Хуульч, сэтгүүлч Доржийн Сүхбаатар
Саяхан украины дайнд яваад нас барсан 24 настай буриад монгол дэслэгчийг сүүлчийн замд нь үдэх ёслол Буриадын нэгэн тосгонд болжээ. Энэ талаар оросын сошл ертөнцөд мэдээлж оросууд болон буриадууд сэтгэгдэлээ бичсэн байна лээ. Би ч гэсэн монгол хүн тул маанийн ерөөл өргөж харамслаа илэрхийлэв. Элдэв пост сэтгэгдэл үзэж байхад тэнд маань ерөөл бичсэн хүн бараг алга, харин голдуу үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэнд харамслаа илэрхийлье гэсэн үгнүүд байлаа. Гэтэл нэг зэвүүцмээр сэтгэгдэл гарчээ. Нэгэн казах хүн “Буриад залуу чи үхсэн нь таарна. Буриадууд та нар манай Казахстанд олон казах хүнийг буудсан. Хохь чинь” гэсэн байлаа. Тэр казах хүний постыг 30 гаруй казах хүн дэмжсэн байх юм. Би хирдхийн цочив. Ингээд бас үндэстэн хоорондын мөргөлдөөн гарах дутаж дээ хэмээн бодов. Гэнэт миний санаанд хаант Орос улс халимаг монголчуудыг ашиглаж дотооддоо гарсан бослого самууныг халимаг цэргээр даруулж байсан түүх харагдах шиг болов. Түүхээ эргэн саная.
XVII зуунаас эхэлж монгол туургатан хоёр их хөрш улсын дайн самуунд хэлмэгдсэн нь түүхээс харагддаг.Хаант Орос улс монгол цэргийг дотооддоо гарсан бослого самууныг дарахад ашигласан байдаг. Хаант Орос улсын нөмөр нөөлөгт амьдарч байсан ойрд монголчууд /хожим нь халимаг нэртэй болсон/ анх оросын Петр хааны гуйснаар халимагийн хаан Аюук монгол морьт цэрэг гаргаж орос-туркийн дайнд болон орос- шведийн дайнд орсон байдаг. Олон ч халимаг морьт цэрэг энэ дайнд үрэгдсэн дээ. Петр хаан халимаг цэргүүдийг сайн байлдсан хэмээн Аюук хаанд олон торх дарь бэлэглэсэн гэдэг. Ер нь халимаг монголчууд Оросын төлөө орос-францын дайн, орос-германий дайнд тулалдсан байдаг. 1771 онд халимагийн Увш хунтайж 170 000 ойрд түмнээ удирдаж оросын Екатерина хатан хаанаас дайжиж Монгол руугаа буцах замд нь орос, казах, башкир цэргүүд замд нь тосож дайрч ихэд хохирол амссан байдаг. Яагаад тэд довтолж халимаг монголчуудтай дайтсаныг судлахад оросын хаад башкир, орос, казахуудын бослого гарахад халимаг монголчуудыг ашиглаж тэд нараар бослогыг дардаг байжээ. Тэгээд дарагдсан орос, башкир, казахууд өш зангидаж халимаг монголчуудыг боломж олдвол хүйс тэмтрэх санаатай байдаг байж. Яг тэр үед нь оросын Екатерина хатан хаан орос, башкир, казахуудад хэл хүргэж “Та нарын дайсан халимаг монголчууд дорно зүгт нүүдэллэж явна. Та нар тэднийг дээрэмдэн устга” гэсэн зарлиг буулгасан аж. Тэгээд л манай монгол туургатан маш ихээр амь насаа алдаж сүйрсэн түүхтэй юм билээ. 170 000 ойрд монгол хүн Ижил мөрнөөс гараад 60 000 хүн Монгол нутагтаа арайхийн эргэн ирж бусад нь зам зуур дайнд хэлмэгдэж үрэгджээ. Орост гарсан Пугачёвагийн бослогыг мөн л халимаг монгол цэргүүдээр даруулсан байдаг.
Ингэж л анх Орост амьдардаг монгол гаралтай хүмүүсийг нохойд барьдаг мод шиг болгосон түүхтэй. Орос-японы дайн, зөвлөлт засгийн үед иргэний дайн, герман-зөвлөлтийн дайн, афганы дайн, чечений дайнд халимаг монгол, буриад монгол, тува монгол цэргийг зөвлөлт улс ашигласаар байсан. Олон ч монгол туургатан залуус тэдгээр дайнд үрэгдсэн. Ямар нэгэн дайнд хүнээ алдаагүй нэг ч буриад монгол гэр бүл Оросын Буриадад байдаггүй хэмээн би сонссон юм байна. Ийм учраас хаант Оросын үед байсан /1900 онд болсон хүн амын тооллого/ халимаг монгол, буриад монгол хүний тоо эдүгээ орчин үед бараг өсөөгүй гэдэг юм билээ.
Их гүрэн Оросын энэхүү башир арга одоо болтол үргэлжилсээр байна. 2022 оны Орос-Украины дайнд буриад, халимаг залуусыг явуулж байгаа нь украин хүн монгол туургатан хүнийг үзэн ядах сэдлийг бүрдүүлж байна.
Өмнөд их хөрш Хятадад монгол туургатаныг мөн ч их хядсан даа. 1914 оноос эхлэн Юан Ши Кайн хятад цэргүүд Өвөр Монгол болон Ар Монголд нэвтрэн орж монголчуудыг хүйс тэмтэрч байв. 1947 онд улаан хятадууд Өвөр Монголыг эзэлж эдүгээ хүртэл 6 сая өвөр монголыг маань дарангуйлсаар байна. “Соёлын хувьсгал”-ын үед улаан хятадууд 50 000 өвөр монгол хүнийг хядав. 1959 онд “Түвдийг гадаадын империалистуудаас чөлөөлөх дайн” гэгчийг улаантан хятадууд хийж тэр дайндаа өвөр монголын морьт цэргийг ашиглаж өчнөөн мянган түвдийн энгийн иргэдийг хядуулж хөнөөв. Хятад цэрэг морь унаж чаддаггүй, түвдийн өндөрлөг газар дайтахдаа муу тул морь сайн унадаг, эрүүл чийрэг хүч чадалтай өвөр монгол цэргүүдийг ашиглажээ. Эдүгээ хятадууд энэтхэг-хятадын хил дээр бие томтой, хүч чадал сайтай, тэсвэр хатуужилтай хэмээн өвөр монгол цэргүүдийг тэнд аваачиж хятад-энэтхэгийн хилийн маргаанд тэднийг оролцуулж энэтхэг цэрэгтэй зодолдуулж сөргөлдүүлж байна. Хятадын улаан арми ийнхүү монгол туургатан цэргүүдийг нохойд барьдаг мод мэт ашиглаж байна.Эдүгээ хятадууд монгол хэлийг хориглож өвөр монгол хүүхдүүдэд 7 настайгаас нь эхэлж хятад хэлийг албадан заадаг болжээ. Монголын яруу найрагч Галсансүхийн “Радиогоор хятад хэлээр мэндлэхэд би үхнэ” гэсэн үг санаанд өөрийн эрхгүй орох аж.
Зөвлөлт улс ар монголчуудыг хэд хэдэн удаа өөрийн талд ашигласан байдаг. Зөвлөлт улс 1921 онд “Оросын цагаантнуудаас Монголыг чөлөөлнө” хэмээн Нейманаар удирдуулсан 15 000 улаан орос цэргийг нийслэл Хүрээнд оруулж монгол төрийг устгаж оронд нь зөвлөлт маягийн большевик засаг Монголд тогтоосон байдаг.
Энэхүү “БНМАУ” гэгч коммунист зөвлөлтийн дагуул - тоглоомын улс 70 жил тогтсон байдаг юм. Зөвлөлт улс 1937 онд “Заговор” хэмээх хуурамч ажиллагаааг Монголд явуулж Чойбалсангийн тушаал гаргуулж 35 000 монгол хүнийг “хувьсгалын эсэргүү”, “хар шар феодал”, “японы тагнуул” хэмээн гүтгэж буудан хөнөөсөн аймшигт яргалалыг үйлджээ. Зөвлөлт улс 1924 онд Монголоос Урианхайн хязгаар/Тува/ болон бусад хойд нутгийг нь булаан авсан байдаг юм.1939 оны Зөвлөлт-Манжго улсын дайнд Монгол улс оролцох ямар ч шалтгаан байгаагүй. Хэрэв байлдвал Зөвлөлт Япон хоёр л байлдана биз хэмээн Монголын Ерөнхий сайд П.Гэндэн хэлсэн байдаг. Монгол улсын Ерөнхий сайд А.Амар “Лхүмбийн хэрэг гэж огт байхгүй. Монголд лам нарыг устгах ямар ч шаардлага байхгүй” хэмээн хэлсэн байдаг. Ингэж хэлээд Чойбалсангийн матаасаар энэ хоёр Ерөнхий сайд маань Москвад дуудагдан очиж буудуулан алуулсан түүхтэй.
Зөвлөлт улс 1939 онд Японтой байлдахдаа монголчуудыг газар нутагтай нь ашигласан. Яагаад энэ дайныг улаан оросууд өдөөсөн юм бэ гэвэл Орос 1905 онд Японд ялагдсан өшөөгөө 1939 онд авахаар шийдсэн юм. Тэр үед Манжго улс Номунханыг Ар Монголын нутагт байлгах нь буруу, Халх голоор хиллэх хэрэгтэй хэмээн үздэг байсныг далимдуулан Зөвлөлт улс Японтой байлдаан хийж цэрэг-зэвсгээ нэг сайн шалгах гэсэн далим болжээ.
Энэ байлдааны өмнө Манжуурт БНМАУ, Манжго улсын төлөөлөгчид очиж хэлэлцээ хийж зөвшилцөлд хүрээд байжээ. БНМАУ Манжго улсыг хүлээн зөвшөөрвөл Япон улс БНМАУ-ыг хүлээн зөвшөөрнө гэсэн урьдчилсан тохироо хийгээд байжээ. Гэтэл энэ байдал Сталинд таалагдаагүй тул Сталин монголын төлөөлөгчдийг Улаанбаатарт буцаж ирэхэд нь цаазла гэсэн тушаал ирүүлж монгол төлөөлөгчдийг буудан хороожээ. Япончууд ч гэсэн Манжуурын хэлэлцээнд орсон Манжго улсын төлөөлөгчдийг Мүгдэнд аваачиж шийтгэв.
Сталин Ар, Өвөр хоёр Монгол нэгдэх вий гэдгээс маш их болгоомжилдог байв. Зөвлөлт улс Японтой Номунханы орчим байлдаан хийж ялав. Энэ байлдааны үеэр зөвлөлтийн бөмбөгдөгч онгоцнууд монголын 8-р морьт дивизийн морьт цэргийг Манжго улсын цэрэг хэмээн андууран бөмбөгдөгж 30 гаруй монгол цэрэг үхжээ. Тэгээд 1939 онд Зөвлөлт улс Японтой хилийн хэлэлцээ хийж /Монголыг огт оролцуулахгүйгээр/ монголын Нөмрөг голын зүүн хэсэг болон Мана уулыг Манжго улсад зүгээр өгчихсөн байдаг юм.
Оросууд монголын армийн бүх цэргийн орлогч Лувсандонойг “японы тагнуул” хэмээн гүтгэж Москвад аваачиж буудан хороов. Халхын голд монголын хувьсгалт цэргийг гардан удирдсан жанжин Цэрэнг мөн л Зөвлөлтөд аваачиж хилс хэргээр амийг нь бүрэлгэжээ. Номунханы байлдаанд монголын талаас 237 цэрэг амь үрэгджээ. Энэхүү Номунханы зөвлөлт-японы зэвсэгт мөргөлдөөнд монголын арми оролцох ямар ч шаардлага байгаагүй.
Дараа нь 1945 онд Зөвлөлт улс гэнэт Япон улсад дайн зарлаж Манжуурыг довтолсон юм. Зөвлөлт энэ дайндаа мөн л ар монголчуудыг овжин ашиглажээ. Ар монголчууд энэ дайнд бид Өвөр Монголоо нэгтгэнэ хэмээн орсон боловч хоосон хоцорсон. Сталин Ар монголчуудыг Өвөр Монголтой нэгдэхийг хатуу хориглосон. Сталин Өвөр Монголыг улаан хятадын удирдагч Маод бэлэглэсэн юм. Сталин бас Порт-Артурыг улаан хятадад бэлэглэв. Зөвлөлтийн Манжуурыг эзлэх Японы эсрэг дайнд 275 ар монгол цэрэг амиа өргөсөн. Би энэ дайнд оролцсон монгол цэргийн дурсамжаас уншсан. Монгол цэрэг бичсэн нь: Зөвлөлтийн цэрэгтэй хамт байлдахад түшигтэй шүү. Зөвлөлтийн цэрэг офицерууд довтолгоонд орохын өмнө “Монголчууд та нар бидний араас довтолгоонд ороорой. Бид олуулаа. Та нар цөөхөн ш дээ” гэдэг байжээ. Бас нэг сонирхолтой дурсамж. Саяхан хэвлэгдсэн өвөр монголын нэрт эрдэмтэн Цогт багшийн номд: Өвөр Монголын Вангийн сүмийн ойролцоо байрласан Японы Эзэнт улсын офицерууд 1945 оны энэ дайнд өвөр монголчууд та нар оролцоод хэрэггүй шүү. Энэ дайн бол Зөвлөлт-Японы хооронд болж байгаа дайн гэдэг байжээ.
Зөвлөлт улсын Элчин сайд В.Молотов 1957 онд “Тувагийн үлдсэн нутгийг Зөвлөлтөд өг” хэмээн хууль бус тулгалт хийж монголын хойд нутгаас 2500 квадрат км газар нутгийг булаан авчээ. ”Монголын ийм их газар нутгийг Зөвлөлт улсад өгөхгүй” гэсэн ГЯЯ-ны сайд С.Аварзэдийг Цэдэнбал ажлаас нь халж гадаад руу цөлжээ. Эцэстээ Аварзэд гуай амьдралын хүнд нугачааг туулж явсаар бусдын гарт амиа алджээ.
1990 онд монголын ард түмэн коммунист дарангуйллын дэглэмийг унагаж зөвлөлтийн улаан Кремлийн гинжийг тас татаж жинхэнэ эрх чөлөөгөө олж Монгол улс ардчилсан улс болов. Монгол улс эдүгээ азийн хамгийн ардчилсан 4 улсын нэг болжээ. Эдүгээ монголчууд бид бусад монгол туургатнаа дайн самууны хөлд үрэгдэх аюулаас аврах боломжтой боллоо. Орос, Хятад улсад монгол хүний эрх зөрчигдвөл Монгол улс монгол туургатнаа төрсөн эх нь мэт халуун дотноор хүлээн авах цаг боллоо. Ядарч зүдэрсэн, хавчигдаж зовсон, гадуурхагдсан монгол туургатнаа Монгол улс хүлээн авч хүний эрхээр хангах цаг нь болжээ. Дэлхийн аль ч өнцөгт амьдарч байгаа монгол гаралтай хүнээ Монгол улс хүлээж авах хууль дүрмээ өөрчлөн сайжруулж, уян хатан болгож, элдэв хатуу шалгуураа халж зөөлрүүлэх цаг болжээ.
Монгол туургатан хүн бүхэн эх Монгол улсдаа эргэн ирэх цаг болжээ.Монгол туургатан хүн харийн нутагт алийн болгон нохойд барьдаг мод шиг амьдрах юм бэ? Монгол туургатан хүн бүр хараа дээгүүр, омог бардам, эрх чөлөөтэй, аз жаргалтай, монгол мөрөөдлөө биелүүлж амьдрах цаг болсон юм биш үү. Монгол улс мандан бадраг!