Агай хатан бол Монголын Юань улсын сүүлч үед буюу XIV зууны хоёрдугаар хагаст аж төрж асан бөгөөд Хятадын өмнө зүгийн Юньнань мужийн захирагч асан Базарбарма вангийн охин, Монгол үндэстний түүхэнд нэр нь мөнхөрсөн алдарт эмэгтэйчүүдийн нэг, авьяаслаг яруу найрагч байсан болой. Тэрээр хорин хэдхэн насандаа ван эцгийн зарлигаар Дали улсын бүгдийг захирагч дарга, Юннань мужийн тодлогч түшмэл Дуань Гүний хатан болон богтлогдон очсон юм. “Юань улсын шинэ түүх, Чин зоригт эмэгтэйчүүдийн намтар” шасдирт Агайн намтар бий. Эртний Дали улс буюу өнөөгийн Хятадын Юннань муж бол өмнөд Азийн бүс нутгийн Вьетнам/тэр үеийн Аннам/, Тайланд, Лаос, Камбож зэрэг улс орнуудад ойр хөрш зэргэлдээх нутаг агаад цэрэг-стратегийн хувьд чухал төдийгүй цаг агаарын хувьд халуун ч биш, хүйтэн ч биш, сэрүүн сайхан, байгалийн үзэмж төгс үзэсгэлэнтэй тул “Мөнх хаврын орон” хэмээн эртнээс янагш алдаршсан, чухамхүү Монголчуудад, Монгол хүн малд таарамжтай аятай газар тул их цэрэг, засаг захиргаа хуарагнан сууж байсан гэдэг.
Базарбарма ван бол Хубилай хааны үр хойчис юм. Хубилай хааны тавдугаар хүү Хөхөчү өмнөд Хятадын нутаг Юннань орчмыг захиран сууж байсан бөлгөө. Түүний хүү Есөнтөмөр, түүний гутгаар хүү Аруг ван болно. Аруг вангийн ганц хүү Бор, Бор вангийн хүү Базарбарма нар бүгд угсаа залгамжлан Юннань мужийг захиран сууж байжээ. Түүний нэрийг хүмүүс Базалварми гэх мэт янз бүрээр бичдэг нь буруу агаад шинэ үсгээр Базарбарам, худам Монголоор Базарбарма гэсэн түвд нэр мөн. 1257 онд Мөнх хаан зарлиг буулгаж дүү Хубилайгаа өмнөд Хятад, Дали улсыг эзлэн нэгтгэхийг үүрэг болгон их цэргийн хамт илгээсэн билээ. Дали улс нь өнөөгийн Хятадын Юннань мужийн нутаг дэвсгэр дээр оршиж байсан жижиг улс агаад хүн ам нь бай хэмээх нэгэн үндэстэн бөлгөө. Хятадын 25 төрт улсын түүхийн нэг болох “Сүн улсын түүх” судар дахь гадаад улсуудын тухай бүлэгт “Дали улсын шасдир” бий.
Хубилай ван Урианхдай, Сүхэгир хоёр жанжинд баруун, зүүн замын их цэргийг захируулж, өөрөө төв замын цэргээ удирдан өмнөд Хятад хүрч, улмаар Дали улсын цэргийг бутцохин нэгтгэж авсан юм. Хубилай Дали улсын хаанд элч зарч бууж өгөхийг шаардсан боловч тэд элчийг хороожээ. Иймд Хубилай ван Дали улсын нийслэлийг эзэлсэн хойноо бүх оршин суугчдыг нь хүйс тэмтрэхийг тушаасан боловч шадар түшмэд нь ятган болиулсан гэдэг. Чингээд хоёр жанжнаа их цэргийн хамт нийслэл Куньмин хотод хуарагнан суулгаснаар өмнөд Хятад, Өмнөд Азийн улс орнуудыг захиран харилцах Төвлөн засан төлөөний яам байгуулагдсан түүхтэй. Ер нь ганц Юннань гэлтгүй Хайнань, Ханжоу, Сычуань, Хубэй, Шаньдун, Хөбэй зэрэг Хятадын цөөнгүй нутаг оронд Төвлөн засах төлөөний яам, Монголын их цэргийн хамтаар тогтмол сууж байсан болой.
Дали бол Сүн улсын үед буюу X-XII зууны үед өдгөөгийн БНХАУ-ын Юннань мужийн нутагт оршиж байсан улс агаад нийтийн тооллын 937 онд байгуулагдаж, 1253 онд Хубилай хаанд эзлэгдэн мөхсөн юм. Монголчууд тэнд Юннань мужийн захиргааг байгуулж, улсын ван Дуан овогтныг үе улиран захирах эрх олгожээ. Монголын ноёрхлыг түлхэн унагаасан Улаан алчууртны бослого Хятад орон даяар хорь, гучин жил үргэлжилж 1368 онд сая зорилгодоо хүрсэн түүхтэй. Харин Хятад орны өнцөг булан бүрд ноёлон суусан Монголчуудыг бүрмөсөн дарж дуустал олон жил өнгөрсөн юм. Үүний нэг нь болох Юннаний Монголчуудыг 1382 онд сая дарсан байх жишээтэй.
Дали улсын захирагч ноён Дуань Гүн, Юань улсын Тогоонтөмөр ухаант хааны арван гуравдугаар/1353/ онд захирагч даргын тушаалыг залгамжилсан байна. Улмаар Тогоонтөмөр хааны хорин хоёрдугаар онд буюу 1363 онд тэрээр Юннанийг довтолсон улаан алчууртны босогчдыг даран сөнөөсөн юм. Үүнд Базарбарма ван ихэд талархаж, охин Агайгаа хатан болгон өгсөн түүхтэй ажээ.
Алтан бөлзгийн дуу
Эрднийн ордыг тэмцэн туслахаар жанжин од мэндэлжээ.
Эрдэнийн ордноо алтан мөчирт хас навч ургажээ.
Дорно, өрнө, өмнө, умрыг хурц гялбаа гийгүүлэн
Тунгалаг огторгуй, түгээмэл одод, сарны тойронд туяармуй.
Хас үсэгт алтан тамга хундаган чинээ их,
Хан, Тангийн эрхэм гүнж ураг барилдсан адил.
Аав минь Бижи мэт өнө мөнх наслатугай,
Аруухан баатар хэзээд чамд тулгуур болтугай.
Энэ шүлгийг Агай хатан, Дуань Гүнтэй хуримласныхаа дараа бичиж Дуань Гүний чигч шударга зан чанар, баатарлаг гавьяа зүтгэлийг магтан дуулсан байна. “Эрднийн орд” гэж ван эцгийн ордныг хэлж, “жанжин од” гэж эр нөхөр Дуань Гүнийг хэлжээ. “Алтан мөчир”, “хас навч” гэж зохиогч өөрийгөө болон ах дүүсээ хэлсэн байна. “Хурц гялбаа” гэж Дуань Гүний санаа сэтгэл саруул гэгээн, чигч шударгыг зүйрлэж, “Түгээмэл од” хэмээх үгээр мөн Дуань Гүнг зүйрлэсэн бол “саран” гэж ван эцгийгээ хэлжээ. Түгээмэл гэж түгж гийсэн, гэрэлтсэн гэсэн утгатай авай.
Өмнөх шадад Дуань Гүн тодлогч түшмэл болж өргөмжлөгдөн, шагнуулсан тамга нь маш том гэдгийг илтгэж, үүгээр Дуань Гүний эрх мэдэл, албан тушаал хэчнээн их болохыг зүйрлэсэн байна. Дараагийн шадад Хан, Тан улс гэж эртний их улсуудыг заасан бол “гүнж” гэж эртний түүхэнд гардаг Чай Вэньчэн гүнжийг хэлжээ. Тан улсын эзэн хааны гүнж Чай Вэньчэнийг Түвдийн Соронзон Гомбо хаанд хатан болгон илгээж, үүгээр хятад, түвд хоёр үндэстэн ураг төрлийн холбоотой болсон гэдэг бөгөөд харин энэ шүлэгт Дуань Гүнд Агай хатныг богтлон өгсөн нь Монгол ба Дали улсын хоорондох нөхөрсөг найрсаг харилцааг улам бататгасан гэсэн утгатай болой. Хан улс-Хүннүгийн харилцааны түүхэнд ч үүнтэй төстэй үйл явдал бий агаад Хан улсын хуандий хааны гүнжийг бас Чай Вэньчэнь гэдэг билээ. Бижи гэж Куньмин хотын дэргэдэх уулын нэр. “Аруухан баатар” гэж эрэлхэг баатар гэсэн утгаар нөхөр Дуань Гүнийгээ хэлжээ. Энэ хоёр шадад аавыгаа урт наслахыг ерөөж, Дуань Гүний хүч чадал ба шударга үнэнч занг магтан шүлэглэсэн байна.
Хятадын улаан алчууртны бослогын түрүүч гурван түмэн цэрэг Юннанийг дайран довтлоход Юннанийн захирагч Базарбарма ноён их цэргийн хамтаар эсэргүүцэн байлдсан боловч ялагдан ухарчээ. Үүний улмаас Юннаний олон газар үймээн самуун дэгджээ. Ийм бэрх цагт бай үндэстэн цэргийн жанжин, Дали улсын захирагч Дуань Гүн тусалж угтан байлдаад Улаан алчууртны босогчдыг ухраахад ван Базарбарма Дуань Гүнд гүнээ талархан хайртай охин Агайгаа эхнэр болгон өгч, Юннань мужийн хэргийг захирагч ноёноор тохоон томилжээ. Ингээд Дуань Гүний нэр алдар нь баруун өмнөд олон газарт ихэд алдаршиж, олон жил нутагтаа буцалгүй Базарбармад хүчээ өгч үйлчлэн суужээ. Энэ үед Дали улсаас эхнэр нь нэгэн бадаг шүлэг бичин илгээж Дуань Гүнийг түргэн буцаж ирэхийг сануулжээ. Тэрбээр нутагтаа очсон ч удалгүй дахин вангийн дэргэд ирсэн байна. Зарим хүмүүс түүнийг сэжиглэн "Дуань Гүн төр гүрний эрхийг булаах санаатай биз" хэмээн Базарбарма ванд хов хүргэжээ.
Базарбарма ван зусар зальхай хүмүүсийн үгийг үнэмшин итгээд Дуань Гүнийг хорлон хороохоор охин Агайгаа сэм дуудан ирүүлж: "Энэ газар эцэг эхээс өөр эрхэм хүн үгүй, улс орноос чухал зүйл үгүй болой. Эдүгээ чиний эр нөхөр Дуань Гүн намайг түлхэн унагаах муу санаа өвөрлөсөн тул чи тогосын цөс идүүлж, хорт архи уулган хороосугай!" хэмээн зарлиг буулгажээ. Агай богтлогдон очсон эр нөхөртөө үнэнч хайртай байсан учир эцгийн зарлигийг зөрчин, ар гэртээ буцаж ирмэгц энэхүү нууцыг Дуань Гүнд хэлж, хорт архи, тогосын цөс тэргүүтнийг гарган үзүүлжээ. Тэгээд Агай бээр: "Миний эцэг нэгэнтээ чамайг хорлон алахаар завдан буй тул би чамайг дагаад нутагтаа буцаж амар жаргалтай амьдарсугай" хэмээчүхүэй. Гэтэл Дуань Гүн энэ үгэнд үл итгэн вангийн өмнө байгуулсан гавьяа зүтгэлдээ эрэмшиж: "Би эцгийн чинь өмнө байгуулсан гавьяатай, бас эцэг чинь надад элэгтэй. Миний хөл гэмтэхэд эцэг чинь өөрөө боож өгч надад туслаж байсан билээ. Чи юунд иймэрхүү худал хуурмаг үгийг зохион хадам эцэг хүргэн хоёрын хооронд завсар оруулна вэ?" хэмээн маргаад ер итгээгүй гэдэг.
Маргааш нь Дуань Гүн хотын зүүн дүүрэг дэх сүмийн цуглаанд уригдан очих гэж гараад замын гудас вангийн отож байсан цэрэгт баривчлагдан хороогджээ. Дуань Гүний хорлогдсон чимээг сонссон Агай хатан "Өчигдөр үдэш би зулын дэргэд чамд сануулсан билээ" хэмээн ихэд эмгэнэн гашуудаж гутарч гуниглан, өөрийгөө боомилон амиа хорлох гэсэнд вангийн бие хамгаалагчид хориглон зогсоосон гэдэг. Ингээд Агай хатан энэхүү гуниг хорслын шүлгээ бичсэн болой. Хожим тэр өөрийн биеэрээ Дуань Гүний чандрыг төрсөн нутаг Далид нь аваачиж хүндэтгэн оршуулаад, тэсэхүйеэ бэрх уй гашууд автан нэгэн бадаг шүлэг бичиж үлдээгээд амиа хорложээ. Энэхүү шүлэг нь өнөө үе хүртэл хадгалагдан ирсэн "Гуниг хорслын шүлэг" гэдэг болой.
ГУНИГ ХОРСЛЫН ШҮЛЭГ
Яньмэн газрын эчнээ алсад нутаг минь буй.
Явган үүлс нүүсээр Дяньхай нуурт иржүхүй.
Хөх тэнгэрийг саран гийгүүлэхэд зүрх шимширмүй,
Хөх тэнгэр царайгүй гурван жил болжээ.
Тунгалаг сарыг дагаж Цаншань уулнаа одсугай,
Тарисайг эрхэмлэсээр нэгэн насыг үдвэй.
Өрөвдөлтэй, гашуудалтай, Дуань ану минь,
Өрлөг хоёр Шизун, Шисю зол бусаар үхчүхүэй.
Бяцхан үүлс, нарийн долгис, хүмүн эс үзэгдмүй,
Билиг шидэт ёвруу цэцэг өнгө хувирчухуай.
Би гагцаар тэмээн дээр бодон сэтгэрүүн ахуд,
Баруун уул, нарсан шугуй, хуугих салхи хэвээр...
Энэ бол хятад, Монгол, дай хэлний үгсийг хольж бичсэн эртний тигт шүлэг юм. Шүлгийн гарчгийг хожим нь Хан улсын шүлгийг дуурайн нэмсэн бололтой. Шүлгийн үг хэллэг нь эгэл агаад чөлөөтэй, утга санаа нь чанд үнэнч, үндэстний онцлог нэвт шингэсэн байна. Энэ шүлэг дуулал нь зургаан зуу гаруй жилийн туршид Хятадын баруун өмнөд нутагт уламжлагдан дэлгэрсэн янаг амрагийн сэдэвт гунигийн дуулал болсон амуй. “Янмэн” гэж боомтын нэр, одоогийн Шаньси мужийн умард хэсэгт буй. Шаньси бол Бээжин хотын эргэн тойрны нутаг юм. Энэ шадад зохиогч өөрийн уг нутгаа энэ нутгаас умар зүгт оршдог гэсэн нь Монгол нутгийг хэлж байна. Дяньхай гэж Куньмин хотын өмнө зүгт байдаг нуурын нэр, түүнийг бас Куньмин нуур гэнэ. Энэ шадад өөрийгөө салхины аясаар нүүж яваа үүл шиг эх нутгаасаа хагацан салж, алс холын Юннань газарт ирсэн гэсэн санааг тусгажээ.
Хөх тэнгэр гэж эцэг ван Базарбармыг зүйрлэж, “сар”-аар түүний хүргэн Дуань Гүн ноёныг зүйрлэжээ. Энэ шадад зохиогч, Дуань Гүн ноён эгнэгт үнэнч шударгаар эцэг вангийн төлөө зүтгэсээр осол эндэл гарсанд сэтгэл ихэд шаналан зовсноо өгүүлжээ. Базарбарма ван хүргэнээ сэжиглээд царай өгөлгүй гурван жил боллоо гэсэн утгыг шингээжээ. Дуань Гүн засгийн хэргийг тодлогч түшмэл болоод Агай хатантай ураглан хуримлаж гурван жил болсны хойно ийнхүү бусдын гүжрээр харамсалтайяа хорлогдсон аж. “Цаншань” гэж Дали улсын өөр нэр. Энэ шадад зохиогч, эцгээсээ хагацан эр нөхрөө дагаад Дали улсад очихыг хүссэн санааг илэрхийлж байна. “Тарисай” гэж хэмэрлэгт торгон хөнжил. Эр нөхөр нь хорлогдсоны дараа цогцсыг нь Агай хатан торгон хөнжлөөр хулдан ороож төрөлх Дали улсад нь хүргүүлсэн гэдэг.
Энэ шадад зохиогч өөрийгөө, энэ торгон хөнжлийн учраа нэгэн насыг талаар өнгөрөөлөө гэсэн санааг илтгэж байна. “Ану” гэж эр нөхрөө дотночлон дуудах үг. Дуань ану гэж нөхрийгөө хэлжээ. Шизун, Шиюү хоёр бол Дуань Гүний их цэргийн шилдэг жанжид юм. Тэд улаан алчууртны бослогыг дарах тулалдаанд үлэмж гавьяа байгуулсан бөгөөтөл сүүлд хоёулаа аанай л Базарбарма ванд хорлогджээ. Энэ шадад зохиогч, эр нөхрийнхөө хойноос эмгэнэн гашуудан зогсоход урьд эр нөхөртэйгөө хамт зугаацахаар аялан явахдаа бараалан сонирхож асан нэлийсэн их үүлс, цэлийсэн их ус мөрөн харагдахаас биш, амраг хань минь ер харагдахгүй байна гэсэн харуусал гомдлоо өгүүлжээ.
Ёвруу цэцэг гэж үхсэнийг амилуулах шидтэй билигт өвс. Энэ мөрөнд шидэт өвсний төрх байдал, өнгө зүс нь хувирч ид шид нь буурсан тул Дуань Гүнийг яахин амилуулж чадах билээ гэсэн мухардсан сэтгэлээ илэрхийлжээ. Энэ өгүүлбэр бол зохиогчийн хүсэл бодол юм. Дуань Гүнийг Далигийн баруун уулсын мөнх ногоон нарсан ойд оршоон бунхалсан агаад, тэнд догшин салхи хуугин хүүгэж, жихүүн хүйтэн хяруу унасан ч ашид мөнхөд амарлингуй нойрсож байгаа, хэзээд тийн баларшгүй орших болтугай хэмээн Агай хатан бодож байна.
Агай хатан шүлгийг илэрхийлэх арга барилыг чадамгай ашиглаж, утгыг бадруулж, дүрслэл сэтгэхүйн шидэт хүчийг төгс гаргажээ. Дуань Гүн хийгээд Агай хатан өөрсдийн хувь заяандаа гуньж гутарч, эцэг вангийнхаа ёс бус үйлдэлд хилэгнэн хорссон үйл явдлыг хослуулан, утгыг солбицуулан, ил тодоор уянгалан дуулсан, бас далд ёгтоор зүйрлэн илэрхийлсэн байдаг. Хятад шүлгийн дотор төрөлх Монгол үгээ оруулж нийцүүлэн, шүлгийн үндсэн хэмнэлийг үл эвдэн, Монгол яруу найрагчийн онцгой шинжийг хадгалснаар шүлэг нь нэн гайхалтай яруу сайхан болжээ. Ийнхүү алдарт Агай хатан Монголын түүхэнд тодрон гарсан Юань улсын сүүлч үеийн Монгол үндэстэн, эрт цагийн алдарт шүлэгч болон мөнхөрсөн болой. Их шүлэгчийн хятадаар бичсэн эл хоёр шүлгийг Өвөр Монголын бичгийн хүн Б.Буян өнгөрсөн зууны наяад оны сүүлчээр Монголчлон орчуулж худам үсгээр буулган “Юань улсын үеийн Монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомол” нэртэйгээр хэвлүүлсэн байдаг.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар