Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Түмэн олны дунд нүүрээ улайлгаад, нүдээ бүлтийлгээд авсан хүн одоо мэхээ хий"Уншсан27,705

Эрдэнэ-Очир арслангийн аав Өлзийсайхан арслангийн эцэг Хас гуай бол Даншигийн заан хүн. Эднийхэн удмаараа бөх улс. Өлзийсайхан гуай сонин юм яриваа.

Спортын ахмад сэтгүүлч С.Түвдэнням гуайн 1992 онд бичсэн Ж.Мөнхбат аваргын тухай ярилцлага, тодруулга тайлбар бүхий "Хаях би яараагүй байхад" номын хэсгээс түүх сонирхогч, үндэсний бөхийн хорхойтон уншигчдадаа хүргэж байна.


Эхлэл, нэгдүгээр хэсэг: Ж.Мөнхбат аварга: "За Цэрэн минь энэ жилийн наадам чинийх шүү"

Хоёрдугаар хэсэг: "Төв аймгийн гурван чононы амнаас гарлаа, одоо л начин болно оо"

Гуравдугаар хэсэг: Гурван хөгшин борог өвс сайн байцгаана уу гэж хэлээд...

Дөрөвдүгээр хэсэг: "Чамд жижиг цагаан нь дээр үү, өндөр хар нь дээр үү"

Тавдугаар хэсэг: "Моломжамц дарга яагаад таныг үнсдэг билээ..."

Зургадугаар хэсэг: "Тав түрүүлэх нь ч түрүүлчихлээ, өрөөсөн нүдгүй сожоо Мөнхбат боллоо доо"

 

Аварга хуучны алдар цуутай бөхчүүдийн тухай ийн хуучлав

С.Т: Та Хангай хайрханы Гарамбазар зааны (одоогийн Өвөрхангай аймгийн Шанх сумын) тухай нэг ярьж байсан даа,

Ж.М: Нутаг хошуундаа олон удаа түрүүлсэн Алтанхуяг гэдэг бөх одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат Зундуй зааныг хүүхэд байхад нь дагуулаад Эрдэнэзуугийн наадамд очиход нь Гарамбазар заан "Энэ улаан хацартай дэлдэн бандийг (Зундуйг хэлж байна) хаанаас дагуулж ирэв. Чи бид хоёрын даагыг олон удаа авах хүн байна. Дагуулж ирснээрээ түүнийг чи амлаж ав" гэсэнд Алтанхуяг:

- Гарамбазар гуай, дагуулж ирснээрээ би яаж авах вэ? гэж учирлахад Гарамбазар заан:

- За, тэгвэл би авлаа гэж хэлээд Зундуйг амлаж барилдаад унагасан гэдэг.

Хожим нь Зундуй улсын заан болсон. Бөхийг танина гэдэг их л сонин юм шүү дээ. Гарам гуай жаахан зориг муутай бөх байснаас биш, түүний хоёр гарын шуу, хоёр дал нь хүн хүнээс өөр юм шүү. Гарам зааны дал өөрийн биендээ томдсон тул нүүрээ угаахдаа түүний гар нь нүүрэндээ хүрдэггүй байсан нь үнэн юм.

С.Т: Та Банди арслантай нэлээд дотно байсан дуулддаг.

Ж.М:  Арвайхээрийн Банди арслан нүгэлтэй сайн бөх явсан юм гэнэ лээ. Банди гуай надад их сайн. Бөхийн тухай зөндөөн юм хэлж өгдөгсөн. Банди гуай нэг удаа «Чи их сайн бөх болно. Чи барилдахаасаа хэд хоногийн өмнө хар цай бага ууж, мах бага идэх хэрэгтэй. Бөх хүн барилдаан дөхөөд ирэхэд биедээ оёг олдог гэм бий. Түүнээс сэрэмжлэхийн тулд нойтон бургастай барилдахад тун зүгээр шүү» гэсэн юм. Нойтон бургастай яаж барилддаг, мэхийг хэрхэн давтдагийг Банди гуай өөрөө надад зааж өгч байсан. Энэ бол бөхийн бэлтгэлийн бас нэг өвөрмөц хэлбэр юм шиг надад бодогддог.

ТОДРУУЛГА: Банди арслан 1924 оны Арван засгийн отгон наадамд Засагт хаан аймгийн Дүүрэгч вангийн хошууны босоо хэмээх Шагдарыг унагаж түрүүлсэн. 1938 онд Архангай аймгийн харъяат Эрээн хавиргат хэмээх Төрбат арслантай үзүүрт үлдсэн бөх.

Зүүн талд зогсож буй арай намхавтар бөх нь Хоёр төрийн арслан гэгддэг Арван Засгийн отгон наадамд түрүүлсэн Сайн ноён хан аймгийн харьяат Арвайхээрийн Банди арслан юм.

Банди гуай надад нэг хөглөж явснаа ярьдаг юм байна. Бөх хүн ч яахав дандаа "онигдоодтой" юм чинь. Банди гуай:

- Цэргийн наадамд Шагж түрүүлж, Банзар үзүүрлэсэн жил юм даг. Цэцэрлэг Мандалын аймгийн наадам цэргийн баярын дараахан боллоо. Шагж энэ наадамд яваад өглөө. Би Шагжийн араас нууцгайхан дагасаар очдог юм байна. Бид хоёр хоёулаа үзүүр түрүүнд үлдлээ. Бид хоёр тал нэгтэй, бас хоёулаа тонгордог мэхтэй. Бид хоёр асрын үүднээс ээлжилж тонгорсоор яваад хөлийн цэц хүрдэг, засуулууд асрын өмнө буцааж хүргэдэг. Дахиад л ээлжлэн тонгорсоор хөлийн цэц хүрнэ. Шагж бид хоёр гурван удаа ээлжлэн тонгорсоор яваад би унагаж түрүүллээ. Би буцахдаа Дашинчилэн сумын наадамд барилдах байв. Би Шагжийг гэр рүүгээ буцсан байх гэж бодоод юу ч тоосонгүй. Гэтэл Шагж миний араас бас нууцгай дагасаар Дашинчилэнгийн наадмын хоёрын даваа арай дуусаагүй байхад ирж барилдав. Ахтай нь тэнд барилдах хүн байхгүй байсан болохоор айраг савлаад их л додигор байсан юм. Тэр наадамд Шагжтайгаа үлдлээ. Бид хоёр мэх мэхээ мэдэх юм чинь. Мөн л асрын өмнөөс хөлийн цэц хүртэл тонгорч явсаар би ойчоод өгөв өө. Дараа нь би айргаар бөөлжиж тун ч хаширсан юм шүү гэж 1961 онд намайг улсын заан цол хүртсэний дараа захиж хэлж билээ.

Манай дээр үеийн бөхчүүд Даншигт юм уу, Арван засаг, эсхүл Цэргийн наадамд жилдээ нэг л ирж барилддаг байжээ. Тэгэхдээ л нэг уулзацгаадаг байж. Ер нь бидний монголчуудын шинэ жил нь Цагаан сар юм л даа. Тэгээд Цагаан сараар л шинэлдэг уламжлалтай юм. Дээр үеийн бөхчүүд наадамд ирж нэг уулзахдаа золгодоггүй байсан гэнэ. Харин наадам дууссаны дараа хамгийн ахмад бөхөөсөө эхлээд заншил ёсоороо золгодог, наадамд хамгийн сайн барилдсан бөхчүүдээ магтан ярьцгаагаад нутаг нутаг руугаа буцдаг байлаа гэж хоёр төрийн арслан Банди гуай хуучилж билээ. Жилд наадам дээр уулзахдаа тэд хэн нь хэнээсээ илүү бэлтгэл хийснийг алхаа гишгээгээр нь таньж мэддэг байжээ. Наадамд сайн бэлтгэл хийсэн бөхийн алхаа гишгээ ондоо харагддаг байна. Бөх хүн биедээ гар хүргэх, дал мөрөн дээрээ алгадахыг маш их цээрлэдэг юм. Одоо ч энэ цэвэр ариун ёс бараг алдагдаад байна даа.

  Жамъян гуай надад ингэж нэг ярьж билээ. «Манай Төмөрбаатар арслан маань даанч лут хүн байгаа юм. Би Цэргийн наадамд Самданд ойчиж үзүүрлэсэн жил юмдаг.

ТОДРУУЛГА: 1925 оны улсын наадамд 920 бөх барилдаж. Хэнтийн босоо Самдан 10 давж түрүүлсэн, Архангайн буур Жамъян 9 давж үзүүрлэж, Вандан аварга, Хөвсгөлийн босоо Шагдар нар 8 давж 4-т үлдээд Самдан-Ванданг, Жамъян-Шагдарыг орхижээ. («Үндэсний бөх 55 жилд» сэтгүүл. 3 дугаар тал),

Тэр жил цасгүй өвөл болов. Бид мөс авахаар явлаа. Хайнагийн оронд Төмөрбаатарыгаа хөллөөд шүү. Мөсөө ачаад гэр рүүгээ буцаж явтал тарваганы дошинд тэрэгний нь дугуй орчихлоор нь бүгдээрээ таттал мөстэй тэрэгний дээд талыг хуу татаад хаячихлаа. Гэтэл Төмөрбаатар гуай, «Олны олон цэн мөн ч хүчтэй еэ» гэж хэлжээ. Жамъян гуай Төмөрбаатар (тэгэхэд цолгүй байж) гуайн ээжээс, «Би Цэргийн наадамд Төмөрбаатарыгаа дагуулж яваад барилдчихаад ирье» гэсэнд ээж нь, «Хараал хүрчих байлгүй дээ» гэжээ. Жамъян гуай, «Би наадамд барилдаад зүгээр байна шүү дээ» гэсэнд ээж нь зөвшөөрчээ. Тэгээд цэргийн наадамд хоёулаа хүрч ирээд мөн хоёул үзүүр түрүүнд үлджээ. Төмөрбаатар гуай хэлсэн нь; «Би боллоо. Жамъян чи түрүүл, би яахав» гэжээ. Тэгээд Жамъян гуай түрүүлж, Төмөрбаатар гуай үзүүрлэжээ. «Бөх хүн барилдахдаа даанч хатуу шүү дээ. Гэхдээ бас даанч нинжин сэтгэлтэй. Бөхчүүдийн ийм сэтгэл барилддаггүй эрчүүдэд байдаг эсэхийг мэдэхгүй юм даа» гэж билээ.

ТОДРУУЛГА: 1926 оны улсын наадамд 960 бөх барилдаж Архангайн буур Жамъян аварга 10 давж түрүүлсэн, мөн аймгийн бөх Төмөрбаатар (арслан) 9 давж үзүүрлэж, Өвөрхангайн Банди арслан, Архангайн Дамбуу заан нар 8 давж 4-т үлдсэн байна. («Үндэсний бөх 55 жилд» сэтгүүл. 3 дугаар тал).

Ж.М: Жамъян аварга их үнэн үгтэй хүн шиг санагддаг. Тэр нэг удаа надад ярилаа. «Би 26 настайдаа босоо Самдантай үлдсэн юм». «Буур Жамъян» гэдэг нэртэй болчихсон хойноо барилдсан юм шүү дээ. Таван настай тайлгийг ямар буур гэдэг юм. Дорнодын Гулзгай Дамчааг бууран тайлагнаас юухан байхав гээд амлаж аваад хаядаг байлаа. «Дорноддоо түрүүлдэг Дамчаа улсын аварга болсон намайг хаяад байдаггүй л юм билээ» гээд «Буур» хочтой болсноо,

- Бага байхад хүн дагаж жин тээж олон удаа явлаа. Нэг удаа жингийн цуваа гүүрээр гарч явтал харин гүүрний тавилга мод цөмөрч ачаатай бууран тайлаг бөгсөөрөө оцосхийгээд суучихдаг юм байна. Сандрахдаа л өргөж гаргаснаас хойш «буур Жамъян» нэртэй болсон юм гэж билээ.

Жамъян аварга том биетэй хүн байсан. Банзар арслан Жамъян аваргын тухай ингэж ярилаа. Тэр жил Банзар гуай 80-тай, эхнэр нь 67-той байсан жил. "Сандал дээр Жамъян бид хоёр зэрэгцээд суухлаар чацуу байдаг юм. Босоод явахлаар Жамъян золиг өндөр байдаг юм. Жамъянгийн шилбэ минийхээс урт байсан юм болов уу даа" гэсэнд би,

- Жамъян аварга танаас хэр өндөр байсан юм гэвэл,

- Тэр надаас сөөм илүү өндөр гэв. Тэд нар чинь лут юм чинь. Банзар гуай өөрөө 2 метр 5-10 см байсан. Түүний мухар сөөм гэдэг бол 15-20 см орчим байсан болов уу. Яг ид залуу байх үед нь өндөр намыг нь хэмжиж байсан эсэхийг мэдэхгүй. Оросын худалдаачин Иван Жамъянг пүүлэхэд 130 кг татсан, өндөр нь 2 метр 30 см байсан гэсэн яриа байдаг. Бодвол ид 26-27-той үедээ ийм байсан юм болов уу даа.

...Вандан аварга босоо Шагдар гуайгаас их айдаг байсан юм гэнэ лээ. Босоо Шагдарын ээжийн талынхан нь хүч тамир ихтэй, бяртай хүмүүс байсан гэлцдэг. Хүй долоон худагт Даншгийн наадам хийдэг байжээ. Одоо болтол уг наадам хийж байсан газрыг тогтоогоогүй. Дүүрэгч вангийн босоо Шагдарыг ирлээ гэхээр түүний барилдааныг үзэх гэж Хүрээнээс жууз нь жууз, сүйх нь сүйх тэрэгтэйгээ очдог байсан юм гэнэ лээ. Ингээд бодохоор босоо Шагдар гэдэг чинь алдартай бөх байсан бололтой.

Эрдэнэ-Очир арслангийн аав Өлзийсайхан арслангийн эцэг Хас гуай бол Даншигийн заан хүн. Эднийхэн удмаараа бөх улс. Өлзийсайхан гуай сонин юм яриваа.

- Би Хужаа (Чүлтэмсүрэн арслан)-г л бараагүй юм гэв.

Би сониучирхан Чүлтэмсүрэн арслантай таараад нэг асуув аа,

- Өлзийсайхан гуай таныг л бардаггүй байсан гэх юм билээ гэвэл,

- Өлзийсайхан надаас түрүүлж ам авдаг арслан. Би дараа нь авна (хоёулаа жаахан харинга талдаа орж явсан бололтой. Ж.М). Би хэллээ. "Өлзийсайхаан, хоёулаа эвээ олоод барилдвал нэг нь үзүүр түрүүнд хүрч ч мэднэ, аль эсвэл хоёулаа үзүүр түрүүнд очиж ч болно. Өлзийсайхан минь, чи амаа эвтэйхэн авна шүү, би ч эвтэйхэн авна" гэжээ.

Гэтэл Өлзийсайхан гуай Чүлтэмсүрэн арсланг өөрийг нь амлаад авчихав. Тэгээд л барилдаан эхэлж дээ. Бөхчүүд зүүн баруунаас гарчээ. Өржээ. Гэтэл Өлзийсайхан гуай, уулга алдан «Үгүй, үгүй би Хужаатай барилдахгүй, Чүлтэмсүрэнтэй барилдана» гэж. Чүлтэмсүрэн гуай мэх хийдэг барьцаараа барьж аваад Өлзий гуайд, «Түмэн олны дунд нүүрээ улайлгаад, нүдээ бүлтийлгээд авсан хүн одоо мэхээ хий» гэсэнд, «Зүгээр бай чи, зүгээр бай чи» гээд бариулсан гараа тавиулах гэж цаашаа зугатахад нь тахимдаад давчихсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]