Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Хаадын хаан Ногай ноёнУншсан26,420

Монголын эзэнт гүрний баруун жигүүр Алтан ордны улсын түүхэнд алдар нэрээ дуурсгасан гурван их ноён бол Ногай, Эдигей, Мамай нар юм.

Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D), Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан, ахмад Т.Сүхбаатар бичиж байна.


Монголын эзэнт гүрний баруун жигүүр Алтан ордны улсын түүхэнд алдар нэрээ дуурсгасан гурван их ноён бол Ногай, Эдигей, Мамай нар юм. Байгуулсан гавьяатай ч хар бараанаар дүрслэгдсэн зөрчилтэй эдгээр ноёдын намтар үйл ажиллагааг судлан цувралаар өгүүлэхээр шийдлээ. Ингээд юуны өмнө Ногай ноёны намтар үйл ажиллагааны талаар өгүүлъе.

Ногай бол эцгийн талаасаа шууд Чингис хааны угсааны хүн ч татвар эмийн хүүхэд тул тэрээр Зүчийн улсын (Алтан ордны улсын) хан ширээнд хэзээ ч сууж чадаагүй юм. Зүчийн улсын хан ширээнд зөвхөн алтан ургийнхан л суух ёстой тэр л хууль Ногайд насан эцэс болтол нь үйлчилсэн юм.

 

Судлаачдын үзснээр Ногай 1230-аад онд Зүчийн долдугаар хөвгүүн Бувалын ач Татарын ганц хүү болон мэндэлжээ. Ногайн эцэг Татар нь Бувалын татвар эмээс1  төрсөн хүү учир урагт үл тооцогдож иржээ. Ногайн эцэг Татарын талаарх мэдээлэл тун хомс байдаг. Өвөг эцэг Бувалын тухай мэдээлэл ч хомс байдаг нь татвар эмийн үр удам гэдгээр хавчигдаж байсан байж магадгүй юм. Өгэдэйг хаан ширээнд өргөмжлөх 1228 оны хуралдайд Зүчийн үр хүүхдүүдээс Бувал, Туг-төмөр, Тангут нар нутагтаа үлдсэн гэж үздэг. Тэдний гэр бүлийнхэн төрийн хэрэгт тэр болгон хутгалдан орох эрхгүй өвөг эцэг Бувалынхаа эзэмшил болох Зүчийн улсын баруун хязгаар өнөөгийн Молдавт Дунай мөрний эргээр аж төрж байжээ. Бат ханы үед улс төрийн хэрэгт оролцдоггүй байсан Ногай харин Мажар, болон Балканы хойгийн улс орнуудтай бие даан харилцаа холбоо тогтоож байсан юм. Ногайн нэр албан ёсоор 1260-аад оны үеэс Бэрхийг төр барьсан он жилүүдээс эхлэн эх сурвалжуудад дурдагддаг. Тиймээс төрийн албанд Бэрх ханы үед л зүтгэж эхэлжээ.

Бэрх ханы үед Ногайн улс төрийн байр суурь амьдралд нь томоохон ахиц өөрчлөлт гарсан байдаг. Төрийн эрхэнд аллага хүчирхийлэл хуйвалдааны замаар гарч ирсэн Бэрх Зүчийн улсын нөлөө бүхий хуралдайн ноёдоос дэмжлэггүй төдийгүй их хаан Мөнхөөс ч дэмжлэг авч чадаагүй юм. Тиймээс Бэрх өөрт үнэнч гарын дор байх итгэлт хүнээр Ногайг сонгосон юм.

Ногай хурдан хугацаанд тушаал дэвшсэн байна. Зүчийн улсын манлай цэргийн захирагч жанжин, хэвтүүлийн ноён, улмаар бүх цэргийн жанжин болжээ. Гэвч тэрээр түүхэнд хэзээ ч томоохон ялалтыг байгуулж чадаагүй юм. Ногай цэргийн муу жанжин байсан ч муугүй улс төрийн зүтгэлтэн байжээ.

Исламын ертөнцийг байлдан дагуулах үед Эл хаан Хүлэгү Зүчийн улсаас дайнд мордсон Ногайн үеэл Тутар, Мөнххүдэр, Буваал нарыг төрийн эргэлт хийхийг санаархсан мөн хараал хийсэн гэсэн үндэслэлээр цаазаар аваад байсан юм. Тиймээс өс санасан Ногай 1262 оны 8 сард Зүчийн улсын цэргийн тэргүүн ангийн захирагч болоод анхны дайнаа Эл хаант улсын эсрэг хийж Ширван руу дайрсан ч бут цохиулсан байдаг. Тарж бутарсан цэргээ цуглуулан Ногай Зүчийн улсын Дербентэд хориглолт хийжээ. 1262 оны 12 сард Хүлэгү хаан Зүчийн улсын нутагт цөмрөн орлоо. Эл хаант улсыг цэргийг Хүлэгү хааны хүү Абага удирдан Ногайг хиар цохисон байна. Бут цохиулсан Ногай Бэрх ханы нэмэлтээр дайчилсан их цэргийн хүчээр сая нэг Абага ханыг арай хийж тогтоож нутгаасаа түрэн гаргасан байдаг. Гэсэн ч Зүчийн улсын ханы ивээлд багтсан Ногай 1263 онд бүх цэргийн захирагч болж тушаал дэвшжээ.

Ногай 1263 онд Эл хаант улс руу ахин дайрсан боловч Хубилайн их цэрэг Хятадаас ирж яваа гэсэн цуу үгэнд итгэж буцан ухарчээ. Бэрх хан энэ удаа түүнд шинэ үүрэг өгчээ. Византичуудын олзонд байгаа Сэлжүкийн султан асан Из ад-дин Кэй-Кавусыг чөлөөлөх үүрэг авсан Ногай цэрэг аван Балканы хойгийн зүг 1264 онд хөдөлжээ. Их цэргийн сүр хүчээр Византийн Ээн хотыг бүсэлж барьцаанд байсан султаныг суллан мөн Болгарыг газар нутгийг тонон дээрэмдсээр нутаг буцжээ.

1265 онд Хүлэгү хаан нас барсны дараа Ногай, Сундай ноён нар 80 мянга орчим цэрэг удирдан Эл хаант улсын хилийг цөмрөн оржээ. Гэсэн ч тэрээр дахин азгүйтэж Эл хаан Абагын дүү Ишмутын цэрэгт бут цохиулж нэг нүдээ сохлуулан амьд гарсан байна. Эл хаан Абга Кура гол хүртэл Ногайг нэхэн хөөжээ. Яг энэ үед 1266 онд Бэрх хан таалал төгсч нэг хэсэгтээ дайн зогссон юм.

Ногай Зүчийн улсын шинэ ханыг сонгох ажилд идэвхийлэн зүтгэж эхэлсэн юм. Гэвч ханыг сонгох хуралдайд алтан ургийн ноёд Мөнх-Төмөрийг хан болгосноор тэрээр ялагдал хүлээсэн юм. Хэрэв Бэрх хан өөрийнхөө залгамжлагчаа тодруулж амжсан бол тэр нь өөрийнх нь итгэлт хайртай ноён Ногай байх байсан юм. Гэвч хуралдай дээр удам судрын үр удам хан ширээ залгамжлах учир татвар эмээс гаралтай Ногайд дэмжлэг дутсан юм.

Ногай бол алдар нэрийн хувьд тийм ч хурдан мартагдах хүн биш байжээ. Цэргийн алдар гавьяатай жанжин биш ч гэсэн тэрээр мэдэлдээ гол төлөв, мангуд овогтноос бүрдсэн армитай байжээ. Мангуд нар Яик голын сав газраар тархан суурьшиж байсан бөгөөд хожим эдгээр ард түмнийг “Ногайн орд” хэмээн нэрлэх болсон юм. Мангудууд дундад Азийг байлдан дагуулах аян дайнд оролцож Кипчакийн тал, Казах, Тажик зэрэг олон оронд очиж зарим нь тэндээ уусан шингэсэн бололтой.

Ногай нь “нохой” гэсэн үг учир нохой нь Мангудуудын овог удмын шүтээн эх байж магад гэж таамагладаг. Египетийн эх сурвалжид Ногай нь Иса-Ногай гэсэн хоёрдмол утгаар дурдагдсан байдаг.2 Зүчийн улсын шинэ эзэн Мөнх-Төмөр хан Ногайг тушаал буулган төрийн бүхий л хэргээс хол хөндий байлгах зорилгоор өөрийнх нь нутаг болох Дунай мөрний зүг цөлсөн юм. Мөнх-Төмөр хан Ногайгаас болгоомжлон тодорхой хэмжээний цэргээр сахиулан хамгаалж байжээ.

Нутаг заагдан цөлөгдсөн Ногай өөрийн байр сууриа бэхжүүлэн эзэмшил газар нутгаа өргөтгөн гадаадын улс орнуудтай бие даан харилцаж холбоотон эрэлхийлж байсан юм. Ногай 1271 онд эзэн хаан VIII Михайлыг түүний болон Египетийн султаны элч нарт Босфорын тэнгисийн замыг ашиглуулахыг албадан зөвшөөрүүлэх зорилгоор Константинополь хотыг бүсэлж байжээ. Ялагдал хүлээхээ ойлгосон Византийн эзэн хаан өөрийн охин Евфросиниаг эхнэр болгон өгч худ ураг барилджээ. Худ ургууд нийлэн 1277, 1278 онуудад Болгарыг уулгалан довтолж тонон дээрэмдэж 1282 онд Фессаллийн эрх баригч Иоанн руу довтолжээ. Ногай цааш 1275-1279 онд Польш болон Литва руу тасралтгүй халдаж тонон дээрэмдэж байжээ. Сарайн зүгээс дэмжлэггүй болсон тэрээр дээрэм тонуулаар амь зогоож байжээ.
    1280 онд Мөнх-Төмөр хан тэнгэрт хальж Ногай ханы ордонд хуйвалдаан аллага хүчирхийлэл үйлдэн байж өөрийн талын сул дорой Бат ханы хүү Туганы хөвгүүн Мөнх төмөр ханы дүү Туда Мөнх3  буюу Тод-Мөнхийг ханд өргөмжилжээ.
    Зүчийн улсын ханаас илүү эрх мэдэлтэй Ногайн хүчин чадлыг сулруулахад шинэ ханы хүч бүрэн хангалтгүй байлаа. Тиймээс Ногайтай хамтарч ажиллахаас өөр аргагүй болсон юм. Зүчийн улс хоёр эзэнтэй хоёр улс төрийн бодлоготой болж оросын хэрэг явдал хоёрын зэрэг хутгалдан орж ойлгомжгүй байдал үүсч байлаа. Бие даасан улс төрийн бодлого явуулахын хэрээр Ногайн нэр хүнд улм бүр өсч байлаа. Оросын вангууд Зүчийн улсын ханд бус харин түүний харьяа жижиг ордын захирагч Ногайд алба барих тийм нэг ойлгомжгүй зүйл үүссэн юм.

Гэвч тоглоомын хан Тод-Мөнх Ногай ноёны эсрэг тэмцэж түүний нэр нөлөөг бууруулах гэж оролдсон учир удалгүй 1287 онд төрийн эргэлтээр хан ширээнээс бууж Батын хүү Тарбугийн хөвгүүн Тулабугад хан ширээгээ өгчээ. Ногай Тод-Мөнхийг хан ширээнээс нь буулгахын тулд ханыг ухаан солиотой хэмээн цуу тарааж байр сууринаас нь авч хаясан юм. Тод-Мөнх Сарайд ханы ордонд хэсэг хоригдож байгаад гэнэт нас барсан юм.

Тулабуга бол Ногайн шууд тавиул хан юм. Тод-мөнх, Тулабуга нар Зүчийн улсын хан байсан ч ачир дээрээ Ногай улсын хэргийг удирдаж байжээ. Түүнд хан суух боломж байсан ч хуралдайн алтан ургийн ноёд дэмжихгүй мөн Монголын эзэнт гүрний их хааны Зүчийн улсын ханаар баталгаажуулсан зарлиг хэрэгтэй байсан юм. Тиймээс түүнд ямар ч боломж байгаагүй учир тэр хөшигний цаанаас бүхнийг удирдахаар шийджээ.

    Шинэ ханаа дагуулсан Ногай 1285-1286 оны өвөл Унгар руу хоёр замаар олз олох зорилготой дайрсан ч Тулабуга ханы удирдсан цэрэг Карпатын давааг давах үедээ цасан шуурганд ихээхэн хохирч Галицийн вант улс руу буцсан байна. Ногай дахин 1286 онд Тулабугын хамт Польш руу мөн л тус  тусдаа хоёр замаар нэвтэрч Караков, Сандимор хотуудыг эзлэн аваад эргэн Галицийн вант улсыг тонон дээрэмджээ. Ногай өөрийн хоёр ч хатнаа Кибчаг гаралтай Унгарын  ван IV Ласло (1272-1290)-д эхнэр болгон өгсөн бөгөөд үүнээсээ улбаалан өөрийгөө хадамын хувьд Мажарын дотоод хэрэгт цаг ямагт хөндлөнгөөс оролцох эрхтэй гэж үзэж байжээ.

     Эл хаант улсад 1288 онд Тулагбуга, Ногай нар халдсан ч бас л ялагдан буцсан юм. Харин энэ үеийг ашиглан бослого гаргасан Ростовын вант улсыг даран авчээ. 1290 онд ахин Эл хаант улс руу довтолсон ч Эл хаан Аргунд бут цохиулан ухарчээ. Ер нь Ногай цэргийн тийм ч чадварлаг жанжин байгаагүй нь дээрх дайн байлдааны ажиллагаанаас харагдаж байгаа юм. Амжилтгүй дайныг хоёр биедээ тохон муудалцаж эхэлсэн тул Ногай шинэ ханы эрэлд дахин гарсан нь Мөнхтөмөрийн хүү Тогтох байж таарчээ. Ингээд заль хэрэглэн Тулабугыг устгаж Зүчийн улсын хан ширээнд 1291 онд Ногай өөрийн ээлжит тавиул Мөнхтөмөр ханы хүү Тогтох заларчээ.

Улсын бүх эрх мэдэл Ногайд төвлөрчээ. Тэрээр өөрийн талын итгэлт хүмүүсээр ханы ордонг дүүргэж байлаа. 1292 онд Балканы хойгт нөлөөгөө улам бэхжүүлж Болгарын хаан ширээнд өөрийн талын их ноён Смилецийг өргөмжлөөд Зүчийн улсын хагасыг захирсан өөрийн гэсэн томоохон орд эзэмшилтэй болоод байжээ. Өөрийн эзэмшил газраа улс доторх улс шиг болгож өөрийн нэр бүхий зоос цутгуулж Оросын вант улсуудыг Сарайд биш өөрт нь алба барихыг шаардаж байсан юм. Хүч сул ч өөрийн гэсэн ухаан бодолтой цаг үеэ мэдэрсэн Тогтох хүчтэй арми болон засаг захиргааг бүрдүүлэн байгуулахын тулд Ногайд зарим нэг буулт хийж байжээ.

    Ногайн нэр нөлөө ихсэх болсонд Зүчийн улсын зарим ноёд дургүйцэн Тогтох ханы дэргэд томоохон эвсэл бүрдүүлж байлаа. Урд өмнөх хангууд шиг хүлцэнгүй сул дорой бус харин аюулт хүнийг ханаар томилсноо Ногай хожимдож ухаарчээ. 1298 оны өвөл Молдав болон Днестр орчимд цөөхөн цэрэгтэй байсан Тогтох ханы өргөө рүү Ногай ноён 200,000 орчим цэргээр гэнэтийн дайралт хийж Дон мөрний хөвөө хүртэл нэхэж Тогтох хан Сарай хотын зүг ухарсан юм. Харин Сарай хотод Тогтох хан хүчээ сэлбэсэн учир Ногай ноён байлдалгүй буцжээ. Ингэснээр тэр дайснаа бүрэн мөшгөн хөөж устгаагүйгээрээ Ногай Чингис хааны стратегийн хамгийн гол зарчмыг зөрчсөн юм.

    Энэ тулалдаанаар Ногай ноён Дон мөрнөөс баруун тийш бүх нутгийг өөрийн эзэмшил болгож авснаар Зүчийн улс хоёр хэсэг болж хуваагдах аюулд орсон юм. Ногай Крымд цөмөрч Кафа хотыг эзлэн үнсэн товрог болгоод Судак, Солхат, Керч зэрэг хотуудыг эзлэн авчээ. Гэвч тэрээр Зүчийн улсын ихэнх ноёдыг өөртөө татаж чадаагүй нь алдаа болж түүнээс үлэмж давуу хүчтэй болсон Тогтох хан 1299 онд түүний эсрэг дайлаар мордсон юм. Тохта хан 1300 оны үед Ногайн эсрэг 60 түмэн цэрэг гаргаж байсан бол Ногай түүний эсрэг 30 түмэн цэрэг  гаргаж байжээ4. Рашид ад-Дины бүтээлд 1299 онд Узы эрэгт барагцаалбал 30 түмэн цэргийн үзлэг болов5  хэмээн өгүүлсэн байна. Зарим сурвалжид Тохта ханыг 1,5-2 сая6  цэрэгтэй байсан гэж асар өндөр тоогоор тэмдэглэсэн байдаг. Гэвч энэ нь нийт цэргийн дайчилгааны боломжит тоо байж магадгүй юм гэж судлаачид үздэгтэй санал нэг байна.

Хоёр тал өмнөд Буг гол (Каганлык) дээр ширүүн тулалдаж Ногай ноён бут цохиулжээ. Зугтаж явсан Ногай ноёныг Тогтох ханы Орос цэрэг барьж аван их шан харамж горьдон цаазлан толгойг нь авч ханд хүргүүлсэн боловч хан эзэндээ харц ард халддаггүйн жишгээр тэр орос цэргийг ч цаазлан хороожээ. Ийнхүү Зүчийн улсын суут тэргүүн бэг, жанжин Ногай ноён үгүй болсон юм. Хэдий атаат дайсан байсан ч Зүчийн улсын түүхэнд гүйцэтгэсэн алдар гавьяаг нь хүндэтгэн ихэд хүндэтгэлтэйгээр оршуулсан байна. Ногайн үр удам болох Ногайчууд өөрсдийн орд эзэмшил газраа хамгаалан Оросын харьяат болох хүртлээ 1440-1634 он хүртэл он удаан жил оршин тогтножээ. Одоо дэлхий дээр өнөөдөр нийтдээ 130,000 орчим Ногайчууд оршин сууж байгаагын дийлэнх хувь нь ОХУ-д аж төрж байна.
    Ногайн хөвгүүд дайнаас эсэн мэнд мултарсан ч өвөр хоорондоо алалцаж нэг хүү Жүхий нь хожим Болгарын хаан ширээнд сууснаар төв европын төрийг барьсан алтан ургийн сүүлчийн хүн болсон юм. Ногайн алдар цуу амжилт бууралтын гунигт түүх нь турк болон оросын туульст домог түүх болон үлджээ. Оросын хууч, үлгэр домогт “нохой Калин-Хан” хэмээн олонтоо дурдагддаг. “Ногай” гэдэг нь Монголоор “нохой” гэсэн үг бол “калин” гэдэг нь туркээр “бүдүүн” гэсэн утгыг илэрхийлнэ. Оросын уран сайхны, баримтат, хүүхэлдэйн кинонд Ногайг бүдүүн тарган түрэг хүнээр дүрслэн үзүүлдэг.

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 5 сар 15. 10:54
Чингис бол Турэг хун Халх Монгол бтш

За больдоо Чингис хаантай холбоотой л бол Халх байх естой гэж боддог дуракууд

2018, 1 сар 14. 13:35
Нэгдсэн Монгол

Энэ мэдрэл яг казак байна.

2018, 1 сар 3. 0:03
ХАСАГ ГӨЛӨГ

Шааа мууу ХАСАГ

2017, 11 сар 21. 22:39
Зочин

Hudal bichih yum. On tsagiin daraallaar bodohod yavch Zuchiin ach huugiin huugiin huu baih yum be. 1230 aad ond tursun gehiin. Bagtsaatai bich l de. Zuchi 1230 ond usreed 50 tai bh bsan biz. Zuchiin 7 r huu 1230 ond usreed 30 tai, tuunii huu usreed 10tai, ach ni bol buur suraggui, ach huugiin huu bol buuuuur suraggui bizde.

2017, 11 сар 24. 1:44
Зочинp

Harin sanaan zorgooroo shaadag gar uu gui yu , erdemten bish eliiregch bhaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]