р сарын 24 гэхэд Товчооноос эхний бүлэг Берлинд ирэв (Генерал Гайдуков тэргүүлж байв. Гишүүд нь Семенов, Мрийкин, Победонсоцэцев, Будник, Шапигер, Тимофеев, Черток, Волфович нар байв). Долоо хоногийн дараа Сталин Германы Зөвлөлтийн бүсэд байрлах бүх пуужингийн институтийг авч нэгтгэн төвлөрүүлж нүүлгэн шилжүүлэх тогтоол гаргав.

Энэ бүлэг 6-р сарын 1-ний өдөр Германы хойд тэнгисийн эргийн боомт хот Пеннемуэндэд хүрчээ. Тэнд байсан зөвхөн В-2 баллистик пуужин биш, өөр олон янзын пуужингууд болох Рейнтохтер, Рейнбот, Вассерфалф, Тайфун пуужингууд Зөвлөлтийн ЦКБ-1 группынханыг гайхшруулав. 10 ширхэг В-2 пуужингуудын эд ангиудыг Германы "сайн дурын ажилтнууд" техникч нар Зөвлөлтийн Аюулаас Хамгаалахын ангийн цэргүүдийн хамт хэсэгчлэн угсарч ачуулахад бэлэн болгов. Урьдын Ли-2 ачааны онгоцны алдааг давтахгүйн тулд тусгай хамгаалалттай галт тэргээр тээвэрлэхээр боллоо. Германы технологийн дэвшил ЗХУ-ын бодож байснаас хэдэн арав дахин хол түрүүлсэн байсан тул ЦКБ-1 группынхан, Москвагаас Автомотив болон Цахилгааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнүүдийг нэмэлтээр маш яаралтай авах шаардлагыг хүргүүлсэн байна.

1945 оны 7-р сард Ялтын гэрээгээр Америкийн цэргүүд өөрсдийн эзэмшиж байсан Зүүн Германы нутгаас гарахаар боллоо. Энэ нутагт Нордхаузен дэх В-2 пуужингийн газар доорх үйлдвэрлэх байгууламж багтжээ. Америкчууд ганцхан сарын дотор энэ үйлдвэрийг хувхайртал цөлмөж яаран гарч одлоо. АНУ-ын арми хэт их яарснаас шалтгаалж маш их хэмжээний бичиг баримтыг анзааралгүй өнгөрөөсөн байлаа. Магадгүй Оросуудад үлдээсэн “доромжлол” ч байж болох. Гэвч Америкчуудын хаяж явсан бичиг цаас, тэмдэглэлийн материалууд нь ЗХУ-ын хувьд үнэлж баршгүй ач холбогдолтой их хэмжээний мэдээлэл агуулсан байв.

8-р сар гэхэд В-2 пуужингийн сэргээн босголтыг Борис Евсеевич Черток, Исаев тэргүүтэй Германы 150 мэргэжилтэн Блейхеродод эхлүүлжээ. 8-р сарын 9-нд Оросоос РНИИ-гийн Королёв, Глушко, Пилюгин, Бармин, Мишин зэрэг 284 мэргэжилтний шинэ бүлэг ирэв. Прагад В-2 пуужингийн нислэгийн туршилтыг хийх тусгай галт тэрэг байрлаж байгааг илэрхийлсэн зураг олдов. Мишин энэ галт тэргний учрыг олохоор явсан. Галт тэргийг олж очиход чиргүүл бүр дээр В-2 пуужингууд байрлаж байснийг мэдсэн боловч бүгдийг нь олж чадаагүй байна. ЗХУ эхлээд зүүн Германий Блэйхердед пуужингийн техникийн зургийг чиглэл болгож В-2 пуужинг бүрэн сэргээн босгох товчоог байгуулсан. Эндээс харахад галт тэргэн дээрээс баллистик пуужин харвах нь Оросуудын сэдсэн арга биш. Үүнийг аль дэлхийн 2-р дайны үед Германчууд бодож олсон байж гэж дүгнэхээр байгаа юм.

Хельмут Гройтруп

В-2 пуужингийн зохион бүтээгч Бернер Фон Брауны баруун гарын туслах, эрдэмтэн, зохион бүтээгч Хельмут Гройтруп зүүн Германд үлдсэн байсан бөгөөд ЗХУ-ын ятгалгаар тэдний талд ажиллахаар боллоо. Тэрээр эхнэр хүүхэдтэйгээ Германы Блэйхердед хүрэлцэн ирж сарын 5000 маркын цалинтай ажиллахаар болсон байв. ЗХУ-ын талд ажиллаж байсан Германы 150 инженер, эрдэмтдийг ахлаж байсан РНИИ-ийн инженер Борис Евсеевич Черток нь В-2 пуужингийн үндсэн гол зохион бүтээгч Бернер Фон Брауныг баруун Германд байгааг мэдэж авсан байна. Гэвч энэ бүс АНУ-ын мэдэлд байв. Чертик эхэндээ Бернер Фон Брауныг хулгайлж ирэх ажлыг зохион байгуулж, НКВД-тай хамтран төлөвлөгөө боловсруулж байсан боловч тэгэсгээд идэвх нь буурч өөрөө энэ саналаасаа няцсан байна. Хожим 24 жилийн дараа Чертокийг мэргэжил нэгт нөхдүүд нь Бернер Фон Брауныг хулгайлах төлөвлөгөөнд идэвх зүтгэл гаргаагүйгээс болж “Сарны уралдаанд” ялагдсан гэж харамсах хошигнохыг зэрэгцүүлэн ярьдаг байжээ. Чертекийг санаачлагаасаа няцсанаас нэг их удалгүй Бернер Фон Брауныг АНУ-ын эх газарлуу аваачсан нь их сонирхолтой байдаг.

В-2 пуужингийн зохион бүтээх ажлыг барууны ажиглагчдын нүднээс хол ЗХУ-ын гүнрүү татах алхамууд явагдсаар байв. 1946 оны 5-р сарын 13-нд ЗХУ-ын дээд ерөнхий командлалын нууц тогтоолоор Германы пуужингийн технологийг бүрэн ашиглах зорилгоор Зөвлөлтийн хөрсөнд олон тооны эрдэм шинжилгээний хүрээлэнг байгуулав. Энэ ажлыг Устинов толгойгоороо хариуцаж бүх хүчин чармайлтаа гарган ажиллаж байсан юм. Шинэ институтууд нь:

  1. НИИ-88: Москва орчимд Подлипокид: командлагчаар генерал Гонор, пуужингийн ерөнхий инженер, зохион бүтээгч Королёв
  2. OKB-46: Москва орчимд Химкид: В-2 пуужингийн хөдөлгүүрийг хувилах зорилгоор ерөнхий инженер, зохион бүтээгч Глушко
  3. НИИ-885 Москва орчимд Монинод: Удирдлагийн системийн ерөнхий инженер, зохион бүтээгч Рианский
  4. НИИ-885 Москва орчимд Монинод: Хяналтын системийн ерөнхий инженер, зохион бүтээгч Пилюгин
  5. НИИ-10 Гироскопын ерөнхий инженер, зохион бүтээгч Кузнецов, Тоног төхөөрөмжийн ерөнхий инженер, зохион бүтээгч Бармин, ЗХУ-ын пуужингийн туршилтын зай хязгаар, цар хүрээг тодорхойлох мэргэжилтэнгээр Генерал Воснюк ажиллахаар болжээ.

Сталины тушаалаар алсын зайн В-2 пуужинг сэргээн босгож Зөвлөлтөд Москва, Ленинградын цэргийн тойрог орчимд үйлдвэрлэхээр болов. Энэ судалгааны төвүүд ирээдүйд НПО Энергомашийн үндэс суурь болох болно. Харин Германы пуужингийн үйлдвэрт ажиллаж байсан 150 инженер техникийн ажилчид хийгээд эрдэмтэн инженер Хельмут Гройтрупийг ЗХУ-ын НКВД-ын хараан дор Блэйхерод үлдээв. Эдгээр Герман ажилчдийн цалин хангамжийг шууд Зөвлөлт засгаас хангалттай хэмжээнд тавьж олгох, бараа материаллаг баазаар хангах, гэр бүлийг нь Блэйхерод авчирч цугт нь байлгах зэрэг нааштай шийдвэрүүд тусгагдсан байлаа.

Германчууд өөрсдийн байгууламжийг Блэйхерод дахь "Институт Рабе" гэж нэрлэсэн бөгөөд үүнийг оросууд "Raketenbau und Entwicklung" (Пуужингийн үйлдвэрлэл ба хөгжил) гэж нэрлэж байв. Гэвч дараа нь оросууд 'Рабе' гэж юу болохыг ойлгов. "Институт Рабе" гэдэг нь Герман улс хөгжин цэцэглэж эргэн босож ирэхийг билэгдсэн гүнзгий утгатай нэр байсан юм. Дараа нь тэд нэрийг илүү гэмгүй энгийн нэр буюу “Zentralwerke” (Төв Ажил) болгон өөрчлөв. Бармин нь Вассерфалф, Шметтерлинг, Тайфун гэх мэт жижиг пуужинг үйлдвэрлэхэд зориулагдсан "Берлиний институт" -ийг толгойлохоор болов.

8-р сард Zentralwerke-ийн В-2 пуужингийн хөдөлгүүрийн статик туршилтын дахин эхлүүлэв. 1945 оны 12-р сар гэхэд Zentralwerke-д Герман, Зөвлөлтийн нийтдээ 600 мэргэжилтнүүд ажиллаж байв. Эдгээр 600 ажилчидийн гол ажлыг нөгөөх 150 Герман инженерүүд болон дээр нь Германы энд тэндээс нэмэгдэж ирсэн 84 инженерүүд гүйцэтгэн ажиллаж байлаа. Энэ үед Королёв, Глушка гэх мэт ирэйдүйн ЗХУ-ын сор болсон эрдэмтэн инженерүүд ерөнхийдөө тэднээс суралцаж байсан юм. 1946 оны 3-р сард сэргээн босгосон анхны хоёр ширхэг В-2 пуужингийн хөдөлгүүрүүдэд туршилт хийхэд бэлэн болжээ. Хөдөлгүүрийн туршилтын үед Герман, Оросын мэргэжилтнүүд сайтар ажиглан тэмдэглэж, нэмэлтээр олон зүйлсийг хийж сайжруулсан байна. 1946 оны 7-р сараас 9-р сарын хооронд гарсан 40 удаагийн цуврал туршилтанд хөдөлгүүрийн хүчийг 17 хувиар нэмэгдүүлж чадсан байна. 1946 оны 9-р сар гэхэд энэ үйлдвэрт сэргээн босгосон анхны 10 ширхэг В-2 пуужингууд бэлэн боллоо. Германы инженерүүд эдгээр В-2 пуужингуудыг тун нямбайгаар, дэс дараалалтай, хурдан хийж гүйцэтгэж байгаа нь ЗХУ-ын дээд удирдлагуудын гайхшралыг төрүүллээ. Герман дайнд ялагдсан ч гэсэн ард түмнийх нь оюун ухаан ялагдаагүй, урьдын адил хэвээрээ болохыг сая л ойлгож эхэлсэн юм.

Энэ бүх хэдэн сарын бэлтгэл ажил хийсний дараа Зөвлөлтийн НКВД-ны нууц цагдаагийн газраас 1946 оны 10-р сарын 22-ны Мягмар гарагт Оросын уламжлалт ёсоор талх давсаар мэндчилж, Германы 234 мэргэжилтэнд зориулж маш том үдэшлэг цэнгүүн зохион байгуулав. Өглөөний 4 цагт Улаан армийн цэргүүд Герман ажилчид тус бүрийн гэрт очин хаалга цохин мэргэжилтнүүдийг сэрээв. Зөвлөлт Холбоот Улсад 5 жилийн хугацаанд сайн дураараа ажиллахыг нэн даруй хүсэв. Тэр өглөөдөө мэргэжилтнүүд болон тэдний гэр бүл, эд хөрөнгийг галт тэргэнд ачаад ЗХУ руу хөдөлжээ.

Мэргэжилтнүүдийг анх Орост ирэхэд Химки, Монино, Подлипки дахь Оросын багуудтай нягт хамтран ажиллах даалгавар өгсөн. Гэвч аажмаар бүгдийг нь 1930-аад оны үеийн малын өвчин (магадгүй биологийн аюултай туршилт) судалгаа хийхэд ашигладаг газар болох Городомля руу шилжүүлэв. 1948 оны 5-р сар гэхэд Германы бүх баг тэнд очсон байлаа. Оросууд Германы эрдэмтэд, инженерүүдийн бүтээлүүдийн талаарх, ахиц дэвшил гарсан бүгдийг өмчлөн авав. ЗХУ-ын анхны В-2 пуужингийн туршилтын талбайг Крымд Пеннемуэндээс авсан тоног төхөөрөмжийг ашиглан бүтээн байгуулав. Хожим энэ байгууламж Глушкогийн хүчин чармайлтаар Москва орчмын байгууламжийн ойролцоо Загорскруу нүүсэн. Загорскийг 1991 оноос хойш Сергейв Посад гэж нэрлэх болсон юм.

Германы 234 мэргэжилтний эхний бүлэг 1947 оны 5-р сарын 22-нд Гордодомля руу нүүж очлоо. ЗХУ тэдэнд 600 км-ийн зайд цохилт өгөх чадал бүхий пуужин Г-1 (Г-1/Р-10)-ыг зохион бүтээх даалгавар өгсөн. Энэ ажлыг Германчууд эхлүүлсэн боловч хоёр бэрхшээл тэдэнд тулгарч байлаа. Эхний бэрхшээл бол “Zentralwerke”-ээс техникийн бичиг баримтыг авчруулах тал дээр Оросууд хойрго хандаж байв. Нөгөө нэг бэрхшээл нь Оросын үйлдвэрлэлийн технологи байсан бөгөөд энэ нь 1930-аад оны эхэн үеийн Германтай ижил байсан юм. Гэсэн хэдий ч баг нь Г-1 төслийн төслийг боловсруулж 1948 оны 12-р сарын 28-нд даалгаварыг 100 хувь биелүүлж чадсан юм.

Энэ үеэс ЗХУ, Германы зохион бүтээгчдийн дунд баллистик пуужингийн зохион бүтээлтийн өрсөлдөөн эхлэв. Аль нь ч түрүүлсэн ЗХУ-д ашигтай. Нэмэгдхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй адил юм. Зууны стратегич Сталины өрсөлдөөний замаар явах энэ шийдвэр тун мэргэн шийдвэр байв. Ирэйдүйд, хэсэг хугацаанд ЗХУ сансрын хөлгийн технологиор АНУ-ыг ардаа орхин түрүүлэх явдалд энэ шийдвэр шууд утгаараа нөлөөлсөн юм.

Үүний зэрэгцээ Оросууд Капустин Яр дахь шинэ туршилтын газарт Германы “Zentralwerke”-д бүтээсэн 10 ширхэг В-2 пуужинг туршихаар нууцаар бэлдэж байв. 1947 оны Октябрийн хувьсгалын 30 жилийн ойгоор пуужингуудыг хөөргөхөөр 9-р сард бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэв. Гэсэн хэдий ч Зөвлөлтийн техникчид гарааны төхөөрөмжийн цахилгаан хэлхээний нарийн ажиллагааг мэдэхгүйн улмаас пуужингийн гал авалцуулагчийг ажиллуулж чадахгүй байв. ЗХУ-ын удирдлага 9-р сарын 13-нд цөхрөнгөө бараад Германы зарим техникчдийг галт тэргээр нууц туршилтын газар авчирахаар болжээ. Тэд 9-р сарын 28-нд ирж Оросын техникчдын хийсэн цахилгааны буруу холболт, пуужингийн цахилгаан хэлхээний олон зангилааг нь технологийн бус аргаар өөрчилсөн байсныг 10-р сарын 15 гэхэд бүрэн шийдэж бэлэн болгов. Эхний пуужин аравдугаар сарын 18-ны өдөр амжилттай хөөрлөө. Гэвч пуужин урьдчилсан тооцоолсон байруу бус өөр чиглэл рүү чиглэн нислээ. НКВД-ын агентууд Герман инженерүүдийг "тагнуул" гэж сэжиглэн байцаалт авахаар болов. Герман инженерүүд пуужин буруу чиглэлд ниссэн нь бидний алдаа биш Орос техникчдын буруу гэж зүтгэсээр байцаалтыг өнгөрөөжээ. Герман мэргэжилтэнүүд 11-р сарын 13 гэхэд үлдсэн бүх 9-н пуужинг амжилттай хөөргөжээ. В-2 пуужингууд урьдчилан тооцоолсон чиглэлийн дагуу нисэж 300 гаран км-ын цаана буй байг амжилттай оносон байна. Германы баг 12-р сарын 9-ний өдөр Гордомляд буцаж ирэв.

Герман инженерүүд ЗХУ-ын хоцрогдсон технологитой үйлдвэрт Г маркын баллистик пуужингуудын хөдөлгүүрүүдийг хийж эхэллээ. Г марк нь Германыг, Р марк нь Россия буюу Оросын гэдгийг илэрхийлдэг. Хамгийн сонирхолтой нь тэдэнд 1948 оны 9-р сараас хойш нөгөө талд ЗХУ-ын зохион бүтээж буй Р-1 пуужин, ирээдүйд хийгдэх олон пуужингийн төслүүдийн талаар хэзээ ч мэдэгдэж байгаагүй юм. Эдгээр 234 мэргэжилтэнүүд сүүлд 1953 онд нутагтаа очсоны дараа л энэ тухай мэдсэн байна.

Энэ хооронд Химки дахь Германы баг КС-59 Лилипут төслийн хүрээнд тус бүр нь 60 ата даралтыг гаргаж чадахуйц шинэ төрлийн инжекторуудыг хийсэн байна. Эхний хөдөлгүүрийг 1948 оны сүүлээр хийж дуусгасан. Эдгээрийг Г-4/Р-14 загварын пуужинд зориулагдсан байв. Хөдөлгүүрийн туршилт эхэллээ. Цуврал туршилтын үеэр оросууд аажмаар туршилтыг гартаа авав. Германы баг туршилтыг 1948 оны эцэсээс цааш үргэлжлүүлсэн гэдгийг мэдээгүй юм. Оросууд 1949 оны зунаас 1950 оны 4-р сар хүртэл КС-59 Лилипут хөдөлгүүрийн 100 удаагийн туршилтыг хийжээ. Хөдөлгүүрт өргөн далбант сэнсийг ашигласан бөгөөд экзотик фторын нэгдлүүд, бериллийн гидридийн найрлагатай түлш багтсан байв. Лиллипутын туршилт маш амжилттай болов.

Зохион бүтээгч Глушко нь саяын Германы багийн хийсэн хөдөлгүүрийг хөгжүүлж 7 тонны түлхэлттэй шатах камер бүхий EД-140 хөдөлгүүрийг 1951 онд бүтээжээ. EД-140 хөдөлгүүр нь дараагийн арван таван жилийн турш Глушкогийн баллистик пуужингийн хөдөлгүүрийн үндэс суурь болсон юм.

Королевын хөгжүүлж байсан Р-3 пуужингийн хувьд Глушко үндсэн холих камерыг тэжээхийн тулд 7 тонны түлхэлттэй хөдөлгүүрийг ашиглан 100-аас дээш тонны түлхэх хүч бүхий өндөр хүчин чадалтай хөдөлгүүрийн хүч үйлдвэрлэх замаар В-2 пуужингийн хөдөлгүүрийн үндсэн аргыг санал болгов. Гэхдээ шинэ хөдөлгүүрийн хөгжүүлэлтийн явцад холих камер дахь тогтворжилтын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан тул энэ аргыг орхисон юм. Үүний оронд тэрээр Германчуудын төлөвлөж байсанаар EД-140 хөдөлгүүрийг томруулахаар боллоо. Глушкогийн саналаар Р-3 баллистик пуужинг энэ хөдөлгүүрээр тоноглогдхоор боллоо. Тив алгасагч Р-7 пуужингийн хувьд томруулан хийсэн РД-105/РД-106 хөдөлгүүр нь 65 тонны түлхэлт хийж чадах байв. Гэхдээ энэ нь хөлгийг хөөргөх боломжгүй байсан тул Глушко РД-107/РД-108 хөдөлгүүрээр тус бүр 25 тонны түлхэлттэй дөрвөн хөдөлгүүрийг Р-7 пуужингийн гарааны хөдөлгүүрээр байрлуулан зураглал хийн төлөвлөж байв. Энэ дөрвөн хөдөлгүүрийн нэг нь гэхэд Германы аль 1942 оны хуучний В-2 пуужингийн хөдөлгүүртэй тэнцэнэ гэхээр Бернер Фон Браун ямархуу хүн байсан нь тодорхой харагдана. Гарааны дөрвөн салаа хөдөлгүүр бүхий энэ хийц нь ЗХУ-ын сансрын хөлгийн дүр төрх имидж болсон юм. Одоо ч гэсэн ОХУ-ын сансрын хөлөг гаднаасаа харагдах байдал нь энэ имижийг харуулдаг.

Гэтэл Королёв R-3 пуужинд Хельмут Гройтрупийн Г-4/Р-14 хөдөлгүүрээр тоноглож нисгэх шийдвэрийг гаргахад удирдлага зөвшөөрч Германы инженерүүдийн шийдлүүдийг ашиглахаар боллоо. Королёв Р-3 пуужинг Хельмут Гройтрупийн Г-4/Р-14 хөдөлгүүрээр нисгэхийн зөвшөөрөхийн хажуугаар тив алгасах Р-7 пуужинд тоноглогдох цахилгаан хэлхээ, нислэгийн траекторыг чиглүүлэгч эд ангиуд мөн механик эд ангиудыг Германы инженерүүдийн хийсэн Г-4 пуужингийн эд ангиудаар тоноглохыг санал болгов. Удирдлага Королёвын саналыг шууд хүлээн авч байлаа. Учир нь Королёв ЗХУ-ын баллистик пуужингийн гол дизайнер байв. Түүний шийдлүүд цаанаасаа урган гарч ирдэг бөгөөд тухайн үедээ санаанд оромгүй шинэ санаануудыг гаргаж байсан юм. Одоо цагаар бол, зоримог шийдвэрүүдийг гаргаж, ундран гарч буй мэт шинэ санаагаа хөгжүүлж чаддаг “Элон Маск”-ын үйл ажиллагаатай төстэй юм. Глушко нь зөвхөн хөдөлгүүрийн хөгжлийг дагнан хариуцаж ажилдаг байсан бол Королёв баллистик пуужинг бүхэлд нь инжнерчилдэг, өөрийн бүтээсэн дизайны онцлогдоо тааруулж ямар хөдөлгүүр сонгохоо шийддэг байснаараа энэ хоёрын ажлын онцлогын ялгаа гардаг.

Королев Р-7 пуужингийн нислэгийн явцад дэс дараагаараа салан ажиллах үе шатлалуудыг зохиохдоо Хельмут Гройтрупийн Г-4 пуужингийн шатлалыг технологийг ашиглав. Г-4 пуужингийн хөдөлгүүрийг суурьлуулснаар Р-7 пуужингийн түлхэх хүч 250 тонн хүртэл огцом нэмэгдэв. Дэлхийн анхны тив алгасан нисэх Р-7 баллистик пуужин ийнхүү бүтжээ.

Королёв дэлхийн анхны тив алгах баллистик пуужинг зохион бүтээхдээ ямар нэгэн үзэл суртал, хэв хэмжээнд баригдалгүйгээр, өөрийн шинэ санааг Германы зохион бүтээгчдийн хийсэн Г-4 баллистик пуужингийн технологид тулгуурлан зохион бүтээж чадсан. Түүний энэ зоригтой, шийдвэртэй үйлдэл нь Сансар огторгуйг эзэмдэх хүслийнх нь бодит эхлэл болсон юм. 1957 онд хүн төрөлхтний түүхэнд анх удаа, Р-7 тив алгасах баллистик пуужингийн толгойд Спутник-1 хиймэл дагуулыг байрлуулан задгай сансарт гаргасан юм.

Королёв 1950-аад оны сүүлээр гариг хоорондын Н1 пуужингийн төслийг хөгжүүлж эхлэв. Королёв дахин Германы инженерүүдийн шийдлийг тусгахаар шийдлээ. Н1 гариг хоорондын пуужин нь Хельмут Гройтрупийн Г-2 ба Г-4 баллистик пуужингуудын шууд удам юм. Н1 пуужин Хельмут Гройтрупийн аэродинамик, дизайны бүх чухал шинж чанаруудыг багтаасан, 85 градусын налуу конус хэлбэртэй хийгдэж байсан.

Хельмут Гройтрупийн Германы багийнхан ЗХУ-д байх хугацаандаа 600 км-ын тусгалтай Г-1 пуужин, 1000кг байлдааны цэнэгийг 2500км зайд зөөвөрлөх хүчин чадал бүхий Г-2 пуужин, 3000кг атомын бөмбөгийг 3000км зайд зөөвөрлөх хүчин чадал бүхий Г-4 пуужин, Г-4 загвард нэмэлт сайжруулалт хийсэн нууцлаг Г-5 пуужингуудийг зохион бүтээж амжилттай туршиж байсан юм. Г-4 баллистик пуужин нь 1952 оныг хүртэл ЗХУ-ын стратегийн зэвсэглэлд байсан түүхтэй.

Эрдэмтэн, зохион бүтээгч инженерүүд бүхий 234 хүний бүрэлдхүүнтэй Германы багийн гишүүд 1951 оны 4-р сарын 3-нд эх орондоо буцаагдаж эхлэв. 1951 оны 10-р сар гэхэд Германы баг ЗХУ-ын пуужингийн хөгжүүлэлтийн хөтөлбөрөөс бүрэн тусгаарлагдсан бөгөөд ажил нь үндсэндээ зогссон байв. Бүлгийн хамгийн сүүлчийн гишүүн 1953 оны 11-р сарын 22-нд буцаж ирэв. Зүүн Германд ирсэний дараа төрөл бүрийн салбарт тус тусын мөрийг хөөн амьдарцгаах болсон юм. Эдгээр хүмүүс 1990 онд хоёр Герман нэгдэх хүртэл ЗХУ-ын НКВД-ын хараа хяналтан дор амьдарч байсан. Германы багийнханы ажиллаж байсан түүх 20-р зууны төгсгөлд дэлхий нийтэд ил болсон юм.

Электроник, автоматикийн инженер, түүх сонирхогч Андромеда

https://www.facebook.com/KGB.Universe

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 10 сар 7. 10:46
Зочин

Сонирхолтой, олон дахин мөлчөөд л баймаар нийтлэл байна. Маш их баярлалаа. Аль болох олон нийтлэл оруулж байгаарай. Дараагийн нийтлэл нь АНУ Германаас ямар ямар материал авсан болон тэдгээр нь өнөөгийн ямар зэвсгийн эцэг болсоныг тодруулж бичвэл сайхан даа, тээ

2019, 11 сар 11. 19:26
ОТ

Баярлалаа. Маш сонирхолтой мэдээлэл байна. Германы Инженерүүд одоо ч тасархай хэвээр л байна. Ийм сонин содон бодит мэдээллүүд их оруулж баймаар байна Админуудаа.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]