Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Элчийн тэмдэглэлд Нийслэл Хүрээ хэрхэн буув?Уншсан7,094

1912 онд Богд хаант Монгол Улсын засгийн газартай гэрээ хийхээр ирсэн Оросын төлөөлөгч И.Я.Коростовецийн өдрийн тэмдэглэлд Богд хаант Монгол Улсын нийслэл хүрээ иймэрхүү байдалтай дүрслэгджээ.

1912 онд Богд хаант Монгол Улсын засгийн газартай гэрээ хийхээр ирсэн Оросын төлөөлөгч И.Я.Коростовецийн өдрийн тэмдэглэлд Богд хаант Монгол Улсын нийслэл хүрээ иймэрхүү байдалтай дүрслэгджээ.

ӨРГӨӨ ХОТ

Нэлээд том талбай эзэлж оршдог энэ хот Монгол, Орос, Хятад гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Сүм дуганууд, суварга шүтээнүүд нь хотын төвийн өндөрлөг хэсэгт оршдог. Хамгийн аятайхан амьдардаг нь хятадууд бөгөөд хятад маягаар барьсан тэдний байшин савууд нэлээд хэлбэр төрхтэй гудамжуудтай, харин монголчуудын байшин барилга болон ердийн гэрүүдийг үзүүрийг нь шовхолсон нарсан шургаагаар тойруулж хашаалсан байх ажээ.

Оросууд гол төлөв төмрөөр дээвэрлэсэн дүнзэн байшинд сууна. Хятадуудын байшин шавар вааран дээвэртэй. Оросууд энд Консулын газраа байгуулахдаа Өргөөгийн хоёр жигүүр болох газар нутгийг авсан боловч сүүлдээ заримыг нь хятадуудад дамжуулан худалдсан учир дан орос суурин байхын оронд Оросын өмчлөгчид болон түрээслэгчид Монголчууд болон Хятадуудтай холилдон амьдрах холимог суурин үүсжээ.

 

Ихэнх дэлгүүр лангуу нь хаяггүй. Өргөөд орос гар урчууд, үйлдвэрлэгчид олноороо бий болов. Энд мод бут, ер нь ургамал, зүлэг гэх юм бараг харагдахгүй агаад гагцхүү манж амбангийн сууж байсан байшингийн эргэн тойронд л багаахан цэцэрлэг байх ажээ. Зун цагт үерлэж сүрхий ширүүн болдог бохир муухай ус урссан жалга судаг дээгүүр тавьсан модон гүүрэнд тэнд үзэгдэнэ.

Хог новшоор дүүрсэн, усан давтсан өмхий талбай болох зах гэдэг газарт махаа зарна. Малыг гадаа гудамжинд, хашаа хайсан дотор хамгийн эртний, бүдүүлэг аргаар нядална. Махны ажлыг эрхэлсэн тусгай хүмүүс байдаг аж. Энд оросууд маш бохир заваан, соёлоос ангид амьдарна. Хаа сайгүй бясаа. Монголчууд бас л их заваан амьдрах боловч бясаа тэдэнд байхгүй, өөр шимэгчид толгойд нь байдаг.

Монголын төрийн яамд болон бусад албан байгууллагууд хуучин хятадуудын яам, газруудад байрлаж байв. Монголчууд өөрийн цагдаатай, тэр нь хот дундуур хэрэн явж, хэв журам сахиулна.

Хүрээ рүү орох хаалганы дэргэд улаан хүрэн өнгийн жижгэвтэр битүү саравчууд байх ба доор нь босоо тэнхлэг дээр чөлөөтэй эргэлддэг олон хүрд байрлуулжээ. Буян үйлдэж мөргөл хийхийг хүсэгчид хүрдний бариулаас барьж эргүүлэнгээ өөрөө тойрно. Энэ олон хүрд, тэдгээрийг эргүүлж буй Монголчуудын тоог харвал тэд ихэд сүсэгтэй хүмүүс аж.

ОРОСЫН КОНСУЛЫН БАЙР

Өргөөгөөр дайрч, захаар өнгөрч, орос худалдаачдын суурин дундуур гаран, хоёр дахь орос суурин болон хятадуудын Наймаачин хотхон хүрдэг өргөн зам руу оров. Барагцаалбал, үд болж байхад Консулын газарт ирлээ. Консулын газрын байр нь хуаран маягийн хоёр давхар дүнзэн байшин бөгөөд гаднаас нь шавардаж цагаан өнгөөр шохойдож, хоёр талд нь жигүүр, аж ахуйн зориулалттай өргөтгөлийг дүнзээр нэмж барьжээ. Байшин савууд бүгдээрээ өмхөрч, ихэд мууд санаж. Консулын газраас холгүй офицерийн бүрэлдэхүүн, харуулынханд зориулсан хэдэн навсгар байшин, навтгар хуаран байх ажээ.

1900 онд эмх замбараагүй явдлаас сэргийлэн Консулын газрыг тойруулан гуу ухаж, далан босгосон байна. Гол байрны урд талд шарилж луулиар дүүрсэн зүлэг маягийн газар, дундуур нь зам гарсан харагдана. Энэ газрыг граф Н.П.Игнатьев 1859 онд Бээжин рүү Онц элчнээр томилогдон очиж явах замдаа Өргөөг дайрах үедээ сонгосон байна.

Ойр хавь, эргэн тойронд нь уул толгод байх учир Консулын газрын гадна төрх байдал нэлээд аятайхан харагдана. Ялангуяа, ой модоор битүү хучигдсан Богд уул онцгой үзэсгэлэнтэй харагдана. Энэ уулын ар хормойгоор түргэн урсгалт Туул урсан хүн малыг ундаална. Хотод ямар ч худаг байхгүй, бас Туул гол руу хотын бүх бохир балиар болгон орох учир усны чанар нэн [эргэлзээтэй] тааруу.

И.Я.Коростовец: Монголд өнгөрүүлсэн есөн сар

Энэхүү бүтээлээс XX зууны эхэн үеийн Монголчуудын төрх байдал, амьдралын хэв маяг улс төрийн байр суурь зэргийн талаар тодорхой төсөөлөлтэй болохын зэрэгцээ Их гүрний бодлого, жижиг буурай оронд хэрхэн нөлөөлж эдийн засгийн давуу байдал тогтоож болдгийг харах боломжтой. “Интерном” номын дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]