Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үлгэр домгийн Атлантис хотыг Испанийн ойролцоогоос олсон гэлээУншсан51,425

Грекийн философич Платон дээд зэргийн соёл иргэншил, технологийн өндөр хөгжилтэй ч үлгэр домгийн мэт Атлантис хотыг 12000 жилийн өмнө далайд живж алга болсон хэмээн бичсэн байдаг.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

Грекийн философич Платон дээд зэргийн соёл иргэншил, технологийн өндөр хөгжилтэй ч үлгэр домгийн мэт Атлантис хотыг 12000  жилийн өмнө далайд живж алга болсон хэмээн бичсэн байдаг. Үүнийг домог гэж үзэн тоохгүй байх нэгэн байхад туршлагатай археологичид, сайн дурын алт эрдэнэс хайгчид Атлантис хотыг эрж олохоор өнөөг хүртэл урт хайгуулд бэдэрсээр ирсэн. Байсгээд л Атлантисыг оллоо гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагддаг. Тэгвэл Британийн нэгэн компанийн мэдээлж байгаагаар Атлантисын алдагдсан хотыг Испаниас олсон аж.

Хиймэл дагуулын хайгуулаар мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн, “Алдагдсан, мартагдсан, нуугдсан ямар ч зүйлийг дээд зэргийн нарийвчлалтайгаар олно” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг Merlin Burrows гэх компани Платоны дүрсэлсэнтэй таарч тохирч байгаа хотын үлдэгдлийг олж илрүүлсэн гэдгээ ийнхүү мэдээлсэн юм. Тус компанийн захирал Брус Блакбөрн 2018 оны 11-р сарын сүүлээр Yahoo News сайтад “Бидэнд та бүхэнд үзүүлэх олон тооны нотолгоо бий. Хүмүүсийг өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаад тун баяртай байна. Бидний хийсэн кино, цуглуулсан мэдээллийг үзээд юун баахан хог овоолчихоо вэ? гэж харах хүмүүс ч гарч ирнэ гэдгийг мэдэж байгаа” гэж ярилцлага өгч байсан юм.

Атлантисыг илрүүлэхийн тулд Merlin Burrows компани Landsat програм, Greek texts дижитал номын сангийн агаараас авсан зураг, хиймэл дагуулын өгөгдлийн санг ашигласан төдийгүй тухайн газарт нь очиж ажилласан байна. Тэдний тогтоосноор бол Испанийн Севильягийн ойролцоо, баруун өмнөд эрэг дээрх Докана дархан цаазат газрын дэргэд усны гүнд Атлантис хот оршиж байгаа гэнэ. Платоны харилцан яриандаа дүрсэлсэн бүхэнтэй таарч байгааг бид анзаарсан гэж тус компаниас мэдэгдсэн бөгөөд тэдний өгч буй мэдээллээр уг хот энд 10 мянган жил болж байгаа ажээ. Багийнхан Платоны бичсэнтэй төстэй аварга том сүм болон эртний цамхгийн суурины үлдэгдлийг олсон гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Мэдээж хэрэг тэдний энэ мэдэгдэлд шууд итгэхэд амаргүй.

Live Science вебсайтад антропологийн профессор Кен Федер “Археологичид энэ газар эртний Атлантисын соёл иргэншилд хамаарна гээд мэдэгдчихлээр баахан сурвалжлагчид судлаачдаас ярилцлага авах гээд шавчихдаг. Удалгүй өөр нэгэн нь Атлантисыг олчихлоо гэж мэдэгдэхэд өнөөх сурвалжлагчид уураа барьж дийлэхгүйд хүрдэг. Төдийгөөс өдийг хүртэл олон хүн энэ домогт хотыг Антарктик, Боливи, Турк, Герман, Мальта, Карибын тэнгис гээд л дэлхийн олон газраас олж илрүүлсэн гэж мэдэгдсээр ирсэн юм. Тэдний зөв бол үнэхээр археологич хүний хувьд гайхалтай байлгүй яах вэ?" гэж ярьжээ.

Гүн ухаантан Платон үнэхээр хэзээ нэгэн цагт оршин тогтнож байсан газрын тухай ярьсан гэдэгт итгэдэггүй хүмүүс ч мэр сэр байдаг юм. Платон уг хот өөрийг нь төрөхөөс 9000 жилийн өмнө оршиж байсан хэмээн тайлбарлаад, Критиас гэдэг эртний Египетээс гаралтай хүний түүхэн бичвэрүүдээс Атлантис хотын талаар мэдэж авсан гэжээ.

Атлантисын тухай олон домог, яриа бий. Оршин суугчид нь Лириан гэх оддын аймгаас 50 сая жилийн өмнө ирж дэлхийд суурьшсан, одоогийн хүмүүсээс өндөр том биетэй ба маш үнэн шударга зантай. Мөн 800 насалдаг.

Хотын иргэд ер бусын хүчтэй, цаг агаарыг удирдаж, нөлөөлөх чадвартай байсан ба үүнийхээ төлөө бурхны цээрлэлийг хүртсэн ч гэдэг. Атлантистай холбоотой хамгийн сүүлд шуугиан тарьсан нэгэн таамаг бол Африкийн баруун эрэгт, Мавритани улсын нутаг дэвсгэрт байх нэгэн сонин тогтоцтой газрыг бас л нэгэн эрэл хайгуул, адал явдлын эрэлд хатсан компанийн зүгээс Атлантис мөн байж болох тухай гаргасан таамаг юм. Цөлийн дундах нүд гэмээр нэртэй тэрхүү газрыг "Рихатын тогтоц" гэж нэрлэдэг бөгөөд геологийн бүтэцийн хувьд Платоны дүрсэлсэнтэй тун ойрхон хэмээн өөрсдөө тайлбарласан байдаг.

Атлантис нь материаллаг эд баялаг, дэвшилтэт технологи, цэргийн хүчээр авлигад идэгдсэн нийгмийн амьд жишээ болсон гэх. Платон Атлантисыг үндэслэн байгуулагчдыг хагас хүн, хагас бурхан хэмээн бичсэн байсныг санууштай. National Geographic сэтгүүлд бичсэнээр “Платон хотыг үүсгэн байгуулагчид үл гүйцэлдэх соёл иргэншлийг бий болгож, тэнгисийн цэргийн агуу хүчинг бүтээсэн. Өргөн шуудуугаар хоорондоо тусгаарлагдаж, төв рүү орсон сувгаар холбогдсон ерөнхий төвтэй арлууд тэдний гэр орон байсан юм. Тансаг арлуудад алт, мөнгө, бусад үнэт металууд байх ба ховор, сонин тогтоц бүхий онгон байгальд амьдардаг байсан" гэжээ.

Домгийн Атлантис галт уулын дэлбэрэлтээс үүссэн далайн цунами эмгэнэлт тохиолоор устаж мөхсөн, тэнгисийн гүнд орсон гэдэг. 1627 онд алдарт Фрэнсис Бэкон өмнө нь мэдэгддэггүй байсан далайн арал дээрх улс төр, шинжлэх ухааны хувьд бусдаасаа илүү хөгжсөн нийгмийг дүрслэн харуулсан “Шинэ Атлантис” хэмээх үл гүйцэлдэх өгүүллэгээ хэвлүүлэн гаргасан байдаг. 1882 онд Миннесота мужийн конгрессмэн Игнатиус Доннелли (1831-1901) Атлантис хотыг оршиж байсан гэсэн утгатай номоо хэвлүүлсэн байдаг. Тус номонд дэвшүүлсэн галзуу онолуудыг 20-р зууны сүүлчээр үүссэн шинэ эриний сүсэг бишрэлд итгэдэг хүмүүсийн бий болгосон онолтой нэгтгэсэн байдаг юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]