Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Чиносын залуусыг далан тогоонд буцалгасан эсэхийг дахин эргэцүүлэхэдУншсан15,256

Харин "ДАЛАН ТОГООНД" гэдгийн нөгөө улигт өгөх оршихийн "Д" нөхцөлийг алга болгосонд баярласны зэрэгцээ бас нөгөө зэвүүцэлт "БУЦАЛГАЖ" гэдэгт булай үгийг хэвээр үлдээхдээ (БУЦААЛГАЖ?) гэж хаалтандаа хэрэглэхдээ хоорондоо нэлээд хэлцсэн бололтой, эргэлзээтэй маягаар үлдээжээ. Энгүй их эрдэмтдэд эр зориг дутдаг аж.

Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор, зохиолч Долгорын Цэнджав бичиж байна.

Монгол хүн бүр эх түүхэндээ хайртай, түүгээрээ бахархдаг. Бахархахаас ч аргагүй энэ даяанд гайхуулмаар, биширмээр  түүхтэй ард түмэн. Эзэн Богд Чингис хааны маань төрснөөс авахуулаад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүртэлх  үнэн түүхийг "Монголын нууц товчоо" хэмээх хосгүй дурсгал бичиг үлдээснийг хэн хүнгүй мэднэ. Ганц нэг монгол хүн гэхэд даанч элэг нь харласан, зүрх нь зөрсөн  гэмээр хаанаасаа гараад ирсэн юм бол гэхээр эрүүл биш  гаж философич миний монголын "Нууц товчоог" маань үлгэр домог гэж "солиорсон" байх юм. Тэнэгүүдтэй заргалдана гэдэг тэнэг л хүн болж таарах учраас эрлэмтэд судлаачид  чимээгүй явдаг байх гэдэгт түр тайтгардаг аа. Үг түймэр шиг аюултай, буруу ташаад итгэдэгийг алийг тэр гэхэв.

Залуу дунд үеийн залгаас болж гарч ирээд байгаа хэд хэдэн  хэл устай, эх оронч түүхчид олон бишрэм ном бүтээл гаргаж байгаад  баясахаас яахав. Энэ бүхнийг эс өгүүлэн өгүүлэх нь:  Эх түүхээрээ бахархдаг өчүүхэн миний бие "Монголын нууц товчооны" 29-р зүйлд "...чинос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж" гэснийг эрдэм номд насаараа нухлуулж ихийг бүтээсэн Чехийн Карлын Их сургуулийн профессор Ж. Лувсандорж абугайн нэгэн эрдэм шинжилгээний өгүүлэлдээ "Далан тогоонд буцалгаж бишээ, БУСНИУЛЖ гэдгийг БУЦАЛГАЖ гэж буруу орчуулсан хятад хадмалыг хуулж дэлхий даяанд тараасан гэдгийг  нотлоод, ДАЛАН ТОГОО  биш ДАЛАН ТОГООД гэдэг газрын нэр гэсэн нь олон жилийн турш "Ийм байх учиргүй, наад захын энгийн ойлголтод ч багтахааргүй худал зүйл" гэж эргэлзэж тээнэгэлзэж, заримдаа гашуудаж  явсан миний сэтгэлд машид нийцэж өөрийн санаагаа илтгэсэн юмаа. Долоон хоногийн өмнө нүүр номоороо бичсэн  өгүүлэл маань олон нийтэд хүрч, өнөөдрөөр баримжаалахад,  62.060 хүнд хүрч, 315 удаа хуваалцаж, 80 хүн сэтгэгдлээ бичжээ. Энэ нь надтай адилхнаар сэтгэл эмзэглэж, сэтгэлдээ эргэцүүлж итгэж ядаж явдаг түүхэндээ хайртай хүмүүсийн илэрхийлэл юм гэж ойлголоо. Ийм зэрлэг балмад ганцхан өгүүлбэр Монголыг минь яаж доромжилж гутаадагийг миний бие  гадаадад хэсэг бусаг  байхдаа сонсож чих халууцаж, сэтгэл эвгүйцэж, зүрх өвдөж явсаан. Хэчнээн тайлбарлаад дийлэхгүй юм билээ, танай тэр гайхуулаад байдаг түүхийн номонд чинь байна лээ шүү дээ гэж сөргөнө.  Яргачин  Сталинаас ч илүү алуурчин гэнэ.  Түүгээр ч барахгүй "Муу монгол" гэх хараал лалын зарим оронд бий гэж байна. Манай нутагт нэгэн өвгөн "Монголоо алдсан муу хятад" гэж хараадаг байсан нь   үндэстэний нэр  хүртэл хараал болчихдог юм байна шүү гэдэг үгийг энүүхэндээ  "Долоон уулын цаагуур, дов шорооны доогуур" нууцгайгаар шивнэж хэлье.

ДАЛАН ТОГООД гэх газрын нэрийг ДАЛАН ТОГООНД гэх ганцхан өгөх оршихын тийн ялгалын "Д" нөхцөлийг ташаа хэрэглэснээс "буцалгав" гэдгийг буруу тайлснаас ийм гайнд хүргэж байна. Хятад хүн хуучин монголоор бичсэн эхийг хятад үсгээр буулгахдаа ийм чинээний алдаа гаргах нь эргэлзэх юмгүй. Харин  ч дүн нуруугаар нь үлдээж чадсан тэр эрхэм эрдэмтэнд талархах ёстой. Монгол хүн одоо ч  монголын хуучин бичгээрээ буруу хазгай бичиж, унших нь  захын хэрэг, замын эх гэж болно. Одоо даанч тулгаад үзэх монгол үсгээр зохиогдсон монгол эх  үрэгдсэн бололтой. Юмыг яаж мэдэхэв, Бээжингийн хэдэн сая ном судрын дотроос гараад ирж ч магадгүй гэж өөдрөгөөр төсөөлье.

Аугаа их суут соён гэгээрүүлэгч  Ц.Дамдинсүрэн абугай  зүрх сэтгэлийг хөдөлгөмөөр, араанд уусмаар, ямархан энгийн  атлаа ямархан тод утга төгөлдөр, уран чимэг яруугаар  "Монголын нууц товчоог"  хөрвүүлэн буулгасан билээ. Түмэн үедээ бишрэлтэй.  Лувсанданзангийн "Алтан товч"  Рашид Аддиний  Монголын түүх зэргээс бага сага нөхөж оруулснаа удиртгалдаа бичсэн дээ. Ташрамд өгүүлэхэд,  Ц.Дамдинсүрэнгийн урансайхны орчуулга гэж их эрдэмтэд бичиж, хэлдэг болоод судлагдахуунд  хэвшжээ. УРАНСАЙХАН гэдэг үг чинь учиртай шүү. Энэ нь баримттай биш,  бодитой бус, урнаар сэтгэсэн, урам сэтгэмж, хийсвэр  зохиомол, үнэний гуйвуулал, дур зоргын, санаанд орсноороо, хиймэл зохиомол  гэсэн утгаар  ойлгогдоно. Энэ агуу эрдэмтэн гайхалтайгаар утга санааг барагтайд гуйвуулалгүй буулгасан гэж нэгэн нэртэй эрдэмтэн хэлэхийг сонссон. "Түрүү ургасан чихнээс хожуу ургасан эвэр" гэгч нь жам ёс. Зохист үгийг зохист газар хэрэглэх нь зөв байхаа.  Да багшийн хөрвүүлгээр, Да багшийн орчуулгаар гэх ч юмуу, Да багшийн Нууц товчоогоор ч гэх юмуу, бас номонд дурдахдаа  Да багшийн  "Нөхөн найруулсан эх" ч гэж болмоор юмуу?  Бас Цэнд гүний Нууц товчоогоор гэж ярьж бичиж болох бус уу? Үүнийг их мэргэд мэдэх хэрэг.

Ардын аман зохиолоор хүмүүжсэн тэрбээр шүлгийг нь орчуулахадаа үнэн зүрхнээс сэтгэл хөдөлж, чухам тохиромжтой сайхан буулгахыг бодсноо хэлсэн байна лээ.  Уран зохиолын болоод түүхийн дурсгал бичиг гэдгийн учир энэ.   

Ц.Дамдинсүрэн абугай  монгол хүн бүр ойлгохоор эртний үгийг эдүгээчилэн буулгаснаа хэлээд, цаашдаа сэхээтэнүүдэд зориулан "Нууц товчооны" жинхэнэ эхийг орчуулахыг аль эрт захиж үлдээжээ. Энэ захиасыг манай өмнөө барьдаг түүх, хэлбичгийн шинжлэх ухааны долоон том эрдэмтэн  ёстой л сэхээтнүүдэ зориулсан гэмээр "Монголын нууц товчооны" сонгомол эхийг дахин орчуулсныг  тухайн үеийн Ерөнхийлөгч айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт сүслэн дээдэл" гэж зарлигджээ.  Сайхан санаа, сайхан эхлэл. Энэ цагтаа л цолгойрсон эрдэмтэд тул бага бус эндэгдлийг илааршуулсан бизээ. Миний хувьд нөгөө л "өвчин" болоод байдаг "70 тогоонд буцалгасныг" юу гэж буулгаа бол? гэж хамгийн түрүүнд л 129 дүгээр зүйлийг сөхөж үзсээн.

Харин "ДАЛАН ТОГООНД" гэдгийн нөгөө улигт өгөх оршихийн "Д" нөхцөлийг алга болгосонд баярласны зэрэгцээ бас нөгөө зэвүүцэлт "БУЦАЛГАЖ" гэдэгт булай үгийг хэвээр үлдээхдээ (БУЦААЛГАЖ?) гэж хаалтандаа хэрэглэхдээ хоорондоо нэлээд хэлцсэн бололтой, эргэлзээтэй маягаар үлдээжээ. Энгүй их эрдэмтдэд эр зориг дутдаг аж. Манай нэртэй орчуулагч С.Дашцэвэл абугай "Монголын нууц товчоог" вьетнам хэлээр орчуулахдаа "БУТ ЦОХИЖ" гэсэн үндсэн  агуулга утгаар нь л ДАЛАН ТОГОО гэдэг газрын нэрээр нь л орчуулсан. Эргэлзэх хэрэггүй" гэж хэллээ. Энэхүү эгэлгүй даруу орчуулагч, нэртэй дипломатч ажлынхаа гарааг   Хэл зохиолын хүрээлэнд эхэлж, их Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гуайн үг яриаг сонсож явсан шинжлэх ухааны эрдэмтэн, профессор  хүн ажээ. Эл эрдэмтэн манай "Нууц товчоог" солонгос хүн орчуулахдаа Чингис хааныг маань ямар муухай аймшигтай зэрлэгээр орчуулсан гээ. Ерөөс энэ агуу дээжисээ тухайн орны хэлийг гарамгай эзэмшсэн монгол хүн л орчуулах хэрэгтэй юм билээ. Харийн хар сэтгэл номонд шургадаг юм билээ гэж халаглаж байлаа.

Социалзмын хатуу чанга хяналттай,  хаалттай үед  1987 онд  нэрт  философич, түүхч    Ч.Жүгдэр абугай  "Монголд феодализм тогтох үеийн нийгэм- улс төр, гүн ухааны сэтгэлгээ" гэдэг одоо ч хуучраагүй төдийгүй улам үнэт зүйлс нь алт мэт ялгаран гялалздаг номондоо Персийн түүхч Джувейнээс зоригтойгоор эшилснийг Та сайн мэдэх. Социализмын үед "элэг дэвтээж" байсан тэр номондоо "Чингис бол тэнгэрийн зарлиг, бурханы тааллыг биелүүлэгч мөн. Түүний хэрцгий догшин зан авир нь ард олон ялангуяа  эрх баригчдын эвдэрсэн зан авиртай, муу муухай шударга бус явдалтай болохоор нь гэсгээн цээрлүүлэх болсон юм" гэж одоо сонсоход юу ч биш ч, тэр галав дээр үед дэлхийн түүхчдэд тэс өөр үгийг шидэж, үлдээж чадсан байна.  Чингис хаанаа манайхан худлаа хоосон хуурай магтсаар хэн ч биш болгож байгаа энэ цаг үед гаднын, тэр бүү хэл эзлэгдэж байсан орных нь түүхчдийн энэ мэт нь гайхамшиг юм даа.  

"ТОМ ТҮҮХЧ БАГА ОРНОО АВАРДАГ" гэж миний бие 2012 онд Хятад, Японы хооронд оршдог,  хүн амьдрах аргагүй атлаа асар баян Сенкаку буюу хятадаар Дяоюйдао арлыг булаацалдахад түүхчид л олдошгүй  бамбай болдог тухай бичиж байсан, түүхчид, хэлзүйчид, эрдэмтэд  сэрэмжтэй, мэдрэмжтэй, зоригтой байхгүй бол номын бус юмнуудад ноолуулах нь байна шүү. Сонгомол эхэд өнөөгийн бид ойлгохооргүй 32 үгэнд тайлбар хийжээ.  Тийм байтал яагаад  эргэлзээд байсан ДАЛАН ТОГООНД БУЦАЛГАСАН гэдэгт хэлзүйн болон утгын тайлбар зүүлт хийгээгүйгээ юм бэ? гэдгийг асуумаар санагдсан. Нутгийн аялгуу судлал, үндэсний монгол бичиг судлалаар тасархай мэргэжсэн, хэн ч тэр бүр мэдэхгүй байж болох ч, хэнээс ч тохой илүү эгэл даруу, эрдэм номоороо цуут гарсан МУИС-ийн профессор Г.Гантогтох агсан "МОНГОЛОЙ НЮУСА ТОБШООН" гэх "Монголын нууц товчоог" буриадаар орчуулан буулгаж судлалын түүхэнд шинэ гэж болохоор буйр суурьтай  том бүтээл туурвисан юм. Энэ эрдэмтэн эрдэм шинжилгээний бүтээлд хэрхэн яаж гүн даацтай, шинжлэх ухаанчаар хандахын үлгэрийг үзүүлж халхаар ойлгохгүй үг болгонд цөхрөлтгүй тайлбар хийсэн нь бахдалтай. Бас л нөгөө "ДАЛАН ТОГООНД БУЦАЛГАЖ" гэдгээ харлаа. Бөө мөргөлийн талаар ч гүн гүнзгий мэдлэгтэй эл эрдэмтэн ДАЛАН ТОГООДОО БУСАЛГАЖА- гэдгийг ЧОНОС ОВГИЙНХНЫ СҮР СҮЛДИЙГ МОХОТГОН ДАРЖ, ДАЛАН ТОГООНД ЭВДЭЖ ЧАНАЖ БАЙНА ХЭМЭЭН ДОМЫН ДАРЛАГА ҮЙЛДДЭГ БӨӨ МӨРГӨЛИЙНБЭЛГЭДЭЛТ ЗАН ҮЙЛ гэж тайлбарлажээ. Энэ бол БУЦАЛГАСАН хэмээх шууд утгыг үндсэн утгаас нь харь хамаагүйд холдуулан  БӨӨГИЙН ДОМ  бэлгэдэлт зан үйл гэж бас таацаж болмоор тайлбар хийснийг нөгөөх сонгодог эхийг баригсад маань ядахнаа ийм тайлбар хийж болоогүй юмуу? гэдгийг ядар миний бие асуумаар санагдав. Г.Гантогтох профессор "Монгол Улсын монголчууд бид "Монголын нууц товчоог" халх монгол, буриад монгол, ойрад монгол, ордос монгол аялгуугаар хөрвүүлэн монгол хэлнийхээ олон салаа салбар, мөрөн гол горхиор урсган, усны их сан далайд цутгуулах учиртай юм" гэж онцлон дурджээ. Миний түрүүчийн бичсэний сэтгэгдэл дотор ч баруун монгол, дархад аялгуугаар ингэж дуудаг, бичдэг гэсэн тайлбар  санаанууд туссан байна лээ. "Хар авдранд ном бий, хазгар эмгэнд эрдэм бий"  гэж Да багштаны хэлснээр эгэл хар ардын дотор эгэлгүй ухаант эрэмтэд бишгүй байдгийг үл тоож үл болноо.

"Монголын нууц товчооны" үг хэллэгийг монгол хэл аялгуу, ястан үндэстэний нутаг нутгийн аялгуу судлалаар зэрэгцүүлэн үзэж тайлбал, олон олон эргэлзээтэй үгсийн далд уурхай нээгдэж,  нууц утга үүцээ тайлж их сонин нээлт гарч болох юм.

         Мэдэхгүй байж мэргэдүүдийг цочоосон бол туйлын хүлцэл өчье.

 2020 . 11. 07 . Бямба гараг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]