Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сайхан буудлага хийсэнд баярлалаа, бидэнд жаахан дарь өгөөч!Уншсан23,949

Чарльстон өөрийн бүх их буугаа арлын арай том байшин, испаничуудын дотор нь байж болох цайз гэмээр барилга руу чиглүүлж байгаад буудаж эхэллээ.

1668 оноос Испанийн мэдэлд байсан Гуамын арал дээр XIX зууны төгсгөл үед гаднаас ямарваа нэг цэрэг дайны халдлага болох үед хамгаалах цайз, элдэв дэд бүтэц гэж юм байсангүй. Испанийн захирагчид нутгийн ардуудтай муудалцахдаа муудалцаж, сайдахдаа сайдсаар амьдран суусаар байлаа. Тэднийг хэн л тоож ирж дайтав гэж дээ гэмээр. Гэтэл цаг цагаараа байдаггүй хойно байдал өөрчлөгдлөө.

Америкчууд хажуу бөөрөнд нь испаничууд ихээхэн хэмжээний газар нутгийг өмчирхөн сууж байгаатай эвлэрч чадаагүй бөгөөд бүр Куба тэр чигээр Испанийн мэдэлд байна гэдэг бол тэдний хувьд байж боломгүй шударга бус явдал гэж гэнэт санагдсан бололтой. Америкчууд энэ шударга бус байдлыг арилгахын тулд, Испанийн эзэрхийлэл дор зовж зүдрэн байгаа нутгийн ардуудыг эрх чөлөөтэй, ардчилсан болгохын тулд цэргийн хүч хөдөлгөн тэмцэхээр болсноо зарлаж Испани-Америкийн дайн эхэлжээ.

Харин энэ үед Гуам арлын захирагч болох испаничууд нь эх газартай холбоо тасраад удаж байсан бөгөөд хамгийн сүүлд тэд 1898 оны 4-р сарын 14-нд л холбоо барьсан юм байх. Үүнээс хойш таг чиг. Гэтэл дайн эхэлчихсэн энд тэнд байлдаад, буудалцаад  байгаа тухай Гуам арлынхан бүр юу ч мэдэхгүй байжээ.

Чарльстон хэмээх Америкийн байлдааны хөлөг Гуамын арал ру чиглэн явж номхон далайд хөвсөөр зорьсон газраа очих хүртэл бараг хоёр сар зарцуулсан байна. Очоод хартал тэнд ганц ч Испанийн цэргийн байтугай энгийн хөлөг онгоц ч байсангүй. Амар хялбар ялалт авах нь гэж баярласан Чарльстоны баг тэр даруй арлыг эзлэн авах ерөнхий төлөвлөгөө гарган хөөрч байх тэр үед арал дээр байгаа испаничууд дайтах цаг болсон тухай ямар ч ойлголтгүй сууж байлаа.

Чарльстон өөрийн бүх их буугаа арлын арай том байшин, испаничуудын дотор нь байж болох цайз гэмээр барилга руу чиглүүлж байгаад буудаж эхэллээ. Энэ их ширүүн галыг тэсвэрлэхээ байсан испани нөхөд бууж өгөх гэж гуйж ирнэ гэж тэд тооцоолж байв. Ингэх ч болно. Буудаад ...буудаад ...

Харамсалтай нь их бууны тэр олон буудалтаас ганц ч сум байгаа оносонгүй төдийгүй ер нь буудалт хүнд харагдахаар ямар нэг хохирол учруулсан шинж огт байдаггүй. Одоо яах вэ?

Хамгийн хачирхалтай нь испаничууд хариу барьдаггүй. Төлөвлөснөөр бол том цайз шиг юмыг буудаад эвдэж чадахгүй байлаа ч испаничууд хариу буудахад нь их бууны байрлалуудыг нь мэдэж аван галаар дарах санаатай байсан боловч цайзыг буудаад онодоггүй, испаничууд ч хариу бууддаггүй. Бүх зүйл бүтэлгүйтэх шинжтэй, одоо яах вэ?

Гэв гэнэт арлын зүгээс нэгэн завь Америкийн хөлөг онгоцыг чиглэн ирж явна гэнэ. Чарльстоны буудалт байгаа оноогүй ч гэсэн  зүрхийг нь үхүүлж, тэд бууж өгөхөөр ирлээ хэмээн америкчууд баярлан байх үед завь хөлөгт тулж ирэн дотроос нь гоё ганган хувцастай эр гарч ирсэн нь арлын боомтын дарга Франсиско Гутьеррес гээч байжээ. Энэ хүн тэр даруй л "Сайхан ёслолын буудлага хийсэнд баярлалаа, харин бид хариу хүндлэл үзүүлэн ёслолын буудлага хиймээр байвч дарь байхгүй зовлон байна, жаахан дарь өгөөч бид ч гэсэн ёслолын буудлага хийе" гэсэн утгатай үгийг янз бүрийн уучлал гуйсан, эелдэг үгтэй холин байж хэлэхийг сонссон америкчууд ёстой л ангайж хоцорлоо. Чухам  эдгээр ам хэдий удаан ангархай байсныг мэдэхгүй ч нэгэн зоригт америк эр амаа хаагаад дахиад онгойлгохдоо ихээхэн чухал юм хэллээ. “Дон Франсиско! Та ер нь Америк Испани хоёр дайтаж эхлээд хоёр сар болж байгаа гэдгийг мэдэж байна уу” гэж тэрээр асуусан байна. Одоо харин энэ дайн дажны тухай огт ойлголтгүй байсан дон Франсискогийн ангайх цаг.

Ингээд дайны цагийн хуулиар дон Франсиског баривчлан Гуамд эрх чөлөө, ардчилал ялуулаад нутгийн удирдагчаар Франциско Портусача гээчийг томилжээ. Тэр нөхөр нь Испанийн худалдаачин боловч Америкийн иргэн байсан тул энэ тушаалд хамгийн таарч тохирох хүн мөн байлгүй яахав. Ямар ч байсан арал дээр байгаа хүмүүс дотроос ардчилал гэдэг зүйлийн тухай хамгийн сайн ойлголттой нь энэ хүн гэдэг нь тодорхой. Бас дээр нь энэ хүн арал дотроо англи хэлээр “намбер уан”.

Америкчууд буцан далд орсноос хойш даанч удалгүй ардчилагчийг маань Хосе Систо гээч “нягтлан бодогч” түлхэн унагаж, засгийн эрхийг гартаа авчээ. Нэг удаа "төрийн эргэлт" болсон бол дахиад "төрийн эргэлт" болохгүй юм байхгүй гэж үзсэн нутгийн ардууд Венансио Роберто гээчийн удирдлага дор Систог бас л “түлхэн унагалаа”. Нэгэнт "төрийн эрх" авсан юм чинь өөрийн гэсэн далбаатай байх ёстой гэж далбаа зохиогоод, дараа нь Америкийн талыг дэмжин байгаа газар нутаг гэдгээ илэрхийлсэн байна.

Америкчууд буцан ирэхдээ байхгүй үед нь арал дээр хоёр ч удаа төрийн эргэлт болсон гэдгийг сонсоод толгой сэгсэрч байсан гэдэг. Нэгэнт байдал ийм болсон хойно дахин зохион байгуулалт хийж, ардчиллыг сэргээх хэрэгтэй гэж үзсэн учир шинэ удирдагч томилохдоо нутгийнхаас асуусангүй. Ардчилал гэж нарийн утга учиртай зүйлийг хэрэгжүүлэх нь буурьтай суурьтай хүмүүсийн  ажил учир нутгийн ардууд юу бодож байгаа нь нэг их чухал биш байсан бололтой. Шинэ удирдагчаар Хосе Систог томилжээ. Тиймээ тийм, нөгөө америкчууд “ёслолын буудлага” хийснийхээ дараа тавьсан хүнийг нь түлхэн унагаж "засгийн эрх" хүчээр авсан тэр нөхөр.

Америкчууд явсны дараа Систо өөрийг нь хууль бусаар хорьж, барьж, "төрийн өндөрлөг"-өөс нь буулгасан хэргийн төлөө өөрөө өөртөө нөхөн олговор бичиж 18  сарын цалин, бас бус хэмжээний мөнгө авахаар болсон нь Гуам арлын сан хөмрөгт байгаа бүх мөнгө төгрөг Систогийн халаасанд орох хэмжээний юм байсан гэдэг. Харин америкчуудын тавьсан арлын анхны захирагч Франциско Портусача нь "төрийн эргэлт"-ээр жирийн хүн болж бууснаас хойш элдэв шалдав зүйл хийлгүй, хааяа янз бүрийн юм бичиж байсны нэг нь одоо бидний сонирхон харж байгаа энэ түүх билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]