Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Су-57 Сирийн тэнгэртУншсан43,126

Тавдугаар үеийн зэвсэглэлд авсан эдгээр супер онгоцнууд иймэрхүү тааруухан паянтай байхад шал түүхийгээрээ Су-57 юу хийх гэж энд ирдэг хэрэг вэ?

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр нэгэн блогерын сүлжээнд тавьсан видео жинхэнэ шуугиан тарилаа. Тэрхүү хэдхэн секундын видеонд Оросын хамгийн сүүлийн, шинэ онгоц болох Су-57 дугуйгаа гарган газардах гэж бэлтгэж байгаа хэсэг харагдах ба олны анхаарлыг татаж, шуугиан тарих юм нь Сирийн нутагт авсан бичлэг учраас тэр.

 

Видеоны дор хийсэн тайлбар: Сирийн Хмейм дэх Оросын агаар, сансрын нисэх хүчин байрлаж байгаа баазад дөрвөн дайрагч Су-25СМ2, дөрвөн хэт маневр бүхий сөнөөгч Су-35С, 1 алсын радиолокацийн илрүүлэгч А-50У болон хоёр ширхэг Тавдугаар үеийн сөнөөгч Су-57 (T-50, ПАК ФА) шинээр ирлээ гэсэн байв.

Сирийн тэнгэрт Оросууд олон онгоц авчирч байлдааны үүрэг гүйцэтгүүлсэн бөгөөд чухам энд “өвгөн” ТУ-95, ТУ-160 зэрэг стратегийн зориулалт бүхий онгоц анх удаа дарийн удаа үнэрлэсэн билээ. Мөн Калибр хэмээх энэ дайны од болсон далавчит пуужин, агаар-газар ангиллын Х-101, ойрын зайн ТОС-1А “Солнцепек”... гээд олон олон зэвсэг байлдааны талбарт туршсан боловч яагаад Су-57 ирэхэд ингэж их анхаарал тавьж шуугих болов?

Энэ явдлаас хойш 2-3 хоногийн дараа Израйлийн хиймэл дагуул эдгээр онгоц байрлаж байгаа зургийг нийтэлж Су-57 Сирид ирсэн нь маргаангүй боллоо гэжээ. Үүнээс хойш янз бүрийн зорилго, бодлоготой цуу яриа энд тэндгүй тарж, сүржин мэдээллийн хойноос хөөцөлдөх сэтгүүлч нар бүр ч даваадуулсан мэдээлэл ар араасаа цувуулсаар. Хамгийн инээдтэй гэмээр нэг цуу нь Су-57 ирээд хоёрхон өдрийн дараа байлдааны даалгавар биелүүлж Дорнод Гутын орчимд Америкийн тал баримтлагч бүлэглэлийн 1000 гаруй дайчдыг (сонирхолтой нь энэ мэдээлэл баруун талаас гарсан бололтой) устгасан тухай юм.

Одоогоор тодорхой байгаа зүйл бол Сирид хоёр ширхэг Су-57 ирсэн нь үнэн бөгөөд түүнээс цааш ямар нэг тодорхой зүйл огт үгүй, энд тэнд тарж байгаа элдэв мэдээлэл нь зөвхөн таавар, сэтгүүлч нарын худлаа сенсаци хөөсөн цуу билээ.

Яагаад Су-57 ингэж шуугиан тариад байна? Тавдугаар үеийн шив шинэ сөнөөгч болохоор тэр үү? Өөр Тавдугаар үеийн ямар онгоц байдаг юм бэ?

Су-57 бол Тавдугаар үеийн олон зориулалт бүхий сөнөөгч онгоц бөгөөд одоо дэлхий дээр зэвсэглэлд авсан Тавдугаар үеийн байлдааны хоёрхон онгоц байгаа нь АНУ-ын F-22, F-35 юм. (Хятадын J-20-ыг байлдааны онгоц болсон гэж үзэж болох үгүйг мэдэхгүй юм) Гэвч энд ч бас “но” байгаа бөгөөд F-22-ыг 186 ширхэг үйлдвэрлээд зогсоосон ба маш их үнэтэй болсон учир ийм шийдэлд хүрсэн гэдэг. Мэдээж өөр олон шалтгаан байгаа ба саяхан хүртэл шийдэж чадаагүй олон техникийн бэрхшээлүүд байсан билээ. F-35-ын хувьд 22-оосоо илүү хямдхан, илүү олон талт онгоц хийхээр зүтгэсний үр дүнд энэ тарган нөхөр бий болсон бөгөөд нэгэн үе хямд байтугай бүр үнэтэй болох шахсан (маш олон тоогоор үйлдвэрлэж, холбоотнууддаа зарж байгаа учир үнэ нь буурсаар 100 саяас доош орж ирсэн гэсэн мэдээлэл бий) энэ онгоцонд шийдэж чадаагүй байгаа дэндүү олон бэрхшээлүүд байсаар байна.

Сирийн тэнгэрт энэ хоёр онгоц нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн ба нэгэн удаа Америкийн F-22 нь Оросын Су-25 дайрагч онгоцыг газрын бай буудаж байх үед янз бүрийн маневр хийж, дайралтын дүр үзүүлэх зэргээр шуугиан тарьсан ба дайрагчаа хамгаалахаар ирсэн Су-35-ыг хэт ойрын зайд орсон үед мэдэж, холдсон хэмээх жаахан тааруухан түүх бий.

Израйлийн F-35-ын хувьд Сирийн Агаараас эсэргүүцэн хамгаалах системийг дайрч байх үедээ “шувуутай” мөргөлдөн (албан ёсны тайлбар, одоо хүртэл зураг нь ил гараагүй) дахин ашиглах боломжгүй болсон явдал бий бөгөөд олон хүн чухам энэхүү “шувуу нь” саяхан Израйлийн  F-16-г мөргөж  унагасан гэдэгт огт эргэлзэхгүй байгаа билээ. “Шувууны” нэр нь С-200 бололтой.

Тавдугаар үеийн зэвсэглэлд авсан эдгээр супер онгоцнууд иймэрхүү тааруухан  паянтай байхад шал түүхийгээрээ Су-57 юу хийх гэж энд ирдэг хэрэг вэ?

Маш олон таамаг байгаа боловч нэг л зүйл ойлгомжтой нь энэ хоёр онгоц (дараа нь дахиад хоёр онгоц ирсэн гэдэг ч энэ нь  худлаа биз ээ) Дорнод Гут-д тэр байлдааны даалгавар биелүүлж мянга мянган хүн алж лав одоогоор чадахгүй. Шалтгаан нь 57 хэмээх сөнөөгч онгоцны сондгой тоо авсандаа ч биш (олон төрөлт онгоц бөгөөд газартай ажиллах боломжтой) ердөө л ийм байлдааны даалгавар биелүүлэх хэмжээнд бэлэн биш байгаа явдал юм.

Израйлийн хиймэл дагуулын авсан зураг энэ бөгөөд барууны хэвлэл дээр чухам энэ “цэнхэр” 055 гэсэн дугаартай “Цагаан акул” хэмээх далдлалтын будагтай онгоцны зураг тавьсан байгаа. Нөгөө онгоц нь “пиксел” далдлалтын будагтай байгааг харж болно.  Энэ нь юу гэсэн үг вэ?

Одоогийн байдлаар туршилтын хоёрдугаар шатанд явж байгаа Су 57-гийн  10 нь агаарын туршилтад, гурав нь газрын статик туршилтад зориулж үйлдвэрлэгдсэн бөгөөд миний ойлгож байгаагаар “цэнхэр” 055 нь дөрөв дэх онгоц юм. Өөрөөр хэлбэл туршилтын нэлээд эртний хувилбар бөгөөд үүнээс хойш аэродинамикийн болон бусад олон өөрчлөлт дараа дараагийн загварт орсон билээ. Энэ “цэнхэр” 55 нь буудах,  зэвсэг хэрэглэх боломж бараг үгүй, шаардлагагүй, бүхээгийн авионик буюу янз бүрийн мэдрэгч, тооцоологч, элдэв комптютерийн үйл ажиллагааг шалгах, үр дүнтэй ажиллах нөхцөлийг тодорхойлох ... зэрэгт зориулсан онгоц гэж ойлгож байна.

Нөгөө онгоц болох пиксел далдлалтын будагтай онгоцны дугаар тодорхойгүй боловч будгийн өнгөөр нь 055-аас өмнөх загвар гэдгийг тодорхойлоход ядах юмгүй.

Харин жинхэнэ зэвсэглэлд авах СУ-57-той тун ойртож очсон байх ёстой, хамгийн сүүлийн загваруудын нэг  болох  “цэнхэр” 509 болон түүний ах дүү” нар ийм хагас пиксел будагтай билээ.

Байлдааны даалгавар биелүүлэхгүй бол чухам ямар  зорилготой ирсэн хэрэг вэ? Харьцангуй өмнөх үеийн загварууд , одоогоор Оросын хамгийн шинэ радиолокацийн А-50У-тай цуг ирснийг бодоход радио долгионы янз бүрийн саадтай нөхцөлд (барууны орнуудын олон радиолокацийн илрүүлэгч онгоц, хөлөг онгоц энэ бүсэд бий) хэрхэн яаж ажиллаж байгааг шалгах гэж ирсэн нь лав. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь техникийн биш маркетингийн шалтгаан биз ээ. Су-57 дээр суурилан шинэ Тавдугаар үеийн онгоц хийх Орос-Энэтхэгийн хамтарсан  FGFA төслийг аврах гэж ирсэн болов уу.

Хэдэн жилийн өмнөөс яригдан, гэрээ хэлэлцээ хийн гар хөлийн үсэг зурсан энэхүү асар их хэмжээний хөрөнгө зарах том төсөл нь америкийн томчууд Энэтхэгээр хэд хэд зочилсны дараа янз бүрийн шүүмжлэлд өртөх болсон бөгөөд саяхнаас бүр хаах хэрэгтэй гэсэн үзэл бодол Энэтхэгт их гарах болсон байдаг. Ер нь Энэтхэгтэй цэргийн техникийн гэрээ хэлцэл хийх нь маш төвөгтэйг олон орны жишээнээс харж болох  (хамгийн сүүлийн Францын Rafale сөнөөгч авах гэж юу болж байгаа билээ) ба олон том цэргийн наймаа хийж, ард нь гарч чадсан Оросууд өөрсдийнхөө гол хөзрийг дэлгэж эхлэв бололтой. Юу ч гэсэн агаарын нисэх хүчний тухай нэгэн сонирхогчийн бодож байгаа зүйл нь энэ бөлгөө. Удахгүй цэргийн буурьтай тоймч, сэтгүүлүүд энэ тухай жинхэнэ баримттай, мэргэжлийн дүгнэлт бүхий олон сонирхолтой материалууд нийтэлж эхлэх үед  Су-57 Сирид юу хийх гэж очсоныг бид мэдэх байх.

Энд нэгэн зүйл нэмэхэд дээр дурдсан “цэнхэр” 055 онгоц нь туршилтын үеэр шатаж байсан бөгөөд  Энэтхэгийн цэргийнхэн ирж уг онгоцтой танилцаж байхад хийсэн нислэгийн үеэр шатсан байдаг. Сирид ирээд байгаа энэ онгоц нь тухайн тэр шатсан онгоц мөн бишийг мэдэхгүй, ямар ч байсан ийм дугаартай онгоцны нэгэн хэсэг шатсан нь үнэн билээ.


P.S

Тавдугаар үеийн онгоц гэж юу вэ? гэдэг талаар хэдхэн үг.

Нисэх хүчин хөгжсөн улс болгон энэ талаар өөрийн гэсэн үзэл баримтлалтай байдаг (Хятадын системээр Дөрөвдүгээр үе. J-20, J-31) ба нийтлэг нэгэн зүйл байдаг нь Тавдугаар үеийн сөнөөгч онгоц нь форсаж (хөдөлгүүр дээд хүчээр ажиллах үе) хэрэглээгүй үе буюу крейсер хурд нь дууны хурднаас их байх, хангалттай stealth систем хэрэгжсэн байх, энэ системд захирагдан бүх л зэвсэглэл нь онгоцны их биеийн дотор байрлах, олон төрөлт буюу сөнөөгч, дайрагч, бөмбөгдөгч... зэрэг үүрэг гүйцэтгэж чаддаг байх, хэт маневрлах чадвартай байх... зэрэг билээ.

Энэ дундаас stealth хэмээх зүйл олон маргааны сэдэв болдог бөгөөд Америкийн шинэ үеийн нисэх хүчний номлол нь энэ системийг тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж үздэг байхад Орос, Зөвлөлтийн номлол нь хэт маневрийг хамгийн чухал зүйл гэж үздэг нь одоо ч хэвээр байна. Энэ системийг үл үзэгдэгч гэж зарим сүртэй үгэнд дуртай сэтгүүлчид орчуулдаг боловч тийм биш бөгөөд радио-локаторт харагдахгүй систем гэж ойлгодог нь бас буруу юм. Радио-локаторт баригдахгүй онгоц гэж байхгүй ба хэдий хэр зайнаас, ямар өнцгөөс радио-локаторт баригдах тухайд гол асуудал байдаг билээ. Мөн радио-локацийн системээс өөр олон онгоц илрүүлэх арга хэрэгсэл бий боловч энэ нь тусгай сэдэв байх болов уу.

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]