Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

1966 оны үер: Танкийн батальон ба Аюуш хурандааУншсан28,829

Монголын Ардын армийн анхны танкчин, домогт хурандаа Загдын Аюушийн 90 насны ойд зориулан гаргасан "Загдын Аюуш: Ховор хүн, ховор түүх, ховор сургамж" номын хэсгээс уншигчдадаа хүргэж байна. Уг номноос нийтлэх зөвшөөрлийг олгосон З.Аюуш хурандаагийн охин А.Батцэнгэл эгчдээ гүн талархал илэрхийлье.

Монголын Ардын армийн анхны танкчин, домогт хурандаа Загдын Аюушийн 90 насны ойд зориулан гаргасан "Загдын Аюуш: Ховор хүн, ховор түүх, ховор сургамж" номын хэсгээс уншигчдадаа хүргэж байна. Уг номноос нийтлэх зөвшөөрлийг олгосон З.Аюуш хурандаагийн охин А.Батцэнгэл эгчдээ гүн талархал илэрхийлье.


Үер - эр зоригийн сорил

Үер, зуд, газар хөдлөлт, хар салхи энэ бүх байгалийн гэнэтийн араншинг орчин үеийн шинжлэх ухааны хамгийн дэвшилтэт техник хэрэгслэл, багаж төхөөрөмж XXI зууны өнөөгийн түвшинд ч тодорхой урьдчилан хэлж чадахгүйгээр үл барам хүн төрөлхтөн эдгээр үзэгдлүүдийн өмнө үргэлж хүчин мөхөсдөж жил болгон дэлхийн аль нэгэн хэсэгт гамшиг сүйрэл их бага хэмжээгээр байнга тохиолдож байдаг.

Энэ бүх байгалийн гамшиг нь тухайн бүс нутаг, улс үндэстний нийгэм эдийн засгийн чадавхи, хөгжил дэвшлийн шалгуур, бие хүний хувьд тэвчээр хатуужил, эр зоригийн сорил болж төгсөнө. Аюуш хурандаа амьдралдаа үерийн шалгуурт гурвантаа орж гарсан түүхтэй билээ.

Нэг. 1945 он. Чөлөөлөх дайн дуусч, танкийн хороо Өндөрхааны байрлалдаа ирээд байсан цаг. Дайн дууслаа гээд цэрэг хүн байлдааны бэлтгэл, сургууль, дадлагаа орхидоггүй.

Нэг удаа Хэрлэн голын өмнөд биед байрлаж байсан Зөвлөлтийн танкчидтай хамтарч сургуулилахаар тохирч, төлөвлөсөн өдөр болоход хэд хоног бороошсны улмаас Хэрлэн гол нэлээн үерлэсэн байв. Хорооны танкчид голын хойд эрэгт ирж Хэрлэнг хэрхэн гатлахаа зөвлөлдөв. Голын цаана Зөвлөлтийн танкчид тэднийг хүлээн холхилдож харагдана. Офицер ахлагч нар зөвлөлдөвч олигтой шийдэлд хүрсэнгүй. Танк ямар далавчтай биш, туулж гатлах нь дамжиггүй.

Ахлагч Аюуш офицеруудынхаа яриаг чагнаархан, Хянганы уулсын догшин голуудыг туулж гэтэлсэн дайны дурдатгалаа сэргээн бодож зогссоноо "Хууниа, би орьё" гэжээ.

Эргэлзэж зогссон офицерууд тээнэгэлзэн үл итгэсэн ч зөвшөөрлөө. Аюуш танкаа асааж, үертэй гол руу орлоо. Дээд зэргийн хаазаар жигдхэн гишгэсээр цаад эрэгт гарахад түүнийг тоссон орос дарга цэргүүд шуугилдан алга ташиж, мөрөн дээр нь алгадан зарим нь зураг дарж, сүйд болж байсан гэдэг.

Ингэж ахлагч Аюуш Зөвлөлт нөхдийнхөө өмнө Монгол танкчдынхаа нүүрийг тахалж, эр зориг гарган хороогоо үертэй голоор авч гарсан нь үнэн түүх юм.

Энэ тухай: -Аюушийнхаа араас бид орж, хороогоороо үертэй байсан Хэрлэнг гатласан. Аюуш угийн сэргэлэн, тусархаг, ямар ч хүнийг муу юманд өртүүлэхгүйгээр аваад гардаг, ямар ч ажлын цаана нь л гарахыг боддог хүн хэмээн ахмад дайчин Дамдин гуай ярьжээ. Идэр залуу танкчин, ахлагч Аюушийн эр зориг ийнхүү бүхэл бүтэн хороо танкчдыг дагуулан Хэрлэнгийн үерийг гэтэлж байв. Байгалийн эр зоригийг хүн эр зориг ялж болдгийг Аюуш өөртөө болоод өрөөлд үзүүлсэн ажгуу.

 

Хоёр. 1959 он. Хэрлэн голын үер 14 жилийн дараа Аюушийн эр зоригийг дахин сорьж үзсэн нь Улаан Од сонинд зураглагдан үлджээ.

 Командлалын даалгаврыг гарамгай биелүүлэв

Ардын цэргийн хошууч Аюуш, цагдан сэргийлэх албаны хошууч Сүхээ нарт, үерийн аюулд нэрвэгдсэн Төв аймгийн "Шинэ амьдрал" нэгдлийнхэнд туслах ажлыг удирдаж зохион байгуулах хариуцлагатай бөгөөд төвөгтэй үүрэг оногдлоо. Тэд явсан үүргээ биелүүлэхийн тулд шаргуу бэлтгэн, зохих газарт түргэн очжээ. Хэрлэн голын ус савнаас бялхан долгилж талыг бүрхэн "Шинэ амьдрал" нэгдлийн 20 шахам өрх айл, 3000 гаруй мал усанд бүслэгдэж сандран тэвдэж байлаа.

Цаг өнгөрөх тутам усны түвшин нэмэгдэж, нэгдлийнхний айх сандрах нь нэмэгдэж байгаа нь илхэн байлаа. Нөхөр Аюуш, Сүхээ хоёр бүхнийг шийдвэрлэх хэрэгтэй боллоо. Аюуш, Сүхээ хоёр усанд хөвөгч цэргийн машин 2, Чехословакийн хийцтэй «усанд сайн» гэж алдаршсан машин хоёртой очсон юм байжээ. «Усанд сайн» хоёр нь усны гүн, шавар шавхай ихтэйгээс болж үүрэг гүйцэтгэж чадахгүй нь анхны үед тодорхой болжээ. Ингээд хөвөгч хоёр машинаараа 20-иод өрх айл, 3000 гаруй малыг түргэн аврах хэрэгтэй гэж Аюуш, Сүхээ хоёр шийдвэрлээд машиндаа ачих, явган зөөвөрлөх зэрэг олон аргаар өдөр шөнө ялгалгүй ажиллажээ. Нэгдлийн гишүүд хүчин хавсарч,  3 мянган мал зөөж барахад тун ч бэрх байлаа.

Үнэн сонины нүүрэнд

Аюуш, Сүхээ хоёр эөвлөн, үлдсэн малыг усны урсгал дагуулан хөлөөр нь гаргах арга санаачиллаа. Энэ санаачилга хариуцлагатай бөгөөд осолтой гэдэг нь тодорхой хэрэг. Гэвч ийм арга хэмжээ авахгүй удаах нөхцөлгүй байв. Энэ шийдвэрийг биелүүлэх ажлыг Аюуш, Сүхээ хоёр дэс дараатай, нарийн зохион байгуулав. Тэр нь сайн үр дүн өглөө. 20 шахам өрх айл 3000 мал усны аюулаас 2 хоногийн дотор аврагдсан юм. Энэ хариуцлагатай үүрэг гүйцэтгэхэд Аюуш, Сүхээ хоёроос гадна жолооч ахлагч Чадраабал, Жигжид, бага түрүүч Дүүжий нар онц гарамгай ажилласан байдаг.

Нэгдлийн гишүүд цэргийн залуусын зүтгэл, хөвөгч машины чадал хүчийг бахдан гайхацгаана. Малчдад цэрэг ба цагдан сэргийлэхээс тусламж үзүүлсэнд баяр талархлаа илэрхийлж, үерийн аюулаас аврах ажилд амь, бие хайргүй зүтгэсэн Аюуш, Сүхээ, тэдний захиргаанд явсан нөхдийн гарамгай зүтгэлийг тэмдэглэсэн албан бичгийг үерийн аюул эсэргүүцэх комисст ирүүлсэн гэдэг.

Авсан үүргээ гарамгай биелүүлсэн хошууч Аюуш, Сүхээ, жолооч Чадраабал, Жигжид, Дүүжий нарт Ардын цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны удирдлага талархал илэрхийлж байсан гэдэг.

 

Гурав. 1966 он. Хотгор хотгорыг дагаад тэгнээ тэгнээ ачаатай тэмээ туйлаад ирэх шиг, уул нурж усан галав юүлэх шиг Гачууртын Хар усан тохой хавиас гэнэт нэлийсэн хар ус Хужирбулан, Улиастайн урдуур нөмрөөд орж ирсэн гэдэг. Айл гэр, хашаа хороо улаанаараа эргэлдсэн усанд хөвж, Туулын хөндий тэр аяараа новш ачсан аварга том завь адил болон хувирч, хүүхэд багачууд, эмгэд хөгшдийн сандраан орилоон тэнгэрт хадавч догшин үерийн тархи доргиосон хүрхрээний чимээнд замхран гар даллаж, ам ангалзахаас цаашгүй байсан аж. Энэ бол Улаанбаатар хотын түүхэнд “66 оны үер” гэж нэрлэгдэн үлдсэн, 1966 оны наадмын парадын дараа гэнэт болсон үйл явдал юм.

Дэд хурандаа Аюуш Ардын хувьсгалын 45 жилийн ойн баярын парадад цэрэг, техникээ авч оролцоод буцаж ангидаа дөнгөж ирээд байлаа. Долдугаар сарын 9-нөөс эхэлсэн бороо тасрахгүй байсаар үерийн “уур амьсгал” нэгэнт орсныг ажиж мэдсэн Аюуш дарга ахмад Агваанжамбад наадам үзэхээр явсан офицер, цэргүүдээ олж ирэхийг үүрэг болгон цэнгэлдэх рүү явуулав. Гэтэл Хар усан тохойд үерийн усны далан зад тавьж, утасны модны шонгууд үерт арчигдснаас Улиастай дахь бригадынхаа удирдлага (хурандаа Э.Цэрэндорж), БХЯ-тайгаа холбоо тасарсан байна. Аюуш Төв цэнгэлдэхээс ирэх офицер цэргүүдээ тосох хүмүүсийг яаралтай гаргаж, усны хамгаалалт бүхий БТР, газар уснаа хөвөгч САУ-нуудаа бэлэн байдалд оруулав. Гэтэл Баянзүрхийн гүүр нурж, дүүрэн хүнтэй автобус унасан хар мэдээ авлаа. Даан удалгүй завьтай цэрэг үерт хөвж яваа мэдээ ирмэгц Аюуш БТР-ээ асаан зөвлөх, бусад офицеруудаа суулган үерийн зүг давхижээ.

Баянзүрхийн доод гүүрний далан нь сэтэрсэн гол дээр завьтай дөрвөн цэрэг хөвж, унасан автобус руу тэмүүлэх аж. Тэд голынхоо эргээс 700 метр холдож хүрэх газрынхаа тэн хагаст очтол үер ширүүсч давалгаанд нь бяцхан завь булгин цалгиж нэг ил, нэг далд орж эхлэхэд байлдагч нар ойролцоо таарсан утасны шонгоос шүүрэн авч завиа аргамжтал өмхөрч муудсан тэр шон ёзоороороо мулт үсрэн унав. Танкийнхан ч тэднийг аврахаар үерийн ус руу орох болмогц дарга мэргэжилтэн хоёр ам мурийлцахдаа тулав. Хүчит техник жолоодон үерийн усыг хоёронтоо туулсан, бас ч гэж Улиастай орчмын газар орны байдлыг сайн мэдэхийн хувьд Аюуш завьтай цэргүүдэд хүрэх замаа заатал Зөвлөлтийн мэргэжилтэн нь өөр зам сонгосноос санал зөрөлдөж, Аюуш аргагүйн эрхэнд бууж үлдэн БТР хөдөллөө.

Голын эрэг дээр аврах ажиллагааг удирдаж зогссон Аюуш дарга гэр дээрээ тооноосоо зууран урсаж яваа нэгэн гэр бүлийг аврахаар ахмад Төлөвхааныг танктай оруулав. Энэ үед долоон хүн суулгасан БТР завьтай цэргүүдэд 100-гаадхан метр ойртож байтал гай газар дороос гэгчээр усны гүнд нуран унасан гүүрний үл үзэгдэх суурь чулууг мөргөх агшинд давалгаанд цохиулж уналаа. Аврах хантаазтай Зөвлөлтийн мэргэжилтэн болоод аврагчид эсэн мэнд гарсан ч хоёр хүн алтан а м и а   а л д л а а. Харин нөгөө талд туршлагатай танкчин Төлөвхаан тооноосоо зууран урсаж яваа хүмүүсийг аварсан байна. Үерийн ус татартал танкчид газар уснаа хөвөгч машинаар (САУ) үерийн голомтоос хүмүүсийг гаргаж аюулгүй газар тээвэрлэн зөөж байв. Үерийн аюул өнгөрсний дараа шавар шавхай болсон хэдэн САУ-гаа цэвэрлэж угаахад хэдэн мотор нь гацсан байлаа.

Улаанбаатар хотын иргэдэд ихээхэн хохирол учруулсан 1966 оны үер танкийн батальоныг ингэж дайрсан юм. Энэ удаа л захирагдагсад нь үргэлж сэргэлэн сэргэг, инээж хөгжөөж явдаг Аюуш даргынхаа царай дарахыг анх харж байв.

Дараа нь БХЯ-ны удирдлагын хуралд Аюушийг дуудаж үерийн ус руу яагаад техник авч орсон болохыг шүүн хэлэлцжээ. Бусдын амыг анхааралтай чагнаж суусан генерал Бутачийн Цог хамгийн сүүлд босож "Та нар уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлна гэдэг шиг болж байна. Та нарыг бодвол энэ хүн дайнд явж, дарийн утаа үнэрлэсэн ахмад дайчин, танкист. Одоо тайван цаг ч тайван гэж болохгүй. Яагаад цэрэг армиа дахин шинэчлэн байгуулж, яах гэж энэ хүнийг танкийн батальоны даргаар тавьсан юм. Юуны төлөө энэ хүн явж, ангиа армийн тэргүүний анги болгосон юм. Ангиа хоёр жил дараалан тэргүүний ангийн болзол хангуулсан Аюушаас өөр хүнийг та нар армиас олоод ир!  Ийм хүнийг шагнаж сайшаах байтал далимдуулж хална гээд ярьж байгаа чинь зүйд нийцэх үү" хэмээн тачигнаснаар хурал чимээгүйхэн өндөрлөв.

Тэр үед Цог генералын нэр хүнд, эрх сүр, хэлсэн үгнээс зөрөх зүрхтэн БХЯ-нд байгаагүй юм билээ.

Удаад нь цэргийн прокурор Аюуш даргыг дуудаж хэний зөвшөөрлөөр хуягт техникийг үерт оруулсныг байцаав. Бүх хариуцлагыг хэнд ч нялзаахгүй, бүгдийг өөрөө үүрэхээр хэдийн шийдсэн Аюуш "Миний зөвшөөрлөөр орсон. Улс оронд аюул тулгарлаа. Автобус ч унаж, манай танк ч онхолдлоо. Цэргийг зуун жил тэжээж, нэг өдөр ачийг нь үз гэдэг" хэмээгээд дэд хурандаагийн дөрвөн шар таван хошуутай хоёр мөрдсөө хуулж прокурорын ширээн дээр тавьж. Прокурор сандарч "Үгүй, үгүй. Аюуш даргаа, таныг шийтгэх гээгүй. Тодруулга л авна" гээд мөрдөсийг буцаан өөдөөс нь сарвайжээ. Танкчин Аюуш амьдралдаа тохиолдсон гурав дахь үерээ ийнхүү туулж өнгөрөөсөн түүхтэй.

 

Шударга журамтан

Уулын үер Туулын голд цутгалаа. Усны мандал төвшнөө алдаж, учиргүй их үер Улаанбаатарыг нөмрөн дайрч Дунд гол Хаяа гол хоёр нийлээд халгиж цалгиж гарлаа. Нийслэлийн ард иргэдийн амь бие, эд хөрөнгө, албан үйлдвэрийн газрыг үерээс авран хамгаалах ажлын тэргүүн шугам дээр манай ардын армийн дайчид, цагдан сэргийлэхийн ажилтнууд гарч ирсэн юм... Завьтныг аврахаар долоон хүн суулгаж үер рүү довтлон орсон, хуягласан хөвөгч машинд Ардын цэргийн дэд хурандаа З.Аюушийн удирдсан салбарын ахлах дэслэгч Д.Ринчиндоржийн баг явсан байна. Нөхдийнхөө амийг аврахын төлөө үер устай амь өрсөн тулалдаж алтан амиа алдсан шударга журамтан ахлах дэслэгч Д.Ринчиндоржийн үйл хэрэг манай ард түмэн, ардын армийнхны дотор үеийн үед дурсагдах болно.

Н.Иштавхай

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]