Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Будёновскийн эмгэнэлУншсан20,576

Василий Свердлик нь дунд сургуулиа онц төгссөн гэрчилгээгээ аваад сувилагч ээждээ үзүүлэх гэж баярлан гүйж ирээд мөн л буудуулсан байна...

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1995 оны зун цаг. Чечений 1-р дайн.

Тухайн үеийн Оросын арми нь Чечений ихэнх газар нутгийг ямар нэг хэмжээгээр хяналтдаа авч, ойрын ирээдүйд энэ бүсэд дахин үндсэн хууль хэрэгжиж эхлэх нь ойлгомжтой болсон гэхээр тийм цаг ирж байсан ба Чечений т е р р о р и с т у у д ы н хувьд байдал тун хүндхэн болж байсан үе билээ. 

Арабын ертөнцийн санхүүжилт, барууны орнуудын улс төрийн дэмжлэгийг дахин олж авахын тулд Дудаев, Масхадов, Басаев, Гелаев... зэрэг нөхдөд томоохон ялалт амин чухал хэрэгтэй байлаа. Хэрвээ тэд 1994-1995 оны оны заагт болсон Грозный хотын төлөөх тулалдаан шиг дахин нэг ялалт байгуулж чадвал авлига хээл хахуульд ёроолдоо хүртэл идэгдсэн Оросын төр засгийг өмнөө сөхрүүлж ч болох боломжтой нөхцөл байдал харагдаж л дээ. Ер нь л юм хаашаа ч эргэж болзошгүй тун эгзэгтэй цаг үе байсан юм.

Оросын арми хичнээн дампуурч, ялзарсан байлаа ч тэдэнтэй халз үзэх хүч байхгүй учир Басаев мэтийн амьтад өөрсдийн хамгийн сайн чаддаг ажил болох х а л д л а г а а р тэрхүү хэрэгтэй ялалтыг авахаар бэлдэж эхэллээ.

Дайралт

Басаев 200 гаруй шилдэг дайчдаа цуглуулан бэлтгэж байгаад 7-р сарын 14-ний өдөр хөдөллөө. 200 гаруй зэвсэгт эрчүүд, дээр нь тэдний зэвсэг хэрэгсэл (8 пулемёт, олон арван гранатмёт, мэргэн буудагчид, мина, тэсрэх бодис) гээд тооцохоор нэлээд хэдэн ачааны машин хэрэгтэй болж таарна. Тэр олон зэвсэгт дайчид, машиныг яаж дайсныхаа мэдэлд байгаа газраар авч явах вэ? Аргаа ч олж. Оросын сэргийлэхийн “УАЗ-69” тэргүүтэй Камазын цуваа Дагестанаар дамжин явсаар...

 Зорьж яваа Будёновск хотод орохын даваан дээр шалган нэвтрүүлэх цэгийн сэргийлэгч нар энэ цувааг зогсоож ачаа барааг нь шалгах гэж оролдоход Басаев “Чечений дайнд а м ь  ү р э г д с э н Оросын цэрэг дайчдын ц о г ц с ы г зөөж яваа учир ачаагаа шалгуулахгүй, харин дарга нартай чинь уулзаж нууц бичиг баримтаа үзүүлж болох юм” гэсээр хот руу оржээ.

Тэд хамгийн түрүүнд дотоод хэргийн яамны салбар руу дайрлаа. Арав дөнгөж давсан сэргийлэгчдийг бүгдийг нь х ө н ө ө г ө ө д дараа энэ бүлэг хэд хэдэн хэсэг болж салан ажиллагаагаа эхлүүлсэн ба хотын барааны зах руу дайрч б у у д а ж, барьцаалахыг нь барьцаалж, шугамын автобусыг зогсоож зорчигчдыг нь барьцаалж, эсэргүүцсэн болон муухай харсан болгоныг... Энэ үед 90 гаруй энгийн иргэд Басаевчуудын гарт ам ь ү р э г д с э н гэдэг.

Хот даяар х а л д л а г а болж, олон арван ах дүү амраг садныг нь х ө н ө ө ж,  ш а р х д у у л ж байгааг сонссон хүмүүс хотын эмнэлэг рүү явцгааж таарна. Харин Басаев үүнийг л хүлээж байсан билээ.

“Хотын ойролцоо Оросын армийн нисдэг тэрэгний нэгэн жижиг хороо байрлаж байж. Хотод террористууд нэвтэрч х а л д а ж байгааг сонссон хорооны дарга нь өөрийн мэдэлд байсан бүх нисгэгч техникч нарыг аван хот руу орсон бөгөөд тэдэнд гар буунаас өөр зэвсэг байсангүй. 32 хүн бүхий энэ хэсэг Басаевын 200 гаруй террористууд руу дайран орж тулалдаад бараг бүгдээрээ ү р э г д ж э э.”

Басаев эхлээд эмнэлэгт бэхжиж авлаа. Эмнэлгийг тойруулан шатахуун бүхий ачааны машин тавьж, бүгдийг нь минажүүлсэн ба хэрэгтэй цагт ганцхан товч дарахад л эмнэлэгт байгаа 1600 гаруй хүмүүс...

Өвгөд хөгшид, энгийн номхон ард иргэд, дөнгөж төрсөн хүүхдүүд бүгд! (энэ хотод ганцхан төрөх газар байсан нь уг эмнэлэг дотор байсан юм гэнэ лээ)

Дараагийн ажил бол барьцаалагдсан хүмүүс дотроос сэжигтэй нөхдүүдийг олж ялган цааш х а р у у л а х явдал. Сэжигтэй нөхдүүд гэдэг бол сэргийлэхийн болон цэргийн хувцастай хүмүүс болон бие бялдар сайтай залуу эрчүүд. Нэг ёсондоо муухай харагдсан болгоныг олж б у у д а ж эхэлжээ.

“Антон Калиновский хэмээх дунд сургууль дөнгөж төгсөөд байсан хүүхэд дээд сургуульд ороход хэрэгтэй бичиг баримт авах гэж эмнэлэгт ирээд байхад энэ явдал болсон бөгөөд 18 хүрээгүй шахам хүүг сэжигтэй нөхөр хэмээн үзжээ..."

"Василий Свердлик нь дунд сургуулиа онц төгссөн гэрчилгээгээ аваад сувилагч ээждээ үзүүлэх гэж баярлан гүйж ирээд мөн л б у у д у у л с а н байна..."

Иймэрхүү явдал олон болсон бөгөөд чеченчүүд эмнэлгийн энд тэнд сэжигтэй хүмүүсийг хайж, б у у д а ж байх хооронд сувилагч нар шархадсан сэргийлэгч болон нисгэгч нарын хувцсыг сольж, боож баглан байж хэд хэдэн хүнийг аварчээ.

 Маргааш өглөө нь Будёновск хотод эвэртэн туурайтнууд, хүчний байгууллагынхан ирлээ. Дотоод явдлын яамны сайд, ФСБ (Холбооны мөрдөх товчоо гэж болох байх)-ийн дарга, дотоод явдлын тусгай анги, ОМОН, Нисэх хүчний тусгай анги, өч төчнөөн сурвалжлагч гэх мэт.

Басаев ч хүссэн шуугианаа улам дэвэргэхийн тулд хэсэг барьцаалагдсан хүмүүсийг гарган өөрийн тулган шаардсан зүйлүүдээ танилцуулсан ба эдгээр нь Чечений тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, “федералуудыг” (ОХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд) Чечений нутаг дэвсгэрээс гаргах зэрэг зүйлүүд байв. Дээр нь энэхүү тулган шаардлагыг нь танилцуулж байгаа нөхдүүдийг бүгдийг үг дуугүй буцаахыг шаардсан ба биелүүлэхгүй бол үлдсэн хүмүүсээс б у у д а ж эхэлнэ гэлээ. Удсан ч үгүй хэвлэлийн бага хурал зарлаж хүссэн бүх сэтгүүлчдийг оруулах шаардлага тавьсныг эрх баригчид тэр даруй биелүүлж бас нэг баахан бужигнаан.

Хэрэг явдлын учрыг олох ёстой олон дарга, эрх мэдэлтнүүд байнга л хуралдаж, яах ийх тухайгаа ярилцах ч тэнд шийдвэр гаргахаар зоригтой хүн байсангүй төдийгүй ер нь иймэрхүү ажиллагааны тухай ойлголттой хүн ч байгаагүй гэдэг. Зөвхөн орой болж байхад л алан хядагчидтай тэмцэх зориулалт бүхий “Альфа”, “Вымпел” нэгтгэлүүд хүрэлцэн иржээ. Гэхдээ энэхүү алдартай тусгай хүчний нэгтгэлүүд нь 1991 болон 1993 оны үйл явдлуудаас хойш (Москвад болсон төрийн эргэлт, цагаан ордныг буудсан хэрэг явдал) ихээхэн суларч, урьдын хүч чадлаа алдсан байсныг заавал хэлэх хэрэгтэй ба барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагаанд оролцох ёстой хэд хэдэн офицерт онгоцны суудал олдолгүй үлдэж маргааш нь л ирсэн явдал бий. Төрийн Думын гишүүд, нэр алдартай хүмүүс, урлаг спортын одууд энэ явдлаар өөрийнхөө нэр сүрийг мандуулах гэж тэрхүү офицеруудын суудлыг булаасан хэрэг. Бүр гүйцэтгэх ажиллагаанд оролцох ёстой зарим хүмүүс автобусаар ирсэн гээд бод доо. Онгоц бол одод болон дарга нарт л зориулсан эд байсан бололтой гэмээр.

 
Ододын пи ар. Ховсч Кашпировский Басаевтай яриа хэлэлцээ хийж байгаа нь.

Харин Москвад, төрийн Думд өөр асуудлаар “үзэлцэж” байсан бөгөөд тухайн үеийн ерөнхийлөгч Ельцинийг энэ явдалтай холбогдуулан огцруулах тухай маргалдсаар... Мянгаар тоологдох хүн барьцаалагдаж, зуугаар тоологдох хүн үрэгдээд байсан тэр үед шүү.

Хэвлэл мэдээллийнхэн ч ялгаагүй. Энэ аймшигт явдлын тухай мэдээлэл хүргэж байгаа нэрээр хэн нэгний эрх ашгийг хамгаалсан үнэн худал мэдээ дамжуулж, цуу яриаг дэвэргэж, аль болох сүртэй мэдээ өгөх гэж л шуугиж байснаас биш барьцаалагдсан хүмүүс, тэдний ар гэрийнхэнд иймэрхүү худал үнэн мэдээллүүд ямар аюултай байж болох тухай огтхон ч бодсонгүй. Энгийн ард иргэдийн амь нас чухал биш рейтинг, ивээн тэтгэгч нарын эрх ашиг л тэргүүн зэргийн ач холбогдолтой байлаа. 90-ээд оны дампуурсан Орос орон гэж нэг иймэрхүү.

Хэрэг явдал болж байгаа газар ирсэн Альфа болон Вымпелийн ажилтнууд террористуудын эсрэг биш харин барьцаалагдсан ар гэрийнхнийгээ аврах гэж янз бүрийн буу шийдэм цуглуулан авчирч, эмнэлэг рүү дайрч орох гэсэн нөхдийг хол байлгах ажилд хамаг хүчээ зарж эхэллээ. Үр хүүхэд, эхнэр нөхөр, аав ээжээ террористуудын гарт байж байхад зүгээр сууж чадаагүй тэр хүмүүсийг буруутгах хэцүү ч чухам ийм хүмүүсээс болж барьцаалагдсан хүмүүсийн амь нас хутганы ирэн дээр байсан юм.

Энэ хооронд Басаев сэтгүүлчдийг байнга авчирч ярилцлага өгч, янз бүрээр зургаа авахуулсаар.

Дайрах групп нөхцөл байдлыг богино хугацаанд судалж үзээд, хэрвээ дайралт хийвэл барьцаалагдсан хүмүүсийн 50 хувь, дайрагч группийн 70 хувь үрэгдэх нь гэсэн дүгнэлт гаргасны дараа Москва сандарч эхэлсэн ба ямар ч байсан дайрах тушаал өглөө. Гэтэл дайрах группынхэнд ядаж эмнэлгийн ерөнхий план зураг ч байсангүй. Гэсэн ч тушаал бол тушаал. Барьцаалагчдаас тооны хувьд цөөхөн хүнтэй тусгай бүлэг өглөөний 5 цагт дайралтаа эхлүүлсэн боловч тэднийг хүлээж байсан чеченүүд өөдөөс нь ширүүн эсэргүүцэл үзүүлж байв. Барьцаалагдсан хүмүүсийг цонхон дээр алцайлган зогсоогоод хөлнийх нь дундуур буугаа гарган буудаж, гранат шидсээр өглөөний 9 цаг гэхэд дайралт бүтэлгүйтэн зогсжээ. Цөөхөн тооны т е р р о р и с т, 3 тусгай албаны ажилтан үрэгдэж, 20 давсан хүн шархадсан бол барьцаалагдсан хүмүүсээс 30 гаруй хүн амиа алдсан байна. Аз болж хэдэн хүн энэ буудалцааны үеэр эмнэлгээс зугтаж чадсан нь дайралтын цорын ганц үр дүн байлаа.

Барьцаалагдсан хүүхэд, эмэгтэйчүүдийг суллах үеийн зураг

Москва шалдаа бууж, Ерөнхий сайд Черномырдин Басаевтай утсаар ярилцан хэлэлцээ хийхээр тохиролцоонд хүрсэн ба террористуудыг Чечень орох замд нь дайрахгүй байх, барьцаалагдсан хүмүүсийг сайн дурын хүмүүсээр солихоор тохирсны дараа Будёновскийн олон эрчүүд, хэд хэдэн депутатууд, сэтгүүлчид энгийн иргэдийн оронд барьцаанд очихоор болсон байна.

Энэ бол т е р р о р и с т у у д ы н хувьд ялалт, Басаевын хувьд алдар хүндийн оргилд хүрсэн үйл явдал болон өнгөрсөн юм. Хамгийн балагтай нь үүнээс хойш Чечений салан тусгаарлагчид болон ОХУ-ын удирдлагууд олон сарын турш хэлэлцээ хийж өч төчнөөн буулт хийсэн ба иймэрхүү үйл ажиллагаагаар оросуудыг яаж ч болох нь гэдгийг өөр бусад террористууд ойлгож авлаа. Үр дүн нь Кизляр, Дубровкад дахин үй олон хүн барьцаалж, талсан явдал болсон билээ.

 
Суллагдсан эхнэр хүүхэд, ах дүүгийнхээ өмнөөс барьцаанд орж буй эрчүүдийг авч явахын өмнө

9-р сарын 11-нд АНУ-д болсон халдлагаас дутуугүй гэж болох Бесланы хэрэг явдал ч яах аргагүй энэ хэргийн үргэлжлэл гэж болно.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]