Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бууж өгсөн германууд бууж өгсөн германаа хээрийн шүүхээр шүүсэн ньУншсан23,444

Үзэл суртлын болон бусад олон талаар ийм сайхан найрсаг байдал цэцэглэн хөгжиж байх тэр үед Германы өөр хоёр цэрэг мөн бууж өгч байгаагаа мэдэгдэн Канадын цэргүүд дээр иржээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1945 оны 5-р сарын 5-нд Нидерландад байрлаж байсан Германы цэргийн анги нэгтгэлүүд зохион байгуулалттайгаар Холбоотны цэргүүдэд бууж өгч байгаагаа мэдэгдсэний дараа буюу 7-ны өдөр Канадын цэргүүд Амстердам хотод орж ирэн бууж өгсөн германуудын зэвсэг хэрэгслийг хураан авч... бөөн будлиан.

Бараг 3 мянга гаруй бууж өгсөн герман цэргүүдийг хаана яаж байлгах тал дээр хамгийн их бэрхшээл тулгарч байсан ба баригдаж олзлогдсон биш бууж өгсөн, дараа нь ихээхэн чухал хэрэг болж магадгүй эдгээр цэргүүдийг зүгээр нэг задгай газар, хорих лагерь шиг байранд байлгах нь тохиромжгүй, хүнлэг бус, стратегийн хувьд алдаатай зүйл гэж Канадын офицерууд тооцоод ихээхэн аятайхан байранд (Фордын том үйлдвэрт), зохих хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна. Зохих хүндэтгэлтэйгээр гэдэг нь:

Тухайн тусгай байрны (хорих байр гэхээр буруудах биз) захирагчаар бууж өгсөн Германы цэргийн хамгийн том тушаалтан Александр Штейнийг томилж, өнөөх нь өөрийн бусад офицеруудыг бас таарсан албан тушаалд тавих мэтээр удирдлагын босоо чиглэл бий болгож эмх журам тогтоолоо. Нэгэнт олзлогдсон биш бууж өгсөн хүмүүс юм чинь ядаж удирдагч нар нь буу зэвсэгтэй байвал шударга, эмх журам ч сайн сахиулна гэж канадчууд үзсэнээр Германы дээрх офицерууд бүгд өөрийн хувийн зэвсэг хэрэгсэлтэй, бүр хэрэглэх эрхтэй болж авч.

Үзэл суртлын болон бусад олон талаар ийм сайхан найрсаг байдал цэцэглэн хөгжиж байх тэр үед Германы өөр хоёр цэрэг мөн бууж өгч байгаагаа мэдэгдэн Канадын цэргүүд дээр иржээ. Энэ хоёр цэргийн нэг нь аль 1944 оны 9-р сард Германы цэргээс оргосон Райнер Бек байсан бол нөгөөх нь 1945 оны 3-р сард цэргээс оргосон Бруно Дёрфер хэмээгч байжээ. Бруно Герман улс дайнд ялагдах нь тодорхой боллоо гэж цэргээс оргосон байж. Харин Бекийн хувьд хагас еврей хүн ба  Нидерландаас Германы флотод татагдсан учир энэ байдал нь мэдэгдэлгүй өнгөрч байсан, дайны төгсгөлд анги нэгтгэлийг нь Германд аваачих болсныг сонссон зэргээс болж цэргээс оргосон хүн байв. Нэг нь амь насныхаа төлөө, нөгөөх нь утгагүй дайн байлдааныг эсэргүүцэн цэргээс оргосон энэ хоёр хээрээр гэр хийн тэнэж яваад тааралдан хамтдаа байхдаа германууд бууж өгснийг сонсоод бушуухан канадууд дээр ирсэн нь энэ байжээ. Энэ хоёр оргодол оргож нуугдсан амьдралаа дуусгах цаг боллоо гэж баярлаж байгаагаа дахин дахин хэлж байсан гэдэг.

Канадууд яахав хоёр нөхрийг германуудтай нь нийлүүлээд л орхилоо.

Шинэ ирсэн хоёр нөхрийг тусгай байрны удирдагч Штейн хүлээж аваад бяцхан байцаалт хийсэн ба энэ байрандаа л фюрер болох том амьтан учир тэгэлгүй яахав. Тэгтэл тэр байцаалтаар өнөө хоёр нь цэргээс оргож байсан түүхээ, өөр бусад бүх л “булчирхай"-гаа тоочоод Штейн ч уурлаад... нөгөө хоёрыг бууж өгсөн цэрэг биш харин оргодол цэргүүд хэмээн баривчлах тушаал өгсөн байна.

Штейн гэдэг хүн зүгээр нэг амьтан биш байсан бололтой. Нэгэнт л “хорих байрны” тэргүүн юм чинь муусайн баригдсан, оргосон нөхдүүдийг шүүх, буруу зөвийг нь хууль номын дагуу тогтоох эрхтэй байх ёстой гэж үзэн канадуудад ийм хүсэлтэй байгаагаа уламжилсан байна. Өнөө хэд нь ч юу болоод байгааг сайн ойлголгүй “юун шүүх вэ?” гэж гайхан асуухад Штейн өөдөөс нь “Оргодол цэргүүдийг шүүх хэрэгтэй, тэгэхдээ бүр Гитлерийн Германы үеийн буюу 1945 оны 5-р сарын 8-9-ний өдрөөс өмнөх хууль номын дагуу шүүх ёстой” гэж хариулж. Канадууд ийм хачин юм сонсоод яахаа сайн ойлгоогүй болохоор тэр үү “Шүүх хуралд чинь шүүгч, өмгөөлөгч, яллагч...гээд олон янзын мэргэжилтэй хүн хэрэгтэй...” гэх мэтээр аргацаах гэж үзэж. Штейн хариуд нь “Энд байгаа Германы цэрэг офицерууд дунд шаардлагатай мэргэжлийг эзэмшсэн хуульчид хангалттай тоогоор байгаа учир шүүх хурлыг одоо, энэ байрандаа ч хийх боломжтой, бүх бэлтгэл хангагдсан” гэжээ.

Канадууд зөвшөөрлөө. Үнэндээ баригдаж хоригдож байгаа нөхдүүд яаж хууль ном ярьж “өвчигнөх” нь сонин байсан байж ч болох юм.

1945 оны 5-р сарын 13 болж оргодол хоёр цэргийг шүүх хурал эхэллээ. Энэ эмгэнэлт-инээдмийн жүжиг яг л хууль номын дагуу явагдсан бөгөөд богинохон хугацаанд үргэлжилсэн шүүхийн явцад оргодол хоёрын гэм буруутайг бүрэн баталж, буудах ял оноосноор шүүх хурал дууслаа. Цаг хагас үргэлжилсэн шүүх хурлын шийдвэрийг сонссон Канадын цэргийн удирдлагууд тэр үед ямар байсан бол? Зарим нэг нь ийм инээдтэй жүжгийг харж сонсоод инээд нь хүрч л байсан байх. Гэтэл энэ нь инээдэм биш байжээ. Штейн Канадын цэргийн удирдлагуудад хандаж, шүүх хурлын шийдвэрийг биелүүлэх бололцоо олгохыг хүссэн байна. Нөгөө хэд нь яасан гээч? Зөвшөөрч.

Бүр буудах сум зэвсгийг нь ч гаргаж өгч.

Ингээд 5-р сарын 13-ны өдөр Нидерланд дахь Герман цэргийг хорих байрны нэгэн буланд Гитлерийн Германы цэргийн хээрийн шүүх ажиллаж, үүнийг нь Гитлерийн Германы эсрэг тэмцэгч Холбоотон улсын цэргийн удирдлагууд дэмжиж, Гитлерийн Германы цэргээс оргосон хоёр нөхөрт ёслол төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэснээр Гитлерийн Германы цэргийн хээрийн шүүхээр орсон хамгийн сүүлийн хүмүүс нь Бруно Дёрфер, Райнер Бек нар болон үлдсэн юм.

Энэ явдал 5-р сарын 13-нд буюу Европ нутагт дайн дуусаад 5 хонож байхад болсон явдал билээ гэдгийг дахин нэг сануулъя.

Яг иймэрхүү явдал Норвегид бас болж буудах дээр нь тулж байх үед Английн цэргийн удирдлагууд мэдээд яаран болиулсан түүх бий бөгөөд энэ явдлын дараа л Гитлерийн Германы хууль, ном шүүх процессыг хэрэглэх явдлыг бүрэн хориглосон тушаал гарган байж иймэрхүү хачин явдлыг зогсоосон юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]