Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XVIII зууны ном унших тахалУншсан9,538

Эрт урьд үед их л сайхан байсан тухай хүн болгон л ярьдаг хойно өнөө цагийн гар утас, компьютерын донтонгууд маань 30-40 жилийн дараа өөрийнхөө үе ямар сайхан байсныг, "өнөөгийн" залуучууд ямар тэнэг болж, аймшигт тахалд нэрвэгдэж байгаад санаа зовж байгаагаа халаглан бичиж, ярих нь дамжиггүй юм.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

 “XXI зууны нэгэн аймшигт тахал бол гар утас, компьютер зэрэг гажетууд... Эдгээр хэрэгслээс болж хүүхэд залуучууд виртуал амьдрал, тоглоомд донтож хүн дүрсээ алдаж байна, амьд харилцаа үгүй болж дэлгэцийн цаанаас л харьцдаг боллоо...”

Эдгээр үгсийг өнөөх аймшигт тахал болох гар утас, компьютерын дэлгэцээс авлаа. Надад энэхэн зуур олдсон нь л энэ бөгөөд өөр сайн хайвал бүр ч мундаг үгтэй, толгой холбосон, ухаантай, хэл хугармаар гадаад сүртэй үгтэй юм түм бумаараа л байх болов уу. Тэгэхээр шинэ зууны иргэд болсон бид хэд энэхүү гажет гээчийн тахалд өртсөн аймшигтай хувь заяатай хүмүүс болох нь. Харин бидний өмнөх үе, өвөг дээдэс маань ёстой сайхан байжээ. Урьдын цагт өвс нь өндөр, гол ус нь гүн, тэнгэр нь илүү хөх байсан гэж зүгээр нэг ярьдаггүй бололтой.

Нээрээ л өмнөх үе маань бидэн шиг дэлгэцэнд толгойгоо хийчих шахаад сууж байсангүй буюу хаяа зурагт үздэг, ном уншдаг зэргээр эрүүл амьдардаг... байз... ном унших гэнэ ээ? Ном унших...

Ном унших тахал

XVIII зууны үеийн Европ даяар нэгэн аймшигт тахал дэлгэрч залуу үеийнхнийг хуйгаар нь хаман авчээ. Энэ тахлын нэр нь ном унших!

Эдгээр залуусын эцэг эх нь хүүхдээ хүн биш болж байгааг харан айж, тэрхүү ном унших өвчнийг ямар нэг халдварт өвчин, бузар явдал гэж харж байв. Хүнтэй харьцах нь эрс багасаж, тоостой цаас харан суух залуус шиг муухай юм гэж байх уу.

Нэгэнт залуучууд юм унших өвчинд нэрвэгдсэн болохоор түүнд зориулсан шинэ мэргэжил гарч ирсэн нь роман тэрлэгч буюу commercial writer нар байлаа. Тэдгээр зохиолч нар янз бүрийн сэдэвтэй олон арав, зуу зуун роман бичиж хэвлүүлж залуучуудыг ихээр хордуулж байсан ба Гёте (Johann Wolfgang Goethe) гээч “гайтай  амьтан"-ы 1774 онд бичсэн “Залуу Вертерийн зовлон” хэмээх  (герман-Die Leiden des jungen Werthers, англи-The Sorrows of Young Werther) роман эдний дундаас ялгаран цойлдог байна. Европын түүхэнд нэг зохиол ингэж хурдан тарж тархаж байсан тохиолдол үгүй бөгөөд 1775 онд Францад, 1779 онд Англид, 1781 онд Италид, 1788 онд Орост зэргээр Европын бүх улсад хэвлэгдэж, хурдан борлож, даруй ховордож байснаас шалтгаалан дахин дахин хэвлэж байсан гэнэ. Дээрээс нь хулгайн хэвлэл бас их. Зөвхөн Германд гэхэд 20 гаруй хэвлэх үйлдвэр дээрх зохиолыг хулгайгаар хэвлэж ихээхэн ашиг олсон бөгөөд ийм явдал Европ даяар тархсан байсныг бодолцоорой. 1812 он хүртэлх хугацаанд нэг номыг ийм олон тоогоор зарж байсан тохиолдол байсангүй. Бүр Наполеон хүртэл уг романыг долоон удаа уншсан гэдгээрээ сайрхаж байжээ.

Залуучууд Вертерийн зан, яриа, үйл хөдлөлийг дууриан дагах болж романд гарах хайрын, гунигийн захиаг бүгдийг цээжээр мэддэг болон нэг нэгэндээ Вертер маягаар уншиж өгөх ба Вертерийн хувцастай адил хувцас өмсөх нь залуу хүний мөрөөдөл болж хувирчээ. Шар хантааз, шар өмд, цэнхэр фрак, урт түрийтэй хар гутал өмсчихвөл..., чи тэгээд л Вертер болж хувирч, охид бүсгүйчүүд чамайг харан муурч унахад ойртоно.

Вертерийн зураг бүхий шил шаазан, элдэв эдлэл хэрэглэл зөндөө гарсны дотроос “Eau de Werther” хэмээх шинэхэн үнэртэй усыг олоод цацчихвал бурхны хэмжээнд дөхлөө л гэсэн үг.

Удалгүй өнөөх гайтай өмнөх үеийнхэн, урлаг судлаач нар аймшигт цар тахлын эсрэг тэмцэж эхэллээ. Тэр үеийн хүмүүс илүү шийдмэг юм болохоороо шууд л хааж хориглож эхэлсэн ба анх 1775 онд Лейпцигийн их сургуулийн нэг факультет “Вертерийн зовлон гуниг” нь залуу үеийг ёс суртахууны хувьд уруудуулан доройтуулж, бүр амиа хорлох бас нэг моод-тахалд уриалан дуудаж байгаа зүйл гэж үзсэн байна. Хотын зөвлөл ч үүнтэй санал нэг байлаа.

Яах аргагүй Вертер шиг байж, Вертер шиг шаналж зовж, Вертер шиг үхэхийг хүссэн, үхсэн өч төчнөөн тохиолдол гарсан хойно. Ингээд хотын зөвлөл уг романыг 1775 онд зарж борлуулах, сурталчлахыг бүрэн хориглосон ба 1825 он хүртэл энэ хорио үйлчилж байжээ. Мөн Итали болон Дани улсууд уг романыг бас хорьж байсан гэдэг.

Киноны хэсэг

Эрт урьд үед их л сайхан байсан тухай хүн болгон л ярьдаг хойно өнөө цагийн гар утас, компьютерын донтнууд маань 30-40 жилийн дараа өөрийнхөө үе ямар сайхан байсныг, "өнөөгийн залуучууд" ямар болж, аймшигт тахалд нэрвэгдэж байгаад санаа зовж байгаагаа халаглан бичиж, ярих нь дамжиггүй юм.

P.S

1980-аад онд дунд сургуулийн сурагч байхдаа “Пионерын үнэн” хэмээх сониныг захиалан уншдаг байлаа. Захиална гэж, үнэндээ хүчинд автан захиалдаг байсан гэх нь зөв болов уу. Гэхдээ тухайн сонин залуу үеийн сонирхож байгаа зүйлсийн тухай хамгийн их бичдэг байсан хэвлэл байсан юм шүү.

Нэг удаагийн "Пионерын үнэн" сонин дээр гарсан жижигхэн хошин шогийг уншаад ангиараа баахан инээлдэж билээ. Тэнд бичсэнээр бол “Аялгуу сайхан хэви металл рок эгшиглэдэг байсан үе маань сайхан байж дээ гэж 2000 оны үед ярих болно” гэсэн юм байв. Хэви металлыг аялгуу сайхан гээд байхдаа яахав дээ гэж бид муурч унах алдан инээлдэж байсан бол одоо харин тэрхүү “аймшигт“ хүнд рок маань нээрээ л аялгуут сайхан ая дуутай байж дээ гэж мэдрэгддэг болж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]