Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж эхэллээ. Олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ухаарал нэмэх, соён гэгээрэх хүсэл тэмүүллийг бий болоход зорин ажилладаг Монсудар хэвлэлийн газрын хамт олны эх түүхээ таньж мэдэх, өв соёлоо хадгалан дээдлэх хүсэлтэй монголчуудад зориулсан бүтээлүүдийг уншигч та амтархан уншина биз ээ.
Чойнзонгийн Баатар орчуулж, 2011 онд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Оросын газарзүйн нийгэмлэгийн хүндэт гишүүн Петр Кузьмич Козловын "Монгол, Амдуу, мөхсөн Хар хот" номын хэсгээс
Өргөө хүртэл дөрвөн нүүдлийн газар үлдээд байсан бөгөөд бид энэ зайг ойрын дөрвөн өдөрт амжуулахаар хатуу шийдэв. Хүйтний эрч сулрах нь байтугай харин ч бүр чангарч байлаа. Энэ талаас нь аваад үзвэл, маш дулаахан үстэй малгайтай явсан ч хүн болгон нүүр царайныхаа аль нэг хэсгийг хөлдөөсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр онцгой байж билээ.
-26-28 хэм хүйтэн, чанх урдаас салхитай учир маш хэцүү байсан юм. Хавирга нэвт салхи, хацар хайрсан жавар гэдэг үг хэллэгийн утгыг мартахгүйн адил энэ өдрийг бид хэзээ ч мартахгүй. Долоо хоногийн өмнө бид Сибирийн -47 хэмийн хүйтнийг ажрахгүй давсан бөгөөд тэгэхдээ нам гүм, ямар ч салхи шуургагүй байсан болохоор тэрхүү хүйтний хэм ямар ч хүнд хэцүү сэтгэгдэл үлдээсэнгүй өнгөрчээ.
Ерөнхийдөө өдөр нарны илч хамгийн их болсон үед агаарын хэм нэлээд нэмэгдэж, биед ихэд тааламжтай болон өөрийн эрхгүй нозоорч нойр хүрнэ.
Өргөөд улам ойртохын хэрээр бурхны шашинтнуудын энэ ариун дагшин хотод даруй орж очих гэсэн хүсэл багийнханд маань бий болж байлаа. Тиймээс ч бид “Хүй Аюуш”-т хоносон бууриасаа үүр цайхаас өмнө сарны гэрлийг ашиглан хөдлөв.
Би ямагт түрүүнд нь явдаг байсан ба зам хэдий чинээ хүнд хэцүү байх тусам хөсөг маань төдий чинээ хол хоцордог байлаа. Энэ удаа байрнаасаа дөнгөж хөдлөөд л далайн түвшнээс дээш 5500 фут (1600 гаруй метр) өндөр Толгойтын даваа өөд өгсөх болсон бөгөөд намайг орой дээр нь гарчихаад байхад хөсөг уулын хормой өөд өгсөж эхэлж байв.
Өргөө хотын ариун дагшин уул, Монгол орны сувд болсон Богд уулын бараа харагдах тэрхүү овоон дээр очих юмсан гэсэн хүсэл намайг байж ядуулж байсан билээ. Уул харагдмагц би өөрийн эрхгүй ихэд сүслэн биширч “Таныг би хэд дэх удаагаа ч харж, бишрэн шүтэж байна вэ, нууцлаг агаад яв цав үзэсгэлэнт төрхийг тань, ихэмсэг агаад онгон дагшин нөмрөг гоёлыг тань эцэс төгсгөлгүй хардаг билээ. Та нөгөө л урьдынхаараа анир чимээгүй агаад бодлогошронгуй байдалтай, сүүмгэр саарал манан, бас таны сүр хүчит тэргүүн дээгүүр зөөлөн хөвөх хоёр, гурав үелсэн нимгэн сэмжин үүлсийнхээ цаана нуугдсаар л байна уу даа. Өргөөгийн сүм хийдүүдийн лам нар таны гайхамшигт өмсгөлийг ариунаар сахин хамгаалж, Хятадын мэргэн хаан Канси, түүнээс дутахгүй мэргэн ухаант Өргөөгийн хоёр дахь хутагт Өндөр гэгээний зарлиг гэрээсийг нандигнан биширсээр буй за.
(Манжийн хаан, хятад нэр нь Канси буюу Энх-Амгалангийн дэмжлэгийг авч Өндөр гэгээн Богд уул болон түүний мод ургамал, амьтны ертөнцийг хүний гар хүршгүй ариун дагшин, онгон дархан байлгах тухай зарлиг гаргажээ. Уулын гүн рүү аваачдаг 80 гаруй ам, цармыг нь анчид, ой мод огтлогчдоос бүрмөсөн хааж хамгаалсан бөгөөд одоо ч харуулуудтай. Богд уулыг зөвхөн харж л болно. Зохиогч)
Таны ой модонд дураар амьдрагч араатан жигүүртнүүд хамгийн хязгааргүй эрх чөлөөг эдэлдэг билээ. Цэвэр ариун байгалийн дурсгалт газруудыг ихэд үнэлдэг, хүсэн хүлээдэг тэр бүх европчууд таныг ямар их хайр бишрэл, бахархан бардамнасан сэтгэлээр харах бол доо...” гэж би бодож байлаа.
Давааны өндрийг барометрээр хэмжээд дахин бууж эхлэв. Салхи дахиад л тэсэж тогтохын аргагүй ширүүсэн биднийг зовоох боллоо. Морь унасан, эсхүл юуг ч эс анзаарах үхэр хөллөсөн хяхнаа дуут монгол модон тэргүүдийг ар араас нь цувруулан холбож хөтөлсөн монголчууд замд маань тааралдаж эхэллээ. Замын хажуугаар хэсэг хэсэг айлууд, хаашаа ч юм давхих гоё ганган хувцастай лам хувраг, түшмэл ноёд ч цөөнгүй ажээ.
Бид ч урьдынхаасаа арай түргэн урагшилж, аливааг харж ажигласаар явтал цаг хугацаа маш түргэн өнгөрсөн байв. За ингээд л Туулын хөндий Богд уулыг баруун хойноос нь ороосон зам, аяллынхны говийг зорин урагшлах зам нүдэнд ил гарч ирлээ.
Хоёрдугаар зэргийн овоонууд, гуйлгачдын хөөрхийлөлтэй оромжууд, хүний маханд буйлж, зоолж гүйцсэн, лам нарынхаа зааснаар ердөө замын хажууд ил хаячихсан хүүрийг зулгааж буй ноход тааралдах болов.
Баруунтаа, өрнө зүгт саяхан Далай лам морилж ирээд буцсан Гандан хийдийн байгууламжууд үргэлжилж, зүүнтээ, зүүн хойд талд маань Өргөө хотын өөр нэг том хийд, малыг даагч Майдар бурханд зориулан байгуулсан хийд харагдана.
Энэ хооронд гуу судаг мэт болсон зам биднийг хот болон зээл рүү авчирлаа. Монгол гэрээс гарах өтгөн утаа нэлээд өндөрт гараад саарал үүл болон хувирч Туулын хөндийг даган тунарна. Дахиад хэдэн хором өнгөрөхөд бид хотын дотор орж монгол, хятад, орос, лам хар, эр эм, хөгшин хөвөө түмэн янзын хүмүүсээр дүүрсэн өргөн гудамжны голд очсон байлаа. Тэмээ орилж, адуу янцгааж, нохой хуцаж, хүмүүсийн дуу хоолойтой хутгалдан нам гүмийн дунд нэгэн хэвийн байдлаар аялсаар ирсэн хүмүүсийг туйлаас гайхашруулж байлаа.
Зээлийн цаахантаа биднийг Консулын газрын харуул хамгаалалтын цэргүүд баяртай нь аргагүй угтан авч Өргөөгийн хамгийн сайхан барилга болох Оросын Консулын газрын байшинд аваачив. Зүүн талд хятад цэргийн хуаран, Хятад яам тамгын газар, баруун талд Өргөөгийн хутагтын шинээр бариулсан багавтар сүм дуганууд, шадар бараа бологсдын нь байр сууц байх ажээ.
Гэхдээ миний сэтгэлийг цасанд дарагдсан бэл нь тэр аяараа нүдний өмнө дэлгээстэй байх зүйрлэшгүй үзэсгэлэнт Богд уул урьдын адил эзэмдсээр байв. Цонхоор нь Монгол нутгийн хурц нарны гэрэл тусах элчин сайдын яамны барилгын нүүр тал Богд уул руу яг эгц харсан байлаа.