Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Монголчууд түүхийн асар их баян, урт настай генийн санг тээж явааУншсан6,291

Монголчууд аль нэг үндэстний тасархай биш. Газар нутаг, удмын сангийн хувьд ч ямар нэг үндэстний тасархай бус. Ямар нэг үндэстэн угсаатнаас үүсээгүй. Өөрөө бие дааж монгол нутагтаа үүссэн юм байна гэдгийг шинжлэх ухааны хувьд баталж, гаргалаа.

Шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Хүннүжин Ж.Батсуурь агсны хэвлэлд өгсөн ярилцлагын хэсгээс онцлон хүргэж байна.

- Монгол Улс хүн төрөлхтний удмын сан, соёлшин нийгэмших амьдрал үүссэн өлгий гэдэг утгаараа Африк тивийн дараа орох гайхамшигтай өлгий нутаг гэдгийг манай генетикчид тогтоосон. Үүгээр юуг хэлээд байна гэвэл, сармагчин хүн болсон үйл явц 5.5 сая жилийн тэртээгээс эхэлсэн байдаг.

Хүн биологийн, нийгмийн гэсэн хоёр түүхтэй. 5.5 сая жилээс 1.3 сая жилийн хооронд бидний өвөг байсан, мөхөж устсан эртний дээд сармагчин Африк тивд амьдарч байж л дээ. Явсаар байгаад хүн болж хувирсан байдаг. Нэг ёсондоо 4.1 сая жилийн турш сармагчин хүн төрхтэй болж хувирах процесс явагдсан байгаа юм. 1.4 сая жилийн тэртээгээс амьдралын төлөө тэмцэлд байгалийн бэлэн мод, чулууг ашиглах, дараа нь засварлах, бүтээх зэрэг соёлшин нийгэмших амьдрал руу орж эхэлсэн байна. Тэр цагаас хүний соёлшин нийгэмших амьдралын түүх эхэлсэн байх нь ээ дээ.

- Бүх Ази царайтнууд, Америкийн индианчуудын генийн санг нийлүүлээд нэг цогц гэж үзвэл, тэр цогц шинж чанарыг агуулсан өвөг генийн санг бид өнөөдөр тээж яваа ард түмэн юм. Монголчууд түүхэнд янз янзын нэрээр нэрлэгдээд хүн төрөлхтний түүхэн тавцанд Монгол гэдэг нэртэй гарч ирсэн ч, тээж явсан генийн сан нь нэг л ген байж. Тэр нь өвөг генийн сан юм. Монголчууд түүхийн асар их баян, урт настай генийн санг тээж яваа.

Жаахан хатуухан хэлбэл, монголчууд, бүх Ази царайтнуудын өвөг эцэг ард түмэн юм байна гэж хэлэхээр зарим нэг хүн үүнийг уншаад дэгсдүүлж, хэтрүүллээ гэх байх л даа. Гэхдээ энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй. Монголчууд аль нэг үндэстний тасархай биш. Газар нутаг, удмын сангийн хувьд ч ямар нэг үндэстний тасархай бус. Ямар нэг үндэстэн угсаатнаас үүсээгүй. Өөрөө бие дааж монгол нутагтаа үүссэн юм байна гэдгийг шинжлэх ухааны хувьд баталж, гаргалаа.

- Манай залуус гаднынхантай гэр бүл болох нь ихэссэн. Үүнээс болж өөрийн унаган экологийн орчингүй хүүхдийн тоо ч нэмэгдсэн. Дээр нь хоёр өөр үндэстэн хоорондоо гэрлэж, гарсан эрлийз хүүхэд ухаантай байдаг гэж манайхны ярьдаг нь том эндүүрэл.

Социализмын үед нүүдлийн соёл иргэншлийг бөөстэй, хиртэй, өвчин үүсгэдэг, зэрлэг араатан шиг махаа чанаж иддэг гэж элдвээр шүүмжилсэн. Ингэсээр байгаад бидний толгойд өөрсдийн соёлоо адалдаг сэтгэлгээг буулгасан. Энэ бол хүн төрөлхтний улс төрийн эргүүлэг байсан. Ингээд 1990 онтой бид золгосон. Ардчиллын буянаар гайхамшигтай ололт олсон. Монголын төр ямар шийдвэр гаргахаа аль нэг гүрнээс асуухаа больсон. Бие дааж бүх юм аа шийддэг болсон юм.

/gogo.mn 2011 он/

- Монголчууд өргөн уудам нутагт их цөөхүүлээ амьдарч ирсэн түүхтэй. Аливаа ард түмний хувьд хамгийн үнэт зүйл нь төрөлх газар шороо, хоёрдугаарт удмын сан, гуравдугаарт уламжлалт соёл байдаг юм.

- Монгол хүн угийн бичгээ хөтлөж, овгоо мартах хэмжээнд хүргэсэн Засгийн газрын нууц тогтоол 1925 онд гарсан байдаг. Үүнийг монголчууд өөрсдөө гаргаагүй нь мэдээж. Өөрсдийнхөө гараар өөрсдийгөө устгах ийм зүйл хийхгүй. Хүн төрөлхтний түүхийн тавцанд монголчууд эрэмгий зоригтой, ухаантай, бүхнээс дээгүүр соёл иргэншилтэй, гайхамшигтай оюунлаг, цөөхүүлээ хэр нь морин дэл дээрээс дэлхийг талыг эзэлж, гүрэн байгуулж явсан ард түмэн.

- Цус ойртолтыг холдуулж байна гээд эрэгтэй, эмэгтэйгүй гадаад хүнтэй суугаад эрлийзжээд байж болохгүй. Монгол хүний генийн санд агуу чанар, чадвар нь байгаа. Гагцхүү тэрнийг дотор нь ойртуулж болохгүй учраас монгол хүн бүр өвөг дээдсийнхээ уламжлалыг сэргээх хэрэгтэй.

- Хүн төрөлхтөний генетикийн сургамжууд бий. Тэд хоорондоо гэрлэсээр байгаад хаан угсаа устаж, бүхэл бүтэн овог аймаг мөхсөн нь ч бий. Ийм жишээ олон. Хүн төрөлхтөний өөрсдийн ёс заншилтай холбоотойгоор хаан угсааны цус, харц хүний цустай холилдох ёсгүй гээд дээдсийнх хүрээндээ үржиж өсч байх ёстой гэдэг үзэл баримтлал түүхийн явцад байсан. Тийм үзэгдлийн үргэлжлэл өнөөг хүртэл байдаг улс орон ч бий. Гэхдээ мөхлөөр л дуусна.

- Генетикийн шинжлэх ухаан чинь 1900 оноос л хөгжиж эхэлсэн юм. Гэтэл монголчууд генетикийн хуульгүй, энэ шинжлэх ухаан үүсээгүй байхад буюу 800 жилийн тэртээгээс хүний удамшлын шинж тэмдэг яаж өвлөгдөж ирдэг вэ гэдгийг мэдэж байсан байгаа биз. Есөн үеийн дотор гэрлэж болохгүй шүү. Хэрэв гэрлэвэл хүүхэд чинь тэнэг болно шүү гэж цээрлэдэг. Есөн үе өнгөрвөл манай ураг төрлийн холбоо ариллаа гээд баяр хүртэл хийдэг байсан. Энэ уламжлалаа л сэргээе.

/Newswall.mn, 2017 он/

- Эрүүл мэндийн яамны шийдвэрээр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс эхлээд 21 аймагт төрж байгаа нярайчуудын дунд удамшлын өвчин, согогтой хүүхэд төрж байгаа үзэгдэл байна уу, байгаа бол ямар гажиг согогтой хүүхэд төрж байна вэ гэдгийг судалсан байдаг. Гэтэл бүх аймагт удамшлын гажиг, согогтой хүүхэд төрдөг болох нь тогтоогдсон. 11 төрлийн удамшлын өвчин, гажигтай төрдөг үзэгдэл бий болчихжээ. Хэрвээ ганц, хоёрхон аймагт л дээрх төрлийн гажиг, согогтой хүүхэд төрдөг байсан бол бид магадгүй орчны бохирдол, усны хордлого зэрэг бусад хүчин зүйлстэй холбож болох байх л даа. Гэтэл тийм биш байгаа нь тун харамсалтай. Энэ нь өөрөө хүн ам дахь цус ойртолттой асар өндөр шүтэлцээ холбоотой байна. Энэ нь ч нотлогддог. Цус ойртолтын үзэгдэл илрээгүй аймаг битгий хэл сум гэж алга. Энэ нь хэдийнээ чимээгүй тахал болчихжээ.

- Үндэстэн бүр өөрийнхөө оюун ухаанаар энэ хүндрэлээс гардаг учиртай. Цус ойртсоноос болж тухайн үндэстэн мөхөхөд хүрч байсан тохиолдол түүхэнд зөндөө бий. Тэр бүхнийг арга ухаан сийлээд л туулж гардаг. Тиймээс бид цус ойртолтоос ухаан зарж л гарна.

/Dnn.mn 2018 он/

- …100 мянган жилээс өмнөх үед амьдарч байсан эртний хүмүүс Монголын нутагт буюу Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангайн урд хэсэг, Өмнөговийн хойд, Ховд аймгийн урд хэсгээр амьдарч байсныг генетикийн судалгаа болон археологийн олдвороор баталдаг.  Тухайн үед Монголын говиуд олон нууртай, ой модтой, дулаахан, зөөлхөн уур амьсгалтай “амьдралын диваажин” шиг нутаг байсан гэдэг. Учир нь тухайн үед Энэтхэгийн далайн зөөлөн, дулаан уур амьсгал Гимлайн нурууг давж ирдэг байсан байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Гимлайн нуруу өндөр болж далайн зөөлөн дулаан уур амьсгал орж ирэхээ больсон байгаа юм. Ингэснээр хур тунадасны хэмжээ 4-5 дахин буурсан гэж үздэг.

- 1984 онд ЗХУ-ын археологичид Монголын судлаачидтай хамтран судалгаа хийгээд эртний хүмүүс Орхоны хөндийд нүүж орж ирээд 40 мянган жилийн турш амьдарч чулуун зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсан гэдгийг нотолсон байгаа юм. Тэр үед Орхоны хөндий шилмүүст, навчит ой хосолсон, зөөлөн дулаан уур амьсгалтай, жимс ногоо ихээр ургадаг нутаг байсан байна. Тэгээд Орхоны хөндийд амьдарч байгаад дэлхийн өнцөг булан бүрт тархсан гэж үздэг. Тэр утгаараа Монголын нутаг бол хүн төрөлхтний их нүүдэл суурьшлын өлгий юм. Тэгэхээр монголчуудын генийн сан бол энэ гайхамшигтай түүхийг өөртөө хадгалаад үлдсэн.

- Цус ойртолт гэдэг бол нуурын ёроолд давсны тунадас хуримтлагдаад жил ирэх тусам бага багаар нэмэгдээд байдаг шиг чимээгүйхэн аюул дагуулж буй үзэгдэл. Өнөөдөр хүн амын доторх цус ойртолтыг тодорхойлбол тодорхой төвшинд цус ойртолтгүй аймаг, сум гэж байхгүй болсон.

Судалгаагаар монголчуудын дунд дахь цус ойртолт өвөг эцэг, эмэг эхийн төвшин рүү дөхөж байгаа нь тогтоогдсон. Өвөө, эмээгээс нь өмнөх үеийн цусан төрлийн хүмүүс хоорондоо гэрлэж, ураг төрөл болж байна гэсэн үг.

/itoim.mn, 2019 он/

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]